Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2026/00244

 

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/09662 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,293,491,920.68 төгрөг, зээлийн хүү 210,575,737.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 455,638.60 төгрөг буюу 1,504,523,296.38 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 40,000 төгрөг, нийт 1,504,563,296.37 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХК нь зээлдэгч *******, ******* нартай 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ******* тоот орон сууцны зээлийн гэрээ, мөн өдрийн ******* тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан 1,344,000,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар зээлдүүлсэн.

1.2. Барьцааны гэрээгээр *******ын өмчлөлийн, ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* тоот 199.5 м.кв талбайтай, аялал жуулчлал, орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

1.3. Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацаа олгосон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэг, зээлийн гэрээний 9.2.2-т заасны дагуу нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй болно.

1.4. Зээлдэгч нар 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 50,508,079.32 төгрөг, зээлийн хүү 362,393,618.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106,747.55 төгрөг, нийт 413,008,445.58 төгрөг төлсөн байна. Дээрх хугацааны байдлаар хариуцагч нар үндсэн зээл 1,293,491,920.68 төгрөг, зээлийн хүү 210,575,737.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 455,638.60 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардал 40,000 төгрөг, нийт 1,504,563,296.37 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

1.5. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэг, Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3, 7.1.8-д зааснаар банк үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардах эрхтэй. Иймд зээлдэгч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 1,504,563,296.37 төгрөг гаргуулан ******* ХК-д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нар шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 1,504,563,296.37 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* тоот дахь 199.5 м.кв талбайтай, аялал жуулчлал, ******* зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,750,966 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 7,750,966 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. *******, ******* нар нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ******* тоот орон сууцны зээлийн гэрээний хүүгийн төлбөрт 362,393,618.71 төгрөгийг ******* ХК-д төлж барагдуулсан.

4.2. Гэтэл дахин хүүгийн төлбөр 210,575,737.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 455,638.60 төгрөг, нийт 211,031,375 70 төгрөгийн хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

4.3. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 211,031,375 70 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолтой холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбарын агуулга:

5.1. Зээлийн хүүгийн тооцооллоос харвал зээлдэгч нар хамгийн сүүлд 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлөлт хийсэн. 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш төлбөрийн зөрчил үүссэн. Төлбөрийн зөрчил үүсэж эхэлснээс хойш хүү нэмэгдсэн.

5.2. Хариуцагч талын гомдолд дурдсан үнийн дүн болох 211,031,375 төгрөг нь зээл төлөхөө больсноос хойш бодогдсон хүү юм. Үүнийг банк авах ёстой. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн хүүг ашигласан хугацаагаар нь тооцсон тул дээрх төлбөрийг авах үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,293,491,920.68 төгрөг, зээлийн хүү 210,575,737.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 455,638.60 төгрөг буюу 1,504,523,296.38 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 40,000 төгрөг, нийт 1,504,563,296.37 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан, хариуцагч нар нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтад үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ******* ХК нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ******* тоот орон сууцны зээлийн гэрээ, мөн өдрийн ******* үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус *******, ******* нартай байгуулж, зээлдэгчдийг орон сууц худалдан авахад зориулан 1,344,000,000 төгрөгийн зээлийг жилийн 12 хувийн хүүтэй 240 сарын хугацаатай олгож, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор *******ын өмчлөлийн ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* тоот дахь 199.5 м.кв талбайтай, аялал жуулчлал, АОС зориулалттай, 98 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206098108 дугаартай хувийн орон сууцыг барьцаалан, гэрээнүүдийг нотариатаар гэрчлүүлж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, талууд барьцаалбар үйлдсэн;

3.2. Зээлийн гэрээний дагуу ******* ХК нь 1,344,000,000 төгрөгийг зээлдэгчийн банкин дахь дансанд шилжүүлж, уг данснаас орон сууц худалдаж буй талын банкин дахь дансанд шилжүүлж, зээлдэгч нар 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 50,508,079.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 362,393,618.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 106,747.55 төгрөг тус тус төлсөн;

3.3. ******* ХК-аас *******, ******* нарт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийг 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* тоот, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* тоот, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* тоот албан бичгүүдээр тус тус хүргүүлж, мэдэгдлүүдийн дагуу үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар мэдэгдсэн;

 

4. Зохигчийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь заалтад нийцсэн байна.

4.1. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоололд үндэслэн хариуцагч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2024 оны 06 дугаар сараас хойш биелүүлээгүй, гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалсан гэж дүгнэн хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 1,293,491,920.68 төгрөг, зээлийн хүү 210,575,737.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 455,638.60 төгрөг, нийт 1,504,523,296.37 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт тус тус нийцжээ.

4.2. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл болон үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг буюу хэтэрсэн хугацааны хүүтэй холбоотой зохицуулалтыг баримталсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийг баримталсан өөрчлөлт оруулна.

4.3. Зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул анхан шатны шүүх хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт, хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан нэмэлт зардал гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байх тул анхан шатны шүүх нотариатын үйлчилгээний зардалд төлсөн 40,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байна.

 

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо хариуцагч нар зээлийн хүүгийн төлбөрт 362,393,618.71 төгрөгийг төлж барагдуулсан байхад дахин хүүгийн төлбөр 210,575,737.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 455,638.60 төгрөг, нийт 211,031,375.70 төгрөгийн хүү нэхэмжилсэн гэх үндэслэлийг заажээ.

5.1. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 210,575,737.10 төгрөгийн зээлийн хүү нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүүнд төлөх ёстой байсан 572,969,355.81 төгрөгөөс хариуцагч нарын төлж барагдуулсан 362,393,618.71 төгрөгийг хасаж тооцсон дүн байх тул нэхэмжлэгч нь зээлийн хүүг давхардуулан шаардсан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжилж буй нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь зээлийн гэрээнд заасан жилийн 2.40 хувиар тооцож гаргасан дүн байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/09662 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 453 дугаар зүйлийн 453.1 ... гэснийг хасаж,... 452.1 ... гэснийг 452.2 гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,314,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР