Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 207/МА2026/00011

 

 

 

 

2026 01 16 207/МА2026/00011

 

Ц.”“““““““гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч М.”“““““““, М.”“““““““ нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 312/ШШ2025/01876 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Ц.”“““““““гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.”“““““““, М.”“““““““ нарт холбогдох,

Гэм хорын хохиролд 5,194,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч М.”“““““““ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.”“““““““, хариуцагч М.”“““““““ /цахимаар/, хариуцагч М.”“““““““, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.”“““““““гийн нэхэмжлэлийн агуулга:

Цэенбадам овогтой ““““““““ миний бие 2023.06.06-ны өдрийн 19:20 цаг орчимд өөрийн эзэмшлийн ““““““““автомашинаар ХУД, Зайсан Оргил супермаркетийн 4 замын уулзвараар хойноос урагш чиглэлд автомашинаа жолоодон зорчиж байсан. Уулзвар нэвтэрч дуусах үед урд талын автомашин бага зэргийн түгжрэлийн улмаас хөдөлгөөн удааширсан байсныг хүлээн хөдлөхөөр зогсож байх хооронд ““““““““улсын дугаартай НОWO маркийн автомашин баруунаас зүүн чиглэлд уулзвар нэвтрэхдээ миний автомашины хойд хэсгийг мөргөж, хойд гупер болон багаж хаалганд гэмтэл учруулсан даруйд миний бие дуут дохиог дуугаргаж зогссон боловч тухайн автомашин ослын газрыг орхин явсан. Тухайн үед уулзвар дээр зохицуулагч цагдаа байсан тул миний бие тэр даруйд бууж цагдаад мэдэгдэн, 102 дугаарт мөн ослын дуудлага өгсөн бөгөөд осол гаргасан автомашины зургийг хойноос нь дарж мөн өөрийн машины гэмтлийн зургийг дарж баталгаажуулсан. Миний эзэмшлийн автомашин нь 2022 онд үйлдвэрлэгдсэн, 2023 оны 02 сард Монгол улсад импортлогдсон ба миний бие цоо шинээр 2023.03 сард албан ёсны дистрибьютер Ваvaria Моtors ХХК-иас худалдан авсан ба хохиролын үнэлгээг тогтоолгоход албан ёсны дистрибьютерийн үнэлгээ 7,025,370 төгрөгийн үнийн санал өгсөн ба үнэлгээний байгууллагаар тогтоосон үнэлгээ 5,194,700 төгрөг үнэлгээтэй бодит хохирол учирсан болно. Зам тээврийн осол гаргах үед тус тээврийн хэрэгслийн өмчлөгчийн дүү гэх М.”“““““““ автомашиныг жолоодон явж байсан бөгөөд автомашины өмчлөгч, эзэмшигч нь М.”“““““““ байна. Ослын дараа 2023.06.07-ны өдөр жолоочийн төрсөн ах гэх М.”“““““““ нь 99356211 дугаараас надтай утсаар холбогдож, автомашиныг нь журмын хашаанд хийлгэхгүй байхыг гуйж, 6.15-ны дотор маргалгүй хохиролыг бүрэн барагдуулна гэж амалсан тул миний бие төлбөрөө хэлсэн хугацаандаа асуудалгүй төлвөл автомашиныг нь журамлуулах шаардлагагүй гэж тохирсон боловч маргааш нь буюу 06.08-ны өдөр дахин залгахдаа Хойд гупер хувиараа оруулж ирдэг хүмүүс байна. Тэр хүмүүсээр засуулая, чиний машины будагны өнгийг нь монголд хаана ч гаргаж чадахгүй гэж байна гэхэд миний зүгээс албан ёсны эрхтэй газраас нь худалдан авахаа хэлсэн болно. Хариуцагчийн зүгээс тохиролцсон амлалтаа зөрчиж хохиролыг сайн дураараа барагдуулах хүсэлгүй тухайгаа хэлсэн тул миний бие шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжилж байна. Иймд хуульд заасны дагуу учирсан хохирлыг хариуцагч М.”“““““““аас гаргуулж өгнө үү... Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1., 499.4.-т зааснаар тээврийн хэрэгсэл ашиглагчийг эзэмшигч өөрөө томилсон буюу тээврийн хэрэгслийг өөрөө шилжүүлэн өгсөн бол гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцах үүрэгтэй тул М.”“““““““ыг хамтран хариуцагчаар татаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч М.”“““““““ийн тайлбар, татгалзлын агуулга:

Тухайн үед нэхэмжлэгчийн машиныг шүргэчихээд үнэлгээ хийлгэх гээд очиход намайг байлцуулахгүйгээр хийлгэчихсэн байсан. Миний утсан дээр тухайн гуперт учирсан сэвийг үрээд арилгаж байгаа бичлэг байдаг. Хохирлыг нь барагдуулаад өгье, хуучин гуперээ надад өгчих гэхэд нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тул шүүхээр явсан. Нэхэмжилж байгаа мөнгө хэт өндөр байна гэж үзэж байна. Шинэ гупер авч өгч байгаа тохиолдолд хуучин гуперийг авах хүсэлтэй байна гэсэн.

3.Хариуцагч М.”“““““““ын тайлбар, татгалзлын агуулга:

Миний бие Мөнхбаярын ““““““““ нь Ц.”“““““““гийн нэхэмжлэлтэй М.”“““““““ нарт холбогдох хэрэгт хамтран хариуцагчаар оролцож байна. Нэхэмжлэгч Ц.”“““““““гийн нэхэмжилсэн 5,154,700 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй шалтгаан бол энэ мөнгөн дүнд эвдэрсэн сэлбэг, засвар бүгд багтсан гэж ойлгож байгаа. Бид нарын зүгээс энэ мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч барагдуулъя харин хуучин солигдсон эвдрэлтэй гэж дүгнэлт гаргасан сэлбэгүүдийг бид авах хүсэлтэй байгаа. Эвдэрсэн гэмтэлтэй сэлбэгийг оронд нь авч нэхэмжилсэн мөнгөн дүнг барагдуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510., 499 дүгээр зүйлийн 499.4.-д заасныг баримтлан хариуцагч М.”“““““““аас 5,154,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.”“““““““д олгож, хариуцагч М.”“““““““т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.”“““““““аас улсын тэмдэгтийн хураамжаар 94,425 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2.-т заасныг баримтлан хариуцагч М.”“““““““аас шинжээчийн зардалд 240,000 төгрөг гаргуулж Арвижих эстимейт үнэлгээ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

5.Хариуцагч М.”“““““““ шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

М.”“““““““ нь замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж бусдад хохирол учруулсан гэж Зөрчлийн тухай хуулиар буруутгагдсан. Гэтэл намайг автомашины эзэмшигч гэдгээр Иргэний хэргийн шүүхээс буруутгасан. Тухайн асуудлыг шалгасан зөрчлийн хэргийн материалыг бүхэлд судлуулсан ба нэхэмжпэгчийн нэхэмжилж байгаа хохирол бодит биш байсан. Хэргийн судлан үзэхэд шинжээч ямар шалтгаанаар дүгнэлт гаргахгүй удсан нь тодорхойгүй , эрх үүрэг нь танилцуулж , баталгаа гаргуулсан нь тодорхойгүй хоёр ч удаагийн дүгнэлтээр үндэслэлгүй хохирол тооцуулан гаргуулсан. Мөн маргаан бүхий тээврийн хэрэгсэл бусдад зарсан тухай нэхэмжлэгч тайлбар гаргасан. Бусдын эзэмшилд өгсөн бусдад зарсан юм бол яагаад хохиролыг нэхэх эрхтэй гэж үзэж байгаа талаар ямар ч баримт байхгүй, мөн үнэлгээний дагуу автомашиныг зассан эсэхийг тодорхойгүй, шинжээчийн дүгнэлт гаргахдаа намайг болон миний дүүг байлцуулаагүй, миний хувьд эвдрэл гэмтэл учруулахад хажууд нь байгаагүй учир аль аль хохирлыг бодитоор учруулсан болох, М.”“““““““ хохирол, эвдрэл гэмтэлд яагаад маргаад байсан зэргийг үзэж харж , автомашины эвдрэл гэмтлийн талаар мэргэжлийн шинжээч болон нэхэмжлэгч маргаж байгааг үндэслэлтэй эсэхэд хариу тайлбар гаргах, дүгнэлт гаргуулахдаа оролцуулаагүй, бусдад зарсан гэх машиныг шинжээч үзсэн харсан мэт, хэзээ авсан нь тодорхойгүй зургаар үнэлэлт дүгнэлт хийсэн байсан. Дүү М.”“““““““ нь автомашины эвдрэл гэмтлийн бодит байдалд дүгнэлт хийлгүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан атлаа уг ажиллагаа нь бодит байдалд үзлэг дүгнэлт хийсэн нь тодорхойгүй, үзлэг хийгдээгүй, хэргийн оролцогч нарыг оролцуулаагүй, автомашин бусдад зарагдснаас болж, дүгнэлт гарах боломжгүй байсан атлаа одоо болохоор засвар хийгээгүй, бусдад зарсан гэх нэхэмжпэгчийн нотлогдоогүй тайлбар гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Одоо болтол тухайн тээврийн хэрэгсэл засвар хийгдээгүй, зайлшгүй их хэмжээний засвар орох шаардлагатай гэдэг нь нотлогдохгүй байхад эвдрэл гэмтлийг хэрхэн яаж тогтоосон нь тодорхойгүй, гэмтлийн талаарх зургийн авагдсан байдлаас гэмтлийг харах боломжгүй тодорхойгүй байдлаар дүгнэлт гаргасан зэрэг нотлох баримтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.10.13-ны өдрийн 312/ШШ2025/01876 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож , хэргийг дахин буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.”“““““““ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч Ц.”“““““““ нь хариуцагч М.”“““““““т холбогдуулан гэм хорын хохирол 5 194 700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар М.”“““““““ыг татаж, нэхэмжлэлийн шаардлагаа ...автомашинд учирсан хохирлыг үнэлгээний дүнгээр тооцож 5,154,700 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон./хх1, хх146х/

Хариуцагч М.”“““““““ ...Хохирлыг нь барагдуулаад өгье, хуучин гуперээ надад өгчих гэхэд нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тул шүүхээр явсан. Нэхэмжилж байгаа мөнгө хэт өндөр байна гэж үзэж байна, гэсэн хариуцагч М.”“““““““ ...энэ мөнгөн дүнд эвдэрсэн сэлбэг, засвар бүгд багтсан гэж ойлгож байгаа. Бид нарын зүгээс энэ мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч барагдуулъя харин хуучин солигдсон эвдрэлтэй гэж дүгнэлт гаргасан сэлбэгүүдийг бид авах хүсэлтэй байгаа гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан./хх123х/

3.  М.”“““““““ 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ““““““““улсын дугаартай НОWO маркийн автомашин жолоодож явах үедээ ““““““““супермаркетийн 4 замын уулзварын хойноос урагш чиглэлд нэхэмжлэгч Ц.”“““““““гийн жолоодож явсан түүний эзэмшлийн ““““““““улсын дугаартай ““““““““маркийн тээврийн хэрэгслийг баруунаас зүүн чиглэлд уулзвар нэвтрэхдээ ар хэсгийг нь мөргөж гэмтэл учруулсан,

 

Дээрх зөрчлийн улмаас хариуцагч М.”“““““““т Зөрчлийн тухай хуулийн 10.6.-д зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зөрчил шийдвэрлэсэн материал, зохигчдын тайлбарыг үндэслэн зөв тогтоожээ.

 

4. Хариуцагчийн дээрх гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан тул хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. дэх хэсэгт зааснаар уг гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

5.Иймд анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 5,154,700 төгрөгийг хариуцагч М.”“““““““аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д нийцжээ.

5.1 Осол болох үед НОWO маркийн ““““““““улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч М.”“““““““ жолоодож явсан ч, М.”“““““““т жолоодох эрхийг түүний ах болох М.”“““““““ шилжүүлэн өгсөн байх тул тэрээр учирсан гэм хорыг хариуцан арилгах үүргээс чөлөөлөгдөхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.

6.Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх явцад эрх бүхий албан тушаалтны тогтоолоор хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр Сүлд үнэлгээ ХХК-ийг томилоход шинжээч ...уг машины хойд буфер хонхойж, цоорч, хойд буферийн никель кант хунирч, багажны хаалга нугаларч халцарсан гэж эвдрэл, гэмтлийг тодорхойлж, эвдрэл, хохирлын үнэлгээг 5,194,700 төгрөг гэж тодорхойлсон.

6.1 Харин иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч ...Сүлд үнэлгээ ХХК-ийн үнэлгээ нь хууль ёсны эсэх, үнэлгээ хийх эрхтэй эсэх, шинжээчид эрх, үүргийг танилцуулсан эсэх тодорхойгүй байна.Иймд дахин шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг гаргуулахаар Арвижих эстимет үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч хохирлыг 5,154,700 төгрөгөөр тогтоож дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн.

Шинжээчийн 2 дүгнэлт дэх эвдэрсэн эд, анги зөрүүгүй, Арвижих эстимет үнэлгээ ХХК-ийн үнэлгээчин шинжээч Ц.Хөхөөсүрэнд эрх, үүрэг тайлбарлан хууль сануулсан /хх89,90х/, дахин шинжээч томилох үндэслэлд хамаарахгүй, түүнчлэн Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэсэн материалд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээнд ““““““““улсын дугаартай ““““““““маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Ц.”“““““““ бүртгэгдсэн, өөр өмчлөгчтэй талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн ...уг ажиллагаа нь бодит байдалд үзлэг дүгнэлт хийсэн нь тодорхойгүй, үзлэг хийгдээгүй, хэргийн оропцогч нарыг оролцуулаагүй, ...нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн агуулга бүхий гомдлыг хангах боломжгүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.”“““““““ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

7. Томилогдсон иргэдийн төлөөлөгчид тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй тул зохигчийн хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8.-д нийцсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 312/ШШ2025/01876 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.”“““““““ын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч М.”“““““““ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 97,425 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

Р.ҮҮРИЙНТУЯА