Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2026/00301

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/10156 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-д холбогдох,

2021, 2022 онд ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө нийлээд 18,052,467 төгрөг, хэрэгт ажилласны урамшуулалд 28,488,075 төгрөг, цалин хөлс хугацаандаа олгоогүй алданги 9,026,233 төгрөг, олох ёстой байсан орлого 14,500,000, нийт 70,066,775 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие тус нөхөрлөлийн үүсгэн байгуулагч гэж өөрийгөө танилцуулсан БНХАУ-ын иргэн *******-тэй 2021 оны 01 дүгээр сард зарын дагуу танилцаж түүний үүсгэн байгуулсан гэх *******-д 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн ахлах хуульчаар ажиллахаар болсон юм.

Ажиллахаар тохиролцсон нөхцөл нь: сарын 4,000,000 төгрөгийн цалинтай, үүнээс 2,000,000 төгрөгийг өөрийн хувийн аж ахуйн нэгжээр дамжуулан авах, 2,000,000 төгрөгөөс *******-ийн нэр дээр нийгмийн даатгал төлөгдөх нөхцөлтэй, ээлжийн амралттай, 13 дугаар сарын бүрэн хэмжээний цалингийн урамшуулалтай 1 жил ажилласан тохиолдолд, хэрэг дээр шүүхэд төлөөлж ажиллах тохиолдолд 30 хувийн нийт бонустай, /3 өмгөөлөгч хувааж авах нөхцөлтэй/, ажлын цаг нь өглөө 8:30-аас эхэлнэ 17:30-аас тарах, илүү цагийг хуульд заасны дагуу бодогдох нөхцөлтэй юм.

Ажилласан цаг хугацаанаас эхлээд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ямар ч тушаал гаргаагүй, зөвхөн ажлаас чөлөөлөхөд чөлөөлсөн тушаал танилцуулсан юм. 2022 оны 03 дугаар сард хөдөлмөрийн гэрээ нөхөж байгуулах тухай яригдсан бөгөөд миний зүгээс нөхөж байгуулах боломжгүй тухай хэлснээс хойш 2022 оны 03 дугаар сараас эхлэн цалин олгохгүй болсон, 04 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм.

2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн тушаалыг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гардаж авсан бөгөөд мөн өдөр өөрийн Голомт банк дахь хувийн ******* тоот дансаар 2022 оны 3, 4 дүгээр сарын цалин болон амралтын мөнгө гэж нийт 2,630,829 төгрөгийг авсан.

Ажлаас чөлөөлөгдсөний дараа өөрийн нэр дээрх *******-ийн ******* тоот Голомт банк дахь дансны хуулгыг тулгахад тохирсны дагуу шилжүүлэх ёстой байсан мөнгөнөөс 2021 оны 08 дугаар сарын эхний хагас сарын хөлс 2,000,000 төгрөг, 2021 оны 11 сарын эхний хагас сарын хөлс 2,000,000 төгрөг нийт 2021 оны цалин 4,000,000 төгрөгийг төлөөгүй байна.

2021 оны ээлжийн амралтын мөнгө болох 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний хооронд нийт 22,884,321 төгрөгийн цалин бодогдож нийгмийн даатгалд мэдүүлсэн байна. Үүнээс ээлжийн амралтын мөнгө бодоход 2,080,392 төгрөг болж байна. 2022 оны 03 дугаар сарын цалин нийт 4,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын цалин нийт 4,000,000 төгрөгөөс ажилласан 18 өдөр буюу 4,000,000 х 18/21 -2,630,829 /2022.5.4-нд олгосон цалин, амралтын мөнгө/ = 797,742 төгрөг, 2022 оны ээлжийн амралтын мөнгө 2022.01.01-ээс 2022.05.04 хүртэлх олгосон ба олгох ёстой дүн 2022.01 cap 2,004,761, 2022.02 cap 3,264,000, 3 cap 4,000,000, 4 cap 797,742+2,630,829 нийт 12,697,332 төгрөгөөс 4 сард хувааж ээлжийн амралтын мөнгөний дундаж 3,174,333 төгрөг болж байна.

Анх тохирсны дагуу 1 жил ажилласан тохиолдолд 13 дугаар сарын цалин олгогдоно гэж тохиролцсон боловч олгоогүй. Үүний үнийн дүн нь 1 сарын цалинтай тэнцдэг буюу 4,000,000 төгрөг болно.

Урамшууллыг тооцохдоо: Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний хөлс болгож нийт 30 хувийг хэрэгт оролцсон өмгөөлөгч нар оролцсон цагаар тооцож авахаар тохиролцсон байдаг. Нийт үйлчилгээний хөлс 875,000 БНХАУ-ын юань бөгөөд үүнээс 30 хувь буюу 262,500 БНХАУ-ын юань өмгөөлөгч нарт ногдох ёстой юм. Үүнээс өмгөөлөгч ******* 311 цаг 36 мин буюу 31 хувь, өмгөөлөгч ******* 473 цаг 40 мин буюу 47 хувь, өмгөөлөгч ******* 220 цаг 40 мин буюу 22 хувь уг хэрэгт ажилласан юм.

Нийт ажилласан цаг нь 1005 цаг 56 минут ба үүний үнэлгээ 262,500 БНХАУ-ын юань юм. Тэгэхлээр ******* 22 хувь буюу 57,750 БНХАУ-ын юань-ийг хэргийн урамшуулал хэлбэрээр авах ёстой юм. 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Монгол банкны ханш болох 474,89 төгрөгийг 57,750 БНХАУ-ын юань-ийг шилжүүлэхэд бодоход 28,488,075 төгрөг болж байгаа.

Хугацаандаа олгоогүй цалин хөлсний алдангид 2021, 2022 оны цалин, ээлжийн амралтын мөнгө нийт 18,052,467 төгрөгөөс хугацаандаа олгоогүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хоног тутам 0.3 хувийн алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан цалин хөлсний алдангид нийт 9,026,233 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 28,488,075 төгрөгийг авсан байсан бол өнөөдрийг хүртэлх 35 сарын хугацаанд зайлшгүй олох ёстой байсан орлогыг нэхэмжилж байгаа болно.

Олох ёстой байсан орлогыг тооцохдоо Монголбанкнаас баталсан зээлийн хүү тооцох аргачлалаар, арилжааны банкны зээлийн хүүгийн дундаж хүү болох жилийн 18 хувийн хүүгээр тооцож 14,500,000 төгрөгийг хохиролд тооцож хариуцагчаас гаргуулна.

Нийт нэхэмжлэлийн шаардлагын дүн 70,066,775 төгрөг болж байна гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

*******-ийн үүсгэн байгуулагч *******, *******, ******* нар байх бөгөөд хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь ******* юм. Иймд нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн нь манай өмгөөллийн нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй этгээдтэй ажиллах нөхцөл тохиролцсон гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан цалин хөлсний талаарх нөхцөлийг амаар болон бичгээр ямар ч хэлбэрээр тохиролцож байгаагүй болно. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2022 оны 03 дугаар сард хөдөлмөрийн гэрээг нөхөж байгуулах тухай яригдсан бөгөөд миний зүгээс боломжгүй тухай хэлсэн... гэснээс харагдаж байна.

Цалин хөлс нэхэмжилсэн шаардлага үндэслэлгүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар: нэхэмжлэгчийн нэхэмжилсэн цалин хөлс нь гэж нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т Энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж заасан хугацааг хэтрүүлсэн байх тул 154.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах эрхээ алдсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль ёсны үндэслэл байхгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан байна.

Хөдөлмөрийн хуульд заасан хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх байгууллагад гомдол гаргаж байгаагүй бөгөөд уг маргааныг хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон сум дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хөдөлмөрийн хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн тул хөдөлмөрийн маргааныг хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 124 дүгээр зүйлийн 124.1, 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч -аас нийт 70,066,775 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын хөдөлмөрийн харилцаатай холбоотой нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 938,433 төгрөгөөс хөдөлмөрийн харилцаатай холбоотой нэхэмжлэл болон илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжид нийт 707,983 төгрөг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* байсан нь өөрчлөгдөж болсныг олж мэдсэнээс хойш 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагчаар шинээр бий болсон -ийг тодорхойлсон.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсантай холбоотойгоор хариуцагчаас өөрчлөн байгуулагдсан аж ахуйн нэгжийн гэрчилгээ болон *******г тухайн байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэхийг тодруулаагүй. Хариуцагч үүнийг өөрөө нотлоогүй. -ийн регистрийн дугаар болон холбогдох бусад мэдээлэл нь бүрэн зөв эсэхийг шүүх тодруулах үүрэгтэй гэж ойлгогдож байна.

4.2. Анх 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1 хавтаст хэргийн 57 дугаар хуудас Ажлын тооцооны хуудас-ыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан. Үүнийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/Ш32022/17726 дугаар захирамжаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн.

Уг баримтыг хариуцагчаас гаргаж өгөөгүй ба 2023 оны 08 дугаар сарын 12-нд 1-р хавтаст хэргийн 115-116 хуудас, захирамжийн биелэлтийг хангуулах хүсэлтийг гаргасан юм. Уг хүсэлтийг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 181/Ш32023/13697 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг буцаасан. Үүнийг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШT2023/00371 тогтоолоор захирамжийг хүчингүй болгосон.

Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр захирамжийн биелэлт хангуулахаар дахин хүсэлт гаргасан. 1 дүгээр хавтаст хэргийн 206 хуудас. Шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/Ш32024/01882 дугаар захирамжийн 4 дүгээр хуудсанд хариуцагч манайд ийм баримт байхгүй, ******* тухайн үед өөрөө хүүхэд асарч гэртээ байсан байсан, би үйлдээгүй гэж тодорхойлсон учир нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

******* нь албан ёсны 3 гишүүн байдаг ч үйл ажиллагаанд нөхөрлөлийн эрх тэгш эрхтэйгээр оролцдог 2 хүний 1 болох ******* өмгөөлөгчийг гэрчээр мэдүүлэг авах явцад цагийн тооцооллыг гаргасан бөгөөд түүний дагуу урамшуулал буюу үйлчилгээний төлбөрөө ******* болон ******* нар хэрхэн авсан талаар, мөн цагийн тооцооллын хуудас *******-д байгаа талаар тус тус тодорхойлсон юм. Гэвч нөхөрлөлийн 1 гишүүн ******* нь өөрт нь уг тооцооны хуудас байхгүй гэдэг бол нөгөө гишүүн нь байгаа тухай мэдүүлдэг.

Ингээд гэрчээр мэдүүлэг авч байх явцад нотлох баримтын шаардлага хангасан байдлаар цагийн тооцоолол *******ын нэхэмжлэлтэй хэрэгт байгааг мэдсэн даруй миний бие уг баримтыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргуулах хүсэл гаргаж хэрэгт хавсаргасан бол тэр нь нотлох баримтын шаардлага хангаагүй юм.

4.3. 2021 оны 8, 11 дүгээр сарын дутуу өгсөн цалин, 2021 оны ээлжийн амралтын мөнгийг өгнө гэж хойшлуулсан, хойшлуулахдаа он гаргаад таны хийсэн хууль зүйн зөвлөгөө өгсөн компанитай маргаантай явж байгаа учир төлбөрийг нь хойшлуулж байгаа тухай ярьж шалтаг гаргаж тайлбарладаг юм. Гэвч тэр хэрэг дээр надад цалин өгөхгүйн тулд шалтаг бий болгож шүүх дээр маргаан үүсгэж явж байсныг сая миний бие мэдсэн бөгөөд тэрхүү маргаан дээр хариуцагч зуун эрхэс консалтинг нь миний энэхүү маргааныг дуусахын өмнөхөн өөрсдөө хариуцагчтай эвлэрсэн бөгөөд ямар ч гомдолгүй нэхэмжлэлүүдийг хүлээн зөвшөөрсөн байсан.

Түүнчлэн, бидний хооронд бий болсон үндсэн харилцаа бол хөдөлмөрийн эрхийн харилцаа бөгөөд ажил олгогч нотлох баримтыг өөрт хадгалж, харилцаанд давуу байдалтай оролцдог. Тийм ч учир хуулиар нэгэнт тогтмол ажилтны дансанд мөнгө тогтвортой хийж л байсан бол шууд хөдөлмөрийн эрхийн харилцаа үүссэн гэж үзэн ажилтны эрхийг хамгаалдаг. Тэгэхэд шүүхээс бидний хооронд явагдаж буй харилцааг шууд тэгш эрхийн зарчим дээр явагдаж байгаа арилжааны оролцогч мэт хүлээн авч дүгнэлт өгч байгаа нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэг болон 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 2022 оны 04 дүгээр сарын цалин 797,742 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 3,174,333 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Мөн 2022 оны 03 дугаар сарын цалинг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгч өөрийн эрхийг зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж үзсэн. Энэ нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 731 дугаартай зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгээр тогтоогддог. Нэхэмжлэгч нь практик болон хууль хоорондоо зөрүүтэй байна гэж тайлбарладаг.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг үнэн зөв шийдвэрлэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр хүлээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2021, 2022 онд ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө нийлээд 18,052,467 төгрөг, хэрэгт ажилласны урамшуулалд 28,488,075 төгрөг, цалин хөлс хугацаандаа олгоогүй алданги 9,026,233 төгрөг, олох ёстой байсан орлого 14,500,000, нийт 70,066,775 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

3. Хэрэгт авагдсан 2-р хавтаст хэргийн 85-97 дугаар хуудсанд авагдсан баримтуудыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/00018 дугаар захирамжтай, *******ын нэхэмжлэлтэй *******-д холбогдох хэргээс хуулбарлан шүүхийн журмаар авсан байх боловч тухайн ирсэн баримтууд дээрх нөхөрлөлийн тамга тэмдэг нь эхээрээ дарагдсан эсэх нь тодорхойгүй байгаа болно. Талууд уг баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй, нөхөрлөлийн тамга дарагдаагүй гэж маргадаг.

 

3.1. Давж заалдах шатны шүүхээс тухайн баримтууд нь хуулбарлан авсан хэрэгт ямар байдлаар авагдсан байгааг тодруулах ажиллагааг гүйцэтгүүлэхээр шийдвэрийг хүчингүй болгож, дахих хэлэлцүүлэхээр буцаасан. Гэтэл, уг асуудлаар нэхэмжлэгч хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШЗ2025/26210 дугаар захирамжаар ...шүүгчийн захирамжаар хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн баримтуудыг гуравдагч этгээдийн хуулбар үнэн тэмдэг даруулан дахин гаргуулах шаардлагагүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхисон нь буруу болжээ.

 

3.2. Давж заалдах шатны шүүхээс өмнөх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож буцаасан магадлал хүчин төгөлдөр байх бөгөөд магадлалд заасан ажиллагааг нөхөн гүйцэтгэх нь талуудын зарчимд харшлахгүй ба нэхэмжлэгчээс уг ажиллагааг гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан байхад тухайн хүсэлтийн үндэслэлийг тодруулахгүйгээр түүнийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдоно.

 

3.3. Иймд анхан шатны шүүхээс тухайн хэргийн баримтад үзлэг хийж тэмдэглэл үйлдэх зэргээр хариуцагч байгууллагын тамга тэмдэг тухайн баримтад ямар байдлаар дарагдсан байгааг бэхжүүлэн авч, тодруулах боломжтой байхад нэхэмжлэгчийн шаардлагат холбогдох маргааны зүйл, хүсэлтийн үндэслэлийг тодруулахгүйгээр хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авна.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь хуулийн этгээдийн хэлбэрээ өөрчилж болсон гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Хэрвээ, хариуцагчийн хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдсөн нь баримтаар тогтоогдвол нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг солих ажиллагаа хийгдэх эсэхийг тодруулах шаардлагатай.

 

Хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдсөнд хариуцагч маргахгүй гэх боловч шүүхээс *******-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулсан байх тул хуулийн этгээдийн хэлбэрийн асуудлыг тогтоон хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцэх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

 

5. Талууд 2022 оны цалин болон ээлжийн амралтын тооцоог хийсэн эсэх талаар маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь өмнөх оны ээлжийн амралтыг хэзээ, хэрхэн эдэлсэн нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай хэрэгт талуудын зарчим үйлчлэх боловч уг маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн маргаанд хамаардаг учир хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд тогтоогдсон байвал зохино.

 

6. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/10156 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

  ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ