Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2020/0328

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганхүрэм, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С, С.Э, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: “...Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1, Газрын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны А/897, А/895, А/896, А/898 дугаар захирамжууд, Ш.А-ын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002193 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, 000429623 тоот гэрчилгээ, О.Б-ын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002171 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, 000427890 тоот гэрчилгээ, Ш.О-ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002192 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, 000429624 тоот гэрчилгээ, Ц.Г-ын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002174 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, 000427887 тоот гэрчилгээ, Ч.У-ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002173 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, 000427888 тоот гэрчилгээ, Ч.Ө-ын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002172 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, 000427889 тоот гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож, хариуцагч Батсүмбэр сумын Засаг даргад “С” ХХК-д 98,6 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагаас Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны А/994 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, С ХХК-ийн 3,2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлэх, газар эзэмших гэрээг 98,6 га газраар шинэчлэн баталгаажуулахгүй байгаа Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд Ш.А, О.Б, Ш.О, Ц.Г, Ч.У, Ч.Ө нарын гаргасан Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 482 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлж дүгнээгүй нэг талыг барьж шийдвэрлэсэн хэмээн үзэж давж заалдах гомдлыг гаргаж байна.

2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт өргөдөл гаргаж, түүний дагуу тус сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/987, А/895, А/896, А/994, А/898 дугаар захирамж гарч бусдын ашиглалтад олгосон газартай ямар нэгэн давхцал, маргаан байгаагүй тул газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгогдсон байдаг. Маргаан бүхий актуудыг гаргах үед гуравдагч этгээд нарт газар өмчлүүлсэн байршилд “С” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй байсан.

Дэлхийн энхтайваны төлөө Залуучуудын Монголын холбоод 100 га газар олгосон гэх боловч газрын хил хязгаарыг тэмдэгжүүлж, координатжуулж хүлээлгэн өгсөн акт байхгүй, кадастрын зураглал хийгдээгүй, одоог хүртэл газрын суурь үнийг төлөөгүй, газрын төлөв байдал, байгаль орчны үнэлгээг хийлгээгүй, гэрээг нэг ч удаа дүгнүүлж байгаагүй, газар дээр огт бүтээн байгуулалт хийгдээгүй гэх мэт олон зөрчил байгаагаас гадна Газрын тухай хууль, Усны тухай хууль, Ойн тухай хууль болон Байгаль орчны тухай хуулиудын олон заалтыг зөрчиж олгогдсон байдаг.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаар тогтоол гарч, уг тогтоолоор “С” ХХК-ийг газрыг дахин хэмжиж олгохоор шийдвэрлэж, сумын газрын даамал, Төв аймгийн кадастрын мэргэжилтэн оролцсон хэмжилтээр нэхэмжлэгчийн эзэмшлийн газар нь хашаагаар нь хиллэн хэмжихэд 38,9 га болсон байдаг.

Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/167 дугаар захирамжаар хүчингүй 100 га газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон, тус сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/182 дугаар захирамжаар олгогдсон 95,4 га газар нь өмнө эзэмшиж байсан 100 га газартай өөр, өөр байршилтай, өөр, өөр нэгж талбарын дугаартай, шинээр олгогдсон газар, мөн шинжээчийн дүгнэлтээр 95,4 га газартай давхцалгүй гэж гарсан. 98,5 газартай давхцалтай гэж дүгнэсэн боловч 98,6 га газрыг эзэмшүүлэх ямар нэг шийдвэр, захирамж хаана ч байхгүй.

100 га газар нь өмнө нь Усны тухай хуулийг зөрчсөн байсан тул газрын байршлыг өөрчилж өөр газар 95,4 га газар олгосон байгаа зэрэг нотлох баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 106 дугаар зүйлийн 106.4-д заасныг зөрчиж, дутуу үнэлж хэт нэг талыг баримтлан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, Төв аймгийн Цагдаагийн газар, тус аймгийн Прокурорын газруудаас хэргийн явцын талаар дэлгэрэнгүй лавлагааг шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулан авах хүсэлтийг хангуулж өгнө үү гэсэн боловч хүсэлтүүдийг тус тус хүлээн авахаас татгалзаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.3, 32.4, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь заалтуудыг зөрчсөн.

Анхан шатны шүүх худгийн гэрчилгээ мөн болох нь маргаантай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үндэслэн шууд “С” ХХК-ийн өмчлөлийн эрхийг тогтоогоод Ц.Гэлэгжамцын газар өмчлөх шийдвэр болон өмчлөх эрхийн гэрчилгээг огт ач холбогдол өгөхгүйгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалтуудыг зөрчсөн.

2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагаас шүүх хуралдаан эхэлнэ гэж урьдчилан мэдсээр байхад нэхэмжлэгч талыг хүлээж тэднийг ирсний дараагаар шүүх хуралдааныг эхлүүлж тус хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2, 91.5, 91.6 дахь заалтуудыг зөрчиж байгаа нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн ашиг сонирхлын зөрчил үүссэн байх магадлалтай гэж хардах үндэслэлтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхэд удаа дараа гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч шийдвэрлээгүй, хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул цаашид өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг гаргасан боловч шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийг хясан боогдуулж өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг хангуулаагүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2-т заасныг зөрчин бичгээр өгсөн хүсэлтийг хүлээн авч тэмдэглэлд оруулаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангуулж өгнө үү” гэжээ.

      ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “С” ХХК-аас “Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны А/897, А/895, А/896, А/994, А/898 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах” “С” ХХК-ийн 3,2 га газрын эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, газар эзэмших гэрээг 98,6 га газраар шинэчлэн баталгаажуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрчилгээг шинээр олгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002173 дугаартай 000427888,     Г-1403002171 дугаартай 000427890, Г-1403002192 дугаартай 000429624,                 Г-1403002174 дугаартай 000427887, Г-1403002172 дугаартай 000427889,                Г-1403002133 дугаартай 000429623 тоот гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр “С” ХХК-ийн эзэмшиж байсан 100 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/167 дугаар захирамжийн 98,6 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/895, А/896, А/897, А/898 захирамжуудаар хашаа, газраа өмчилж авах хүсэлтээ ирүүлсэн хэмээн гуравдагч этгээд нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус тус 5000 м.кв газрыг өмчлүүлсэн, улмаар 3,2 га газрыг 7 айлд өмчлөлөөр олгосон гэсэн үндэслэлээр 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/482 дугаар захирамжаар “С” ХХК-д 95,4 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлсэн байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймгийн төвийн болон хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох бөгөөд уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д “иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргах”-аар, 19.1.4-д “Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах” гэж тус тус зааснаар үзэхэд иргэн газар өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргах, үнэгүй өмчилж авах эрхтэй хэдий боловч тухайн газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “...хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааснаар хязгаарлагдах учиртай.

Нэхэмжлэгч “С” ХХК анх Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 138 дугаар захирамжаар тус сумын Түшээ гүний Баянголын амралтын 100 га газрыг хүүхдийн зуслан, жуулчны баазын зориулалтаар шилжүүлэн авч эзэмшсэн, уг 100 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Батсүмбэр сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/167 дугаар захирамжийн 98.6 га газарт холбогдох хэсгийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн өмнө эзэмшиж байсан 100 га газраас нэр бүхий иргэдэд өмчлүүлснээс бусад буюу 98,6 га газрын эзэмших эрх сэргэсэн гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Гэтэл Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга “С” ХХК-д 2006 онд эзэмшүүлсэн газартай давхцуулан 2016 онд гуравдагч этгээдүүдэд газар өмчлүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч нь анхны эзэмшил газар дээрээ маргаантай, уг хэрэг нь шүүхийн журмаар шийдвэрлэгдэж байх хугацаанд буюу хариуцагчаас уг үйл баримтыг мэдэж байсан атлаа цаг хугацааны хувьд 2016 оны 09 дүгээр шүүхийн шийдвэр гарснаас 2 сарын дараа буюу 2016 оны 10 дугаар сард дахин нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцуулан гуравдагч этгээдүүдэд газар өмчлүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасан зарчимд нийцэхгүй.

Түүнчлэн гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “...нэхэмжлэгчид олгогдсон 95,4 га газар нь өмнө эзэмшиж байсан 100 газартай өөр байршилтай, өөр нэгж талбарын дугаартай, шинээр олгогдсон ... 98,6 га газрыг эзэмшүүлэх ямар нэг шийдвэр, захирамж хаана ч байхгүй ...” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Учир нь хэрэгт авагдсан Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан кадастрын мэдээллийн сангийн зураг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын байршил өөрчлөгдсөн[1], ингэхдээ нэгж талбарын дугаар нь мөн өөрчлөгдөж, кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч газрын байршил өөрчлөгдөөгүй байсан ч гуравдагч этгээдүүдэд өмчлүүлсэн газар нь нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцалтай байсан, энэ нь хариуцагчийн бусдын эзэмшил газарт давхцуулан олгосон хууль зөрчсөн актыг зөвтгөх үндэслэл болохгүй.

Мөн гуравдагч этгээдүүдэд газар өмчлүүлсэн маргаан бүхий захирамжуудад “...газраа өмчилж авах хүсэлтээ ирүүлсэн ...” гэх боловч хэрэгт уг хүсэлтүүд нь нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдаагүй, шүүхийн үзлэгийн тэмдэглэлд гуравдагч этгээд нараас гаргасан өргөдөл бүртгэгдээгүй талаар тусгагдсан төдийгүй гуравдагч этгээд нараас шүүхэд гаргаж өгсөн Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт гаргасан гэх өргөдөл[2] нь нотлох баримтын шаардлага хангахгүй, энэ тохиолдолд шүүхээс Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Газрын тухай хуульд заасны дагуу хариуцагчаас гуравдагч этгээдүүдэд маргаан бүхий газрыг өмчлүүлсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд удаа дараа гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч шийдвэрлээгүй гэх давж заалдах гомдлын тухайд:

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, Төв аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газраас шүүх ажиллагааны явцад хуурамч нотлох баримт гаргасан хэргийн явцын талаар дэлгэрэнгүй лавлагааг шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулах” хүсэлт гаргасныг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг тогтоолд гомдол гаргах эрхгүй талаар дурдсан боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д “Гомдол гаргаж болох шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд энэ хуульд заасан холбогдох заалтыг бус хуулийн өөр зүйл, заалтыг баримталсан нь тухайн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй” гэж заасны дагуу гомдол гаргах эрхтэй, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд тогтоолд гомдол гаргах талаар илэрхийлсэн зүйл байхгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байна.

Түүнчлэн “...өмгөөлөгчтэй оролцох бичгээр өгсөн хүсэлтийг хүлээн авч тэмдэглэлд оруулаагүй ... Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийг хясан боогдуулж өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг хангуулаагүй” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх хуралдаан хуульд заасан дэгийн дагуу явагдаж, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэгхүй болгож, шүүх хуралдааныг үргэлжүүлсэн байх бөгөөд гуравдагч этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эрх, үүргийг эдлэх бөгөөд хуульд зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, холбогдох санал, хүсэлтээ бичгээр гаргах эрхтэй, үүнийнхээ хүрээнд хурлын тэмдэглэлд хурлын үйл явц бүрэн тусгагдаагүй, дутуу гэж үзэж байгаа тохиолдолд тэмдэглэлд өөрчлөлт оруулах хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан байна.  

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                             ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

                             ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

                             ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

 

 


[1] 5 дугаар хавтаст хэргийн 67 дугаар тал,

[2] 2 дугаар хавтаст хэргийн 41-46 дугаар тал,