Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 207/МА2026/00007

 

 

 

 

 

2026       01         15                                           207/МА2026/00007

 

 

““““““““ ХК-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 312/ШШ2025/01787 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: ““““““““ ХК-ийн хүсэлттэй,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ““““““““,

“Татварын өршөөлд хамруулах хүсэлт гаргах эрхтэй талаар хугацааг сэргээх шийдвэр гаргуулах” тухай хүсэлттэй иргэний хэргийг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайханы шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Мөнгөншагай,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунсүрэн цахимаар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч З.Дэлгэрмаа, Д.Баярсайхан, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ““““““““ ХК шүүхэд гаргасан хүсэлтдээ:

.”“““““““ ХК нь 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Татварын өршөөл үзүүлэх тухай хууль батлагдах үед 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр байгаагүй, харин татварын албаар баталгаажуулсан албан татварын үндсэн өрийг эд хөрөнгөөр тооцож төлсөн нөхцөл байдалтай, уг шийдвэрүүд хүчин төгөлдөр байсан учраас Татварын өршөөлд хамруулах хүсэлтийг тухайн үед гаргах шаардлага үүсээгүй юм. Гэтэл Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 399 тоот шийдвэрээр Жаргалант-Үйлс ХХК-ийн хөрөнгөөр ““““““““ ХК-ийн татварын өрийг барагдуулсан Төрийн өмчийн хорооны 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 468 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Энэ үеэс 2024 оны эхэн хүртэлх хугацаанд 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн зохицуулалтад хамаарах татварын өрийн үлдэгдэлтэй хэвээр, иргэн, захиргааны хэргийн шүүхүүд дэх маргаан тасралтгүй үргэлжилсээр ирсэн болно. 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт 1.1.Энэ хуулийн зорилт нь зарим этгээдийг албан татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас болон эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, мөн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг, өршөөн хэлтрүүлэхээр тус тус зохицуулсан байна. Иймд ““““““““ ХК-ийг 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжит хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаж байна. Хууль зүйн үндэслэлийн тухайд: Нэг. Иргэний хуулийн 72 дугаар зүйл дэх Хугацаа тоолох журам-д 72.1 Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно. гэж хугацаа тоолох нийтлэг журмыг; Хоёр. 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт 1.1.Энэ хуулийн зорилт нь зарим этгээдийг албан татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас болон эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. гэж тухайн татварын өршөөлийн хуулиар зохицуулах харилцааны хүрээ хязгаарыг; Гурав. 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 1 дүгээр сарын 1-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг; өршөөнө гэж өршөөлд хамрагдах цаг хугацаа, өршөөлд хамруулах нөхцөлийг; Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэсэн хууль зүйн ойлголтыг тус тус тодорхойлсон байна. Хуулийн дээрх зохицуулалтуудаас дараахь хүсэлтийг шүүхэд гаргаж байна. 1. ““““““““ ХК нь 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Татварын өршөөл үзүүлэх тухай хууль батлагдах үед 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр байгаагүй, харин татварын албаар баталгаажуулсан албан татварын үндсэн өрийг эд хөрөнгөөр тооцож төлсөн эрх зүйн ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал-д хамаарах /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал/ болохыг тогтоолгох. ““““““““ ХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар шүүхийн шийдвэрээр төлөх ёстой болсон татварын өртэй болсон үйл явдал нь 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр болохыг тогтоолгох. 3. ““““““““ ХК-ийн 551 000 000 төгрөгийн татварын өрийг 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр гэж үзэж, 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан журмын дагуу ““““““““ ХК нь татварын өршөөлд хамруулах хүсэлт гаргах эрхтэй талаар хугацааг сэргээх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, Ц.Өнөрмөнх нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

““““““““ ХК-ийн тус шүүхэд гаргасан хүсэлттэй танилцан хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд: ““““““““ ХК нь 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Татварын өршөөл үзүүлэх тухай хууль батлагдах үед 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр байгаагүй харин татварын албаар баталгаажуулсан албан татварын үндсэн өрийг эд хөрөнгөөр тооцож төлсөн нөхцөл байдалтай, уг шийдвэрүүд хүчин төгөлдөр байсан учраас татварын өршөөлд хамруулах хүсэлтийг тухайн үед гаргах шаардлага үүсээгүй байсан гэжээ. ““““““““ ХК нь 2003 онд Жаргалант үйлс ХК-иас худалдах, худалдан авах гэрээний дагуу тус компанийн өмчлөлийн худалдаа үйлчилгээний барилга буюу үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан байна. ““““““““ ХК-ийн захирлаар ажиллаж байсан ““““““““нь 2003 онд уг барилгыг хугацаандаа төлөгдөөгүй албан татварын өрөндөө өгөх хүсэлт гаргасны дагуу Санхүү, эдийн засгийн сайдын зөвлөл хуралдан шийдвэр гаргах, тухайн үеийн үндэсний татварын ерөнхий газар аймгийн татварын хэлтэст хөрөнгийг хүлээн авах үүрэг өгөх зэргээр эрх бүхий байгууллагуудаас зохих ажиллагаа явагдажулмаар Санхүү, эдийн засгийн сайдын 190 дүгээр тушаал гарах үндэслэл болсон юм. Энэ тушаалын дагуу ““““““““ ХК-д холбогдох 281,384,900 төгрөг, Жаргалант үйлс ХК-д холбогдох 39,712,400 төгрөг, нийт 321,097,300 төгрөгийн албан татварын өрийг татварын албанаас хүчингүй болгосон. Гэтэл Жаргалант үйлс ХК нь ““““““““ ХК-ийг хууль бусаар үл хөдлөх эд хөрөнгийгнь шилжүүлэн авсан гэж үзэж2010 онд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 1235 дугаар шийдвэрээр холбогдох худалдах, худалдан авах гэрээгхүчингүйд тооцуулан улмаар 2013 онд нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 399 дүгээр шийдвэрээр Санхүү, эдийн засгийн сайдын 190 дүгээр тушаалыг мөн хүчингүй болгожээ. Энэ нь Орхон аймгийн Жаргалант суманд байрлах үл хөдлөх хөрөнгийг ““““““““ ХК-ийн хүсэлтийн дагуу төрийн өмчид авсан нь хууль бус үйлдэл болсон гэж үзсэнтэй шууд холбоотой. Гэхдээ нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 399 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт эрх бүхий байгууллага ““““““““ ХК-иас татварын өр төлбөрийг нөхөн барагдуулах эрхтэй болохыг дурьдсан байдаг. Жаргалант үйлс ХК нь зөрчигдсөн эрхээ шүүхийн журмаар сэргээлгэн өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө эргүүлэн авах нөхцөл бүрдэж буй тохиолдолд бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр төлбөл зохих албан татварын өр төлбөрөө хаалгуулсан хууль бус үйлдлийг залруулан засах нь хууль зүйд нийцнэ. ““““““““" ХК-ийн 2008 оны 02 дугаар сарын 06- ны өдөр Татварын өршөөл үзүүлэх тухай хууль батлагдах үед 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр байгаагүй харин татварын албаар баталгаажуулсан албан татварын үндсэн өрийг эд хөрөнгөөр тооцож төлсөн нөхцөл байдалтай, уг шийдвэрүүд хүчин төгөлдөр байсан учраас татварын өршөөлд хамруулах хүсэлтийгтухайн үед гаргах шаардлага үүсээгүй байсан гэсэн нь үндэслэлгүй бөгөөд угаас бусдын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар төрд шилжүүлэн улсын төсөвт төлбөл зохих албан татварын өрийг хаалгасан байсантай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл өршөөлийн хуульд хамрагдах хууль зүйн үндэслэлгүй мөн энэ тухайг тогтоосон шат шатны шүүхийн шийдвэрүүд байдаг бөгөөд ийм тохиодолд албан татварын өрийг эд хөрөнгөөр төлсөн гэж тогтоолгох нь гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шударга ёсонд үл нийцнэ. Хүсэлт гаргагчийн төлбөл зохих албан татварын өрийн тухайд хууль зүйн ямар үндэслэлээр үндсэн өр үндсэн бус өр гэж тогтоолгох, цаашлаад эрх зүйн ямар ач холбогдолтой байгаа нь ойлгомжгүй бөгөөд Татварын ерөний хуулийн 50 дугаар зүйлд татварын өрийн тухай асуудлыг хуульчилж өгсөн байгаагаас үзвэл албан татварын өрийг ялгамжлаагүй байх бөгөөд үндсэн өр үндсэн бус өр хэмээн хуульд тодорхойлоогүй тул энэ хүсэлт нь ач холбогдолгүй. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 142/Ш32024/02483 дугаар захирамжаар ““““““““ ХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай, 142/Ш32024/01548 дугаар шийдвэрээр хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй шийдсэн байдаг. Хүсэлт гаргагч нь өршөөлд хамрагдахгүй үндэслэлийн талаар бус өршөөлд хамруулах хугацааг сэргээлгэх тухай юм гэдэг. Тухайн дурдагдаад байгаа хуулийн хугацааны ард өршөөлийн хуульд хамрагдах асуудал дахин гарч ирэх бөгөөд энэ маргаан өмнө нь шийдэгдсэн ““““““““ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид тус компаний өр өршөөлийн хуульд хамрагдах үндэслэлтэй гэх талаар иргэний болон захиргааны маргаан үүсгэн анхан шатны шүүхээс Улсын дээд шүүхэд гомдол гарган энэ маргааныг эцэслэн шийдвэрлүүлсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд хэвээр байгаа юм. Иймд ““““““““ ХК-ийн тус шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байгаа тул уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгон хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 312/ШШ2025/01787 дугаар шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Орхон аймгийн Татварын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дугаартай тушаалаар сэргээсэн 281,384,900 төгрөгийн татварын өр нь 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж,татварын албаар баталгаажуулсан албан татварын үндсэн өр байсан гэж үзэж,нэхэмжлэгч ““““““““ ХК-ийн 2008 оны 02 сарын 06-ны өдрийн Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6-р зүйлд заасан журмын дагуу Татварын өршөөлд хамруулах хүсэлт гаргах эрхийг сэргээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хүсэлт гаргагч ““““““““ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70, 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 116.3. “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж тус тус заасан байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан үндэслэлүүдийг харвал нотлох баримтыг хэрхэн үнэлж дүгнэж хууль зүйн ямар заалтыг хэрэглэсэн болох нь тодорхойгүй байна. Хэрэгт цугларсан баримтууд, тухайн болж өнгөрсөн процессуудыг дурдан бичсэн байгаа нь нэхэмжлэлийн шаардлага, түүнд өгч байгаа хариу тайлбар зэрэгт хууль ёсны хандаагүй хэт ерөнхий шийдвэр болсон нь дээр дурдаж байгаа энэ хуулийн заалтууд тус тус зөрчсөн, түүнчлэн хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг дордуулсан байна гэж үзэж болохоор байна. 312/ШШ2025/01787 дугаартай шүүхийн шийдвэрийн 5-6 дахь талд нэхэмжлэгчийн холбогдох шүүхүүдэд энэ нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар өмнө нь шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэр, процессуудыг тодорхой дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч шат шатны шүүхэд татварын өршөөлд хамрагдах тухай шаардлага тавьж өршөөлд хамруулах хүсэлтэд холбогдох эрхээ хэрэгжүүлж ирсэн байхад энэ эрхийг сэргээх хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь өөрөө учир дутагдалтай, үндэслэл муутай байна. Энэ эрх нэхэмжлэгчийн хувьд иргэний болон захиргааны шүүхийн аль ч шатанд хэрэгжсээр ирсэн тул тусгайлсан шаардлагаар дахин хэлэлцэгдэх асуудал шаардлага байхгүй гэж үзэж байна. Эрхтэй хэмээн үзлээ гэж бодоход өмнө хэлэлцэгдэж, хянагдсан байсан өршөөлийн тухай хуулийн холбогдох заалтад хамрагдах тухай асуудлаа дахин тавихаас өөр шинээр нөхцөл байдал үүсэхгүй. Ингэж шүүхийн ажиллагааг давтан нэмэгдүүлэх шаардлагагүй. Татварын газраас (тухайн үеийн Татварын хэлтэс) 2018 оны 12 дугаар сарын 11- ний өдөр “““““““““” ХК-иас 414.2 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан бөгөөд шат шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж 2021 оны 275 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд хариуцагчийн гомдлоор давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрт өөрчлөлт оруулан ТОГТООХ хэсгийн 1. “татварын өршөөл үзүүлэх тухай хууль /2008 оны 2 дугаар сарын 06/-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.2-т заасныг баримтлан хариуцагч “““““““““”ХК-иас 72.5 сая төгрөгийг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагаас 333.4 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн магадлалд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуульд заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гарган 2021 оны 1305 дугаартай тогтоолоор магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж байсан юм. Мөн “““““““““” ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн татварын хэлтсийн даргын 2014 оны А/41 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж байсан. Шат шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж явсаар 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 340 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэсэн байдаг. Эдгээр хэрэг хянан хамрагдах боломжтой байсан, хамрагдах боломж олгоогүй гэх зэрэг үндэслэл, шалтгааныг шүүхэд тавьж байсан. Өршөөлийн хуульд хамрагдах үндэслэлтэй эсэхийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат тус бүрдээ харгалзан үзэж үндэслэл байгаа эсэхийг тогтоохоор ажиллаж байсан байна. Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар гаргаад байгаа өршөөлд хамрагдах боломжит хугацааг сэргээх тухай хүсэлт нь хангагдсанч өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй тухайд өмнө нь шүүх шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн ‘захирамж байгаа”-д заасан ажиллагаа хийгдсэн гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж болохоор байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 312/ШШ2025/01787 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Хүсэлт гаргагч “““““““““” ХК нь 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Татварын өршөөл үзүүлэх тухай хууль батлагдах үед 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр байгаагүй, харин татварын албаар баталгаажуулсан албан татварын үндсэн өрийг эд хөрөнгөөр тооцож төлсөн эрх зүйн ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал-д хамаарах /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2. дахь хэсгийн 135.2.14.-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал/ болохыг тогтоолгох, “““““““““” ХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар шүүхийн шийдвэрээр төлөх ёстой болсон татварын өртэй болсон үйл явдал нь 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр болохыг тогтоолгох, “““““““““” ХК-ийн 551,000,000 төгрөгийн татварын өрийг 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр гэж үзэж, 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан журмын дагуу “““““““““” ХК нь татварын өршөөлд хамруулах хүсэлт гаргах эрхтэй талаар хугацааг сэргээх шийдвэр гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд  гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-д заасныг баримтлан Орхон аймгийн Татварын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дугаартай тушаалаар сэргээсэн 281,384,900 төгрөгийн татварын өр нь 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж,татварын албаар баталгаажуулсан албан татварын үндсэн өр байсан гэж үзэж,нэхэмжлэгч ““““““““ ХК-ийн 2008 оны 02 сарын 06-ны өдрийн Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6-р зүйлд заасан журмын дагуу Татварын өршөөлд хамруулах хүсэлт гаргах эрхийг сэргээж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй  байна.

 Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2021/00275 дугаар шийдвэрээр Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, “““““““““” ХХК-д холбогдох татварын өр 414,265,509.80 төгрөг гаргуулах хэргийг Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.1., 55 дугаар зүйлийн 55.1., 62 дугаар зүйлийн 62.1.3., 70 дугаар зүйлийн 70.1.-д зааснаар хариуцагч “““““““““” ХХК -иас 353,961,629 төгрөг гаргуулан Орхон аймгийн Татварын хэлтэст олгож, нэхэмжлэлээс үлдэх 52,044,134 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 001/ХТ2021/01305 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон байна.  

Хүсэлт гаргагч  “““““““““” ХХК нь Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 190 дугаар “Татварын өрөнд үл хөдлөх эд хөрөнгө авах тухай” тушаалын дагуу улсын төсөвт төлөх 613,597,300 төгрөгийн татварын өрөнд Орхон аймгийн Жаргалант сум болон Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байгаа үйлдвэрлэл, үйлчилгээний цогцолборыг татварын өрөнд тооцуулан өгсөн байх ба Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 190 дугаар тушаалын холбогдох заалтыг Нийслэлийн захиргааны хэргийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 399 дугаар шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 399 дугаар шийдвэрийг үндэслэн Татварын Ерөнхий газрын дэд даргын 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2а/3427 дугаар өр барагдуулах тухай албан бичиг, Татварын Ерөнхий газрын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2б/1140 дугаар албан бичиг, Орхон аймгийн Татварын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дугаар тушаалаар “““““““““” ХК-ийн улсын төсөвт төлөх 613,597,300 төгрөгийн татварын өрнөөс 281,384,900 төгрөгийн онцгой албан татварын өрийг сэргээсэн байна.

Орхон аймгийн Татварын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дугаар “...Татварын өр сэргээсэн...” тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор хариуцагч “““““““““” ХК нь Орхон аймгийн Татварын хэлтсийн даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 346 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 340 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 01305 дугаар тогтоолд доорх дүгнэлтийг хийжээ.

 “““““““““” ХК нь 2004 онд татварын өрийг бэлэн бусаар тооцуулж төлснөөр (Санхүү, эдийн засгийн сайдын 190 дүгээр тушаал гарснаар) “Татвар төлөх, ... хөөн хэлэлцэх 5 жил”-ийн хугацаа зогссон (1992 оны Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан), үүнээс хойш 2014 он хүртэл хариуцагч татварын өргүй байсан. Харин Орхон аймгийн Татварын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 тоот тушаалаар хариуцагчийн төлөх ёстой байсан “өр сэргээгдсэн” тул уг акт гарснаас хойш нэхэмжлэгчийн шаардах 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхэлж тоолох тул 2004 онд дууссан өр 2014 онд дахин сэргээгдэж байгааг “2001 онд сэргээгдсэн” мэтээр тухайн цаг хугацаанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй. Нэгэнт маргаан бүхий татварыг төлөх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн (2008 оны) 6 дугаар зүйлийн 6.1.2.-т заасан үндэслэлд хамаарахгүй. Нөгөөтэйгүүр, уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1., 6.1.3.-т заасан үндэслэл ч энэхүү маргааны үйл баримтад хамаарахааргүй байна. Учир нь, хуулиар ногдуулсан албан татвар төлөх нь Үндсэн хуулиар хүлээлгэсэн Монгол Улсын иргэний үндсэн үүрэг бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээнэ. Харин төрөөс (хууль тогтоогчоос) өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд онцгой, цөөн тохиолдолд, тодорхой нөхцөл, болзолтойгоор зарим (гэм буруутай) этгээдийг хуулиар хүлээлгэсэн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх зорилгоор өршөөлийн хуулийг баталдаг. Тухайлбал, 2008 оны Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д “Энэ хуулийн зорилт нь зарим этгээдийг албан татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас болон эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.-д “2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24.00 цагаас өмнө... зөрчил гаргасан этгээдэд энэ хууль үйлчилнэ” гэж тус тус заасан. Мөн, дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д татвар болон даатгалын өр, хүү, торгууль, алдангиас чөлөөлөгдөх нөхцөлийг тодорхой цаг хугацааны хязгаарлалт болон болзолтойгоор заасан. Жишээ нь, 6.1.1. “2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын өрөөс 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар барагдаагүй үлдсэн албан татварын хүү, торгуулийг 100 хувь,...”; 6.1.3. “2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 1 дүгээр сарын 1-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг”; 6.1.4. “2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ... эргэж төлөгдөх найдваргүй өрийг 100 хувь”; 6.1.5. “.... шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэрээр оногдуулсан албан татварын үндсэн өрийн 50 хувийг төлсөн тохиолдолд үлдэх 50 хувийг”; 6.1.6. “эрх бүхий байгууллагын шийдвэр гарч банкны өр барагдуулах алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэгдэж байгаа албан татварын өрийг 100 хувь” гэж, хууль батлагдах тухайн цаг үед өртэй байсан этгээдийг өр, төлбөр, хариуцлагаас чөлөөлөхөөр заасан байна.

2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24:00 цагаас өмнө Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн, Захиргааны хариуцлагын тухай хуульд (44 дүгээр зүйл) заасан зөрчил гаргасан этгээдийг, мөн 2008 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар татварын албаны баталгаажуулсан (тайлангаар, эсхүл татварын актаар) барагдаагүй үлдсэн албан татвар, даатгал (өр, хүү, торгууль, алданги)-ыг, мөн энэ хугацаанаас өмнө гарсан шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэрээр оногдуулсан албан татвар, эрх бүхий байгууллагын шийдвэрээр гүйцэтгэгдэж байгаа албан татварын өрийг тодорхой нөхцөл болзолтойгоор өршөөлд хамруулахаар байна. Өөрөөр хэлбэл, өршөөлийн хууль нь батлагдсанаас хойш хүчин төгөлдөр үйлчлэх боловч өршөөлд хамрагдах нөхцөл нь хууль батлагдахаас өмнөх цаг хугацааг хамрахаар байна. Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2. дахь заалт дахь “Татварын ерөнхий хуулийн 13.2.-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан албан татварын үндсэн өрийг 100 хувь” гэснийг тухайн зүйлийн бусад заалт болон хуулийн бусад зүйлтэй системчлэн тайлбарлавал, уг хууль батлагдаж, дагаж мөрдөж эхлэх цаг хугацаанд буюу 2008.01.01-ний байдлаар “татвар, хүү, торгууль төлөх 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан албан татварын үндсэн өр” гэж ойлгохоор байна. Түүнчлэн, аливаа өршөөлийн хууль батлагдах үед нэгэнт төлөгдсөн өр, төлбөр, гэм буруутай этгээдийн эдэлсэн ял, шийтгэлийг “нөхөж” өршөөх тухай ойлголт байхгүй, зөвхөн барагдаагүй үлдсэн өр, төлбөр, биелэгдээгүй байгаа ял, шийтгэлийг өршөөнө.  Хэрэв хариуцагч өршөөлийн хууль батлагдах үед татварын өртэй байсан бол хуульд заасан болзлын дагуу бусад этгээдийн нэгэн адил өршөөлд хамрагдах боломжтой байсан. Гэвч 2004 онд татварын өрөө (бэлэн бус хэлбэрээр) төлж барагдуулсан буюу өргүй байсан тул 2008 онд өршөөлийн хууль батлагдахад уг хуульд хамрагдаагүй, хамрагдах үндэслэлгүй байжээ. Харин 2004 онд татварын өрийг өөрийн бус, бусдын хөрөнгөөр төлсөн нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр 2014 онд 2001 оны өр сэргээгдсэн тул хариуцагч нь өршөөлд хамрагдах эрхээ алдсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, ийнхүү төлөх ёстой өр нь хожим нь нөхөн сэргээгдсэн үйл баримтыг  Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн урьдчилсан нөхцөл буюу болзол (6 дугаар зүйлийн 6.1.3-т заасан “татвар төлөгч 2006.12.31-ний байдлаар тайлангаа гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008.01.01-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009.01.01-ний дотор төлсөн” байх гэсэн)-ыг хангасан гэж үзэх боломжгүй гэж үзсэн бөгөөд дээрх шүүхийн шийдвэрүүд нь хуулийн  хүчин төгөлдөр болжээ.

Иймд “““““““““” ХК-ийн 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Татварын өршөөл үзүүлэх тухай хууль батлагдах үед 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр байгаагүй, харин татварын албаар баталгаажуулсан албан татварын үндсэн өрийг эд хөрөнгөөр тооцож төлсөн эрх зүйн ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал-д хамаарахыг, “““““““““” ХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар шүүхийн шийдвэрээр төлөх ёстой болсон татварын өртэй болсон үйл явдал нь 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр болохыг тогтоолгох, “““““““““” ХК-ийн 551,000,000 төгрөгийн татварын өрийг 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр гэж үзэж, 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан журмын дагуу “““““““““” ХК нь татварын өршөөлд хамруулах хүсэлт гаргах эрхтэй талаар хугацааг сэргээх тухай хүсэлт нь хууль зүйн үндэслэлгүй болно. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайханы шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гомдлыг хүлээн авах боломжтой байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 312/ШШ2025/01787 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ““““““““” ХК-ийн 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Татварын өршөөл үзүүлэх тухай хууль батлагдах үед 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр байгаагүй, харин татварын албаар баталгаажуулсан албан татварын үндсэн өрийг эд хөрөнгөөр тооцож төлсөн эрх зүйн ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал-д хамаарахыг, “““““““““” ХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар шүүхийн шийдвэрээр төлөх ёстой болсон татварын өртэй болсон үйл явдал нь 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр болохыг тогтоолгох, “““““““““” ХК-ийн 551 000 000 төгрөгийн татварын өрийг 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр гэж үзэж, 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан журмын дагуу “““““““““” ХК нь татварын өршөөлд хамруулах хүсэлт гаргах эрхтэй талаар хугацааг сэргээх тухай хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгоусгай.  

            2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                      ШҮҮГЧ                              Р.ҮҮРИЙНТУЯА

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.БАТТӨР