Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 419

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

И.Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Оюунчулуун, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор И.Ариунсанаа,

шүүгдэгч И.Эрдэнэбаярын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 2ы өдрийн 169 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор И.Ариунсанаагийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/28 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 201625011269 дугаартай И.Эрдэнэбаярт холбогдох хэргийг 2017 оны 6 дугаар сарын 5ы өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хамжаа овогт Ишнанаагийн Эрдэнэбаяр, 1983 оны 3 дугаар сарын 21-нд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зэвсгийн албаны офицер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 150 дугаар ангид салаан захирагчийн орлогч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон лаагийн 12 дугаар гудамжны 22 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЕЙ83032119/;

 

И.Эрдэнэбаяр нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр иргэн Д.Гончигжавтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж зүүн зулай, чамархай ясанд шугаман хугарал, тэр хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, 1 шүдний сулрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: И.Эрдэнэбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: И.Эрдэнэбаярт холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг дутуу явуулснаас цугласан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүхээс энэ хэргийн талаар үндэслэл бүхий тогтоол гаргахад ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлууд эргэлзээ бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасан “уг гэмт хэргийг хэн үйлдсэн” талаар нотолбол зохих асуудлууд дутуу тогтоогдсоныг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж заасан байтал мөрдөн байцаалтын ажиллагаагаар уг гэмт хэргийг яг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, хэргийн үйл баримт зэргийг нарийвчлан шалгаж тодруулаагүй байна.

Тухайлбал Д.Гончигжав нь чухам хэний цохилтоос тухайн хүнд гэмтэл авсныг нарийвчлан тогтоох, гэмт хэрэг гарсан талаар талууд болох гэрч нар харилцан зөрүүтэй мэдүүлсэн. Шүүх харилцан зөрүүтэй мэдүүлгүүдийг үнэлэх нотлох баримтын хэмжээнд тооцох эсвэл үгүйсгэх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан сидины бичлэг болон гэрч нарын мэдүүлгүүдээр Т.Хатантөмөр, Ю.Мөнхбат нар нь хохирогчийг цохисон үйлдэлд гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр байсан эсэхийг мөрдөн байцаалтаар бүрэн гүйцэд шалгаж тодруулаагүй мөртлөө мөрдөн байцаалтад Т.Хатантөмөр, Ю.Мөнхбат нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна.

Мөн шүүх хуралдаанд шинжээчээр оролцсон эмч Т.Чимэд-Очир, Ц.Ганболд нар мэдүүлэхдээ “...Ясны хугарал үүсээд хугарлын улмаас цусан хураа аажмаар үүсдэг учраас хохирогч энэ 3 хүний цохилтын алинаас ч гэмтэл авах боломжтой гэхдээ ялгах тогтоох боломжгүй...” гэж мэдүүлж байна. Иймд байцаан шийтгэх ажиллагааны зөрчлийг арилгаж хэргийг шүүхээр нэг мөр, эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч И.Эрдэнэбаярт хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол шүүгдэгч И.Эрдэнэбаярын бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор И.Ариунсанаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 169 дүгээр шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт заасан “Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсэний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүхийн тогтоолд шүүгдэгч И.Эрдэнэбаярт холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг дутуу явуулснаас цугласан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүхээс энэ хэргийн талаар үндэслэл бүхий тогтоол гаргахад ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлууд эргэлзээ бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасан “уг гэмт хэргийг хэн үйлдсэн” талаар нотолбол зохих асуудлууд дутуу тогтоогдсоныг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж хэргийг мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохыг тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж заасан байтал мөрдөн байцаалтын ажиллагаагаар уг гэмт хэргийг яг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэрийг, хэргийн үйл баримт зэргийг нарийвчлан шалгаж тодруулаагүй байна. Тухайлбал Д.Гончигжав нь чухам хэний цохилтоос тухайн хүнд гэмтэл авсныг нарийвчлан тогтоох, гэмт хэрэг гарсан талаар талууд болох гэрч харилцан зөрүүтэй мэдүүлсэн. Шүүх харилцан зөрүүтэй мэдүүлгүүдийг үнэлэх нотлох баримтын хэмжээнд тооцох эсвэл үгүйсгэх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан сидины бичлэг болон гэрч нарын мэдүүлгүүдээр Т.Хатантөмөр, Ю.Мөнхбат нар нь хохирогчийг цохисон үйлдэлд гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр байсан эсэхийг мөрдөн байцаалтаар бүрэн гүйцэд шалгаж тодруулаагүй мөртлөө мөрдөн байцаалтад Т.Хатантөмөр, Ю.Мөнхбат нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй.

Мөн шүүх хуралдаанд шинжээчээр оролцсон эмч Т.Чимид-Очир, Ц.Ганболд нар мэдүүлэхдээ “...Ясны хугарал үүсээд хугарлын улмаас цусан хураа аажмаар үүсдэг учраас хохирогч энэ 3 хүний цохилтын алинаас ч гэмтэл авах боломжтой гэхдээ ялгах боломжгүй” гэж мэдүүлж байна. Иймд байцаан шийтгэх ажиллагааны зөрчлийг арилгаж хэргийг шүүхээр нэг мөр, эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэжээ.

Тогтоолд дурдсанчлан И.Эрдэнэбаярт холбогдох хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг зөрчсөн ноцтой зөрчил байхгүй. Учир нь мөрдөн байцаалтын явцад Т.Хатантөмөр, Ю.Мөнхбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх зааснаар сэжигтнээр тооцож шалгаад, Д.Гончигжавын бие махбодид хүнд гэмтэл учруулсан нь нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлд заасны дагуу “хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар” нотлох баримтуудыг шалгаж үнэлсний үндсэн дээр И.Эрдэнэбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл шүүхээс Т.Хатантөмөр, Ю.Мөнхбат нарыг дахин шалгуулахаар И.Эрдэнэбаярт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэсэн зарчимд нийцэхгүй, шүүх байцаан шийтгэх ажиллагааг зааварчилж, урьдаас дүгнэлт хийсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлд заасан үндсэн зарчмыг зөрчиж байна.

Үүнээс гадна мэдүүлгийн зөрүүг гаргах боломжгүй, учир нь гэрчүүдэд удаа дараа хууль сануулж мэдүүлэг авсан бөгөөд гэрч нь “хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” тул одоо энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар хэрэгт ач холбогдолтой баримт нотолгоо бий болох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хэрэгт шалгавал зохих бүх зүйлийг шалгаж тогтоосон.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь заасны мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь “Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу харьцуулан шинжлэн судалж, хууль эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн байдаг. Иймд мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа тухайн хэрэгт холбогдолгүй бүх хүмүүсийг гэрчээр байцаасан тул тэднийг шүүх хуралдаанд оролцуулж, шаардлагатай зүйлүүдийг тодруулан мөрдөн байцаалтад буцаахгүйгээр энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.

И.Эрдэнэбаяр нь “Д.Гончигжавын биед үүссэн гэмтэл нь миний цохилтоос үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж байгаа боловч энэ нь гэрч нарын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн бөгөөд хэрэгт мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотолсон тул хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруутайг шүүхээр тогтоолгохоор шүүхэд шилжүүлсэн. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Шүүгдэгч И.Эрдэнэбаярын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг дахин шалгуулахаар буцаасан анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан. Т.Хатантөмөр, Ю.Мөнхбат нарын үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

И.Эрдэнэбаярт холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг дутуу явуулснаас цугласан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүхээс энэ хэргийн талаар үндэслэл бүхий тогтоол гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлууд эргэлзээтэй байх тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Тухайлбал, хэрэг болсон 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Д.Гончигжав нь Ю.Мөнхбат, Т.Хатантөмөр, И.Эрдэнэбаяр гэсэн гурван хүний хэнийх нь цохилтоос хүнд гэмтэл авсан болохыг тогтоох боломжгүй талаар шүүх хуралдаанд шинжээчээр оролцсон шинжээч эмч Т.Чимэд-Очир, Ц.Ганболд нар “...Ясны хугарал үүсээд хугарлын улмаас цусан хураа аажмаар үүсдэг учраас хохирогч энэ 3 хүний цохилтын алинаас ч гэмтэл авах боломжтой гэхдээ ялгах тогтоох боломжгүй. ...Сая бичлэгээс харахад баарны 2 давхарт зодоон болоход хохирогч зүүн талын чамархай руугаа цохиулж байгаа харагдсан. ...камерийн бичлэгээс үзэхэд хохирогч цохиулаад унасныхаа дараа өшиглүүлж байсан. Гэхдээ хохирогчийн өшиглөхөд оносон эсэхийг нь мэдэхгүй учраас аль ч тохиолдолд үүссэн байж магадгүй. Тухайн хэсэгт буюу шүдэн дээр хүч үйлчилснээр сулрал эсвэл хугарал үүсэж болно...” /хх-ийн 134-136 тал/ гэж мэдүүлжээ. Энэ нь И.Эрдэнэбаярыг яллах нотлох баримт болсон шинжээч эмч Т.Чимэд-Очирын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Эрдэнэбаяр гэж хүнд цохиулаад газар унаж энэ хүнд гэмтлийг авсан байх магадлал өндөр байна...” /хх-ийн 153 тал/ гэсэн мэдүүлэгт эргэлзээг үүсгэж байна. Иймд чухам хэний цохилтоос тухайн хүнд гэмтэл авсныг хавтас хэрэгт авагдсан камерийн бичлэг, гэрч нарын мэдүүлэгт зэрэгт үндэслэн эргэлзээгүйгээр тогтоох нь зүйтэй.

Гэрч нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй байгаа нь болсон үйл явдал, хэнийх нь цохилтоос аль гэмтэл учирсанг тогтооход эргэлзээтэй байх тул гэрч нарыг нүүрэлдүүлэн байцааж, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэгээр Д.Гончигжавын биед тогтоогдсон гэмтлүүд, камерийн бичлэгт тулгуурлан хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрсэлсэн туршилтыг хийх нь Ю.Мөнхбат, Т.Хатантөмөр, И.Эрдэнэбаяр нарын хэнийх нь үйлдлээс хүнд гэмтэл учирсан тогтооход төдийгүй Т.Хатантөмөр, Ю.Мөнхбат нарын хохирогчийг цохисон үйлдэлд гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр байсан эсэхийг тогтооход ач холбогдолтой.

  

Иймд шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 169 дүгээр шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор И.Ариунсанаагийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/28 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

  

 

          

                                               

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.МЯГМАРЖАВ

 

                       ШҮҮГЧИД                                                                 Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                                         Д.ОЧМАНДАХ