Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2026/00308

 

 

*******,*******-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Д.Хулан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/08862 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний төлбөрт илүү шилжүүлсэн төлбөр болон гэрээнээс учирсан хохиролд 173,510,644 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний орчуулагч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч *******,*******-ийн зүгээс хариуцагч *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт илүү төлсөн төлбөр 193,832.6 юанийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргаж, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн валютын ханшаар тооцоход 474.91 төгрөгтэй тэнцдэг. 92,053,040 төгрөгийг илүү төлсөн төлбөрт буцаан гаргуулна. Худалдагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбогдуулан нэхэмжлэгчид учирсан хохирол 81,457,604 төгрөг гээд нийтдээ 173,510,644 төгрөгийг гаргуулна.

1.1. Талуудын хооронд 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ******* 20 дугаартай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр худалдагчийн зүгээс худалдан авагч тал 5300-5500 ккал илчлэг бүхий 300,000 тонн нүүрсийг нэг жилийн хугацаанд Дорноговь аймгийн сумын нүүрсний уурхайгаас Эрээн хот хүртэлх тээвэрлэлтийг хариуцан худалдан авагч талд нийлүүлэх. Худалдан авагч талын зүгээс нэг тонн нүүрсний үнийг 235 юаниар тооцоод ******* болон тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан *******гийн данснуудад шилжүүлэх байдлаар төлж барагдуулах үүргийг хүлээсэн.

Талууд ийнхүү гэрээ байгуулснаас хойш нийтдээ 3 удаа тооцоо нийлсэн акт үйлдсэн. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлддэг бөгөөд хамгийн сүүлийн тооцоо нийлсэн актаар худалдагч буюу ******* нь *******,*******-д нийлүүлээгүй нүүрсний үнэд 193,832.6 юанийн өглөгтэй гэсэн тооцоо гарсан тул *******-аас 193,842.6 юанийг гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч талаас энэхүү тооцоо нийлсэн актыг үндэслэлгүй гэж маргадаг. Гэтэл тооцоо нийлсэн актад дурдсан тооцоо нь зохих санхүүгийн анхан шатны баримтуудад үндэслэн гарсан байдаг бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн актыг үнэн зөв болохыг баталгаажуулан талуудын эрх бүхий бүхий этгээдүүд тооцоо нийлсэн акт юм. Нүүрс худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлсэн, дутуу эд хөрөнгийг болон үнийг буцаан төлөх үүрэгтэй гэсэн хуулийн зохицуулалтын дагуу 92,053,040 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа.

1.2. Хохирол 81,457,604 төгрөгийг *******-аас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд *******-д энэ бүх үүргийг, илүү төлсөн төлбөрийг буцаан төлөх үндэсгүй гэж маргадаг.

*******,******* нь Хятад улсад бүртгэлтэй хуулийн этгээд бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 болон 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэхэд зайлшгүй өмгөөлөгч авах шаардлагатай нөхцөл байдал бүрдсэн учраас өмгөөлөгчид төлсөн зардлыг *******,*******-д учирсан зардал буюу хохирол гэж үзэж 9,205,304 төгрөгийг шаардаж байгаа.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн орон сууц хөлсөлсний төлбөрт 28,500,000 төгрөгийн зардал гарсан ба 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хөлслүүлэгч ******* болон ******* нарын хооронд байгуулсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 20 дугаар хороолол 54 дүгээр байрны 8 давхар, 808 тоот 3 өрөө 69 м.кв талбайг нийт сарын 1,900,000 төгрөгөөр хөлслөх гэрээ байгуулсан. Хөлслөх гэрээний дагуу *******д төлсөн 1 жил 3 сарын төлбөрийг ******* хариуцах ёстой гэж үзэж 28,500,000 төгрөгийг *******-аас шаардаж байна.

Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ******* гэдэг хүнтэй Тоёота приус ******* улсын дугаартай автомашиныг нэг өдрийн 130,000 төгрөгөөр хөлсөлсөн байдаг бөгөөд нэхэмжлэл гаргах болон шүүх хуралдаанд оролцохтой холбоотойгоор машин хөлсөлсний төлбөрт нийтдээ 22,100,000 төгрөгийг шаардаж байна.

орчуулагчийг энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон өмгөөлөгч нартайгаа уулзах, шүүх хуралдаанд бэлтгэх үе шатуудад ******* төлөөлөгч нь тай орчуулагчийн гэрээ байгуулсан байдаг. Энэхүү гэрээний дагуу нийтдээ 16,421,900 төгрөгийг орчуулагчийн төлбөрт шаардаж байгаа. Хятад хэлнээс Монгол хэл рүү орчуулга хийхтэй холбоотой нотариатын зардал, Монгол шуудангийн болон Улаанбаатар хотоос Эрээн хот руу, Эрээн хотоос Улаанбаатар хот руу зорчигч тээврийн зардалд нийтдээ 5,230,400 төгрөгийг *******-аас гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой шаардаж байна. Энэхүү учирсан хохирлууд нь хариуцагч компанийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой шалтгаант холбоотойгоор учирсан хохирлууд гэж үзэж байгаа.

Иймд, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч *******-аас эдгээр 81,457,604 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Манай ******* нь *******,*******, мөн түүний хамаарал бүхий компанитай анх нүүрс худалдах худалдан авах гэрээ байгуулан гэрээний дагуу нийтдээ 7,176,465 юанийн бүхий 32,521 тонн крокус чанар боловсруулалттай нүүрсийг нийлүүлж, гэрээний төлбөрт 7,172,679 юанийг шилжүүлэн авсан. Гэрээний хувьд нэхэмжлэгч *******,*******-тай манай компанийн хувьд 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ******* 20 дугаар нүүрс худалдах худалдан авах гэрээ гэж байгуулсан. Энэ гэрээгээр 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 49 удаагийн гаалийн мэдүүлгээр 2,642,995 юанийг 12,364 тонн нүүрсийг нийлүүлж гэрээний төлбөрт 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нийтдээ 2,647,372 юань шилжүүлж авсан. Нэхэмжлэгч компанид 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ******* 20 дугаартай нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 08 сарын 24-ний өдөр хүртэл, 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл нийтдээ 103 удаагийн гаалийн мэдүүлгээр 4,139,541 юанийн үнэ бүхий 18,485 нүүрс тээвэрлэсэн. Гэрээний төлбөрт 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд 4,275,307 юань шилжүүлж авсан. Гуравдугаар гэрээний хувьд нэхэмжлэгч компанийн хамаарал бүхий компанитай 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 2018/03 дугаар нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 6 удаагийн гаалийн мэдүүлгээр нийтдээ 393,930 юанийн төгрөг бүхий 1676 тонн кокс чанар бүхий нүүрс нийлүүлж 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 250,000 юань шилжүүлж авсан. Худалдах, худалдан авах маргаан бүхий 2 дахь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээний хувьд 192,832 юанийг илүү төлсөн гэж тооцоо нийлсэн.

Хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр эс зөвшөөрдөг. Нэгдүгээрт нь дурдсан 3 гэрээгээр бид нийтдээ 7,176,467 юанийн үнэ бүхий 32,521 тонн нийлүүлсэн. Ингээд гэрээний төлбөрт нэхэмжлэгч болон түүний хамаарал бүхий Баошинг гэдэг компанид нийтдээ 7,172,679 юанийг шилжүүлж авсан. Өөрөөр хэлбэл, бид гэрээнд зааснаас дутуу нүүрс нийлүүлсэн, энэ компаниас илүү мөнгө хүлээж авсан гэх баримт байхгүй. Хоёрдугаарт хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 буюу 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрх үүссэн буюу тооцоо нийлсэн акт үйлдсэн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд тоолох боломжтой. Энэ хугацаа нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дуусна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Засгийн газрын 39 дүгээр тогтоолоор 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс зорчигч тээврийн үйл ажиллагааг зогсоож, БНХАУ зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс нээж эхэлсэн. Үүнээс тоолох юм бол шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон болон үргэлжлүүлэн тоолох талаар Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа нь түр зогссон, зогсох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн хугацааг үргэлжлүүлэн тоолно. Хэрэв үлдсэн хугацаа гурван сараас бага бол гурван сар хүртэл, хөөн хэлэлцэх хугацаа нь зургаан сараас бага бол үлдсэн хөөн хэлэлцэх хугацаагаар тус тус сунгана. Хавтаст авагдсан баримтаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 3 жилийн хугацаа дууссан. Уг хугацаа Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох байдал үүссэн буюу зорчигч тээврийн хөдөлгөөнийг хаасан 45 хоногийн дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолж эхлэх бөгөөд уг хугацааг Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсэгт заасны дагуу 3 сарын хугацаагаар сунгах боломжтой гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл сунгагдахаар ойлгож байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээ, тооцоо нийлсэн актын дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дууссан байх учиртай. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж харж байгаа. Гуравдугаарт тооцоо нийлсэн актаар бид 123,832 юанийг илүү төлсөн. Өмгөөлөгчийн зардал, байр түрээсний төлбөр, нотариатын зардал, орчуулгын зардал, автомашин түрээсний зардал шаардаж болно, энэ чинь өөрөө тооцоо нийлсэн акт, эс үгүй бол нотлох баримттай байх ёстой. Үүнийг нэхэмжлэгч тал хангалттай нотолж чадаагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 193,832.60 юань буюу 74,580,969,5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 98,929,675 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,183,453 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 530,854 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Иргэний хуулийн Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэх зохицуулалт нь гэрээний хугацаанд төлбөр төлөх үүргийг гүйцэтгэх үед мөнгөний ханш өссөн буурсан үетэй холбоотой бөгөөд харин *******, ******* болон *******-уудын хооронд үүссэн 193,832.60 юанийн үүрэг нь гэрээний хугацаанд бус талууд худалдах, худалдан авах гэрээг дүгнэж, илүү төлбөрийг буцаан шилжүүлэхтэй холбоотой болно.

Мөн талуудын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн актаар хариуцагч ******* нь 193,832.60 юанийн өглөгтэй бөгөөд нэхэмжлэгч *******, *******-аас актаар тооцоо нийлсэн 193,832.60 юанийг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн валютын ханшаар тооцон мөнгөн төгрөгт шилжүүлэн нэхэмжилж байгаа болно.

Хариуцагч ******* нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш өнөөдрийг хүртэл 193,832.60 юанийг төлөөгүйн улмаас үүссэн валютын ханшны зөрүүг *******, *******-д хариуцуулах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулж, 193.832.60 юань буюу 92,053,040 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж өгнө үү.

4.2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэх зохицуулалтын хүрээнд хохирол гэдэгт эд хөрөнгийн байдал буурсан, багассаныг хамааруулж болдог тул орон сууц хөлсөлсний зардал, өмгөөлөгчийн зардал, орчуулагчийн зардал, тээврийн хэрэгсэл хөлсөлсний зардал, нотариатын зардал, ирж очих унааны зардал зэрэг нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд бий болсон зайлшгүй гарсан бодит зардлууд байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Давж заалдах шатны шүүхэд 2 үндэслэлээр гаргасан гомдлыг анхан шатны шүүх хууль хэрэглээний талаас үндэслэлгүй гэж үзсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 8-д нэхэмжлэгч, хариуцагч талуудын шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараар талууд гэрээний дагуу худалдан авсан нүүрсний хэмжээ 18,485 тонн болох талаар маргаагүй гэж дүгнэсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгч нь 18,485 тонн нүүрс болон маргаан бүхий тооцоо нийлсэн актыг анхнаасаа хүлээн зөвшөөрдөггүй. Бид 3 баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Тодруулбал, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч компанитай байгуулсан маргаан бүхий гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 20 дугаартай нүүрс худалдах, худалдан авах гэрээ болон нэхэмжлэгч компанийн хамаарал бүхий компани буюу Э*******-тай 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 03 дугаартай худалдах, худалдан авах гэрээнүүдийг тус тус гаргаж өгсөн. Анхан шатны шүүхэд энэ гэрээний хэрэгжилт, нүүрс нийлүүлсэн хэмжээ, төлбөр төлсөн баримт, төлбөрийн үлдэгдэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Өөрөөр хэлбэл, нийт 3 гэрээний дагуу 7,176,467 юанийн үнэ бүхий 32,521 тонн кокос чанаргүй боловсроогүй нүүрсийг бол нийлүүлж, гэрээний төлбөр 7,172,679 юанийг шилжүүлж авсан. Энэ талаарх үйл баримтад талууд маргаагүй. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч энэ талаарх үндэслэл бүхий баримт гарган маргаж байхад 18,485 тонн нүүрс гэж үндэслэх хэсгийн 8-д дурдсан байгаа үйл баримт нь хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна гэж үзэж байна.

6.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч тал татгалзлаа нотлох үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т ...хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ы вичат /wechat/-аас хариуцагчийн төлөөлөгч *******гийн вичат руу 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дугаар дансанд бэлнээр 73,390,000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дугаар дансанд 110,384,200 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр *******гаас Хаан банкны дансны дугаарыг өгөөд эргээд *******аас 58,000,000 төгрөг болон 16,985,300 төгрөгийг тоот дансанд шилжүүлсэн тухай банкны гүйлгээний баримтын скрийншот хийсэн баримт, мөн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 17:00 цагийн үед 71,820,000 төгрөгийг тоот дансанд шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт... байгааг баталгаажуулсан. Мөн үндэслэх хэсгийн 11-д ...эдгээр баримтуудыг хариуцагч нотлох баримтаар үгүйсгэж өөрийн тайлбар, татгалзлаа нотлоогүй... гэж дүгнэсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар бидний зүгээс тухайн үйл баримттай холбоотойгоор холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан Вичат /we chat/-д 2 зүйл байгаа. Нэгдүгээрт, төлбөрийн баримтгүй үйл баримт болох 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 58,000,000 төгрөг болон 16,985,300 төгрөгийг ******* нь манай компани руу шилжүүлсэн гэж нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлж дүгнэлт гаргасан үйл баримтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хоёрдугаарт, хэрэгт хамааралгүй баримт болох 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр -ийн Хаан банкны дугаар дансанд *******гаас 71,820,000 төгрөгийг *******-аас эхний 5,000 тонн өр гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн төлбөрийн баримт байхад анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цагийн орлогын баримтад үзлэг хийж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тус мөнгийг шилжүүлж авсан байна гэх агуулгаар дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч хариу тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч маргаан бүхий тооцоо нийлсэн актад үндэслэж би хариуцагчаас 193,000 юанийг авах ёстой гэх агуулгаар тайлбар гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тухайн үйл баримтыг хариуцагч компаниас хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь хариуцагч 3 худалдах, худалдан авах гэрээ болон гэрээний хэрэгжилттэй холбоотой баримт, гаалийн мэдүүлэг, төлбөр төлсөн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд тус баримтаас үлдэгдэл төлбөрийг тооцсон. Бид 196,000 юанийн үлдэгдэл төлбөргүй бөгөөд нэхэмжлэгч компани илүү төлсөн төлбөр байхгүй гэх үйл баримтыг нотолж байхад анхан шатны шүүх тухайн баримтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 23-т хөөн хэлэлцэх хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс үргэлжлүүлэн тоолох тул хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргасан буюу нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнд хууль хэрэглээний алдаа гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх цаг 3 жил байдаг. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдлыг хуульчилсан. Тодруулбал, үлдсэн хугацаа 3 сараас багагүй хугацаагаар тасарсан бол 3 сар хүртэлх хугацаагаар хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно. Гэвч анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 08 гэж үндэслэл бүхий дүгнэсэн байх боловч тухайн хугацаа хэзээ дуусах талаар ямар нэгэн дүгнэлт өгөөгүй. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-д заасан үндэслэлээр тооцож үзвэл 47 хоног байгаа. Иймд 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шаардлага гаргах 3 жилийн хугацаа дуусаж байгаа. Нэхэмжлэгч 2023 оны 09 дүгээр сард нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь 04-09 дүгээр сар хүртэлх хугацаанд ямар хүндэтгэн үзэх шалтгаанаар нэхэмжлэл гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн талаарх нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй. Гэтэл анхан шатны шүүх тухайн асуудалтай холбоотойгоор талуудаас тодруулж асуугаагүй. Мөн хууль зүйн дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар үргэлжлүүлэн тоолох хугацааг заасан бол тус хугацаа хэзээ дуусах талаар дүгнэлт хийгээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Маргааны зүйл буюу гэрээний үүрэгт илүү төлсөн гэх 193,832 юанийг буцаан гаргуулахаар шаардах хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг тоолохдоо Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрх үүссэн буюу тооцоо нийлсэн акт үйлдсэн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацааг тоолох бөгөөд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жилийн хугацаа нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болох учиртай.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болсон бөгөөд хэрэг авагдсан баримтаар 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан үр дагаврыг үүсгэсэн байна.

Иймд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/08862 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн гаргасан гомдолд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн 58,000,000 төгрөг, 16,000,000 төгрөг болон 71,820,000 төгрөгийн гүйлгээнүүд үндэслэлгүй. Анхан шатны шүүх тус баримтад үзлэг хийж үнэлсэн нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан *******тай харилцаж байсан чатны зураг хэрэгт авагдсан. Тус чатанд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны 16 цаг 46 минутад худалдан авагчийн төлөөлөгч болох Лү Яан /*******/ нь *******гаас надад 200 доллар байна. Та хувь дансаар авах уу, компанийн дансаар авах уу гэж асуухад өөрийн дугаартай дансыг явуулсан байдаг. Тухайн үйл баримтын дагуу Лү Яан /*******/ нь 58,000,000 төгрөг, 16,000,000 төгрөгийг шилжүүлсэн болохыг баталж дансны хуулгын зургаа явуулдаг. Иймд 2018 онд тооцоо нийлсэн актад дурдсан үнийн дүнг бидний зүгээс шилжүүлсэн болох нь үзлэг хийсэн баримтаар нотлогддог. Хавтаст хэрэгт *******гийн дугаартай дансны хуулга авагдсан. Тухайн дансны хуулганд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр түүний данс руу мөнгө шилжүүлсэн үйл баримт авагдаагүй хэдий ч тухайн өдрөөс хойших дансны хуулгууд авагдсан байдаг. Иймд тус үйл баримт нь дансны хуулгаар авагдаагүй хэдий ч үзлэг хийсэн баримтаар тогтоогдож байгаа бөгөөд тооцоо нийлсэн акттай тохирч байгаа.

Мөн шүүхээс төлбөр төлсөн нь харагдахгүй байна гэж дүгнэсэн үйл баримт нь хэрэгт авагдсан *******гийн дансны хуулгаар харагдаж байна. Өөрөөр хэлбэл, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 160,000,000 төгрөг, 9,422,000 төгрөг буюу нийт 450 юанийн гүйлгээг гэх мөнгө гуйвуулагч найзын дансаар шилжүүлсэн. Энэ нь хэрэгт авагдсан *******гийн дансны хуулгаар нотлогддог. Тухайн баримтыг шүүх үнэлээгүй байхад илүү юанийн төлөлт хийсэн гэх үйл баримт тодорхой харагдана. Хэрэв тус баримтыг үнэлбэл үүнээс илүү төлбөр мөнгөний тооцоо гарна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч *******,******* нь хариуцагч *******-д холбогдуулан 173,510,644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна.

 

2.1. *******, нь *******-аас 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 тонн нүүрс худалдах, 1 тонн нүүрсний үнэ 215 юань/нүүрс 180 юань, төмөр замын тээврийн үнэ 35 юань/ байхаар тохиролцон худалдах, худалдан авах гэрээ байгуулсан./2хх111-115/

 

2.2. Талууд 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 300,000 тонн нүүрс худалдах, худалдан авах, нүүрсний үнийг тонн тутам нь 235 юань /нүүрс 180 юань, төмөр замын тээврийн үнэ 55 юань/ байхаар талууд харилцан тохиролцсон. /1хх33-35/

 

2.3. Мөн Э******* нь *******-аас 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 300,000 тонн нүүрс худалдан авах, нүүрсний үнийг тонн тутам нь 235 юань байхаар тохиролцсон. /2хх42-43/

 

2.4. *******,******* болон *******-ийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу тооцооны үлдэгдэл 520,203.10 юань болохыг баталгаажуулсан. /1хх110/

 

2.5. Талууд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлж 203,832.60 юанийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан. /1хх37/

 

2.6. Мөн, талууд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тооцооны үлдэгдэл юань 193,832.60 юань бөгөөд тооцооны үлдэгдлийг нүүрс хэлбэрээр барагдуулахаар тохиролцож гарын үсэг зурсан. /1хх36/

 

3. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч талуудын хооронд хийгдсэн гэрээний үнэ болох БНХАУ-ын юанийн ханшийг тооцоход болон нэхэмжлэгчийн хохирол шаардах эрхтэй холбоотой хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс өөрчлөн шийдвэрлэнэ.

 

3.1. Хариуцагч талаас дээр дурдсан 3 гэрээгээр бид нийтдээ 7,176,467 юанийн үнэ бүхий 32,521 тонн нүүрсийг нийлүүлсэн ба гэрээний төлбөрт нэхэмжлэгч болон түүний хамаарал бүхий Э*******-аас нийтдээ 7,172,679 юанийг шилжүүлж өгсөн. Манай компани гэрээнд зааснаас дутуу нүүрс нийлүүлсэн, энэ компаниас илүү мөнгө хүлээж авсан гэх баримт байхгүй гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч талууд нүүрс нийлүүлэлтийн хугацаанд 3 удаа тооцоо нийлсэн байх бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нийлсэн тооцоогоор худалдан авах нүүрсний үнэд шилжүүлсэн 193,832.60 юанийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулж уг тооцооны үлдэгдлийг нүүрс хэлбэрээр барагдуулах талаар харилцан тохиролцсон байна. Энэхүү тооцоо нийлсэн баримтаас хойш хариуцагч талаас нүүрс нийлүүлсэн талаар баримтгүй байх ба уг тооцооны баримтыг үндэслэн нэхэмжлэгч илүү шилжүүлсэн 193,832.60 юанийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч талаас тооцоо нийлсэн баримтыг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас шилжүүлсэн юанийн тооцооллын талаар маргаж байх боловч хариуцагчийн татгалзал нь хэрэгт авагдсан нүүрс тээвэрлэлтийн баримтууд болон нэхэмжлэгчийн нүүрсний үнэ төлсөн баримтууд, шүүхийн үзлэг хийсэн баримт, талуудын тооцоо нийлсэн баримтуудаар няцаагдаж байх тул хариуцагчийн татгалзал нотлох баримтгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

3.2. Харин дээр дурдсан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр талуудын тооцоо нийлсэн баримтад Э*******-ийн худалдан авсан нүүрс болон нүүрсний үнэд шилжүүлсэн 250,000 юань орж тооцогдсон байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч *******,*******-ийн захирал нь Э*******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байх ба талуудын тооцоо нийлсэн баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг зөвшөөрч дэмжсэн тайлбар ирүүлсэн байна./1хх8-32, 3хх22-23/

 

3.3. Нэхэмжлэгчийн шаардсан 193,832.60 юанийн ханшийг тооцохдоо анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж үүрэг үүсэх үеийн ханшаар тооцсон тухай нэхэмжлэгч талын гомдлыг хүлээн авна.

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх заалт нь төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлөхөөр зохицуулсан заалт. Гэтэл талуудын хоорондын маргаан нь нэгэнт биелэгдсэн төлбөрийн үүргийг илүү гүйцэтгэсэнтэй холбоотой шаардлага бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрхэд уг заалт хамааралгүй.

 

Иймд 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах үеийн ханшаар буюу Монгол банкны зарласан валютын ханш 474.91 төгрөгөөр тооцож 92,053,000 төгрөгийг шаардсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт нийцэх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангана.

 

3.4. Нэхэмжлэгч талаас гэрээний үүргийг биелүүлээгүйгээс учирсан хохиролд өмгөөллийн зардал 9,205,304 төгрөг, автомашин хөлсөлсөн зардал 22,100,000 төгрөг, орон сууц түрээсийн зардал 28,500,000 төгрөг, орчуулагчийн зардал 16,421,900 төгрөг, нотариатын зардал 141,000 төгрөг, зорчигч тээврийн зардал 5,230,400 төгрөг, нийт 81,457,604 төгрөг гаргуулна гэжээ.

 

Анхан шатны шүүхээс, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Учир нь, талууд тооцоо нийлсэн баримтаар нүүрсний үнэд илүү шилжүүлсэн 193,832.60 юаньд нүүрс авахаар тохиролцсон байх бөгөөд уг төлбөрийг буцаан шилжүүлэх хугацааны талаар тохиролцсон баримтгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгчээс гарсан зардал нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хохирол шаардсан баримтууд нь шүүхэд мэдүүлэх эрхтэй холбоотойгоор гарсан уг зардлыг гэрээний зөрчилтэй холбоотой хохиролд тооцохгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4. Хариуцагч талаас, нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна. Учир нь, талууд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тооцоо нийлснээс хойш буюу коронавирус цар тахлын улмаас 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хилийн боомтуудыг хаасан болох нь хэрэгт авагдсан Хил хамгаалах ерөнхий газрын баримтаар тогтоогдсон./1хх144-149/

 

4.1. Нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5. Иймд хариуцагчаас нүүрсний төлбөрт илүү шилжүүлсэн 193,832.60 юань буюу 92,053,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хохиролд нэхэмжилсэн 81,457,604 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцнэ.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/08862 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 92,053,040 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******,*******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 81,457,604 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... 530,854 гэснийг ... 618,215 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 530,855 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 652,599 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

ШҮҮГЧИД Д.ХУЛАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ