Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2026/00268

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/17920 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******од холбогдох,

 

Гэм хорын хохиролд 3,779,766 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан гэм хорын хохирол буюу эмнэлэгт үзүүлж оношилгоо хийлгэсэн 793,100 төгрөг, эмийн эмчилгээний 87,000 төгрөг, эмнэлэг явахын тулд шатахуунд зарцуулсан 80,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 600,000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас авч чадаагүй цалингийн зөрүү 2,219,666 төгрөг, автозогсоолын төлбөр 41,000 төгрөг, нийт 4,220,766 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын нийлбэр дүн нь 3,820,766 төгрөг болж байгааг тодруулж, үүнээс зогсоолын төлбөр 41,000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 3,779,766 төгрөг болгон багасгасан байна.

3. Хариуцагч нь эмнэлэгт үзүүлж оношилгоо шинжилгээ эмчилгээ хийлгэсэн зардлын баримт нь нэхэмжлэгч *******ын баримт мөн эсэх нь тодорхойгүй, эмчилгээний зардал гэх төлбөрийг хэн хэнд төлж байгаа нь тодорхой бус, нэхэмжилж буй шатахууны зардал нь эмнэлэгт үзүүлэхээр явахад гарсан зардал болох нь тогтоогдохгүй, хөдөлмөрийн чадвар алдсанаас авч чадаагүй цалингийн зөрүүг компанийн тодорхойлолтод үндэслэн нэхэмжилсэн нь үндэслэлгүй, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд үйлчлүүлэгчийн нэр байхгүй, эрүүл мэндийн хохирол шаардаж байгаа бол түүнд өмгөөллийн хөлс орохгүй тул өмгөөллийн хөлс шаардсан нь үндэслэлгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

4. Хариуцагч нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэр, ******* замд ******* маркийн ******* УЕТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа ******* маркийн ******* УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан, ослын улмаас *******ын зүүн шуунд зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон үйл баримт, гэм буруугийн талаар маргахгүй байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжилж буй гэм хорын хохирол нь баримтаар нотлогдож байгаа эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас гэмтлийн эмнэлэгт үзүүлж, оношилгоо хийлгэсэн төлбөр 793,100 төгрөг, эмнэлэгт үзүүлэхэд зарцуулсан шатахууны зардал 80,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 600,000 төгрөг, нийт 1,473,100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүх талуудын зарчмын үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх хэсэгт дүгнэлт өгөхгүй.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хөдөлмөрийн чадвар алдсанаас авч чадаагүй цалингийн зөрүү 2,219,666 төгрөг, эмийн эмчилгээнд зарцуулсан 87,000 төгрөг, нийт 2,306,666 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийн хөдөлмөрийн чадвар алдсанаас авч чадаагүй цалингийн зөрүү 2,219,666 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан хэсгийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээ ослын улмаас *******ын зүүн шуунд зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн зэргийн гэмтэл учирсан, уг хөнгөн зэргийн гэмтлийн улмаас нэхэмжлэгч нь ажил хөдөлмөрөө 2 сар эрхлэх боломжгүй болсон нөхцөл байдал хангалттай нотлогдоогүй, хөдөлмөрийн чадвар алдсаны хугацаа, зэрэглэлийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор тогтоолгох ёстой байсан гэж тайлбарлажээ.

6.1. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвар алдсанаас авч чадаагүй цалингийн зөрүү 2,219,666 төгрөг гаргуулах шаардлагаа нотлох баримт болгож ажил олгогч болох Талх чихэр ХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 5/279 дугаартай тодорхойлолтыг шүүхэд гаргажээ. Уг тодорхойлолтод ... *******ын 2 сарын нийт цалин 5,777,380 төгрөг ба хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж 3,557,714 төгрөг тус ажилтанд олгогдсон нь үнэн болно. Зөрүү мөнгөн дүн 2,219,666 төгрөг болно гэсэн байна.

6.2. Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, уг хугацаанд шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... ******* нь эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан хохирол нийт 4,220,766 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэсэн тайлбарыг бичгээр гаргажээ. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд өөрийн татгалзлаа нотлох чиг үүргийн хүрээнд эргэлзээтэй гэж үзэж буй баримтыг шалгуулах, баримт гаргах болон шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас авч чадаагүй цалингийн зөрүү гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгахгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол гаргуулах шаардлагад хамаарах Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулсан өөрчлөлтийг анхан шатын шүүхийн шийдвэрт оруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/17920 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 510 дугаар зүйлийн 510.1 ... гэсний дараа ... 505 дугаар зүйлийн 505.1 ... гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

 

Б.УУГАНБАЯР