Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2026/00241

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/15045 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

Гэрээний үүрэг буюу нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалд 3,143,900 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан гэрээний үүрэг буюу нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалд 3,143,900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалтай холбоотой асуудлаар нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1. ******* ХХК болон ******* нарын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ******* дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, ******* ХХК нь *******ийн захиалгаар ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар хороолол, ******* байрны ******* тоотын 84.5 м.кв талбайтай, 342,225,000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууцыг барьж ашиглалтад хүлээлгэн өгөх, ******* нь орон сууцны төлбөр тооцоог бүрэн төлснөөр орон сууц өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхтэй болохоор харилцан тохиролцсон;

3.2. ******* ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн ******* тоот улсын комиссын дүгнэлтээр орон сууцны зориулалттай барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн;

 

4. Зохигчид дээр дурдсан үйл баримтын талаар маргаангүй боловч талуудын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 3.2.6-д заасны дагуу ******* нь орон сууцны түлхүүрийг хүлээн авснаас хойш төлбөрийн нэхэмжлэх хэний нэр дээр байхаас үл хамааран нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардлаас өөрт ногдох хэсгийг хариуцан нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

4.1. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт-д дурдсанаар ******* дүүргийн ******* дүгээр хороонд баригдсан 16 давхар, 3 блок, 334 айлын орон сууцны зориулалттай барилга байгууламжийн захиалагч, ашиглагч, өмчлөгч байгууллага нь ******* ХХК байх тул нэхэмжлэгчийг барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаанд барилгын хийц, бүтээц, эдлэхүүн, тоног төхөөрөмж, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны ашиглалтын хэвийн нөхцөлийг хариуцан хангах үүрэг бүхий этгээд гэж үзнэ.

4.2. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээний 3.2.6-д төлбөрийн нэхэмжлэх хэний нэр дээр байхаас үл хамааран түлхүүр хүлээлгэн өгснөөс хойших хугацааны зардал /дулаан, ус, цахилгаан, интернэт, утас, кабелийн гэх мэт/-ыг захиалагч тал хариуцна гэснийг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардлын талаарх талуудын тохиролцоо гэж үзнэ.

4.3. Хариуцагч нь гэрээний дээрх заалтыг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалтай хамааралгүй бөгөөд өөрийн өмчлөлийн орон сууцны дулаан, ус, цахилгаан, интернэт, утас, кабелийн зардлыг хариуцах агуулгатай гэсэн тайлбар гаргаж маргаж байх боловч уг заалтад тухайн зардлууд нь орон сууцны байшингийн дангаар өмчлөлийн хэсэгт зөвхөн хамааралтай гэж тухайлан заагаагүй, нэхэмжлэгч нь орон сууцны барилгын дундын өмчлөлийн зүйлийг сууц өмчлөгчдийн холбоонд хүлээлгэн өгөхөөс өмнөх хугацаанд сууц өмчлөгч нарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээг тодорхой хэмжээнд хариуцан зардал гаргасан, энэ зардлыг өөрт ногдох хэмжээгээр хариуцах үүргийг хариуцагчид гэрээгээр хүлээлгэсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардлын ногдох хэсгийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй байна.

Иймд энэ талаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, мөн хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зардлыг хариуцан төлөх үүрэгтэй талаар дүгнэлт хийхдээ зохигчийн хооронд үүссэн маргаан сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдахаас өмнөх төлбөр, тооцоотой холбоотой байхад тухайн харилцааг нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг хуваарилахтай холбоотой Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар дүгнэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулна.

5.1. Нэхэмжлэгч нь хариуцагчаас нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалд 3,143,900 төгрөг гаргуулахаар шаардахдаа талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2.6 дахь заалт буюу орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардлыг хариуцах талаар хэлэлцэн тохиролцсон талуудын тохиролцоог үндэслэн шаардсан нь нэхэмжлэгчид Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг үүсгэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь заалтыг баримталсныг өөрчилж, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг баримталсан өөрчлөлт оруулна.

5.2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалд 3,143,900 төгрөг гаргуулахаар шаардсан шаардлагын үндэслэлээ нотлох үүднээс хэрэгт Сэлбэ апартмент байрны нийтийн эзэмшлийн зардлын задаргаа гэх өөрсдийн хийсэн тооцоолол бүхий баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

5.3. Сэлбэ апартмент байрны нийтийн эзэмшлийн зардлын задаргаа нэртэй баримтад нийт үйл ажиллагааны зардлын дүнг 629,471,203.84 төгрөг гэж тусгасан байх боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээтэй холбоотой зардлын баримт гэж үзэж болох мөнгөн шилжүүлгийн баримтын нийлбэр дүн нь 196,822,105 төгрөг болж байна.

5.4. Үүнийг тухайн орон сууцны 329 айлд хуваахад нэг айлд ногдох төлбөрийн хэмжээ нь 598,243 төгрөг болж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 598,243 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын энэ талаар гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтуудаас ус тогны төлбөр гэсэн гүйлгээний утгатай хувь хүнд 4,000,000 төгрөг төлсөн баримтыг нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй баримт гэж үзэн уг үнийн дүнг хасаж тооцсон болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/15045 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******эс 598,243 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,545,657 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,253 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 18,597 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,253 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР