Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/110

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сэд холбогдох эрүүгийн 1925001150094 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.С

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Сийг 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн 26-03 тоотод М.Мишигбатын нүүрэн тус газарт мөргөж, цохин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхиийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Сийн мэдүүлсэн: Мишигбат нь 2017 оноос эхнэртэй өөр харилцаатай болсон. Би хот руу явж ажил хийдэг. Намайг шөнө ирэх болгонд манай гэрт байж байдаг. Шөнө хүүхдүүд унтсаны дараа ирээд өглөө гарч явдаг болсон байна лээ. Би эхнэртэйгээ эвлэрэх гээд ирэхэд мөн ирсэн байсан. Энэ хүнээс болж амьдрал салсан. Гэрт орж ирэхэд энэ хүн байснаас ийм байдалд орсон. Би өөрийн үйлдлээ ойлгож байна. Гэм буруугаа хүлээж байгаа” гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

-Хохирогч М.Мишигбатын “...2019 оны 02 дугаар сарын 16-ны өглөө 04 цагийн үед Отгонжаргалын гэрт орж түлээний мод авах уу гэж асуусан гэтэл Отгонжаргал мөнгө төгрөг байхгүй байна гэхээр нь явах гэтэл гаднаас Сэдэд ороод ирсэн. Би Сэдэдийг таньдаг учир чи ирж байгаа юм уу гэж хэлээд гараад явсан. ...Тэгээд би гэрийнх нь гадаа гараад байж байсан чинь Сэдэд араас гарч ирээд миний нүүрэн тус газар мөргөсөн. Гэтэл надтай хамт явж байсан Бизъяа Сэдэдийг чи яаж байгаа юм гэсэн чинь Сэдэд шууд яваад орсон. Гэртэй ороод хаалгаа цоожлоод гарч ирээгүй Тэгэхээр нь би Сэдэдэд чи найзынхаа хамрыг цохичихлоо ш дээ яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд би болон эмээ нь цагдаа дуудсан.гэх мэдүүлэг,

-Гэрч Л.Түмэн-Өлзийгийн ... “2019 оны 02 дугаар сарын 16-ны орой 5-6 цагийн үед Мишигбат гэж залуу ирээд манай хүүхдийнх рүү орж байсан. Тэгсэн удалгүй зодолдоод байхаар нь ортол манай хүргэн Сэдэдийг нүүрэн тус газарт нь цохиж байсан. Манай хүргэн Сэдэд Улаанбаатар хотод байдаг. Гэр бүлээсээ салаад явсан. Хүүхдүүдтэйгээ уулзах гээд ирсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/

 

              -Гэрч Номинтуяагийн өгсөн ... “Би С ахын гэрт ороход Мишигбат, Сэдэд ах хоёр хэрэлдэж байсан. Сэдэд ах Мишигбат ахыг чамаас болж манай гэр бүл саллаа өчнөөн хэрүүлтэй байлаа одоо болиод өгөөч гэж хэлэхэд Мишибат ах нусаа гэрт нь нийж С ахын нүүрэн тус газарт нь нулимсан. Мишигбатыг гар гээд гэрээсээ гаргасан. С ах хөл нүцгэн байсан учир хаах гэтэл Мишигбат С ахыг гэрийнх нь гаднаас татчихсан чинь С ах татагдаад нүүрэн газарт нь мөргөчихсөн. С ах санаатай мөргөөгүй. Тэгээд гадаа гараад хоёр биенийхээ нүүрэн тус газар 2,3 удаа цохисон. Тэгээд эмээ цагдаа дуудсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/

 

              -Гэрч Д.Отгонжаргалын ...“С Мишигбатыг түлхээд тэр 2 гадаа хашаанд зодолдоод байсан. Би  хараагүй гутлаа өмсөөд гарах гэтэл өөдөөс ороод ирсэн. Гэтэл Мишигбат С-г намайг мөргөчихлөө шүү дээ гэжэ хэлээд ороод ирсэн.Мишигбатын хамарнаас цус туссан байсан. Тэгээд Мишигбат манай гэрт нусаа нийж С рүү нулимсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/

 

- Гэрч М.Бизъяагийн ...“С Мшигбатын  нүүрэн тус газарт нэг удаа мөргөж байсан тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ гээд салгах гэтэл дийлдэхгүй ноцолдоод байсан. Сэдэд Мишигбат хоёр бие биенээ 2, 2 удаа гараараа цохисон..” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/

-Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 152 дугаартай:.. .М.Мишигбатын биед ... хамрын ясны хугарал, нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт, баруун чихний дэлбээнд шалбархай бүхий гэмтэл үүсчээ. Шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн, бусад гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн байх тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзнэ.

Эдгээр хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн  мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.С нь 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн 26-03 тоотод хувийн шинжтэй харилцаанаас шалтгаалан М.Мишигбатын нүүрэн тус газарт мөргөж, цохиж хамрын ясны хугарал, нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт, баруун чихний дэлбээнд шалбархай бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч Б.С нь хохирогчийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж байна. Шүүгдэгч хохирогчийн эмчилгээний зардалд 230,000 төгрөг нөхөн төлсөн. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутад тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж дүгнэлт гаргахдаа: Хүний нүүрэнд гэмтэл учруулсан гэм буруутай тул торгууль төлнө. 4-6 сарын хугацаанд төлөх боломжтой гэжээ.

Шүүгдэгч Б.Сийн энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн 26-03 тоотод М.Мишигбатын нүүрэн тус газарт мөргөж, цохин хамрын ясны хугарал, нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт, баруун чихний дэлбээнд шалбархай бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Сийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.             

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлж барагдуулсан байдал,хохирогчийн зүй бус байдал нөлөөлсөн зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч М.Мишигбат нь санал гомдол байхгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн бөгөөд шүүгдэгч эмчилгээний төлбөрт 230 000 төгрөг төлсөн байна.  

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б.С Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Б.С оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сард 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.          

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ