Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1780

 

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2016/01780

 

 

Ч.Эрдэнэболорын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар дугаар 30-ны өдрийн 101/ШШ2016/05585 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.Эрдэнэболорын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Пүрэвсүрэнд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 12 560 100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Чинбаа

Хариуцагч: Л.Пүрэвсүрэн

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Эрдэнэбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Чинбаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Эрдэнэболор нь Л.Пүрэвсүрэнтэй 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 14 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлээс 5 639 900 төгрөгийг  төлсөн бөгөөд үлдэгдэл 12 560 100 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Иймд зээл 14 000 000 төгрөг, хүү 4 200 000 төгрөг, нийт 18 200 000 төгрөгөөс төлсөн 5 639 900 төгрөгийг хасаад үлдэгдэл 12 560 100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Пүрэвсүрэн нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ч.Эрдэнэболороос 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 8 000 000 төгрөг гэрээ байгуулахгүйгээр авсан. Мөн өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 13 хоногийн хугацаанд өдөр бүр 115 550 төгрөгийг төлсөн. Дараа нь 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 6 000 000 төгрөгийг мөн гэрээгүй зээлсэн. Зээлийн гэрээг бичгээр 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулаад өдөр болгон 231 550 төгрөг төлдөг байсан. Нийт 8 387 000 төгрөгийг төлсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаас 5 813 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хариуцагч Л.Пүрэвсүрэнгээс 9 111 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Эрдэнэболорт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 448 750 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсгийг буруу хэрэглэсэн. Бичгээр гэрээ байгуулаагүй учир хүү, алданги тооцогдохгүй. Талууд гэрээ байгуулаагүй байхдаа 8 000 000 төгрөг өгч авалцсан байдаг. Уг мөнгөнөөс гэрээ байгуулах хүртэл 1 965 250 төгрөгийг төлж, 6 034 750 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж 6 000 000 төгрөг авсан. Уг зээлээс 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нийт 5 537 300 төгрөг төлж, 462 700 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Иймд 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр авсан 8 000 000 төгрөгийн үлдэгдэл 6 034 750 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр авсан 6 000 000 төгрөгийн үлдэгдэл 462 700 төгрөг, нийт 6 497 450 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул 2 591 150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэболор нь хариуцагч Л.Пүрэвсүрэнд холбогдуулан зээл, хүүд 12 560 100 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “.., 5 813 000 төгрөг л төлнө“ гэж маргажээ.

 

Зохигчид 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр  бичгээр гэрээ байгуулж 14 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Гэрээний арын хуудсанд “.., 14 000 000 төгрөгийг 2014 оны 04 дүгээр сарын 03-нд зээлдүүлэгч зээлдэгчид хүлээлгэн өгсөн тухай бичилт хийж талууд гарын үсгээ зуран баталгаажуулжээ.

Хариуцагч 14 000 000 төгрөгийг бичгээр гэрээ байгуулахаас өмнө хоёр хувааж шилжүүлэн авсан. Бичгийн гэрээ байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 18-аас өмнө хийсэн төлөлтөд хүү тооцох ёсгүй. Одоо 5 813 000 төгрөг төлөх үүрэгтэй гэж маргасан.

 

Зохигчид зээлийн гэрээгээр шилжүүлсэн 14 000 000 төгрөгөөс хэдэн төгрөгт нь хэднээс эхэлж хүү тооцох ёстой талаар болон зээлийн гэрээний үүрэгт буцаан төлсөн мөнгөн хөрөнгийн дүнд маргажээ.

 

Хариуцагч  буцаан төлсөн мөнгөний баримтуудаа хэргийн 3, 11 дүгээр хуудсанд  нотлох баримтаар гаргажээ.

 

Хариуцагчийн баримтыг талуудын тайлбартай харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлэхэд дараах байдал тогтоогдож байна. Үүнд:

 

Хариуцагч нь 2014 оны 04 дүгээр сарын 03-наас 18-ны өдөр хүртэл зээлдүүлэгчийн хүлээн авав гэсэн гарын үсэгтэй баримтуудыг тулгаж тооцоолоход нийт 1 965 250 төгрөг төлсөн. /хх-ийн 3 дугаар тал/

 

Нийт шилжүүлсэн 14 000 000 төгрөгөөс хүү тооцох гэрээг бичгээр байгуулсан 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд төлсөн төлбөр 1 965 250 төгрөгийг хасахад  12 034 750 төгрөг үлдэж байх бөгөөд уг зээл дээр 3 сарын 10 хувийн хүү 3 610 425 төгрөгийг нэмэхэд 15 645 175 төгрөг болж байна. Зээлдэгчийн 2014 оны 04 дүгээр сарын 18-наас хойш хийсэн 6 305 450 төгрөгийн төлбөрийг 15 645 175 төгрөгөөс хасч тооцоход 9  339 725 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй байна.

 

Зохигчдын хоорондын тооцоог шалгахдаа зээлдүүлэгч хүлээн авснаа баталгаажуулж гарын үсгээ зурсан төлбөрийн баримтуудыг  иш үндэс болголоо.

 

Хэдийгээр хариуцагч 9 339 725 төгрөгийг төлөх үүрэгтэй байгаа боловч анхан шатны шүүхээс 9 111 350 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн, уг шийдвэрийг  нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул шийдвэрийн 9 111 350 төгрөг төлүүлэх заалтыг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Харин анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь заалтыг баримталсан нь нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй байна. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн “282.2” гэснийг “282.1”-д зааснаар гэж өөрчлөлт оруулав.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн 3 дахь хэсэгт  “хүчин төгөлдөр” гэснийг “хүчинтэй” гэж өөрчлөх нь зүйтэй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасан шийдвэр “хүчинтэй” болох, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасан шийдвэр хүчин “төгөлдөр” болох нь 2 өөр агуулга, үр дагавартай ойлголт юм.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангах боломжгүй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар дугаар 30-ны өдрийн 101/ШШ2016/05585 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “282.2” гэснийг “282.1” гэж, тогтоох хэсгийн 3 дах заалтын “...хуулийн хүчин төгөлдөр” гэснийг “хуулийн хүчинтэй” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Пүрэвсүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 409 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                  ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Ш.ОЮУНХАНД