| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0100/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/106 |
| Огноо | 2019-04-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Жавхлантуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Хохирогч Г.Энхжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав
Шүүгдэгч Ч.П нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Пид холбогдох эрүүгийн 1825008440030 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.П
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ч.Пийг 2018 оны 12-р сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сонорхайрхан” зочид буудлын жижүүрийн өрөөний сандал дээр байсан Г.Энхжаргалын цүнхтэй эд хөрөнгийг хулгайлж 513.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.П-н мэдүүлсэн: Цүнхтэй зүйлийг авсан нь үнэн. 2 сарын дотор хохирлыг төлнө” гэх мэдүүлэг, хохирогч Г.Энхжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр цүнхээ алдсан. Камер шүүхэд энэ хүн авсан байсан. Цүнхэнд байсан 367,000 төгрөг байхгүй бусад зүйлийг авчирч өгсөн. Мөнгөө авмаар байна гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
-Хохирогч Г.Энхжаргалын ....“ 2018 оны 12 сарын 01-ний өдөр нөхөр бид 2 ажил дээрээ буюу жижүүрийн текин дээр хамт байж байгаад 16 цагийн үед нөхөр буудлын дээд давхар луу нэг удаагийн хэрэглэл авч өгөх гээд гарсан. Би өөрөө жижүүр дээр сууж байсан чинь манай байгууллагын үйлчлэгч Эрдэнэчимэг ирээд доод давхарт 00-д нэг согтуу эмэгтэй хүн орчихоод
гарахгүй байна, та гаргаад өгөөч гэхээр нь орсон чинь согтуу эмэгтэй хүн байхаар нь гараарай гэж хэлээд эргээд ирсэн чинь буудлын жижүүрийн сандал дээр байсан цүнх алга болчихсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний хулгайд алдсан цүнх нь бор хүрэн өнгөтэй арьсан цүнх байсан. Энэ цүнхээ 2 жилийн өмнө 50.000 төгрөгөөр авч байсан. Цүнхэн дотор саарал өнгөтэй 40.000 төгрөгөөр 2018 оны 08 сард авч байсан сайжруулсан арьсан хэтэвч, үүн дотор нийт 367.000 төгрөг байсан. Үүнээс гадна Баатархүү овогтой Эрдэнэжаргал, Ганболд овогтой Энхжаргалын нарын цахим үнэмлэх, Ганболд овогтой Энхжаргалын Голомт, Худалдаа хөгжлийн банкны виза карт, мэргэжлийн үнэмлэх, Номин, Писимоллын хөнгөлөлтийн карт, 2 сарын өмнө 22.000 төгрөгөөр авч байсан гоо сайхны крем авсан 150 гр хэмжээтэй Р0ssis нэртэй үнэртэй ус, 2000 төгрөгийн үнэтэй уруул өнгөлөгч зэрэг эд зүйл алга болсон”... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/
-Гэрч Ц.Эрдэнэчимэгийн ... “Тухайн үед менежер Энхжаргал буудлын тенк дээр ганцаараа байж байсан. Намайг жорлонд эмэгтэй хүн уначихаад гарахгүй байна гэсэн чинь менежер надтай хамт доошоо 00 давхар луу буугаад жорлонд байсан эмэгтэй хүнийг гараарай гэж хэлээд эргээд удаагүй дээшээ явсан. Тэгсэн чинь хэсэг хугацааны дараа менежерийн цүнх нь алга болсон байна гэсэн”... гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/
-Гэрч Б.Эрдэнэжаргалын... “Түүнээс хойш удаа ч үгүй эхнэр бид хоёр хүүхэддээ ундаа авч өгөх гээд мөнгө авах гээд эхнэр цүнхээ хайгаад олоогүй. Тэгэхээр нь байгууллагын хяналтын камер шүүж үзсэн чинь дээлтэй согтуу хүн орж ирээд манай эхнэрийн цүнхийг авч гарч байгаа бичлэг байсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/
-“Далайван Аудит” ХХК-ний 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02/02-37 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн нийт эд зүйлийн үнэ 146,000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 18-22-р хуудас/
-Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургйин үзүүлэлтийн хамт /хх-ийн 41-42-р хуудас/
-Хяналтын камерийн бичлэгт үзлэг хйисэн тухай тэмдэглэл /хх-ийн 43-р хуудас/
-Хохирогч Г.Энхжаргалын эзэмшилийн ХААН банкны 5094240118 тоот дансны хуулга /хх-ийн 62-71-р хуудас/
-Бэлэн хувцас зарж байсан тухай facebook зарын гэрэл зургууд /хх-ийн 73-82-р хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ч.П нь 2018 оны 12-р сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сонорхайрхан” зочид буудлын жижүүрийн өрөөний сандал дээр байсан Г.Энхжаргалын цүнхтэй эд зүйлийг хууль бусаар нууцаар авч 513,000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 513,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.
Шүүгдэгч Ч.Пийн энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын өмчлөх эрхэд халдсан хулгайлах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч Ч.П нь 2018 оны 12-р сарын 01-ний өдөр “Сонорхайрхан” зочид буудлын жижүүрийн өрөөний сандал дээр байсан Г.Энхжаргалын цүнхтэй эд зүйлийг хулгайлж 513.000 төгрөгний хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Хохирогч цүнхэнд 367,000 төгрөг байсан тухайд эх сурвалжаа нотолсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: Гэм буруугийн талаар маргаангүй. Нийтэд тустай ажил хийлгэх ял энэ шүүгдэгчид зохимжгүй байгаа. Яагаад гэвэл энэ хүн маань хөдөө айлд мал маллаж хөлс авч амьдралаа залгуулдаг хүн юм. Иймд ажил хийж мөнгө олж төлбөрөө төлөх боломж олгохын тулд торгох ялын доод хэмжээгээр оногдуулна уу гэжээ.
Хохирол төлбөрийн тухайд: Цүнх болон бусад эд зүйлийг буцаан өгсөн, 367,000 төгрөг төлөгдөөгүй тул шүүгдэгчээс гаргуулахаар заалаа.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Пийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэрэг гарах үеийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Ч.П-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пийг хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг 2 сарын хугацаанд арилгах үүрэг хүлээлгэсүгэй.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар Ч.Пид оногдуулсан 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ч.Поос 367,000 төгрөг гаргуулан хохирогч Г.Энхжаргалд /Орхон Баян-Өндөр сум Наран баг 39-5а тоот,ФД86061100/ олгуулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ