| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0073/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/67 |
| Огноо | 2019-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2019/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа
Улсын яллагч Г.Түвшинбаяр
Шүүгдэгч С.Х нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ход холбогдох эрүүгийн 1825008930060 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.Х
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч С.Хыг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум, Уртбулаг багийн 5-4-42 тоотод Б.Баянмөнхийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхиийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Хын мэдүүлсэн: 2018 оны 12 дугаар сарын 17-ны өглөө Баянмөнх, Анхбаяр нар орж ирсэн. Ганц юм авч өгөөч гэхээр нь зах орж хүнс аваад 0,75 гр 1ш архи авчирч уусан. Анхбаяр нь гарах гэж байхдаа ээжийн гутлыг авч өвөртөө хийсэн байхаар нь уур хүрч маргаж ноцолдсон. Энэ үед Баянмөнх дундуур орж хутганд өртсөн. Би хутгалсан гэж мэдээгүй. Согтуудаа уураа барьж дийлээгүй ийм юм боллоо. Хүн рүү мэс барьсандаа гэмшиж байна. Ялын саналыг зөвшөөрч байгаа. Хохирогчид 350,000 төгрөг, 70,000 төгрөг тус тус өгсөн” гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7хуудас/
-Хохирогч Б.Баянмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн“... 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр найз Анхбаяртай тааралдаад ганц шил архи уух уу гэсэн чинь Анхбаяр 5-4-42 тоотод нэг дүү байгаа гээд Хурцболдын гэрт очсон. Хурцболд зах орж гэртээ хүнсний зүйл авна гээд бид 3 Хүлэг зах ороод буцахдаа дэлгүүр орж 0,75 граммын Ерөөл архи нэгийг аваад гэрт нь очоод бид 3 хувааж уусан. Анхбаяр бид 2 явах гэж байхад Хурцболд ээжийн гутлыг зарж архи уух уу гэлээ гээд уурлаад байсан. Тэгээд Хурцболдтой жаахан маргаад гэрээс нь гараад шатаар явж байтал нуруугаар нойтон оргиод эхэлсэн. Миний араас Анхбаяр гарч ирсэн бөгөөд намайг яасан гэж асуухад би намайг хутгалчих шиг боллоо гэхэд, Анхбаяр цус гарч байна гэж хэлсэн. Анхбаяр орцноос гараад Согоот багийн-6-15 дугаар байранд байрлах; эмнэлгийн хүний утсаар түргэн дуудсан. Удалгүй эмнэлэг ирээд надад оёо тавьж өгсөн. Энэ хооронд цагдаа ирсэн. Тэгээд би цагдаа нартай явж Хурцболдын гэрийг зааж өгсөн... Хурцболд миний эмчилгээний зардалд 350.000 төгрөг төлж барагдуулсан. Гомдол санал байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй. С.Х надаас албан ёсоор уучлалт гуйсан. Бид хоорондоо эвлэрсэн. Цаашид гаргах санал хүсэлт байхгүй ‘ гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
-Шүүхийн шижилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 сарын 24-ний өдрийн дугаартай ... Б.Баянмөнхийн биед цээжний зүүн талд, ар хэсэгт хатгагдсан шарх үүсчээ. Уг гэмтэл нь үзүүр иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэдэнэ. Шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хх-ийн 17-р хуудас/.
-Гэрч У.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Төгөл” худалдааны төвөөс тамхи авах санаатай явж байгаад Баянмөнхтэй тааралдсан. Би Баянмөнхийг 5-4 дүгээр байранд айлд очье гээд Хурцболдынд дагуулж очсон. Хурцаа ганцаараа байсан бөгөөд бид 3 гэрээс нь гарч “ЦАХ” худалдааны төв орж Хурцаа гэртээ хоол хүнсний зүйл авсан. Буцаад Хурцаагийн гэр рүү явах замд Баянмөнх тэр 2 Мэнд-Амар худалдааны төв орж архи, пиво авч гарч ирсэн. Хурцаагийн гэрт очоод архи, пиво хувааж ууж дуусаад Баянмөнх бид 2 гэрээс гараад явах гэтэл үүдэнд нь эмэгтэй хүний гутал байхаар нь би холдуулж тавьсан. Баянмөнх нөгөө өрөөсөн гутлыг нь холдуулж тавиад бид 2, гутлаа өмссөн чинь Хурцаа та 2 миний ээжийн гутлыг хулгай хийх гэлээ гэж уурласан. Тэгээд Хурцаа гал тогооны өрөөнд орж 2 гартаа нэг, нэг хутга барьж гарч ирээд та хоёрыг ална гэж хэлээд над руу дайрсан бөгөөд Баянмөнх намайг хамгаалж дундуур орсон. Энэ үед Баянмөнх хутгалуулсан байх гэж бодож байна ... энэ үед хаалга дуугарч Хурцаа хаалгаа онгойлготол Амгалан гаднаас орж ирсэн. ... Хурцаа бид 2-ыг одоо та муу 2 зайл гээд хаалгаа онгойлгож өгсөн. ... Баянмөнх бид 2 шатаар бууж байхад 2 давхарын шатан дээр Баянмөнх хальтарч унасан. Би гараас нь татсан чинь шатаар нил цус болсон байсан. Босоод ирэхэд өмднийх нь баруун хөлийн хэсэг нь бүхэлдээ цус болсон байсан. Тэгсэн Баянмөнх миний араас хутгалчих шиг боллоо гэхээр нь куртикийг нь сөхөөд хартал нурууны хэсгээс нь цус олгойдож байсан. Тэгээд 6-15 дугаар байранд байдаг хувийн эмнэлэгт очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/
-Гэрч Г.Золбоогийн мөрдөн байцаалтад өгсөн....Тэр гурав архи уучихсан нилээд согтолттой байсан ба намайг ороход Анхаагийн хамарнаас цус гарчихсан Хурцболд Анхаа 2 хоорондоо маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би Хурцболдоос юу болсон талаар асуухад Хурцболд “энэ муу 2 юм, хүн архи авч өгөөд дайлж байхад гарахдаа ээжийн гутлыг хулгай хийх гэж байдаг байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд Анхаа болон хамт явж байсан залуу 2 нь миний хажуугаар гараад явсан. Би удалгүй араас нь гараад дэлгүүр орж тамхи авчихаад буцаад Хурцболдын гэр рүү нь орох гээд хаалгыг нь тогштол хаалгаа тайлж өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч С.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум, Уртбулаг багийн 5-4-42 тоот өөрийн гэртээ хамт архи уусан Б.Баянмөнх Анхбаяр нартай маргалдаж улмаар Б.Баянмөнхийн цээжний зүүн талд ар хэсэгт хутгаар хатгаж хөнгөн зэргийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум, Уртбулаг багийн 5-4-42 тоотод Б.Баянмөнхийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч гомдолгүй гэсэн тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутад тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэжээ.
Хохирогч Б.Баянмөнх шүүх хуралдаанд оролцоогүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгджээ.
Шүүгдэгч С.Хын энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Хыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгч хохирогчид 420,000 төгрөг төлсөн байх бөгөөд хохирогч нэхэмжлэл гаргаагүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн ногоон өнгийн иш бүхий 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Гөрөөчин овгийн Сайнбатын Хурцболдыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар С.Ход оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд бүрэн хэмжээгээр төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ход урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн иш бүхий 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ