Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/94

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч С.У нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Уд холбогдох эрүүгийн 1925001240095 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн С.У

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч С.У-г 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Л.Бямбаноровын гээгдүүлсэн Самсунг Жи-7 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 490,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.У-ний мэдүүлсэн:Таксинаас утас олсон. Арваад хоног гэртээ байлгаж байгаад Уртцагааны ломбардад 180,000 төгрөгөөр тавьсан. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

-Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/

-Хохирогч Л.Бямбаноровын мөрдөн байцаалтад өгсөн: ...”Миний бие 2018 оны 12 дугаар сарын 21-ний өглөө гэрээсээ гарч “Эрдэнэт” зочид буудлын урдаас

таксигаар ажлын байрандаа хүргүүлсэн юм. Уг машинаар өглөө ажлын байрандаа хүргүүлэхдээ тухайн автомашины арын суудал дээр өөрийн шаргал өнгөтэй Самсунг Жи-7 маркийн гар утсаа орхиж буугаад ажил руугаа орсон байсан. Тэгээд гар утсаа машинд орхиж буусан гэдгээ мэдээд өөрийн гар утас руугаа зөндөө залгасан боловч дуудаж байгаад хэсэг хугацааны дараа холбогдох боломжгүй болсон. ...  Би өөрийн алдсан гэх гар утсаа буцааж хүлээн авсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй шүүх хуралдаанд оролцохгүй  гэх мэдүүлэг /хх-ийн 09-10-р хуудас/

-Гэрч И.Ловонгончигийн мөрдөн байцаалтад өгсөн ...“Би энэ Самсунг Жи-7 маркийн гар утсыг урт цагааны ломбарднаас 2019 оны 1 дүгээр сарын сүүлээр 290.000 төгрөгөөс худалдаж авч байсан. /хх-ийн 13-р хуудас/

 

-Гэрч Д.Мөнхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2019 оны 1 дүгээр сарын сүүлээр шиг санаж байна. Зүс таних Ловонгончиг гэх залууд 290.000 төгрөгөөр Жи-7 маркийн гар утас худалдсан. Би Ловонгончиг гэх хүнд худалдсан Самсунг Жи-7 маркийн гар утсыг мөн зүс таних Уран-Эрдэнэ гэх эмэгтэйгээс авсан. 2019 оны 01 дүгээр сарын дундуур энэ гар утсыг оллоо зарах гэсэн юм гэхээр нь Уран-Эрдэнэ гэх эмэгтэйгээс Самсунг Жи-7 маркийн гар утас худалдаж аваад Ловонгончиг гэх хүнд зарсан юм. Уран-Эрдэнэ гэх эмэгтэй надад уг гар утсыг зарахдаа энэ гар утсыг олсон гэж хэлсэн. /хх-ийн 15-р хуудас/

 

-“Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн №ТХҮ- 518/007 дугаартай дүгнэлтээр Самсунг Жи-7 загварын гар утасны үнэлгээний дүн 490 000 төгрөг гэх дүгнэлт. /хх-ийн 22-25-р хуудас/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн баримт зэрэг эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн байх тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн баримт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.У нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эмнэлэг орохоор таксинд суухдаа хохирогч Л.Бямбаноровын гээгдүүлсэн Самсунг Жи-7 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж “Смарт” барьцаалан зээлдүүлэх газарт 180,000 төгрөгөөр зарж үрэгдүүлэн хохирогчид 490,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна

 Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 490,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Л.Бямбаноровын гээгдүүлсэн Самсунг Жи-7 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөгдсөн, гэм буруугийн талаар маргаагүй. Хохирогч гомдолгүй гэсэн тул Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэсэн саналтай байна гэжээ.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн дүгнэлтэд: 450,000 төгрөгний торгох ялыг зөвшөөрч байна гэжээ.

Хохирогч Л.Бямбаноров шүүх хуралдаанд оролцоогүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгджээ.

Шүүгдэгч С.Уран-Эрдэний энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан завших гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Уран-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.         

Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй,төлөх төлбөргүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч С.У-г Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар С.Уд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сард 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.        

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ