Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2026/00240

 

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/08889 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 152,389,667.27 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Зээлдэгч *******, *******нар нь ******* ХК-тай 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* зээлийн гэрээ байгуулж 141,750,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хэрэглээний буюу тээврийн хэрэгсэл худалдан авах зээлийн зориулалтаар зээлж авсан, зээлийн гэрээнд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* тоот гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулсан.

1.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж зээлийн санхүүжилтээр худалдан авсан 2016 оны 09 дүгээр сард үйлдвэрлэсэн ******* арлын дугаартай, ******* УБЭ улсын дугаартай, ******* маркийн хар өнгийн авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон.

1.3. Зээлдэгч нар нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 70,768,062 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 55,295,944 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 45,541 төгрөг, нийт 126,109,547 төгрөг төлсөн.

1.4. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул зээлдэгч *******, *******нараас 152,389,667.27 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр *******аас 157,500,000 төгрөгөөр автомашин худалдаж авсан. 2018 оны 08 дугаар сард гадаад улсад зүрхний хагалгаанд орохоор удаан хугацаагаар явах болсон ба танил ******* хэд хоног автомашиныг чинь унаад явья гэж аваад алга болсон. Өнөөдрийг хүртэл автомашинаа олж авч чадаагүй.

2.2. Монгол Улсад буцаж ирээд 2019 оны 05 дугаар сард *******той холбогдох гэсэн боловч утсаа авахгүй алга болсон тул Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хүсэлт, гомдол гаргасан, улмаар 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 869 дугаартай прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. *******ийн зүгээс 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр автомашиныг буцаан хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж өнөөдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.

2.3. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн фидуцийн гэрээний 2.1, 4.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр төлөгдөөгүй байгаа тохиолдолд автомашиныг хураан авч өөрийнхөө эзэмшилд шилжүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой байсан. Энэхүү гэрээ нь 2016 онд байгуулагдаад хугацаа нь 2021 онд дуусгавар болсон байтал өнөөдрийг хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, автомашиныг өөрийнхөө эзэмшилд ашиглалтад шилжүүлээгүй, зээлийн гэрээний хүүг удаан хугацаагаар нэмэгдүүлж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

2.4. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар дууссан байхад 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *******, *******нараас 152,389,667.27 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, ******* УБЭ улсын дугаартай, 2016 онд үйлдвэрлэсэн ******* маркийн, *******арлын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 990,098 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 919,898 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талуудын хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулах зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж зээлийн санхүүжилтээр худалдан авсан 2016 оны 09 дүгээр сард үйлдвэрлэсэн ******* арлын дугаартай, ******* УБЭ улсын дугаартай, ******* маркийн хар өнгийн авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон.

4.2. Зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч *******, *******нар нь үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож тээврийн хэрэгслийг зээлдүүлэгч ******* ХК-ийн өмчлөлд шилжүүлсэн бөгөөд фидуцийн гэрээний хугацаанд талууд уг тээврийн хэрэгслийг зээлдэгч нарын эзэмшил, ашиглалтад байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй бөгөөд энэ тохиолдолд уг гэрээний зүйлийн хувьд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нар нь шууд эзэмшигч, үүрэг гүйцэтгүүлэгч ******* ХК нь шууд бус эзэмшигч болно.

4.3 Фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга бөгөөд фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч ******* ХК-ийн өмч хөрөнгө гэж үзэхгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах хууль зүйн үндэслэлтэй.

4.4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж барьцаа хөрөнгө буюу фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолтой холбогдуулан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбарын агуулга:

5.1 Зээлийн маргааныг нэг мөр шийдвэрлэх зорилгоор фидуцийн эд зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой. Зээлийн гэрээний дагуу 152,000,000 төгрөг гаргуулсан мөртлөө нэмээд автомашиныг авна гэх асуудал үүссэн.

5.2. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарын зүгээс шүүхийн шийдвэрээр мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн, та нар тусдаа эд зүйлээ ав гэдэг байдлаар ханддаг учраас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд зээлийн гэрээний дагуу 152,000,000 төгрөг гаргуулж нэмэлтээр манай автомашиныг гаргуулах асуудал үүснэ. Нэг мөр хэргийг шийдвэрлүүлэх үүднээс фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Г.Батдорж нь 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд фидуцийн зүйл болох автомашиныг буцаан хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг Ж.Соронзонболдод холбогдуулан гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

6.2. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг болох 152,299,967.27 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж мөн давхар автомашиныг эзэмшилдээ шилжүүлэх эрсдэл үүсээд байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний дагуу мөнгө болон автомашиныг авах болчихоод байгаа болно.

6.3. Талуудын хооронд байгуулагдсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-ний 2 дугаар зүйлийн 2.4, 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу гэрээний үүрэг биелэгдэхгүй байгаа тохиолдолд нэхэмжлэгч фидуцийн зүйлийг биет байдлаар өөртөө шилжүүлэн авах ёстой байсан. Иймд үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйл болох ******* УБЭ улсын дугаартай, 2016 онд үйлдвэрлэсэн ******* маркийн, ******* арлын дугаартай тээврийн хэрэгслээр хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолтой холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөр гаргуулах шаардлага гаргасан болохоос нэмж автомашин авах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Зээлийн гэрээний төлбөр гаргуулах, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө буюу фидуцийн зүйлээр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

7.2. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг заасан. Иргэний хуулийн 235 дугаар зүйлд фидуцийг маш тодорхой зохицуулсан. Өөрөөр хэлбэл, тухайн хөрөнгийг үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулаад үүрэг гүйцэтгүүлэгчийн эзэмшилд шилжүүлнэ. Иймд үүрэг гүйцэтгэгч нь тухайн хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж үр шимийг нь хүртэх, үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд фидуцийн зүйлийн өмчлөгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч ******* ХК-ийн хувьд автомашиныг шилжүүлж өгнө гэх зохицуулалттай. Түүнээс биш гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй гэх хууль зүйн зохицуулалт байхгүй.

7.3. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргын нэг нь барьцаа байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуульд заасан үндэслэл, журмын дагуу ажиллагаа хийнэ. Түүнээс зээлийн төлбөр гаргуулж барьцаа хөрөнгө нэмж үүрэг гүйцэтгүүлэгчид өгөх зохицуулалт биш. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулгыг тайлбарлаж байгаа тайлбар хууль зүйн үндэслэлгүй гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******, *******нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 152,389,667.27 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь фидуцийн гэрээний дагуу автомашиныг хураан авч өөрийнхөө эзэмшилд шилжүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой байсан атал хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, автомашиныг өөрийнхөө эзэмшилд ашиглалтад шилжүүлээгүй, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтад үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

 

3.1. ******* ХК болон *******, *******нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* дугаартай Барьцаат зээлийн гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 141,750,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, *******, *******нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон;

3.2. Мөн өдөр ******* ХК болон *******, *******нарын хооронд ******* дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Г.Батдоржийн өмчлөлийн *******УБЭ улсын дугаартай, 2016 онд үйлдвэрлэсэн ******* маркийн, ******* арлын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг зээлийн гэрээний үүрэг биелэгдэж дуусан хүртэл банкны өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд банк хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон;

 

3.3. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нэртэй гэрээгээ фидуцийн зүйл буюу автомашиныг 157,500,000 төгрөгөөр үнэлсэн;

 

3.4. ******* ХК болон *******, *******нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан ******* дугаартай Барьцаат зээлийн гэрээ-нд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн *******-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-гээр нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн;

 

3.5. *******, *******нар нь зээлийн гэрээний үүрэгт нийт 126,109,547 төгрөгийг төлсөн;

 

3.6. ******* ХК нь *******, *******нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 123,079,916.19 төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 15255 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3501 дугаар шийдвэрээр хариуцагч *******, *******нарыг эрэн сурвалжилсан;

 

4. Зохигчийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байна.

 

4.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 70,981,937.84 төгрөг, хүү 72,683,798.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,634,230.56 төгрөг буюу 152,299,967.27 төгрөг, хохиролд хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гаргасан нотариатын үйлчилгээний зардал 19,500 төгрөг, хариуцагч нарыг шүүхээр эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг буюу 89,700 төгрөг, нийт 152,389,667.27 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус нийцжээ.

 

5. Зохигчид зээлийн болон фидуцийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн хэмжээ, эргэн төлөлт, зээлийн үлдэгдэл, хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд маргахгүй байх боловч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбоотой асуудал, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх асуудал талуудын маргааны зүйл болсон байна.

 

5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргахдаа фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг төрөл тул хариуцагч нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг гаргуулж шийдвэрлэхдээ хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулахаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэсэн бол хариуцагч нар нь анхан шатны шүүхийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах хууль заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн, харин анхан шатны шүүх хариуцагч нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг гаргуулж шийдвэрлэх ёсгүй байсан, фидуцийн гэрээний дагуу фидуцийн зүйл болох автомашиныг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх ёстой байсан гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

 

5.2. Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй талаар зээлийн гэрээний хугацаа дууссан 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш хуульд заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хугацааг тоолоход 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр дуусах бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан 2023 онд шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 15255 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнөх хугацааг тоолохгүй дахин шинээр тоолно гэсэн дүгнэлтийг хийсэн нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсэгт тус тус нийцжээ.

 

5.3. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, үндсэн үүрэг нь мөнгөн төлбөрийн үүрэг байх, энэ үүргийг хангах зорилгоор үүрэг хүлээгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд хөрөнгийг буцаан өгөх нь фидуцийн үндсэн шинж байна.

 

5.4. Үүргийн гүйцэтгэлийг хангах бусад аргаас фидуци нь үүргийг хангуулах зорилгоор үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд эд хөрөнгөө шилжүүлдэг эрх зүйн харилцаа учраас үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгчийн нэгэн адил эд хөрөнгийг захиран зарцуулж, үүргээ хангуулдаг шинжээр ялгаатай байдаг бөгөөд үүний тулд анхнаасаа үндсэн гэрээний үүргийг фидуцийн зүйлээр хангуулж үүргийг дуусгавар болгох зорилгоор хийгддэг учир эрх зүйн хувьд фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр үүрэг хангагдах нөхцөл үүсэж, улмаар үндсэн үүрэг дуусгавар болох нь фидуцийн үндсэн ойлголт болно.

 

5.5. Энэ маргааны тохиолдолд талууд автомашиныг 157,500,000 төгрөгөөр үнэлж, энэ хэмжээнд гэрээний үүргийг хангахаар фидуцийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нь автомашины өмчлөх эрхийг өөртөө бүртгүүлж, эзэмшлийг хариуцагч нарт үлдээсэн, хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүйтэй холбогдуулан нэхэмжлэгч нь фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авч үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхээ хэрэгжүүлэлгүй, зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргасан тул нэхэмжлэгч фидуцийн эрхээсээ татгалзсан гэж үзнэ.

 

5.6. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн гаргасан зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардахын зэрэгцээ үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах шаардлага нь үндэслэлгүй, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Нэхэмжлэгч нэгэнт зээлийн гэрээний үүргийг фидуцийн зүйлээр хангуулах шаардлагаас татгалзаж мөнгөн төлбөр гаргуулахаар шаардсан тул фидуцийн зүйл болох автомашины өмчлөх эрхийг хариуцагч нарт буцаан шилжүүлэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй.

 

5.7. Өмнө дурдсанчлан нэхэмжлэгч фидуцийн эрхээсээ татгалзаж зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардсан тул хариуцагч нарын гаргасан фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан үүргийн гүйцэтгэлийг хангах ёстой байсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй, мөн хариуцагч нарын эзэмшилд фидуцийн зүйл бодитоор байхгүй, автомашины эзэмшилтэй холбоотой гуравдагч этгээд болон хариуцагч нарын хоорондын маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа гэх тул энэ талаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдлыг мөн хангахгүй.

6. Анхан шатны шүүх фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага болон хохирол гаргуулах шаардлагыг шийдвэрлэсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн заалт буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/08889 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 453.1 ... гэсний дараа ... 235 дугаар зүйлийн 235.1, 219 дүгээр зүйлийн 219.1 ... гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахад урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахад урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

 

Б.УУГАНБАЯР