Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2026/00302

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/10642 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-д холбогдох,

450,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 450,000,000 төгрөгийг уурхайн үйл ажиллагаанд ашиглахаар зээлээр авсан. Уг зээлийг олгохдоо хамтын харилцаа, танил талын итгэлцэл дээр тулгуурлан *******-аас *******-д шилжүүлсэн. *******-аас төлбөрөө төлөхийг манай байгууллагаас амаар, бичгээр болон уулзаж шаардаж байсан боловч мөнгийг эргүүлж төлөөгүй. *******-аас 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 68 тоот дугаартай албан бичгээр 450,000,000 төгрөгийн зээлийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулах тухай баталгаа үйлдэж өгсөн боловч мөнгийг заасан хугацаандаа төлсөнгүй. Ийнхүү ******* нь *******-ийг хохироож байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасныг үндэслэн 450,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Манай ******* нь дээрх төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд эргэн төлөгдөх хуваарь гарган төлж барагдуулах саналыг хүргүүлж, иргэний маргааныг эвлэрлийн гэрээ байгуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Харин, хариуцагч нь эвлэрэх саналаа илэрхийлсэн боловч нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тул хариуцагчийн төлөөлөгчийг хэрэг танилцах эрхээр хангасангүй. Эвлэрэн хэлэлцэх хугацаа олгосонгүй. Хэрэгт байгаа баримтаас үзэхэд зээлийн гэрээг бичгээр байгуулсан баримт байхгүй. Дансаар мөнгө шилжүүлсэн нь зээл гэдгийг нотлохгүй. Уурхайн ажилд зориулсан гэдэг нь нотлогдохгүй байна. Зээлийн үүрэг шаардаад байгаа юу эсхүл өгсөн зүйлээ буцааж шаардаад байгаа юу гэдэг нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч *******-аас 450,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,408,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,407,950 төгрөг, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 50 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хариуцагчийг хэргийг материалтай танилцах эрхээр хангаагүй, боломжит хугацаа олгоогүй, хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан. *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор ******* би тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох, ******* захирлаас бүрэн итгэмжлэлийг 2 жилийн хугацаатай авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар тус шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцах эрхээр хангаж өгч, эвлэрэх талаар ярьж байсан тул эвлэрэн хэлэлцэхээр боломжит хугацаа олгож, нэг удаа хойшлуулж өгөх хүсэлт гаргасан. Гэтэл тус шүүхийн шүүгч талуудад эвлэрэх хугацаа олгохоос татгалзаж, мөн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж шийдсэн нь процессын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна. Ингээд ямар ч хэргийн материалтай танилцаагүй бөгөөд 15 минут танд байна, танилцвал танилц гэж нэхэмжлэгч талд илтэд ашигтай шийдэх гэж яаран хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын ноцтой алдаа гаргасан.

4.2. Нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 450,000,000 төгрөг дансаар шилжүүлсэн болох нь Капитрон банкны төлбөрийн баримтаар тогтоогдож байна гэж үзсэн боловч тус гүйлгээний баримт нь бараа материалын үнэ барааны үнэ гэх гүйлгээний утгатай байхад зээлийн гэрээний үүрэг шаардаж байгааг нотолж чадахгүйгээс гадна, зээлийн төлбөр эсэхэд эргэлзээтэй, талуудын хооронд ямар гэрээний үүрэг үүссэн нь тодорхой бус байна гэж үзэхээр байхад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-ийн зээл гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь, хэрэгт авагдсан баримт хангалттай бус байхаас гадна, гэрээний төлбөр , зээл гэж тус гүйлгээ хийгдээгүй мөн талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэдгийг юугаар нотолж байгаа нь учир дутагдалтай.

Харин, талуудын хооронд Иргэний хуулийн 492 дугаар зүйл буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байхад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-ийн зээл гэж үзэж, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

4.3. Талуудын хооронд ямар нэгэн гэрээ байхгүй, шаардах эрхээ зөв тодорхойлоогүй, дансны гүйлгээний утга зөрүүтэй байхад уг баримтыг шүүх шүүх үнэлснийг нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүх талуудад эвлэрэн хэлэлцэх хугацаа олгохоос татгалзсан үйлдэл огт гаргаагүй. Уг зээлийн гэрээний маргаан нь 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсэж, үүнээс хойш 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагчаас хариу тайлбар ирүүлсэн. Улмаар 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр анхны шүүх хуралдаан товлож, уг шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмгөөлөгч авах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг нэг өдрөөр хойшлуулсан. Гэвч маргаашийн шүүх хуралдаанд хариуцагч талаас өмгөөлөгч авч амжаагүй буюу авах боломжгүй байсан гэх шалтгаанаар шүүгчээс татгалзсан. Уг татгалзалтай холбогдуулан шүүх хуралдааныг 21 хоногоор хойшилж, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүх хуралдааныг товлосон.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй. Харин, хариуцагчийн хувьд зээлсэн мөнгөө өнөөдрийг хүртэл огт төлөөгүй. Хариуцагч зээлсэн 450,000,000 төгрөгийг төлөхгүй гэж маргадаггүй буюу хариу тайлбартаа уг мөнгийг бүрэн төлнө гэж тайлбар гаргасан. Түүнчлэн, шүүх хуралдааны явцад уг мөнгийг төлнө гэдгээ илэрхийлж байсан боловч анх гаргасан байр сууринаас татгалзаж, өнөөдрийг хүртэл манай компанид хохирол учруулсаар байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 450,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарласан байна.

 

3. *******-ийн ******* тоот данснаас Капитрон банкны 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн төлбөрийн баримтаар *******-ийн Худалдаа хөгжлийн банкны ******* тоот дансанд 450,000,000 төгрөгийг *******-аас бараа материалын үнэ шилжүүлэв гэх утгаар шилжүүлжээ. /хх8/

 

3.1. Талууд Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны өр авлагын тооцоо нийлж, ******* нь 450,000,000 төгрөгийн өглөгтэй гарсан талаар байгууллагын нягтлан бодогч нар гарын үсэг зурж баталгаажуулсан. /хх10/

 

3.2. *******-ийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 68 дугаартай албан бичигт танай компаниас манай уурхайн үйл ажиллагаанд 2024 оны 05 дугаар сард зээлсэн 450,000,000 төгрөгийг сүүлийн саруудын төлөгдөөгүй хүүгийн хамт 2025 оны 06 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахаа үүгээр илэрхийлж байна гэсэн албан бичгийг *******-д хаяглан ирүүлсэн./хх9/

 

4. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

4.1. Талууд зээлийн хэлцлийг амаар хийж, нэхэмжлэгчийн Капитрон банк-ны харилцах данснаас бараа материалын үнэ гэх гүйлгээний утгаар нэхэмжлэгчийн шилжүүлсэн 450,000,000 төгрөгийг хариуцагч тал авсан байна. Хариуцагч талаас 450,000,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны дотор төлөх талаар дээр дурдсан албан бичгийг ирүүлсэн байх ба уг албан бичигт уурхайн үйл ажиллагаанд зээлсэн гэж тодорхойлсон байх тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаатай байсныг нотлогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв.

 

4.2. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ зээлийн гэрээг бичгээр байгуулсан баримтгүй, 450,000,000 төгрөг шилжүүлсэн баримтын гүйлгээний утга нь бараа материалын үнэ гэсэн талаар маргаж байх боловч нэхэмжлэгч талаас хариуцагчийн хүссэнээр гүйлгээний утгыг бичсэн гэж тайлбарладаг.

 

4.3. Түүнчлэн, хариуцагч талаас дээрх төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд эргэн төлөгдөх хуваарь гарган төлж барагдуулах саналыг хүргүүлж, иргэний маргааныг эвлэрлийн гэрээ байгуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байдаг./хх21/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж заасан ба хариуцагчийн дээрх тайлбараас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

4.4. Мөн, хариуцагч талаас талуудын хооронд гэрээний үүрэг үүсээгүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ гэж маргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

5.1. Иймд, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 450,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэнэ.

 

6.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн. /хх16, 21/

 

6.2. 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг шүүгчийн 191/ШЗ2025/47081 дугаар захирамжаар хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан./хх35-36/

 

6.3. 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчөөс шүүгчээс татгалзах тухай хүсэлт гаргасан тул шүүгчийн 191/ШЗ2025/47326 дугаар захирамжаар Ерөнхий шүүгчээр татгалзлыг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хойшлуулсан. /хх38,41-42/

 

6.4. Дээрх хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 191/ЕШ2025/08689 дугаар захирамжаар хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. /хх44-46/

 

6.5. 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүгчийн 191/ШЗ2025/51418 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй. Учир нь, шүүхээс 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш хариуцагч талын хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах эрхээр хангагдсан байх бөгөөд хариуцагч тал нь төлөөлөгч *******д 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шинээр итгэмжлэл олгосон боловч шүүх хуралдаан болох өдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 3 хоногийн хугацаанд хэргийн материалтай танилцах боломжтой байсан ба шүүхээс уг эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Түүнчлэн, шүүх хуралдаан эхлэхээс өмнө материалтай танилцах 15 минутын хугацаа олгосон гэж тайлбарласан. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/10642 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,407,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН

 

ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ