Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/113

 

  

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа

Улсын яллагч Г.Түвшинбаяр

Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Гд холбогдох эрүүгийн 1925000060058  дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.А

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч А.Г-г 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг Жаргалант сумын нутагт дэвсгэрийн авто зам дээр Хьюндэй соната-6 маркийн 85-41 ОРО улсын дугаартай тээвийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 3.5г, 12.1-ийг тус тус зөрчин явган зорчигч С.Гансүхийг мөргөж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Гы мэдүүлсэн: Дүүгээ ажил руу нь хүргэхээр машинтайгаа хөдлөөд булан тойроод уруудаж явахад тэр 2  замын хажуугаар явж байснаа гэнэт урдуур зам руу орж ирсэн. Тэгэхэд нь би тормос гишгэхэд машин гулгаж шарваад тэр хүнийг мөргөсөн. Тэр хүн шал согтуу байсан. Цагдаагийн байгууллагад  мэдэгдэж чадаагүй, эмнэлэгт үзүүлсэн. Эмчилгээний бүх зардлыг төлсөн. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг, болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 6-8-р хуудас/

 

-Хохирогч С.Гансүхийн өгсөн....” 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хамт ажилладаг Бат-Эрдэнэ гэх залуутай ахынд нь очсон. Тэгээд архи уугаад согтсон байсан болохоор би юу болсныг санахгүй байгаа юм ... Бат-Эрдэний ах бид 2-ыг хөөж гаргасан гэсэн. Бид 2 гудамжны шороон замын хажуу хэсгээр явж байхад ах нь Хьюндэй соната-6 маркийн 85-41 ОРО улсын дугаартай тээвийн хэрэгслээр араас шууд ирээд мөргөсөн. Би мөргүүлээд шууд хойшоо савж тархиараа газар унасан. Тэгээд би ухаан алдсан. Бат-Эрдэнийн ах намайг ажлын байран дээр хүргэж өгсөн. Би ажпын байран дээрээ бие гайгүй болохыг хүлээж хэвтсэн. Дараа нь 10 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй Эмчилгээний зардал төлсөн . Би шүүх хуралдаанд оролцохгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р хуудас/

-Гэрч Х.Энхтөрийн өгсөн.....”... гаднаас Баагий нэг танихгүй залуутай согтуу орж ирсэн. Баагийгийн дагуулж ирсэн залуу өмдөндөө шээхээр нь Гандархан ах тэр 2- ыг хөөж явуулсан. Тэрнээс хойш 20-30 минутын дараа Гандархан ах намайг хүргэж өгөхөөр машинаа унаад Жаргалант багийн хойд хорооллын баруун талд байх хүрэн худгийн харалдаа явж байтал зам дээр 2 хүн харагдсан. Гандархан ах тэр 2 хүнийг хараад тормоз гишгэтэл машин нь цасан дээр гулган хөндлөн гулгаж Баагийтай хамт явсан залуу машинд мөргүүлэн хойшоо савж унасан. Би машинаас бууж Баагийгийн биеийн байдлыг асуухад гайгүй гэж байсан. Харин нөгөө залуу газраас босохгүй, ухаангүй дээшээ харчихсан хэвтэж байсан. Би түргэн дуудахаар эмнэлэг рүү гүйж явахад миний өөдөөс түргэний машин ирж байхаар нь шууд ажил руугаа явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/

-Гэрч П.Бат-Эрдэний өгсөн ...” Би хамт ажилладаг Гансүхийн хамт манай хадам ах Гандарханы гэрт очсон. Гандархан ахынд ирхээсээ өмнө Гансүх бид 2 шил архи уусан. ... хадам ах бид 2 дэлгүүр ороод буцаад иртэл Гансүх хадам ах Гандарханы гэрт өмдөндөө шээчихсэн унтаж байсан. Тэгээд би Гансүхийг аваад гэрээс гарсан. Бид 2 сумын төв рүү явж байтал араас саарал өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл шарваж ирээд хаалга хэсгээрээ бид 2-ыг мөргөсөн. Бид 2 мөргүүлээд газар унасан. Би босоод иртэл Гансүх ухаан алдаад уначихсан сэрэхгүй байсан. Бид 2 Жаргалант сумын хойд хорооллоос сумын төв рүү явдаг машин замаар явж байсан. Миний биед гэмтэл учраагүй, бэртэл гэмтэл байхгүй учир шүүх эмнэлэгт үзүүлэхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/

-Гэрч С.Нарантуяагийн өгсөн ...”Нэгдсэн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Гандарханы зүгээс эмчилгээний зардалд тодорхой хэмжээний мөнгө гаргасан. Одоо манай нөхөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд байгаа. Беийн байдлын тухайд хөлөн дээрээ одоогоор явж чадахгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/

-Гэрч С.Энхжаргалын өгсөн .....”Гэтэл нөгөө найз нь сандал дээр сууж байснаа өмдөндөө шээчихсэн. Гэтэл манай нөхөр хүрч ирээд согтуу хүн дагуулж ирлээ гээд Бат-Эрдэнийг загнаж явуулсан. Тэр хоёрыг явсаны дараахан манай нөхөр Энхтөр гэж манайд идэш цуг бэлдсэн залууг гэрт нь хүргэж өгөхөөр машинтайгаа явсан. 30-аад минутын дараа байх манай нөхөр хүрч ирээд Бат-Эрдэнийг нөгөө найзтай нь хамт гулгаж очоод мөргөчихлөө  түргэн дуудаад өгч явуулсан гэж хэлсэн. Манай нөхөр архи дарс огт уугаагүй эрүүл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 53 дугаартай:  С.Гансүхийн биед дагз ба зүүн зулай ясны хугарал, тархины хатуу хальсны доорх цусан хураа, тархины эдийн няцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт, хамрын ясны хугарал зүүн ухархайн дотор хананы хугарал үүсчээ. Дагз ба зүүн зулай ясны хугарал, тархины хатуу хальсны доорх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2. 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хамрын ясны хугарал, зүүн ухархайн дотор хананы хугарал нь хуучин гэмтэл байна, бусад гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. ..” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-25-р хуудас/

 

- Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт: А.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах”, 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим,тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. - Явган зорчигч С.Гансүх, П.Бат-Эрдэнэ нар нь мөн дүрмийн 5.12-д заасан “Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/

Шүүгдэгч А.Гы хохирогч С.Гансүхэд  хохирол төлсөн хохирлын баримтууд  /хх-ийн 50-68-р хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл ,хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны бөгөөд, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Дээрхи хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Г нь  2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 15-16 цагийн орчим Орхон аймаг Жаргалант сумын нутаг дэвсгэрийн гэр хороололын дундхи авто замаар Хьюндэй соната-6 маркийн 85-41 ОРО улсын дугаартай тээвийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим,тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Гансүхийг мөргөж, биед нь дагз ба зүүн зулай ясны хугарал, тархины хатуу хальсны доорх цусан хураа, тархины эдийн няцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт, хамрын ясны хугарал зүүн ухархайн дотор хананы хугарал бүхий хүнд хохирол учруулсан, явган зорчигч С.Гансүх нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-д заасан “Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэсэн заалтыг зөрчиж архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийн зорчих хэсгээр зорчиж явсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч А.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.5г-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчиж осол гарсаны дараа Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, ослын газрыг хамгаалах арга хэмжээ аваагүй болох нь хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, хохирогч яллагдагч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

 Шүүгдэгч А.Гы Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан жолоочийн үүргийг зөрчсөний улмаас хүний биед хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмж хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй, өөрийн хууль зөрчсөн  үйлдлийн улмаас учрах хор уршигт хайхрамжгүй хандсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, зүйлчлэл зөв, хэргийн талаар нотлогдвол зохих байдлууд нотлогдсон байна.

Харин шүүгдэгч А.Гы Замын хөдөлгөөний дүрмийн 3.5г-д заасан осол гаргасан жолоочийн үүргийг зөрчиж осол гарсаны дараа Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, ослын газрыг хамгаалах арга хэмжээ аваагүй эс үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулахгүй, хохирогч С.Гансүхийн биед учирсан гэмтлийн шалтгаант холбоо бүхий нөхцөл болохгүй тул прокурорын яллах дүгнэлтийн энэ хэсэг үндэслэлгүй байна.

Шүүгдэгч А.Г цастай хальтиргаатай замын нөхцөлд, явган согтуу хүмүүс замаар явж байгаад хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан дүгнэлт хийж хурдаа тохируулж яваагүйгээс гадна, осол гармагц Цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул тухайн үед хэргийн  газарт  үзлэг хийж нөхцөл байдлыг тогтоох боломжгүй  болсон байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч А.Г  нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.5г, 12.1-ийг тус тус зөрчин явган зорчигч С.Гансүхийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон. Замын нөхцөлд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүй. Шүүгдэгчийн буруу хангалттай тогтоодсон тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай гэжээ.

Шүүгдэгч А.Г шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж дүгнэлт гаргахдаа:Согтуу 2 хүн гэнэт урдуур орж ирээгүй бол ийм юм болохгүй байсан. Би хурдтай яваагүй, дөнгөж хөдлөөд явж байсан. Гэнэт орж ирэхэд нь тормослоод дарахад гулгаж мөргөсөн. Би санаатай мөргөөгүй боловч мөргөж гэмтэл учруулснаа хүлээж байна. Санамсаргүй л болсон. Би хохирол төлсөн. Тэр хүн ч буруутай тул ялыг хөнгөлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.Гг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.         

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, хохирогчийн хууль бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, баримтаар тогтоогдсон хохирлыг төлсөн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хэрэг  үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхэд саад болох нөхцөлгүй, заавал хорих байгууллагад хүмүүжүүлэх шаардлагатай ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж дүгнэж шийдвэрлэв.

Хохирогч С.Гансүх шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэж шүүхэд мэдэгджээ.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч хохирогчид эмчилгээний зардалд 623,300 төгрөгийн хохирол төлсөн байна. Иймд шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч А.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар А.Гд оногдуулсан эрх хасаж, тэнссэн шийдвэрийн биелэлтэд  хяналт тогтоохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй болохыг дурьдугай.

            7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ