Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/109

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О

Улсын яллагч Л.О

Хохирогч Б.Х

Хохирогчийн өмгөөлөгч О.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох эрүүгийн 1825006910048 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Б

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч М.Бг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн...........тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Х-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2017 оноос хойш байнга зодож ******* үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            -Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бгийн мэдүүлсэн: 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байсан. Өглөөний 7 цагийн орчим хаалга тогшсон. Хүү бид 2 унтаж байсан. Эхлээд онгойлгоогүй. Хүү сэрэх гээд байсан учир онгойлгосон. Х орж ирж доромжилсон. Хүүхэд рүү дайрсан. Би нүүр рүү нь нэг удаа цохиж унагасан. Орилж чарлаж ширээн дээгүүр гүйж цамцаа урж хаясан. Би 07 цаг 07 минутад цагдаа дуудсан. Хоёулаа цагдаагийн газарт ирсэн. Өмнө нь би нэг удаа алгадсанаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хүүхэн бол жүжигчин. Төрөөд 2-3 хонож байж хүүхдээ тэрэгтэй нь онхолдуулсан тул би алгадсан. Мөнгө, хардалтаас болж маргаан үүсдэг. Зөвхөн мөнгө л ярьдаг. Хүү төрсөнөөс хойш байнга хардах болсон. 1000 удаа давтаж ярьдаг. Ажил дээр 2 удаа ирж доромжилсон. Цаг өнгөрөх тусам үнэн төрх нь илрэх болсон. Би хүчирхийлэлд байна гэж бодох болсон.

2017 оны 3 сараас хүчирхийлэл нь эхэлсэн. Гэр оронд бүтэн юм байхгүй, гал тавьсан. Сүүлд нь бодоход зөвхөн мөнгө бодож надтай суусан байна. Намайг мөнгө гэж харж байсан. Мөнгөтэй юм шиг харагддаг гуйлгачин гэсэн. Хүн хөлсөлж алуулна, нэр төрийг чинь гутаана, шоронд суулгана гэж занадаг. Надад 10 дахин дарамт гэмтэл учруулсан. Манай гэр бүлийг хангалттай доромжилсон. Энэ хүүхэн бол хулгайч луйварчин, хүчирхийлэгч гаднаа гяланцаг, дотроо паланцаг. Х-аас болж манай ээж нас барсанд би маш их харамсдаг. Энд ирээд 7 хонолгүй нас барсан. З-тай байхад орж ирж доромжилсон. Хүн ёс гэж байхгүй энэ хүнд. Нэг ч удаа би эхэлж цохиж байгаагүй. Гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө. Энэ хүн цамцаа өөрөө урж хаясан. Үнэтэй цаг бөгж байгаагүй. Үнэт эдлэл паспорт бичиг баримттай байдаг. Үнэтэй цаг бөгж алга болсон гэдэг нь цэвэр гүжирдлэг. Би гар утас авч өгч байсан  гэх мэдүүлэг,

-Хохирогч Б.Х-ын шүүх хуралдаанд мэдүүлсэн: 2016 оны 1 сард танилцаж 2 сараас хамт амьдарсан. 11 сарын 16-нд хүү төрсөн. Б маш их уудаг, олон хоногоор. Олон хүүхэнтэй орооцолддог. 2017 оны 1-12 сард, сард 1-2 удаа зодож байсан. Хүүхдээ хөхөөрөө хооллохгүй байна гэдэг. Миний цалин чамд хамаагүй гэдэг, өөрөө гарч хүнсээ авдаг. 14 хоног болгон УБ хот явж алга болдог байсан. 2017 оны 4 сарын 5-нд намайг зодсон. 6 сард нүцгэн чирч гаргаад араас алчуур шидсэн. 9,10 сард гэртээ зодсон. Утас булааж авдаг. Цонхоор хүн дуудаж цагдаа ирж байсан. Ванны өрөөнд багалзуурдаж хүүхдээ авч шидээд чирж цамц урж байсан. Том өрөөнд аваачиж багалзуурдан хэл гаргаж үс шатаана гэсэн. Асаагуур барьж дайрч цохиж өшиглөсөн. Би цонхоор цагдаа дуудаж өгөөч гэж орилсон. Хувцас гаргаж хаясан. Цагдаа ирж авч явсан. Энэ хүн намайг хүчиндсэн болохыг би Цагдаагийн байгууллагад хэлсэн. Ямар учраас шалгахгүй байгааг ойлгохгүй байгаа. Би олон удаа эмнэлэгт үзүүлсэн. 1 сая гаруй төгрөгний хохирол гарсан. Зодуулах үед бөгж цаг алга болсон. Шүүхийн шийдвэр гаргуулж хүүхдээ өөрийн хүүхэд биш болгосон. Би маш их гомдолтой” гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан болон шүүгдэгч, хохирогч нарын өмгөөлөгчийн шинжлэн судалсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-ийн 16-19-р хуудас/,

-Б.Х-с хуулбарлан хүргэж ирсэн М.Бтай холбоотой дуу гэсэн бичигтэй цэнхэр өнгийн дуу бичлэгийн хуурцагт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 22-23-р хуудас/

-Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 24-р хуудас/

-Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 25-26-р хуудас/ 

-Хохирогч Б.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 01 сараас 12 сар хүртэл сард 2-оос доошгүй удаа дарамталж зоддог байсан. Би энэ байдлыг тэвчихээ больж 2017 оны 04 сарын 25, 2017 оны 06 сарын 01, 2017 оны 09,10 саруудад цагдаад дуудлага өгч Б-д арга хэмжээ авахуулж байсан. Улмаар Б-гийн үйлдэл улам даамжираад намайг цагдаад өглөө гэж заналхийлдэг болсон. Мөн 2018 оны 06 сард нэг удаа зодсон. Мөн 2018 оны 07 сарын 20-ны өдөр Б-тай хамаатнуудаа авч хөдөө яваад ирэхээр нь миний газар дээр зөвшөөрөлгүй амраад ирсэн гоё байна уу гэтэл намайг үснээс зулгааж байгаад багалзуурдсан ба гарт байсан I рhоnе-7 утсыг маань хана руу шидэж эвдэлсэн. Тухайн утсыг би танил дэлгүүрээс 2 сая төгрөгөөр авч байсан юм. Мөн ажил дээр очиж зодож дарамталдаг байсан... 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өглөөний 7 цаг 00 минутад Ст багт байрлалтай ... тоот түрээсийн орон сууцанд амьдарч байгаа М.Бгийн хаалгыг тогшсон удалгүй М.Б хаалгаа нээж чамд юу хэрэгтэй юм яах гэж яваа юм гэж хаалгаа хаасан дахиад хаалгыг нь тогшоод гэрт ороод хувцасаа тайлаад хүүгээ тэврээд М.Бтай түүний хүүхдийг гаргасан хүүхэн нь миний ойлгосноор нэгэнт чи хүүхдээ тэжээж чадахгүй гээд татгалзсан юм чинь хүүхэдгүй мэт чимээгүй амьдар. Т-ын ирээдүйд битгий гай бол гэх зэрэг захиа илгээсэн. Ингэж бид шийдсэн гэж ярьсан тийм болохоор хүүг минь ээжид нь үлдээгээд та нар явж болохгүй юм уу гэтэл Б намайг зодож эхэлсэн үснээс 2 гараараа зулгаагаад хана руу 5-6 удаа хавсарч шалан дээр унагаагаад шалан дээр унахад цамцнаас базаж 3 хэсэг болгож ураад биен дээр сууж хамар нүд лүү цохиж үс зулгаасаар л зодоод байсан дараа нь дээшээ босож хөлөөрөө хавирга руу өшиглөж эхэлсэн арай гэж том өрөө рүү нь зугтаахад хойноос ирээд үсдэж унагаагаад дээрээс дарж хоолойг минь багалзуурдаж ингээд үх хамаг биеийн чинь эд эрхтэнг хугалаад чамайг ална гээд хоолой боох үед бараг л хамаг бие хөдөлгөөнгүй шахам болж ирэхэд нь гараа суллаж би амьсгаа авч эхэлсэн. Тэгээд хөлөөрөө хавирга давсаг толгой нуруу руу өшиглөсөн. Дараа нь бүүр үсийг туг тугаар нь зулгаагаад толгойтой үсийг шатаачий гээд асаагуур гаргаж гартаа барьж асаасан. Уруулын доторхи зөөлөн эдүүд язарч урагдсан гадна уруул хавдсан багалзуурдсан толгой нүүрний орчим цохиулснаас нүд бүрэлзэн нүдний орчим хавдаж цус хуралдаж овойсон байсан. Арай гэж гарнаас нь мултараад цонхыг нь нээж 102 дуудаад өгөөрэй алах гээд байна 6-17-79 тоот шүү гэж 3 удаа хашгарсан. Дараа нь М.Б зодохоо больж хэл амаараа доромжилж эхэлсэн бараг 30 минут орчим зодуулсан байсан. Хамаг бие зодуулснаас болж шөнө унтаж чадахгүй болж амгалан тайван байдал алдагдсан. Айж цочирдсоноосоо болж унасан. Байнгийн сэтгэлийн дарамт болон *******д удаа дараа өртсөн тул цагдаагийн байгууллагад хандаж байна...   2010 онд би ааваас 32 мянган доллар зээлж Солонгос яваад тухайн үеийн 18000 доллараар бөгж авсан юм. Харин би 2014 онд Б гэх хүнтэй гэр бүл болсон байсан. Тухайн үед Б вакум цонх тавилгын үйлдвэртэй байсан. Тэгээд 2014 онд Хаан банкнаас 70 000 000 төгрөг авсан ба би 2014 онд Солонгос руу нөхрийнхөө бараанд явахдаа тухайн үеийн 7500 доллараар “Chanel” брендийн цаг авч байсан юм. Ер нь Б цуг амьдарч байхдаа миний юмыг аваад нуучихдаг байсан. 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би Б аваад нуучихсан гэж бодож байна. гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-34-р/

-Гэрч Д.Д ...”Х гэх эмэгтэй 6-7 удаа манай ажил дээр ирж Б маргалдаж хэрэлдэж байсан...гэх мэдүүлэг /хх-н 42-р хуудаст/

-Гэрч Д.Н-ы “...2017 онд жижүүрийн үүргээ гүйцэтгэж байхад Б гэртээ эхнэртэйгээ маргалдаад байсан. Би гэрийнх нь үүдэнд ирсэн чинь Х орцонд уйлчихсан сууж байсан. Куртик нь хойд талдаа бага зэрэг түлэгдчихсэн байсан. Тэгэхээр нь би хаалгыг нь тогшиж байгаад Х-ыг гэрт нь оруулсан, энэ үед Б гэрийнхээ толийг хагалчихсан байсан...гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 43-р хуудас/

-Гэрч Д.Д-гийн “...2017 оны сүүлээр 2018 оны эхээр Б надруу залгаад Х надтай хэрэлдээд байна та хүрээд ирээч гэхээр нь хоёр ч удаа очиж байсан. Намайг очиход хэрэлдэж зодолдоод сүйд болсон юм байхгүй бага зэрэг маргалдсан л байдаг. Одоо нэгэнт гэр бүлээсээ салаад амьдрахаар болсон юм бол аятайхан хэрэлдэлгүй амьдар гэж хэлж байсан. Мөн энэ үед Х гэрийн халаадтай байсан ба гуян дээр нь хурууны ором болчихсон байсан асуухад Б цохьсон гэж байсан...Х хүүхдээ санаад Бгийнд очоод хэрүүл болоод байдаг юм. Гэхдээ тэр 2 хүүхдээ зодож цохиж байгаагүй...гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 44-45-р хуудас/

-Гэрч Д.Мгийн “...2017 онд цагаан сарын үеэр буюу Б нь манай том эгч Д рүү утсаар залгаад та хүрээд ирээч гэж хэлсэн ба манай эгч над руу залгаад Д эгч бид 2 очсон. Х, Б нар хоорондоо маргалдчихсан байсан. Дараа нь цагаан сар өнгөрөөгөөд мөн л Б манай эгч рүү залгаад бид хоёр очиход Х уйлчихсан Б намайг зодсон гээд сууж байсан.Хын биеийг үзэхэд гуя руу нь алгадаад улайчихсан байсан. Мөн бие нь ноцолдсон бололтой улайсан байсан. Ингээд мөн л Б манай эгч рүү хүрээд ирээч бид 2 маргалдаад гэхээр нь Д эгч бид 2 очтол Б Х хоёр маргалдсан байдалтай байсан ба Хын хоолойг нь шахаж базсан бололтой улайсан байсан. Тэгэхээр нь би Бг яагаад хоолойг нь улайлгаад хаячихваа гэтэл би Хтай маргалдаж байгаад хананд шахаад улаан болгочихсон юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 47-р хуудас/

-Гэрч А.Б-ийн “...Б 2018 оны эхээр ажил дээр орж ирж хэрүүл хийж байсан. Хэрүүл хийх шалтгаан нь өмнөх маргалдсан асуудлаа үргэлжлүүлээд байх шиг байсан. Нөхөр нь болох Б ажил дээр нэлээн дуутай орж ирээд Хыг цохих гэхэд нь ширээ тойрч зугтаж байсан. Ширээн дээр байсан зүйлийг шидсэн. Тэгэхээр нь манай ажлынхан Бг боль ингэж болохгүй өрөө камертай төрийн алба хэрүүлээ боль гэтэл Б та нар хүүхдээ хайхардаггүй ийм хүнтэй хамт ажилладаг шүү дээ гэж хэлчихээд гараад явсан...гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 48-р хуудас/

-Гэрч М.Т-ын ...Б над руу утсаар яриад Х өглөөний 7 цагт хаалга нүдээд улмаар гэрт орж ирж маргасан. Би тэсэхгүй 2-3 удаа цохичихсон гэж ярьсан...Х Бг 5-6 удаа нүүрийг нь маажчихсан хувцасыг нь урчихсан байсан...Хын тухайд ширүүн хурц ааштай, хөдөлгөөн түргэн, их зальтай. Мөнгөний сонирхолтой. Бгийн хувьд тайван дөлгөөн зантай. Хүнтэй ухаалгаар ойлголцохыг хичээдэг...гэх мэдүүлэг /хх-н 49-50-р хуудас/

-Гэрч Э.Ц-ы ...эхнэр Хаас мэдүүлэг авахад өчигдөр согтуу орж ирчихээд надтай маргалдаад байхаар нь би цагдаад өргөдөл өгсөн. Манай нөхөр ажилтай би гомдол саналгүй гээд байхаар нь Бг Зөрчлийнн тухай хуулийн 5.5-д зааснаар 100,000 төгрөгөөр торгосон гэх мэдүүлэг /хх-н 51-р хуудаст/

-Гэрч Ц.М-ний ...2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б нь согтуугаар эхнэртэйгээ маргалдсан байсан. Улмаар Х Б нараас мэдүүлэг авахад хүчирхийллийн шинжтэй зүйл байхгүй ба эхнэр нь гомдолгүй гэсэн тул Зөрчлийн тухай хуулийн 5.3.1-д зааснаар Бд торгуулийн арга хэмжээ авсан...гэх мэдүүлэг /хх-н 52-р хуудаст/

-Насанд хүрээгүй гэрч Э.Зийн “...2018 оны 06 сарын эхээс 2018 оны 07 сарын 05-ны өдөр хүртэл Б, Х нарын хүүхэд болохыг гэрт нь харсан. Эхний 7 хоног хэрүүл маргаан болоогүй. Х эгч 7 хоног УБ хот руу сургалтанд суухаар болсон чинь явахын өмнө хоорондоо хэрэлдээд байсан. Тухайн үед зодоон цохион болоогүй. Сургалтнаас ирээд удаагүй ханиад хүрсэн гээд эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт 4-5 хоног хэвтсэн. Эмнэлэгээс гараад Х эгч 2-3 хоног ажилдаа яваагүй. Тэр хугацаанд Х эгч, Б ах нар хоорондоо хэрэлдээд Х эгчийг Б ах архи уучихаад унталгын өрөөндөө оруулчихаад хаалгаа дотроос нь түгжээд зодоод байсан. Яаж зодсоныг хараагүй. Би хүүхдийг нь хараад гал тогооны өрөөнд байсан. Тухайн үед Х эгчийн хоёр гарын шуу хэсэг нь хоёулаа хөхөрчихсөн байсан. Зодоон нь өдөр 14 цаг орчим болсон. Х эгч Б ахад зодуулаад байсан тул цонхоор үсэрнэ гээд айлгахад Б ах үсрэхгүй юу гэж хэлээд өрөөний хаалгыг нь хаачихаад өөр өрөөндөө орсон. Б ах Х эгчийн хоолыг нь идүүлэхгүй, унтуулахгүй, унталгын өрөөндөө оруулахгүй янз бүрээр хараалын үг хэлээд байсан. Маргааш өглөө нь Х эгч Б ахад уурлаад байсан чинь Б ах Х эгчийг гэрийнхээ хаалгаар чирч гаргаад 6 давхрын шат руу түлхсэн. Хувцасны шүүгээнээс Х эгчийн хувцасыг нь аваад Х эгчийг шатны доор зогсож байхад нь хувцасыг нь шидээд байсан. Би  тэр хоёрыг хоорондоо хэрэлдэж зодолдоод байхаар нь Б ахаас айгаад Гантогос ахын байр руу хувцасаа аваад явчихсан. Б ах эхнэр хүүхэдтэйгээ үлдсэн тэр шөнө Х эгчийг зодсон гэж Х эгч надад өөрөө хэлсэн. Би хүүхдийг нь байрны гадаа тоглуулж байгаад гэрт нь ороход Х эгч Б ахад хандаж намайг явах гэж байгаа хүүхэд харсаны мөнгөө өг гэхэд Б ах чи өгөхгүй юу гэхэд Х эгч унталгын өрөөндөө яваад орсон. Араас нь Б ах унталгын өрөөндөө орчихоод Х эгчийг орон дээр өвдөглөж дарчихаад хэвлий хэсэг рүү нь гараа зангидчихаад гараараа хүчтэй дараад байсан. Х эгч уйлахаар нь би тэр хоёрыг салгасан. Б ах гал тогооны өрөөндөө орохоор нь Х эгч гэрээсээ гараад зугтаасан....Намайг байхад Б ах Х эгчийг байнга зоддог байсан...гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 56-57-р хуудас/

-Гэрч Д.Б-ын өгсөн :..”Би охиноосоо юм харамладаггүй авна гэснийг нь өгдөг. 32000 доллар зээлсэн.  Яг юу авна гэснээ хэлээгүй. Мөн зарцуулсан талаараа ч хэлээгүй. Би асуугаагүй тэр үед тусдаа амьдралтай байсан болохоор, эргүүлж төлөөгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-р хуудас/

-Гэрч Д.Б-вын  эзэмшлийн  ...................................... , тоот Хаан банкны депозит дансны хуулгууд /1-р хх-ийн 70-78-р хуудас/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний Албаны шинжээчийн 2018 оны 10 сарын 12-ны өдрийн 694 дугаартай: Б.Хын биед нүүр, дээд мөч, хүзүү, цээж, хуйханд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, тархи мэдрэл хямрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтлүүд байна гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 78-р хуудас/

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албны шинжээчийн 2018 оны 10 сарын 18-ны өдрийн 710 дугаартай: М.Бгийн биед  баруун мөрөн  дээр 1 тооны шалбархай  бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзүүр  ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гэмтэл нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үүссэн байж болно гэх дүгнэлт /1-р хх-ийн 85-86-р хуудас/

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 818 дугаартай: Б.Хын биед өмнөх дүгнэлтэд тусгагдсанаас өөр гэмтэл тогтоогдсонгүй. 2018 оны 10 сарын 10-ны өдөр зодуулсны улмаас хуучин гэмтэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Хохирогч 2018 оны 10 сарын 10-нд үзүүлэхдээ 2018 оны 10 сарын 05-наас 07-ны өдрүүдэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх өгүүлэмжгүй байсан тул тухайн үед эмэгтэйчүүдийн үзлэг хийгдээгүй болно. Хохирогчид бэлгйин замын халдварт өвчин тогтоогдоогүй болно. Нянгийн шалтгаантай үтрээний үрэвсэл үүсч эмчлэгдсэн. Наалдацын шинжилгээгээр микоплази хоминис илэрсэн нь бэлгийн замаас гадна бусад шалтгаантай байж болдог” гэх дүгнэлт /1-р хх-ийн 93-р хуудас/ 

-Шинжээч эмч Ж.Гийн мэдүүлсэн:....” 2018-11-22-ны өдрийн эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, 2018-11-16-нь эрүү нүүрний мэс заслын эмчийн үзлэг, 2018-10-29-ний өдрийн цээж рентген харалт, 2018-10-26-ны өдрийн наалдацын шинжилгээ, 2018-11-16-ны өдрийн наалдацын шинжилгээ, 2018-11-16-ны өдрийн бүсэлхий нугалмын 2 байрлалын рентген зэрэг эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Микоплазм нь үтрээний үрэвслийг үүсгэдэг нян. Уг нян нь бэлгийн болон бусад шалтгаанаар халдварлаж болдог. Бэлгийн замаас бусад шалтгаан гэж ахуйн замаар халдварлахыг хэлнэ. Б.Х нь 2018-10-10-ны өдөр үзүүлэхдээ энэ талаар ямар нэгэн өгүүлэмж хэлээгүй учир би хошногоны амсар орчимд үзлэг хийгээгүй, мөн наалдац шинжилгээ аваагүй 2018-11-15-ны өдөр дахин ирэхэд нь хошногоны шинжилгээ авах шаардлагагүй байсан. Яагаад гэвэл хугацаа өнгөрсөн шинжилгээний үр дүн байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-р хуудас/

-“Ашид Билгүүн” ХХК-ний 2018 оны 11 сарын 19-ний өдрийн 03 дугаартай: Үнэлгээ  тогтоохоос татгалзах тухай тоот /1-р хх-ийн 100-р хуудас/

“Далай ван Аудит” ХХК-ний 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 02/02-49 дугаар  эд зүйлийн нийт үнэлгээ 39, 106, 700 төгрөг болж байна гэх дүгнэлт  /1-р хх-ийн 104-108-р хуудас/

-“Далай ван Аудит” ХХК-ний үнэлгээчин Д.Мгийн: ... “Би үнэлгээ хийлгэсэн иргэн Хаас үнэлгээ хийлгэж буй цагаан алтан цаг, бөгж, Iphone-7 маркийн гар утас, цагаан цамцыг нотлох баримт байгаа юу гэж асуухад цагаан алтан бөгжний хуулбар бичгийг үзүүлсэн. Эх хувь нь бол байгаагүй  Б.Х нь хэлэхдээ  би энэ хэмжээний үнэт зүйл хэрэглэх мөнгөтэй болохоо нотолсон баримтаа  цагдаад өгсөн. Би хуурамч зүйл хэрэглэдэггүй  гэдэг мэдээллийг өгсөн. Харин Chanell  брендийн цагаан алтан цагны  зах дээр байдаг үнийг судалж үнэлгээ гаргасан. Цагны бичиг баримт гэрчилгээ гэх зүйл надад үзүүлээгүй. Мөн цагаан алтан бөгжтэй адил төстэй бөгж интернетэд байхгүй байсан ба Х нь дахин давтагдашгүй ганцхан загвартай гэсэн учир худалдаж авсан гэх  хуулбарлаж ирүүлсэн баримтыг үндэслэн тухайн үеийн долларын ханшаар хөрвүүлэн монгол төгрөгөнд бодож үнэлгээ хийсэн “ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111-112-р хуудас/  

-Хохирлын баримтууд  /1-р хх-ийн 242-246-р хуудас, 2-р хх-ийн 1-15-р хуудас/,

-Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны материалууд /хх-н 136-147 хуудаст/,

-Хохирогч Б.Хын хүсэлт, тайлбар, хавсаргасан баримтууд/ хх-н 197-222 хуудаст,

-Хаан банкин дахь Д.Б, Б.Х нарын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 223-239 хуудаст/, -Хохирлын баримтууд / 1-р хх-н 241-2-р хх-н 16-р хуудаст/,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоол/ хх-н 154-р хуудаст/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 379 дугаартай ДНХ-ийн шинжилгээний дүгнэлт /хх-н 192-р хуудаст/.

-Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 260 дугаартай шийдвэр /2-р хх-н 32-р хуудаст/

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, бусад бичмэл баримтууд, яллагдагч ,шүүгдэгчийн мэдүүлэг  зэрэг эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэв.

         Хэргийн 28-32 дугаар хуудаст авагдсан хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, №694 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Хыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн ............... тоотод гэртээ 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зодож  биед нь нүүр, дээд мөч, хүзүү, цээж, хуйханд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, тархи мэдрэл хямрал бүхий гэмтэл хөнгөн хохирол учруулсан, өмсөж байсан цамцыг нь урж хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Мөн М.Б нь хохирогчийн Iphone-7 маркийн гар утсыг хана руу шидэж эвдэж гэмтээсэн үйл баримт тогтоогдсон.

       Түүнчлэн, шүүгдэгч М.Б, хохирогч Б.Х  нар 2016 оны 3 дугаар сард гэр бүл болсноос хойш 2018 оны 3 дугаар сар  хүртэл хамт амьдрахдаа, гэрлэлтээ цуцлуулсны   дараа 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд үл ойлголцол, үзэл бодлын зөрүүтэй байдлаас шалтгаалан байнгын шинжтэй маргаантай байж, харилцан бие биенээ үл хүндэтгэж биед нь халдаж зодох, цохих, ажлын байран дээр нь очиж нэр төрийг нь гутаан доромжлох, төрөл садных нь гэрт очиж эд зүйлийг нь эвдэх зэргээр харилцан бие махбод, нэр төрд нь халдаж, үл хүндэтгэн бүдүүлэг авирлах байдал үргэлжилж, 2017 оны 4 дүгээр сарын 25-нд М.Бгийн гомдлоор, 2017 оны 9 дүгээр сарын 20, 10 дугаар сарын 30-ны өдөр Б.Хын гомдлоор тус тус зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж М.Бг тус тус торгож шийтгэж байсан болох нь хялбаршуулсан журмаар зөрчил хянан шалгасан материалууд, зөрчлийн лавлагаа, яллагдагч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд, гэрч  Д.Д, Д.М, Э.З, Э.Ц, Ц.М, М.Т, А.Б,  Д.Н, Д.Д нарын мэдүүлэгүүд,Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын16-ны өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоол / хх-н 154-р хуудаст/ зэргээр тогтоогдож байна.

            Харин эдгээр гэрчүүдийн мэдүүлэгээр шүүгдэгч М.Б нь хохирогч Б.Хыг ******* үйлдэж байнга зодож байсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч М.Б нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хыг зодож хөнгөн хохирол учруулж ******* үйлдсэн  болох нь гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Б нь хүчиндсэн гэх асуудлыг сүүлд гаргаж ярьсан, Цагдаагийн байгууллагад тэр даруй мэдэгдээгүй, шинжилгээ өгөхдөө энэ талаар өгүүлэмж яриагүй тул шинжилгээгээр тогтоох боломжгүй болсон. Урьд нь 2 удаа зөрчлийн арга хэмжээ авагдаж байсан. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, цамцыг төлөх үндэслэлтэй. Харин бөгж цаг зодох үед байсан болох нь тогтоогдоогүй тул гаргах үндэслэлгүй гэж үзэж байна. Үнэт зүйлийн гэрчилгээ, хил гаалийн бичиг, паспорт байхгүй байгаа. Хэргийн талаархи нотлогдвол зохих байдлууд тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох саналтай гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Зүйлчлэлийн хувьд маргаантай зөвшөөрөхгүй байгаа. 2017 онд нэг удаа алгадсан, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зодсоноо хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа хүлээж байгаа. 2017 оны 9,10 сард 2 удаа Зөрчлийн тухай хуулиар торгуулсан. Энэ 2 хүн бие биенээ давахыг л хичээж байгаа болох нь харагддаг. Зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийн “байнга” гэдгийг Эрүүгийн хуульд тайлбарлаагүй. Монгол хэлний тайлбар тольд тогтмол, үргэлж гэсэн агуулгыг илэрхийлнэ гэсэн байна. Тэгвэл 1 жилийн дараа 2018 оны 10 сард зодсон асуудлыг байнга гэж үзэх үү гэдэг асуудал гарч байна. 2017 оны 10 сарын 30-нд зөрчлийн хуулиар шийтгүүлсэн байдаг. Байнга гэж үзэхгүй тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулна уу. Бд хүчиндүүлсэн гэх баримт байхгүй. Мэдүүлэг өгөхдөө хохирогч эх сурвалжаа заагаагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхдээ хүчиндүүлсэн талаараа өгүүлэмж гаргаагүй. 10 дугаар сарын 5-наас 8 –ны өдөр хүртэл хүчиндүүлсэн юм бол яагаад гомдол гаргаагүй юм, яагаад 10 сарын 10-нд ирж хаалгыг нь тогшсон бэ гэдгийг анхаарах шаардлагатай. Шүүгдэгч хохирлыг бүрэн төлөхөө илэрхийлж байгаа тул торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулна уу гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч О.Б, Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэргийн талаар нотлогдвол зохих нөхцөл байдал нотлогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг Прокурорт буцаах саналтай байна. Шүүгдэгч 2017 оны 1 сараас гар хүрч эхэлсэн. 2018 оны 8 сараас сэтгэл санааны хүчирхийлэл дарамт эхэлсэн. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг тул хууль сануулан авсан хохирогчийн мэдүүлгийг анхаарах шаардлагатай. Зөрчлийн хэргийн материалаас харвал 2017 оны 10 дугаар сарын 30-ны үйлдлийг өөр зүйл ангиар торгосон байдаг. 2.Хүчиндсэн асуудал байгаа. Гэр бүлийн хүрээнд хүчиндсэн асуудлыг хэн ч гэрчлэхгүй, хохирогчийн мэдүүлэгт үндэслэнэ. Цагдаагийн байгууллага шалгаагүй. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн үтрээнээс нян илэрсэн гээд байхад үүнийг яагаад үгүйсгэсэн нь сонин. Энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгээр зүйлчлэгдэнэ гэж үзэж байна. Шүүгдэгч нэг үйлдлээр  хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давхар зүйлчлэгдэнэ. Иймд хүчиндсэн асуудлыг шалгах, зүйлчлэлийг зөв болгохоор хэргийг   буцаах саналтай гэжээ.     

Хэргийн 136-146 дугаар хуудаст авагдсан зөрчил хянан шалгасан баримтуудаар, 2017 оны 9 дүгээр сарын 20-нд “урд өмнөх асуудлаар надтай зөрөлдсөн, хэл амаар хэлэх хэлэхгүй үг хэрэглэсэн. Гэр бүл болон нийтийн эзэмшлийн байрны тав тухыг алагдуулсан” гэх Б.Хын гомдол, 2017 оны 10 дугаар сарын 30-нд “М.Б согтуу ирж зодсон тул дуулдага өгсөн. Гомдол саналгүй тул эрүүлжүүлэн гаргана уу” гэсэн Б.Хын гомдолоор тус тус шалгаж М.Бд торгох шийтгэл оногдуулсан байна. Захиргааны зөрчлийн лавлагаагаар 2017 оны 4 дүгээр сарын 25-нд М.Бгийн “эхнэр Х удаа дараа хэрүүл маргаан үүсгэж гэрийн эд зүйл эвдэн танхайрч бусдын амгалан тайван байдал алдагдуулж байна” гэсэн гомдол гаргасан ч гомдол гаргагчийг торгож шийтгэсэн болох нь тогтоогдсон. Эдгээр захиргааны зөрчлийн шинжтэй шийтгэл оногдуулсан үйлдлүүдийг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүйн зэрэгцээ, шийтгэл оногдуулсан нь биелэгдэж, тухайн цаг үедээ гомдол гараагүй дуусгавар болсон байх тул “байнга зодсон” гэх эрүүгийн хэргийн шинжид хамааруулан авч үзэх үндэслэлгүй юм.

Шүүгдэгч М.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлгүй тул М.Б 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэртээ салсан эхнэр Б.Хыг зодож хөнгөн гэмтэл учруулсан  үйлдэл нь ******* үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч хохирогч нар 2018 оны 3 дугаар сард гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч бага насны Б.Т эцгийн асрамжинд шүүхийн шийдвэрээр үлдсэн байсан тул эх Б.Х нь 2018 оны 4 сараас М.Бтай харилцан тохиролцсоны үндсэн дээр дахин хамтран амьдарч ирж очин байсан болох нь тогтоогдсон. Иймд хохирогчийг гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий этгээд гэж үзнэ.

Хохирогчийн өмгөөлөгчийн “хүчиндсэн асуудлыг шалгах нь зүйтэй” гэх дүгнэлт үндэслэлгүй байна. Хохирогч Б.Х 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хохирогчийн мэдүүлэгтээ “Б 10 дугаар сарын 5-наас 7-ны хооронд удаа дараа хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэж мэдүүлсний дагуу дахин шинжээч томилсон байх боловч хүчиндсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болох нь Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 818 дугаартай: Б.Хын биед өмнөх дүгнэлтэд тусгагдсанаас өөр гэмтэл тогтоогдсонгүй. 2018 оны 10 сарын 10-ны өдөр зодуулсны улмаас хуучин гэмтэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Хохирогч 2018 оны 10 сарын 10-нд үзүүлэхдээ 2018 оны 10 сарын 05-наас 07-ны өдрүүдэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх өгүүлэмжгүй байсан тул тухайн үед эмэгтэйчүүдийн үзлэг хийгдээгүй болно. Хохирогчид бэлгийн замын халдварт өвчин тогтоогдоогүй болно. Нянгийн шалтгаантай үтрээний үрэвсэл үүсч эмчлэгдсэн. Наалдацын шинжилгээгээр микоплази хоминис илэрсэн нь бэлгийн замаас гадна бусад шалтгаантай байж болдог” гэх дүгнэлт /1-р хх-ийн 93-р хуудас/, Шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн мэдүүлсэн...” 2018-11-22-ны өдрийн эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, 2018-11-16-нь эрүү нүүрний мэс заслын эмчийн үзлэг, 2018-10-29-ний өдрийн цээж рентген харалт, 2018-10-26-ны өдрийн наалдацын шинжилгээ, 2018-11-16-ны өдрийн наалдацын шинжилгээ, 2018-11-16-ны өдрийн бүсэлхий нугалмын 2 байрлалын рентген зэрэг эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Микоплазм нь үтрээний үрэвслийг үүсгэдэг нян. Уг нян нь бэлгийн болон бусад шалтгаанаар халдварлаж болдог. Бэлгийн замаас бусад шалтгаан гэж ахуйн замаар халдварлахыг хэлнэ. Б.Х нь 2018-10-10-ны өдөр үзүүлэхдээ энэ талаар ямар нэгэн өгүүлэмж хэлээгүй учир би хошногоны амсар орчимд үзлэг хийгээгүй, мөн наалдац шинжилгээ аваагүй 2018-11-15-ны өдөр дахин ирэхэд нь хошногоны шинжилгээ авах шаардлагагүй байсан. Яагаад гэвэл хугацаа өнгөрсөн шинжилгээний үр дүн байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд хэргийг энэ үндэслэлээр прокурорт буцаах үндэслэлгүй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Бгийн гэм буруу нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Хэргийн талаар нотлогдвол зохих байдлууд нотлогдож тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байна.       

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, баримтаар тогтоогдсон хохиролоос төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулах нь үйлдсэн хэргийн гэм буруу, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

           Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч хэргийн 198-205 дугаар хуудаст гаргасан нэхэмжлэлээрээ М.Бгаас нийт 78,570,831 төгрөг нэхэмжилжээ. Үүнд: М.Бгийн ХХБ-ны дансанд шилжүүлсэн 2,250,000 төгрөг, машины засвар оношлогоо, татвар, моторын тос 799,591 төгрөг, цамц урсан 1,116,400 төгрөг, зодоход нь 700 долларын цаг алга болсон 17,976,000 төгрөг, 32 гр цагаан алтан, 78 жижиг, 1 том шигтгээтэй алмазан бөгж 18000 доллар буюу 46,224,000 төгрөг, Iphone-7 маркын гар утас хана руу шидэж эвдсэн 2,000,000 төгрөг эмнэлэгт үзүүлэн эм авахад 204,800 төгрөг гэжээ.

      Шүүгдэгч эмчилгээ оношлогоо, эмийн баримтыг үндэслэн 700,000 төгрөг төлсөн байна. Хэрэгт үзлэг оношлогоо, шинжилгээ эмийн зардлын нийт 998,094 төгрөгний баримт гаргаснаас шүүх 731,744 төгрөгний хэсгийг шүүгдэгч хариуцах үндэслэлтэй гэж дүгнэсэн ба шүүгдэгч 700,000 төгрөг төлсөн байх тул 31,744 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, шинжээчээс тогтоосон үнэлгээгээр цамцны үнэ 950,000 төгрөг, гар утасны үнэ 900,000 төгрөг, шинжээчид хохирогчоос төлсөн хөлсний 50% буюу 150,000 төгрөг зэргийг шүүгдэгчээс гаргуулах, нийт 2,031,744 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулах үндэслэлтэй гэж шийдвэрлэв.

        Харин зодоход нь алга болсон гэх 700 доллар буюу 17,976,000 төгрөгний үнэтэй цаг, 32 гр цагаан алтан,78 жижиг,1 том шигтгээтэй 18000 доллар буюу 46,224,000 төгрөгний үнэтэй алмазан бөгж зэргийг шүүгдэгч хариуцах үндэслэл тогтоогдоогүй байна. Эдгээр үнэт эдлэлийг хохирогч 2014 онд Солонгос улсаас цагийг 7000 доллараар, 2010 онд бөгжийг 18000 доллараар авч байсан, бөгж нь ганц хувь дахин давтагдахгүй хийцийн гэж мэдүүлсэн байх боловч эдгээр үнэт эдлэлийн паспорт бичиг баримт байхгүй, хил гаалийн мэдүүлэгт тэмдэглээгүй зүүгээд гараад ирсэн гэж мэдүүлсэн зэрэг нь эргэлзээ төрүүлэхүйц байх бөгөөд шинжээч үнэлгээ тогтоохдоо “Үнэт эдлэлийн гэрчилгээ, дагаж ирдэг бичиг баримтууд байхгүй байсан учир бид бөгжийг худалдан авсан баримтанд, цагийг брэнд болон маркт үндэслэсэн болно” гэж тайландаа тэмдэглэсэн байна. Үнэлгээчний баримталсан худалдан авсан баримт нь хэргийн 221 дүгээр хуудаст авагдсан хуулбар баримт байх бөгөөд уг баримтаар Б.Х 18000 долларын үнэтэй бөгж худалдан авсан гэж дүгнэх боломжгүйн зэрэгцээ 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б.Х шүүгдэгчийн гэрт очихдоо эдгээр эдлэлийг зүүж очсон эсэх нь нотлогдоогүй. Иймд бөгж болон цагны үнийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэв. Хохирогчийн нэхэмжлэлээс хэрэгт хамааралгүй М.Бгийн ХХБ-ны дансанд шилжүүлсэн 2,250,000 төгрөг, машины засвар оношлогоо, татвар, моторын тос 799,591 төгрөг болон бөгж цагны үнэ нийт 75,989,087 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий СД-ийг  хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М-ийн Бг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар  зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

2.Шүүгдэгч Е овгийн М-ийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ******* үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар М.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд сард 1 ,000,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.          

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс 75,989,087  төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-с 2,031,744 төгрөг гаргуулан хохирогч Б.Х-д олгуулсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай.

            8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                  

 

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ