Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 408

 

     Д.Урансүрэн, Ч.Оюун, Ө.Гандолгор нарт

  холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор У.Дэндэвдорж,

ялтан Д.Урансүрэн, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав, Ц.Дэлгэрням,

шүүгдэгч Ч.Оюун, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх,

шүүгдэгч Ө.Гандолгор, түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Оюун, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Урансүрэн, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Ц.Дарьжав, шүүгдэгч Ч.Оюун, шүүгдэгч Ө.Гандолгорын өмгөөлөгч Ч.Энхтөвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Урансүрэн, Ч.Оюун, Ө.Гандолгор нарт холбогдох 2014260001737 дугаартай эрүүгийн хэргийг 2017оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Эрчим овогт Дугаржавын Урансүрэн, 1959 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймаг Мөрөн суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга ажилтай байсан, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 39 дүгээр байрны 4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УЗ59011528/,

2. Булгадар овогт Чойнжуурын Оюун, 1963 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Увс аймаг Цагаанхайрхан суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн инженер, механик, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн мал эмнэлгийн газрын Санхүү аж ахуйн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч ажилтай байсан, ам бүл 8, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 2 дугаар гудамжны 92 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: НЩ63031866/,

3. Амарсайхан овогт Өлзийбуянгийн Гандолгор, 1983 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 34 настай эмэгтэй, дээд боловсролтой, малын их эмч, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн мал эмнэлгийн газарт кассын нярав ажилтай байсан, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 16 дугаар гудамжны 42 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЗП83020600/

1. Д.Урансүрэн нь давтан үйлдлээр Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын давуу байдлаа ашиглан П.Бямбасүрэнгийн хүсэлтийн дагуу 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр түүнийг Нийслэлийн мал эмнэлгийн газарт дээж авагч, хариу олгогч их эмчийн ажилд томилсныхоо төлөө 2011 оны 2 дугаар сар, 2012 оны 2 дугаар саруудад П.Бямбасүрэнгээс 170.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг хонины мах хээл хахуульд авсан,

Ө.Гандолгорын хүсэлтийн дагуу 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр түүнийг Нийслэлийн мал эмнэлгийн газарт аж ахуй, кассын няравын ажилд томилсныхоо төлөө 2011 оны 4 дүгээр сардӨ.Гандолгороос 1.000.000 төгрөгийг Ч.Оюунаар дамжуулан хээл хахуульд авсан, 

2. Ч.Оюун нь Ө.Гандолгортой бүлэглэн Нийслэлийн мал эмнэлгийн газрын Санхүү аж ахуйн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан Нийслэлийн мал эмнэлгийн газрын урьдчилан сэргийлэх, үйлчилгээний орлогоос 2011 оны 6 дугаар сараас 12 дугаар сарын хооронд 12.050.253 төгрөг, 2012 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд 10.701.523 төгрөгийг завшиж, Нийслэлийн мал эмнэлгийн газарт нийт 22.751.776 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, 

3.Ө.Гандолгор нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын аж ахуйн, кассын няраваар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан Нийслэлийн мал эмнэлгийн газрын Санхүү аж ахуйн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Ч.Оюун нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын урьдчилан сэргийлэх, үйлчилгээний орлогоос 2011 оны 6 дугаар сараас 12 дугаар сарын хооронд 12.050.253 төгрөг, 2012 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд 10.701.523 төгрөгийг буюу нийт 22.751.776 төгрөгийг завшихад учрах саадыг арилгаж буюу хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.Урансүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар, Ч.Оюуны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар, Ө.Гандолгорын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Урансүрэнг давтан үйлдлээр бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ч.Оюуныг байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ө.Гандолгорыг байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшихад учрах саадыг арилгаж буюу хамжигчаар оролцон их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар Д.Урансүрэнгээс 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар Ч.Оюуныг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар Ө.Гандолгорыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг хамаарч байх тул Ч.Оюун, Ө.Гандолгор нарын тус бүрт оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Урансүрэнд оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Д.Урансүрэнгийн цагдан хоригдсон 53 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, Ч.Оюун, Ө.Гандолгор нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч байгууллагад Ч.Оюун 11.050.000 төгрөг, Ө.Гандолгор 6.050.000 төгрөгийг төлсөн, Д.Урансүрэн бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ч.Оюунаас 5.651.776 төгрөгийг гаргуулж, Нийслэлийн мал эмнэлгийн газарт олгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Д.Урансүрэнгээс 1.170.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Д.Урансүрэнд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан Д.Урансүрэн тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс надад 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Миний бие авлига авсан гэх хэрэгт зохион байгуулалттай ашиг сонирхол нь нэгдсэн хэсэг бүлэг хүмүүс болох М.Түмэннаст, Ч.Оюун нар 2009 онд, П.Бямбасүрэн 2010 онд, Ө.Гандолгор 2011 онд тус тус Нийслэлийн мал эмнэлгийн газарт хууль, журмын дагуу ажилд томилогдсон. Уг хүмүүсийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргаагүй, байгууллагын эрх ашгийг нэгдүгээрт тавьсны төлөө гүтгэгдсэн. Шалтгаан нь:

            1. Намайг Нийслэлийн Засаг даргын захирамжаар хууль бусаар ажлаас чөлөөлсөн. Уг захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилох шийдвэр гаргасан нь хамгийн том шалтгаан нь юм.

            2. Даргын түр орлон гүйцэтгэгч А.Нарантуяа ажил дээр удаан суух зорилгоор Ч.Оюунаар 1.000.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг өгүүлэхээр ажилд авах шийдвэрийг гаргаж, 1 жилд 10.7 сая төгрөгийн цалин олгосон, ашиг сонирхлын хууль зөрчсөн 1.000.000 төгрөг өгсөн гэж бичүүлсэн М.Түмэннастын хувийн “Туда” ХХК-д 30.0-40.0 сая төгрөгийн санхүүжилт өгдөг 2 хонины мах өгсөн гэж Нийслэлийн мал эмнэлгийн газарт гэж тодорхойлолт бичүүлж авсны төлөө 2014 оны 3 дугаар сарын 20-ны Б/07 тушаалаар их эмчээр томилсон зэргийг баримтад тулгуурлан тайлбарлая.

            3. Анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн шүүх хуралд Ө.Гандолгор Ч.Оюунд 1.000.000 төгрөг өгсөн, Д.Урансүрэн даргад өгөөгүй гэдгээ тогтвортой мэдүүлдэг. Үүнийг М.Түмэннаст “Оюунаар дамжуулж Урансүрэнд өгсөн гэж нарийн бичиж өг” гээд бичүүлж авсан гэж Ө.Гандолгор хэлдэг.

            4. М.Түмэннаст нь “Туда” ХХК-ийн 50 хувь, түүний хүү Т.Нямсүрэн 50 хувь эзэмшдэг, мал эмнэлгийн хувийн компани бөгөөд 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдсөн Нийтийн албаны ашиг сонирхлын зөрчлийн хуулийн холбогдох заалт зөрчсөн тул 2012 оны 7 дугаар сарын 1-нээс урагш 37.1 сая төгрөгийг өгөөд үлдэгдэл 20.0 гаруй сая төгрөгийг холбогдох хуулийн байгууллагад шалгуулж байгаад өгөх талаар албан тоот өгсөн. Уг 20.0 гаруй сая төгрөгийг 2013 оны улсын дансанд үлдээсэн юм.

            5.Ч.Оюун, Ө.Гандолгор, А.Баттогтох нар нь санхүүгийн зөрчил гаргасан тул А.Баттогтохын ажлыг өөрчилж, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн учир Ч.Оюуныг ажлаас чөлөөлсөн. Ө.Гандолгор А.Баттогтох, Ч.Оюун нарын төлбөрийг барагдуулах тушаал, шийдвэрийг Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж байсан.

            6. П.Бямбасүрэнг Наранчимэг, Жавхлан нарын жирэмсний амралттай байх хугацаанд түр хугацаагаар Захиргааны Зөвлөлийн хурлыг үндэслэн ажилд томилсон тул ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа байхгүй.

            7. Яагаад П.Бямбасүрэнг даргын түр орлон гүйцэтгэгч А.Нарантуяа нь 2014 оны 3 дугаар сард орон тооны их эмчээр томилсон. Нийслэлийн мал эмнэлгийн газарт гэж тодорхойлолт бичихдээ гар үсэг нь цэнхэр өнгөөр, дараа нь огноог бичихдээ хар өнгөөр бичсэн байснаас үзэхэд А.Нарантуяа нь 1.000.000 төгрөгийн асуудал мөрдөн байцаалтад буцсан хойно 2015 оны 2 дугаар сард гаргаж өгч, давтан авлига авсан зүйлчлэлийг нэмж 268.2 болгосноос үзэхэд уг хэрэг зохион байгуулалттай гүтгэлэг юм.

   - П.Бямбасүрэн нэг хонины мах хүргэж өгсөн бол манай гэрийн хаягийг мэдэхгүй байх боломжгүй байсан. 

- Хоёр дахь хонины махыг Батбаяр жолоочоор дүү Сэлэнгэд өгөөрэй гэж явуулсан тодорхойлолт бичсэн байдаг. Гэтэл жолооч Батбаярыг 2014 оноос хойш нэг ч асуугаагүй.

- Д.Сэлэнгэ 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр орж хонины мах авсан зүйл байхгүй” гэснийг болон Лхамноржингийн “даргад мах өгөөд хэрэггүй уурлана” гэсэн мэдүүлгүүдийг шүүх үнэлэхгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд П.Бямбасүрэнгээс ямар нэг шан харамж нэхэж байгаагүй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Ө.Гандолгорыг томилохдоо Төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтгүй малын эмч мэргэжилтэй хүн ажилд авсан гэж буруутгасны хариу тайлбарт:

            - Нийслэлийн мал эмнэлгийн газрын үйл ажиллагаа нь төрийн үйлчилгээний байгууллагын бүх ажилчид ТҮ-1-10 ангиллаар цалинждаг бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журамд ажилд орох, чөлөөлөхийг заасан байдаг. Уг журмын дагуу Ө.Гандолгор нь ажилд орохоор баримтаа өгч боловсон хүчний бүртгэлд бүртгүүлсэн. Ө.Гандолгорын материалыг Захиргааны зөвлөлөөр хэлэлцэж, зөвлөлийн гишүүд бүгд зөвшөөрсөн тул няраваар ажилд томилсон тушаалыг “захиргааны зөвлөлийн шийдвэрийг үндэслэж” гэж тодорхой бичиж гаргасан. Ө.Гандолгорыг томилоход ямар нэгэн хууль бус ажил байхгүй...

            Нийслэлийн прокуророос Д.Урансүрэн, Ө.Гандолгор, П.Бямбасүрэн бидний авлига авсан, өгсөн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. А.Нарантуяа нь надад ял оногдуулахаар зорьж ажиллаж байгаа  нь дээрх баримтуудаар нотлогдож байна. Иймд миний гомдлыг хүлээн авч, намайг цагаатгаж өгөхийг хүсч байна...” гэв.

Ялтан Д.Урансүрэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 112 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шийтгэх тогтоол нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, тухайн хэрэгт хамааралтай бичгийн нотлох баримтуудад бодит дүгнэлт хийж чадаагүй, эрх ашгийн зөрчилтэй Ч.Оюун гэгчийн мэдүүлгийг шийтгэх тогтоолын эх сурвалж болгож, Д.Урансүрэнд ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Д.Урансүрэнг Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын албан тушаалаас хууль бусаар чөлөөлсөн. Үүнийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргахад бүх шатны шүүхээс түүнийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж дүгнэж, ажилд нь эргүүлэн тогтоох шийдвэр гарсан. Гэтэл Урансүрэнг ажилд нь оруулах хүсэлгүй бүлэг этгээд түүнийг авлига авсан гэх гэмт хэргийн шинжтэй гомдол гаргасныг Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Мөнгөншагай "гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Үүний дараа Д.Урансүрэнг ажилд нь эргүүлэн тогтоох шийдвэр гарсан. Гэтэл Д.Урансүрэнг Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын ажилд нь эргүүлэн ажиллуулах хүсэлгүй өнөөх бүлэг ээлжит ажиллагаагаа явуулж, эцэст нь дээр яригдсан хэрэгсэхгүй болсон эрүүгийн хэргийг дахин гомдол гаргаж, сэргээлгэсэн.

Д.Урансүрэнгийн ажиллаж байсан албан тушаалыг хаших сонирхолтой Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч А.Нарантуяа нь дээрх 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр 2014 оны 2 дугаар сараас эхлэн, өөрийн ажилтан Отгон, Түмэннаст нараар дамжуулан, тус газарт Д.Урансүрэнгийн удирдлагад орж ажиллаж байхдаа ямар нэгэн ажлын алдаа дутагдал гаргаж байсан ажилчин, албан хаагчдад "Урансүрэнтэй холбоотой өргөдөл, гомдол гарга" гэж санал тавьж улмаар тэднийг удирдан чиглүүлж, тэдэн дотроос нэр бүхий 2 хүнээр тодорхойлолт бичүүлж, Д.Урансүрэнг “нэг сая төгрөг, хоёр хонины мах авилгалд авсан"гэж Авлигатай тэмцэх газарт дахин гомдол гаргасан.

1. А.Нарантуяа нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч албан тушаалаа Урансүрэнд буцаан өгөхгүй, аль болохоор хугацаа хожих, албан тушаалаа ашиглан, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах зорилгоо сайн хэрэгжүүлж буй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Тэрээр байгууллагынхаа хуулийн зөвлөх Д.Отгоныг анх Нийслэлийн мал эмнэлгийн газарт Урансүрэн гуайн удирдлагад ажиллаж байхдаа зөрчил гаргаж байсан Баттогтох гэх залуугаар мөн л Оюунаар дамжуулж, 1 сая төгрөгийг Урансүрэн даргад өгсөн гэж тодорхойлолт бичүүлэн авч, түүнийгээ Авлигатай тэмцэх газарт өгсөн. Гэвч Баттогтох эцэст нь "Д.Отгон гэж хүн Урансүрэн даргын эсрэг өргөдөл бичиж өгөөч, ингэж бичсэний шанд тооцооны нягтлангаар буцааж томилоход чинь тусалъя" гэж хэлсэн талаар, бодит байдал дээр Баттогтох өөрөө хэн нэгэн хүнд авлига өгөөгүй талаараа үнэнийг мэдүүлсэн. Үүнээс үзэхэд Д.Отгоны цаана албан тушаалд тавих эрх мэдэл бүхий субъект тэр хүнийг өөрийнхөө өмнөөс явуулсан болох нь маш тодорхой харагдана. Гэвч Баттогтох үнэн бодит байдлыг мэдүүлсэн тул дахин дараачийн хүнээрээ Гандолгорыг сонгосон.

         2. Ө.Гандолгорыг хүүхдээ сахиад эмнэлэгт хэвтэж байхад орлогч дарга
М.Түмэннаст түүн дээр очиж, "нэг сая төгрөг Оюунаар дамжуулан, Урансүрэнд өгсөн"
гэж бичүүлсэн. М.Түмэннаст нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын орлогч дарга гэх удирдах албан тушаалтан бөгөөд өмнө нь өөрийнхөө байгуулан, ажиллуулж байсан ганц хүний гишүүнтэй “Туда” ХХК-иа Нийслэлийн мал эмнэлгийн газарт ажилд орохдоо өөрийн төрсөн хүүхэд Т.Нямсүрэнгийн нэр дээр шилжүүлсэн. Нийслэлийн мал эмнэлгийн газраас "Туда" ХХК-д жилд дунджаар 40 орчим сая төгрөг шилжүүлсэн байсан. Д.Урансүрэн нь уг ашиг сонирхлын зөрчлийг илрүүлж, зөрчлөө арилгахгүй бол тус мөнгийг “Туда" ХХК-нд шилжүүлэх боломжгүй гэсний улмаас Д.Урансүрэнг гүтгэсэн болох нь тогтоогдож байна. Энэ талаар шалгуулж Сангийн Яамнаас албан бичиг авахуулж, хэрэгт хавсаргуулахаар удаа дараа хүсэлт гаргасан боловч хангаагүй, өөрөөр хэлбэл энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш, зөвхөн нэг талыг барьж явуулсан болох нь харагдаж байна.

3. Ч.Оюун нь Д.Урансүрэнг гүтгэх болсон шалтгаан нь Д.Урансүрэн Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байхдаа Ч.Оюуны удаа дараа "ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ биелүүлээгүй, касснаас бэлэн мөнгө авч байсан тул 2012 оны 9 дүгээр сард ажлаас чөлөөлж, улмаар Ч.Оюуны гаргасан санхүүгийн зөрчил болон кассын мөнгөний дутагдлыг Ч.Оюунаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэвч Улсын Дээд шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Тухайн үед Д.Урансүрэн ажлаасаа чөлөөлөгдсөн байсан тул түүний ажлыг авсан А.Нарантуяагийн зааж зөвлөснөөр хуулийн зөвлөх Д.Отгон нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүгчийн захирамж гарч улсын төсөвт хохирол учруулсан Ч.Оюуныг Нарантуяа нь ажилд нь эрүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гэж 10 гаруй сая төгрөгийг төсвийн хөрөнгөөс олгосон.

4. Д.Урансүрэнг авлига авсан гэх 2 хонины махны тухайд:

Д.Урансүрэн нь П.Бямбасүрэн гэгчийг 2010 оны 11 дүгээр сард Наранчимэгийн оронд түрээр, 2011 оны 5 дугаар сард лаборант-бага эмчээр түр тушаалаар авч ажиллуулж байсан. Ямар нэгэн авлига, хээл хахууль авсан үйлдэл огт байдаггүй. Харин А.Нарантуяа нь түүнийг 2014 оны 3 дугаар сард мэдээ мэдээлэл хариуцсан их эмчийн албан тушаалд, цалин хөлсийг нь нэмэгдүүлж, үндсэн орон тоонд авч ажиллуулсан. Гэтэл тухайн үед лаборант эмч Лхамноржингоор дамжуулсан гэсэн боловч Лхамноржингийн мэдүүлэг, мөн мах хүргэж өгсөн гэх хүн нь Д.Урансүрэнгийн гэрийг мэдэхгүй байсан. Өөрөөр хэлбэл мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, Д.Урансүрэнд хэн нэгэн хүн авилгалд 2 хонины мах хүргэж өгөөгүй болох нь хангалттай нотлон тогтоогдож байна.

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасан "Уг гэмт хэргийг хэн үйлдсэн" талаар нарийвчлан шалгаагүй, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх нь эргэлзээтэй, үнэхээр гэм буруутан нь Ч.Оюун уу, Д.Урансүрэн үү гэдгийг нягталж шалгаагүй орхигдуулсан.

Иймд анхан шатны шүүхийн 112 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү...” гэв.

Ялтан Д.Урансүрэнгийн өмгөөлөгч Ц.Дарьжавын гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Д.Урансүрэнг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулсан нь үндэслэлгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад хээл хахуул авах гэмт хэргийн объектив талын зайлшгүй байх шинж болох албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг Урансүрэн хийж хахууль авсан үйлдлээр уг гэмт хэргийн объект болох албаны эрх ашигт халдаж энэхүү гэмт хэргийн объектив шинж бий болсон хэмээн үзэхээргүй байна.

Нэг. Д.Урансүрэн нь Ч.Оюунаар зуучлуулж Гандолгороос 1.000.000 төгрөгийн хээл хахууль авсан гэх хэргийн тухайд:

Шийтгэх тогтоолын дүгнэлт гэх хэсэгт “Д.Урансүрэн нь малын их эмчийн үндсэн мэргэжилтэй Ө.Гандолгороос 1.000.000 төгрөгийг Ч.Оюунаар зуучлуулан төрийн жинхэнэ албанд ямар нэг сонгон шалгаруулалт зарлан явуулахгүйгээр 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 34 дүгээр "ажилд томилох тухай" тушаал гарган хээл хахууль өгөгч талын ашиг сонирхлын үүднээс төрийн албанд томилсноор гэмт үйлдэл ньтогтоогдож байна” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

1. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасанчлан Гандолгорын томилогдсон ажил алба нь төрийн үйлчилгээний алба учир хөдөлмөрийн гэрээгээр ажиллана. Гандолгорын томилогдсон гэх орон тоонд ажилтан авахад сонгон шалгаруулалт зарлах хуулийн шаардлага байхгүй, хэнийг нь ажилд авахыг Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Гандолгорыг ажилд томилох хамтын шийдвэр гаргасны үндсэн дээр Урансүрэн байгууллагын дарга гэдэг утгаараа тушаал гаргасан нь хууль зөрчөөгүй байна. Энэ талаар Ч.Оюуны "Ө.Гандолгорыг анх няравын орон тоонд хүн ажилд авна гэсэн зарын дагуу анкет бөглөж өгсөн хүмүүсийн анкетыг үзэж байгаад малын их эмч, санхүү эдийн засгийн дээд сургууль төгссөн хос дээд мэргэжилтэй учраас би сонгож захиргааны зөвлөлд санал болгон Урансүрэн дарга ажилд авсан" гэх мэдүүлэг, Ө.Гандолгорын ХААИС болон СЭЗДС төгссөн дипломын хуулбар, Ө.Гандолгорын хөдөлмөрийн гэрээ, гэрч Баттунгалагийн мэдүүлэг хэрэгт авагдсан байхад шүүх "малын их эмчийн үндсэн мэргэжилтэй Ө.Гандолгорыг төрийн жинхэнэ албанд ямар нэг сонгон шалгаруулалт зарлан явуулахгүйгээр төрийн албанд томилсон" хэмээн хууль бусаар дүгнэж, Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасан гэмт хэргийн "албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, хийхээр амласан" байх үндсэн шинжид хамааруулахыг оролдсон нь үндэслэлгүй болжээ. Д.Урансүрэн нь нягтлан Оюуны судалж санал болгон захиргааны зөвлөлийн хурлаар ажилд авах шийдвэр гаргасан Гандолгорыг ажилд томилж, тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн холбогдох заалт болон захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэс болгосон нь хууль зүйн дагуу байх ба албан ажлын эрх ашигт халдсан хуулиар хориглосон үйлдэл хийгээгүй нь харагдаж байна.

Д.Урансүрэн нь Ө.Гандолгороос 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Оюунаар зуучлуулан хээл хахууль өгөгч талын ашиг сонирхлын үүднээс төрийн албанд томилж авсан гэж шүүх дүгнэхдээ хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг үнэлэх хуулийн шаардлагыг баримтлаагүй байна. Тухайлбал:

Сэжигтэн Гандолгорын "..Оюун надад хэлэхдээ 1.000.000 төгрөг өгч ажилд ордог, даргад дамжуулж өгнө гээд авч байсан, би бэлнээр 1.000.000 төгрөг Ч.Оюун нягтланд өгсөн", шүүх хуралдааны явцад шүүгдэгч Гандолгор "хүүхэд өвдөөд эмнэлэгт хэвтэж байхад Түмэннасан эмч эмнэлэгт ирж надтай уулзаад 1.000.000 төгрөгийг Оюун нягтлангаар дамжуулж, Урансүрэн даргад өгсөн гэж бич гэхээр нь би дамжуулж өгснийг нь хараагүй шүү дээ гэхэд тэгээд биччих гээд бичүүлж авсан" гэж мэдүүлсэн, гэрч Б.Оюунцэцэгийн "..нягтлан Оюун Урансүрэн даргад өгнө гээд надаас 1.000.000 төгрөг авч ажилд оруулсан гэж Гандолгор хэлсэн би гайхаад л өнгөрсөн" гэх мэдүүлгүүд нь Гандолгороос нягтлан Оюун 1.000.000 төгрөг авсан гэдгийг нотлох болохоос Оюун цааш нь дамжуулж Урансүрэнд өгснийг нотлохгүй. Энэ мөнгийг Ч.Оюун авсан байх талтайг шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй

Хоёр. Шийтгэх тогтоолын дүгнэлт гэх хэсэгт Д.Урансүрэн нь Бямбасүрэнг ажилд томилж түүнээс 2 хонь авснаа үгүйсгэдэг боловч гэрч Пүрэвцэрэн болон Бямбасүрэнгийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна хэмээн үзсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжид нийцэхгүй байна.

1. Д.Урансүрэнг хээл хахуулийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэхдээ шүүх Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн "...Би 2010 онд Нийслэлийн мал эмнэлгийн газарт ажилд орохдоо эмч Лхамноржингоор хэлүүлж ажилд томилогдсон. 2011 оны 2 сард Лхамноржин эмч өрөөнд хамт байхдаа чамайг Д.Урансүрэн дарга ажилд томилсон, чамаас юм авахгүй гэсэн, хүмүүс ажилд орохын тулд даргадаа юм өгч ордог болсон цаг юу бодож байна гээд хэлээд байхаар нь cap шинийн баярын өмнө эр хонины мах Урансүрэн даргын гэрт Эрдэнэ-Очиртой хамт хүргэж өгсөн. 2011 оны 5 сард Наранчимэг ажилдаа буцаж ороод намайг ажилгүй болсон байхад ажлаас Баярмаа утасдаад ажилдаа ор гээд орсон байтал Лхамноржин эмч Д.Урансүрэн дарга орон тоо гаргаж ажилд чинь буцааж авлаа чи юм бодож байгаа биз дээ гээд байхаар нь 2012 оны 2 дугаар сард хөдөөнөөс хонь ирэхээр нь М.Батбаяраар авахуулж ажил дээр ирээд Д.Сэлэнгээд өгч явуулсан гэх мэдүүлгийг үндэс болгожээ.

- Бямбасүрэн нь ажилд орсноос хойш жилийн дараа Лхамноржин гэх хүний сануулж хэлсний дагуу Д.Урансүрэн даргад 2 хонины мах өгсөн тухай мэдүүлдэг боловч шүүх хуралдааны үед та хонины махаа хүргэж өгсөн гэж мөрдөн байцаалтад хэлсэн тул Д.Урансүрэнгийн гэр хаана байдаг вэ гэх шүүгчийн асуултад буруу хариулж, Урансүрэнгийн байр, давхар, хаалганы дугаарыг мэдэхгүй огт өөр зүйл ярьсан байдал, хамт явсан гэх Эрдэнэ-Очир нь Бямбасүрэнгийн гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн биш атлаа мэдүүлэг өгөхөөс татгалзсан, 2 дахь хонины махаа Батбаяраар авахуулж Сэлэнгээр явуулсан гэсэн ч тэд үүнийг нь нотлоогүй зэргээс харахад эргэлзээтэй хангалттай баримтаар тогтоогдоогүй байна.

Шүүх гэрч Сэлэнгийн мэдүүлгийг үнэлээгүй шалтгаанаа Д.Урансүрэнгийн төрсөн дүү гэж, Лхамноржин нь энэ хэрэгт сэжигтнээр шалгагдаж байсан хэмээн заасан нь хууль зүйн үндэслэлгүй. Лхамноржин энэ хэрэгт хээл хахууль зуучлах буюу Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлд сэжигтнээр шалгагдахдаа Урансүрэн 2 хонины мах хээл хахуульд авахад нь зуучилсан асуудал байхгүй талаарх удаа дараагийн мэдүүлэг нь гэрч Сэлэнгийн мэдүүлгээр давхар нотлогдсон учир цагаатгах талын баримтаар үнэлэгдэх байхад үнэлээгүй нь шүүх хэт яллах талыг баримталж байгааг харуулна. Гэрч Пүрэвцэрэн нь Лхамноржингийн утсаар ярь гэснийг Бямбасүрэнд дамжуулж хэлсэн. Бямбасүрэнд 2 хонины мах Урансүрэнд өгсөн гэх асуудлыг мэдэхгүй гэж мэдүүлснийг нотлох баримтаар үнэлж, Урансүрэн хахууль авсан нь тогтоогдсон гэх боломжгүй.

Д.Урансүрэн нь 2010 онд ажилд авсан асуудал жил гарангийн хугацааны дараа өгсөн хэмээн яригдсан асуудалтай хэрхэн холбогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй хэмээн дүгнэж ял оногдуулаад байгаа нь огт ойлгомжгүй. Энэ нь "Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан" гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулахгүй байгаа болно. Өөрөөр хэлбэл хээл хахууль өгөгч гэх Бямбасүрэнгийн ажилд орох ашиг сонирхол хонины мах өгсөн гэх цаг хугацаанаас өмнө хэрэгжээд ажилдаа орсон болох нь тогтоогдсон, Д.Урансүрэн дарга хонины мах авахаар урьдчилан амласан асуудал тогтоогдоогүй, албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл гүйцэтгэх ёсгүй ямар үйлдэл хийсэн нь нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцон ял оногдуулсан нь үндэслэлгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулсан болж байх тул Д.Урансүрэнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

            Шүүгдэгч Ч.Оюун тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй, шалгавал зохих зүйлийг шалгаагүй, хэргийн бодит байдлыг гүйцэд шалгаж зөв тогтоогоогүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргасан.

Нийслэлийн мал эмнэлгийн газар нь 2011, 2012 онуудад нийт 22.751.776 төгрөгөөр хохироогүй болох нь уг байгууллагын санхүүгийн жилийн тайланд тусгагдсанаар нотлогдсоор байна. Үүнд ач холбогдол өгөхгүй хуйвалдаанаар үйлдэгдсэн хуурамч актуудыг үндэслэн нэг ч төгрөг хувьдаа завшаагүй намайг сэтгэл санаа болон эд хөрөнгийн хохиролд оруулж байна. Нийслэлийн мал эмнэлгийн газартай холбоотой маргаан, хуурамч баримт, бичгүүд үйлдэгдсэнийг шалгахгүйгээр энэ хэргийн үйл явцыг тогтоох боломжгүй гэдгийг удаа дараа шүүхийн хэлэлцүүлэгт яригддаг. Миний бие нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын санхүүгийн баримтууд болон аудитуудын гаргасан дүгнэлт, актуудын үнэн зөв бодитой эсэхийг мэргэжлийн үүднээс нягтлан шалгаад асуудалд бодит дүгнэлт гаргах байх гэж Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн санхүү эдийн засгийн хэлтсийн шинжээчид найдаж байсан. Гэтэл ийм ажиллагаа огт хийгдсэнгүй. Шүүхийн шинжилгээний хүрээлэн нь Мал эмнэлгийн газрын санхүүгийн баримтад огт шинжилгээ хийгээгүй болох нь дараах хэд хэдэн баримт, үндэслэлээр нотлогдож байна.

           - 2012 оны 2 дугаар сард 920 мянган төгрөгийн залруулан бичилтийг хийж холбогдох баримтыг хавсаргасныг тооцоонд огт тусгаагүй байгаагаар нотлогдож байна. Энэ нь дутагдлыг 920.000 төгрөгөөр өсгөж байна. Надад тухайн үед хийж байсан ажил, баримтуудаа харах боломжгүй байгаагаас олон жилийн дараа бүгдийг санахгүй, заримыг нь санаж байгаа ч огноог нь тодорхой санахгүй болохоор хавтаст хэрэгт авагдсан тооцоотой тулгаж үзэх боломжгүй байна.

           - Б.Наранчимэг эмчийн 2011 онд хийсэн тайланг харилцах дансны хуулгатай тулгаж шалгаагүй нь Наранчимэгийн тооцоо бодсон актын баруун хэсэгт төлбөрийг /орлогыг/ харилцахаар 6.187.795, кассаар 4.886.308 гэснийг хараагүй байгаагаар нотлогдож байна.

           - 2011 оны лабораторийн шинжилгээний орлогыг тогтоохдоо харилцах дансаар орсон орлого, кассаар орсон орлого 2-ыг нэгтгэж кассаар орох орлогод тооцож, зөрүү гаргасан “Кординат аудитын” дүгнэлтийг үндэслэлтэй гэж Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээч буруу дүгнэсэн нь анхан шатны баримтыг үзэж шалгаагүйг гэрчилж байна.

           - 2012 онд кассын машины бичилтийн зөрүү гэж 6.999.490 төгрөг гаргасан нь харилцахын хуулгатай тулгахад үнэт цаасны орлого, шинжилгээний орлого гэсэн нэрийн хувьд зөрүүтэй боловч мөнгөн дүнгээрээ зөрүүгүйгээр тулж таарч байгааг баримтыг үзсэн бол олохоор л байсан.

           - Хавтаст хэрэгт авагдсанаар кассын няравын тайлангийн орлогыг тодорхойлох тооцооллууд нь байдаг боловч зарлагыг тооцох тооцооллууд нь авагдаагүй тул Нийслэлийн мал эмнэлгийн газрын баримтыг заавал үзэж шалгах байсан. Хэрвээ үүнийг үзэж нягтлан шалгасан бол зөрүү гарахгүй байсан.

           - Шинжилгээний орлогыг тодорхойлоод байгаа эмч нарын тайлангийн үнэн зөвийг огт шалгаагүй, аль ч аудитын дүгнэлт, акт, мэргэжлийн хяналтын газрын актыг бодит баримттай нь тулгаж, шинжлэн тогтоож, асуудалд мэргэжлийн үүднээс хандаагүй нь шинжээчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон мэдүүлэгт тодорхой байгаа болно.

            2011 оны санхүүгийн үйл ажиллагаанд гэрээт аудит хийсэн “В&С” аудитын компанийн дүгнэлт, мөн Хүнс хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Мониторингийн газраас 2013 онд 2011, 2012 онуудын санхүүгийн баримтад хийсэн шалгалтын дүгнэлтүүдээр Нийслэлийн мал эмнэлгийн газар нь дутагдалгүй гарч байсан. Эдгээр шалгалтаар дутагдал гараагүй байтал Д.Урансүрэн, А.Нарантуяа нарын хүсэлтээр хийгдсэн аудитын дүгнэлт, актаар дутагдал гараад байгаа нь ойлгомжгүй, эргэлзээтэй байна. Энэ байдалд мэргэжлийн зүгээс шинжилгээ хийж бодит баримтад тулгуурласан зөв үнэлэлт дүгнэлт хийгээгүй, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид гомдолтой байна. Шинжээч ажилдаа хайнга хандсанаас намайг хохироож байна. Анхан шатны баримтад дахин шинжээч томилж шинжлүүлэн бодитой дүгнэлт гаргуулахыг хүсч байна. Манай байгууллага орлогоо хугацаанд нь тушаадаггүй зөрчил гаргадаг байсан боловч огт тушаахгүй дутагдуулж, үрэгдүүлж байгаагүй. Тооцоог нь бодож байсан нягтлангийн хувьд няраваа мөнгө хувьдаа завшаагүй болохыг нь мэдүүлснийг мушгиж намайг хувьдаа авснаар шүүж байгаад гомдолтой байна.

            Нярав Ө.Гандолгор нь миний өрөвч зөөлөн сэтгэлийг ашиглаж, намайг ажлаас халснаа зөвтгөх гэж намайг буруутгаж буй хүмүүстэй үгсэн хуйвалдаж, үнэнийг хэлэхгүй, өөртөө байгаа баримтуудаа гаргаж ирэхгүй байгаа нь, бэлэн мөнгийг гардан хариуцаж байсан хүнийхээ хувьд дотоод аудитаар шалгуулахдаа зориудаар хайнга хандсан нь маш их эргэлзээ төрүүлж байна. Мөн Ө.Гандолгор нь дутагдалд тааруулан хар дэвтрийн хуулга үйлдэж хавтаст хэрэгт өгснөөр намайг дээрх дутагдлыг хувьдаа завшсан гэж үзэж байгаад гомдолтой байна.

            Хохирогчийн төлөөлөгч ня-бо Мягмарсайханы шүүх хуралдаанд мэдүүлснээр Нийслэлийн мал эмнэлгийн газар нь Төсвийн тухай хуулийн дагуу тухайн жилийнхээ батлагдсан төсөвт тохируулан үйл ажиллагаа явуулдаг, урьд оны өр авлагыг тайлан балансдаа тусгадаггүй гэснээр хохирогч биш гэдэг нь тодорхой байхад яагаад хохирогч болоод байгаа нь ойлгомжгүй байна.

Намайг ажиллаж байх үед кассын бэлэн мөнгөнөөс даргын зөвшөөрлөөр зарцуулаад эргээд тухайн сард нь эсвэл эрх батлагдах хүртэл хугацаагаар хойшлуулан төлөлт хийдэг зүйл байсан боловч огт төлөгдөөгүй тохиолдол байгаагүй. Нярав Ө.Гандолгорын тайлан болон мөнгө олгохыг хүссэн өргөдөл зэргийг үндэслэн тооцоог хийдэг байсан. Надад нэг ч хувь баримт үлдээгүй. Энэ бүх асуудал эхлээд Урансүрэн даргын хувийн ашиг сонирхлыг бүрэн биелүүлээгүйгээс үүсч ажлаас халагдан, ингэхдээ Д.Урансүрэн даргаас гуйхгүйгээр ажилд эргүүлэн тогтоолгохоор шүүхэд хандсаны улмаас ажлаас үндэслэлгүй халсан шалтгаанаа зөвтгөхийн тулд хуурамч баримт бүрдүүлж, миний буруу мэт ойлгуулах ажиллагаа явагдсан. Одоогийн дарга А.Нарантуяа нь холбогдох баримтуудыг гаргаж өгч шалгуулахгүй, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бодит үнэнийг хуулийн байгууллагаар тогтоолгохгүй байна. Удирдлагаас өгсөн үүргийг биелүүлэн, тэдний дарамтад ажиллаж байгаад хувьдаа нэг ч төгрөг завшаагүй атлаа хохирч байгааг минь тогтоож өгөхийг хүсч байна...” гэв.

Шүүгдэгч Ч.Оюуны өмгөөлөгч З.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нотлогдож чадаагүй. Ч.Оюуны үйлдлийг нотолсон гэж үзэж байгаа шинжээчийн дүгнэлтүүд нь өрөөсгөл тул хэргийг дахин шалгуулъя гэсэн өөрийн үйлчлүүлэгчийн байр суурийг дэмжиж байна. Санхүүгийн тайлан нь аливаа байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны толь байдаг. Дутагдсан мөнгө гэж тайланд тусгагдсан зүйл байхгүй. Шинжээч ямар баримтад тулгуурлан дүгнэлт гаргасан бэ гэдэг нь тодорхойгүй байна. Дүгнэлт гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оруулсан. Шинжээчээс “хохирогч байгууллага хохирлоо нотолсон санхүүгийн анхан шатны ямар баримт өгсөн бэ, ямар тайлан танд ирүүлсэн бэ” гэж асуухад “Энэ хэргийн хамт нэг ч баримт ирээгүй” гэх байдлаар хариулсан. Энэ хохирлыг нотолсон хохирогч байгууллагын гаргаж өгсөн баримт, мөрдөн байцаагчийн өөрийн цуглуулсан баримтууд яагаад байхгүй байна вэ. Эдгээр баримтад тулгуурлаж бодит хохирлын талаар ярих ёстой. Шинжээч дүгнэлтдээ шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн албан шаардлага үндэслэлтэй гэсэн. “Албан тушаалтнуудын баримт үндэслэлтэй байж болно. Гэтэл тэр нь ямар санхүүгийн анхан шатны баримтад тулгуурласан бэ. Үүнийг та тодруулсан уу” гэж асуухад шинжээч огт хариулахгүй байсан. Прокурор Ч.Оюуныг 2012 оны 6 дугаар сараас 12 дугаар саруудад гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлтдээ бичсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтийг миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа хугацааны өмнөх үе буюу 2012 оны эхний хагас жилийн тайлан баримтад үндэслэн гаргасан байдаг. Хийгдсэн ажил, зарлагын гүйлгээг үзээгүй атлаа кассын тайлан, орвол зохих орлогын дүнг нэмж орвол зохих орлого ороогүй байна гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Ч.Оюун нь байгууллагын хөрөнгийг завшсан эсхүл үрэгдүүлсэн юм бол шүүгдэгч нарын хэн нь ямар хэмжээгээр хохирлыг хариуцах ёстой вэ гэдэг асуудал яригдана...” гэв.

 

Шүүгдэгч Ө.Гандолгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна, нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүгдэгч Ө.Гандолгорын өмгөөлөгч Ч.Энхтөвшин гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Ө.Гандолгорыг байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшихад учрах саадыг арилгаж буюу хамжигчаар оролцон их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ө.Гандолгор нь өөрөө уг хэргийг санаатай үйлдээгүй ба кассанд тушаасан орлогын мөнгийг ерөнхий ня-бо Ч.Оюун загнаад тушаалгадаггүй байсан нь гэрч Оюунцэцэгийн мэдүүлгээр нотлогддог. Энэ аргагүй байдлаас болж хар дэвтэрт Ч.Оюунд мөнгө өгсөн талаар тэмдэглэл хөтөлсөн болох нь нотлогдсон. Ө.Гандолгор нь өөрийн удирдлага болох ерөнхий ня-бо Оюуны дарамт шахалтаас болж дансанд мөнгө тушааж чадаагүй бэлнээр Ч.Оюунд өгч байсан. Ө.Гандолгор нь уг мөнгийг өөртөө авч ашиглаагүй, завшаагүй байхад түүнийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан ба хэдийгээр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлсэн боловч шүүхээс ял шийтгүүлж байсан гэснээр залуу хүн дахин ажилд орох, мэргэжлээрээ ажиллах бололцоогүй болгож, хохироход хүрч байгааг шүүхээс анхаарсангүй. Иймд Ө.Гандолгорын үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор У.Дэндэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...  Д.Урансүрэнгийн хувьд давтан үйлдлээр бусдаас авилга авсан үйлдэл нь тогтоогдсон. Тэрээр эхний удаад Ө.Гандолгороос 1.000.000 төгрөг авсан. Ө.Гандолгор, Бямбасүрэн нар Д.Урансүрэнд авилга өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ө.Гандолгор нь 1.000.000 төгрөгийг Ч.Оюунаар дамжуулан Д.Урансүрэнд өгсөн бөгөөд Ч.Оюуны авилга авахад зуучилсан үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ч.Оюун нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт буруутгагдсан бөгөөд дээрх нөхцөл байдлууд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Ч.Оюун нь шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан гэдэг. Түүний үйлдэлд холбогдуулан санхүүгийн шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн акт гарсан бөгөөд эргэлзээтэй гэх зүйл байхгүй. Шинжээч 2011, 2012 оны санхүүгийн баримтад үндэслэн дүгнэлт гаргасан. Шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, өөрсдийн алдаа дутагдлыг арилгаж, хохирол төлж байсан ч сүүлийн шүүх хуралдаанаас эхлэн өөрийгөө ямар нэг алдаа дутагдал гаргаагүй гэх болсон. Шүүгдэгч нар 5.000.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа. Гандолгорыг хэрэгт оролцсон нөхцөл байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэж үзсэн. Тэрээр мөрдөн байцаалтын шатанд хэргийн нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж байсан ч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрийн үйлдэлд маргасан. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

            Шүүгдэгч Ч.Оюун нь Ө.Гандолгортой бүлэглэн Нийслэлийн мал эмнэлгийн газрын Санхүү аж ахуйн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан Нийслэлийн мал эмнэлгийн газрын Урьдчилан сэргийлэх, үйлчилгээний орлогоос 2011 оны 6 сараас 12 дугаар сарын хооронд 12.050.253 төгрөг, 2012 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд 10.701.523 төгрөгийг завшиж, Нийслэлийн мал эмнэлгийн газарт нийт 22.751.776 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Ө.Гандолгор нь дээрх Ч.Оюуны үйлдэлд хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;   

            Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн мал эмнэлгийн газрын “2011 оны тайлант жилд тушаавал зохих нийт орлого нь 116,1 сая төгрөг байхад кассад тушаасан бэлэн мөнгөний орлого 104,1 сая төгрөг буюу 12,1 сая төгрөгөөр дутуу тушаагдсан” гэх “Координат аудит” ХХК-ийн 2012 оны 048/12 дугаар тайлан /1 хх 164-171/,

            Дээрх “Дутагдуулсан кассын мөнгийг төлүүлэх тухай” Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 02-08-37/42 дугаар акт /1 хх 172/,

            Тус газрын “2012 оны кассын санхүүгийн тайланг шалгахад кассын машины бичилтийг кассан тайлантай тулгаж шалгахад 6,999,490 төгрөгийн орлогыг кассын тайланд оруулаагүй нь тогтоогдлоо. Мөн кассын орлогыг байгууллагын Төрийн сан дахь харилцах дансанд тушаасан орлоготой тулгахад 3,702,033 төгрөгийг дутуу тушаасан байна. Аудитын шалгалтаар илэрсэн дээрх 10,701,523 төгрөгийг тус газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Ч.Оюун хувьдаа ашигласнаа хүлээн зөвшөөрч, 2012 оны 12-р сарын 27-нд 5,000,000 төгрөгийг тус газрын 200019001 тоот дансанд тушаасан байна” гэх “Акпар аудит” ХХК-ийн 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 302 дугаар тайлан,

            Нийслэлийн аудитын газрын 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 01/22 дугаар акт /1 хх 178/,

            дээрх тайлан, акт, дүгнэлтүүдийг үндэслэлтэй болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар дүгнэлт /1 хх 186-190/, уг дүгнэлтийг гаргасан шинжээч Ц.Оюунтуулын мэдүүлэг /1 хх 191/,     

            С.Туяагийн “Намайг Нийслэлийн мал эмнэлгийн газрыг төлөөлөн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилсон. Тус газрын урьдчилан сэргийлэх, эмчлэх үйлчилгээг төлбөртэйгээр явуулдаг бөгөөд үйлчилгээний орлого улсын төсвийн дансад шууд тушаагддаг. Гэтэл 2011 онд 12,1 сая төгрөг, 2012 онд 10,7 сая төгрөг дутуу тушаагдсан нь санхүүгийн шалгалтаар нотлогдож байгаа тул буруутай хүмүүсээс нь хохирлоо нэхэмжилж байна” гэсэн хохирогчийн төлөөлөгчийн мэдүүлэг /1 хх 124/,

            П.Дэмбэрэлнямын “2011 оны тушаавал зохих 12,1 сая төгрөгийн асуудлаар Координат аудитын газраас илэрсэн мөнгө. Тэгээд сая 2014 оны 1 дүгээр сард Мэргэжлийн хяналтын шалгалтаар нөхөн төлүүлэх акт гарсан. Тухайн үед даргаар Д.Урансүрэн, кассын няраваар Гандолгор, нягтлангаар Оюун, тооцооны нягтлангаар Баттогтох гэж хүмүүс ажиллаж байсан. 2012 оны шинжилгээний орлогоос 10,7 сая төгрөгийн асуудал мөн энэ жил 2014 оны 1 дүгээр сард Мэргэжлийн хяналтын шалгалтаар 1 сая төгрөгийн дутагдалтай гэж илэрч нөхөн төлүүлэх акт тавигдсан. Өмнө нь 2012 онд “Акпар аудит” шалгалт хийж байсан. Тэр шалгалтаар 10,7 сая төгрөг илэрсэн юм” гэсэн гэрчийн мэдүүлэг /1 хх 127/,

            Н.Лонжидийн “Нийслэлийн мал эмнэлгийн газрын 2011, 2012, 2013 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж шалгалтын дүнг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэсэн. Шалгалтаар 2011 онд 12,1 сая төгрөгийн, 2012 онд 1 сая төгрөгийн зөрчил илрүүлж нийт 13,1 сая төгрөгийн акт тогтоосон. ...”Акпар аудит” ХХК нь 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд нь аудитын шалгалт хийж 10,7 сая төгрөг зөрчил илрүүлж дүгнэлт бичсэн, мөн Нийслэлийн аудитын газраас шалгаж 2013 оны 2 дугаар сарын 5-ны өдөр акт тогтоосон байсныг нягтлан бодогч Ч.Оюун эсэргүүцэж Баянгол дүүргийн шүүхэд хандаж 5,701,523 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 5 сая төгрөгийн зөрчлийг үндэслэлтэй гэж үзсэн. Үүний дагуу Ч.Оюун 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 4 сая төгрөг төлж, 1 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Ч.Оюун нь 2012 оны зөрчил 10,7 сая төгрөгийг хувьдаа авч ашигласнаа хүлээн зөвшөөрч 5 сая төгрөгийг төлсөн. 2011 оны 12,1 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Дээрх орлогын мөнгийг нягтлан бодогч Ч.Оюун, нярав Ө.Гандолгор болон дарга Д.Урансүрэн нар хариуцаж төлбөрийг барагдуулах үүрэгтэй” гэсэн гэрчийн мэдүүлэг /1 хх 156/,

            Б.Оюунцэцэгийн “нярав Гандолгор бид хоёр нэг өрөөнд хамт суудаг байсан. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эм авах нөхцөлд касс нярав Гандолгорт мөнгөө өгч бичүүлээд надад талоноо өгөөд эмээ авдаг. Би бэлэн мөнгөтэй харьцдаггүй. Харин Гандолгор эм зарсны төлбөр, шинжилгээний орлого гэсэн мөнгөнүүд цуглардаг байсан. Уг мөнгөнөөс ерөнхий нягтлан бодогч Ч.Оюун надад мөнгө хэрэгтэй байна, дарга Урансүрэн мөнгө аваад ир гэж байна, бараа худалдан авах хэрэгтэй байна гэх мэтээр удаа дараа нярав Гандолгороос бэлэн мөнгө аваад зарим үед мөнгө буцааж өгч байсан. Хэдэн төгрөг аваад хэдэн төгрөг буцааж өгч байсан талаар мэдэхгүй” гэсэн гэрчийн мэдүүлэг /1 хх 160/,

            Ө.Гандолгорын “кассын орлогоос нягтлан бодогч Ч.Оюун авч байсан” тухайгаа мэдүүлсэн мэдүүлэг болон энэ талаарх шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Шүүх шүүгдэгч Ч.Оюун, Ө.Гандолгор нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн болон өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн, тэдэнд холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.  

                Шүүгдэгч Ч.Оюун нь “...Шүүхийн шинжилгээний хүрээлэн нь Мал эмнэлгийн газрын санхүүгийн баримтад огт шинжилгээ хийгээгүй дүгнэлт гаргасан тул хүлээн зөвшөөрөхгүй...”, шүүгдэгч Ө.Гандолгорын өмгөөлөгч Ч.Энхтөвшин  “...Ө.Гандолгор нь дансанд мөнгө тушааж чадаагүй бэлнээр Ч.Оюунд өгч байсан. Ө.Гандолгор нь уг мөнгийг өөртөө авч ашиглаагүй, завшаагүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байх ба хавтаст хэрэгт авагдсан баримтаар Ч.Оюун, Ө.Гандолгор нарын үйлдэл нотлогдон тогтоогдсон, тэдний гэмт хэрэгт оролцсон оролцоог тус бүрт нь ялгаж зүйлчлэн, шүүхээс гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй тул гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Харин, анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсэг буюу Д.Урансүрэнд холбогдох дүгнэлт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангаагүй байна.  Учир нь;

            Тус шийтгэх тогтоолын “шүүгдэгч Д.Урансүрэн нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байхдаа давтан үйлдлээр, албан тушаалын давуу байдлаа ашиглан П.Бямбасүрэнгийн хүсэлтийн дагуу 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр түүнийг дээж авагч, хариу олгогч их эмчийн ажилд томилсныхоо төлөө 2011 оны 2 дугаар сард, 2012 оны 2 дугаар сард П.Бямбасүрэнгээс 170.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг хонины мах хээл хахуульд авсан, Ө.Гандолгорын хүсэлтийн дагуу 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр түүнийг тус газарт аж ахуй, кассын няравын ажилд томилсныхоо төлөө 2011 оны 4 дүгээр сард Ө.Гандолгороос 1 сая төгрөгийг Ч.Оюунаар дамжуулан хээл хахуульд авсан” гэх дүгнэлт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсэгт заасан шүүхийн тогтоол таамаглалд үндэслэж болохгүй гэснийг зөрчсөн байна.

            Д.Урансүрэнг дээрх үйлдлүүдэд буруутгаж болох П.Бямбасүрэнгийн “...2010 оны 11 дүгээр сард ажилд орохдоо эмч Лхамноржинд 1 хонь, дарга Урансүрэнд 2 хонь өгч ажилд орсон нь үнэн. Бямбасүрэн” гэсэн бичиг /4 хх 51/, мөн түүний “Би 2010 онд ажилд орохдоо эмч Лхамноржингоор Урансүрэн даргад хэлүүлж ажилд томилогдсон. 2011 оны 2 дугаар сарын үед Лхамноржин эмч өрөөнд хамт байхдаа чамайг Урансүрэн дарга ажилд томилсон, чамаас юм аваагүй гэсэн. Хүмүүс ажилд орохын тулд даргадаа юм өгч ордог цаг болсон, юу бодож байна гээд дахин дахин хэлээд намайг хатгаад байхаар нь хөдөө аавынхаас эр хонины мах ирэхээр нь Урансүрэн даргын гэрт нь хүргэн Д.Эрдэнэ-Очирын хамт хүргэж өгсөн. ...2011 оны 5 дугаар сарын 3-ны өдөр миний өмнө ажиллаж байсан Наранчимэг буцаж ажилдаа ороод би ажилгүй гэртээ 7 хоног орчим болж байтал ажлаас Баярмаа утасдаад ажилдаа ор гэж байна гэхээр нь ороод байж байтал Лхамноржин эмч Урансүрэн дарга ажил орон тоо гаргаж ажилд чинь буцааж авлаа, чи юм бодож байгаа биз дээ, одоо ажил олдохгүй цаг шүү гээд урьд өмнө хэлж байсан шигээ дахин дахин хэлээд байхаар нь 2012 оны 2 дугаар сард хөдөөнөөс хонь ирэхээр нь жолооч М.Батбаяраар Сансараас авахуулж ажил дээр ирээд Урансүрэн даргын дүү Д.Сэлэнгэд өгч явуулсан” /4 хх 48/ гэж гэрчийн хувиар, утга агуулга адил байдлаар сэжигтний хувиар /4 хх 66/, “...би гэхдээ Урансүрэн даргад хээл хахууль гэж өгөөгүй. Лхамноржин эмчийг шахаад байхаар нь өгсөн. Мөн Лхамноржин эмч дарга Урансүрэнг хээл хахууль аваагүй гэсэн бичиг хийгээд паспортоо канондоод өг гээд Пүрэвцэрэн ахаар хэлүүлээд, миний утас руу 2, 3 хоног залгаад байхаар нь уур хүрээд үнэнийг нь хэлсэн юм” гэж яллагдагчаар /4 хх 71/ тус тус мэдүүлсэн мэдүүлэг,

            Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Лхамноржин П.Бямбасүрэнгээс 2011 оны 2 сард ажилд оруулсны хөлс гэж Урансүрэнд 170.000 төгрөгийн 2 хонины мах дамжуулан хээл хахуульд зуучилсан үйлдэл нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон” 145 дугаар тогтоол /4 хх 202/,

            Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “П.Бямбасүрэн нь 2011 оны 2 дугаар сард Лхамноржингоор дамжуулан НМЭГ-т даргаар ажиллаж байсан Д.Урансүрэнд 170.000 төгрөгийн үнэ бүхий 2 хонины мах хээл хахуульд өгч 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажилд орсон нь тогтоогдсон ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” 114 дүгээр тогтоол /6 хх 120/,

            Ө.Гандолгорын “Оюун хэлэхдээ манай даргад 1.0 сая төгрөг өгч ажилд орох ёстой талаар хэлсэн. Би 1.0 сая төгрөгийг Ч.Оюунд бэлнээр өгсөн” /1 хх 127/ гэж гэрчээр болон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгүүд,

            Б.Сэндэръяагийн “Ө.Гандолгор нь 40-50 насны намхавтар биетэй онигордуу нүдтэй бондгор бор эгчид цагаан өнгийн дугтуйтай юм өгсөн, НМЭГ-т ажилд орох гэж байгаа, 1.0 сая төгрөг өгч ордог гэж байсан” гэх гэрчийн мэдүүлэг /1 хх 152/,

            Б.Баттунгалагийн “Би ангийнхантайгаа уулзаж байгаад нярав Даваажаргал жирэмсний амралтаа авч байгаа гэж ярьтал Ө.Гандолгор оронд нь ажил хийх юмсан гэхээр нь би анкетийг нь бөглүүлж хүний нөөцөд өгөөд нягтлан бодогч Ч.Оюунд манай ангийн хүүхэд байгаа юм гээд Оюунтай уулзуулж өгсөн. Дараа нь Ө.Гандолгороос мөнгө өгсөн үү гэж асуухад 1.0 сая төгрөг өгсөн гэж ярьж байсан” гэсэн гэрчийн мэдүүлэг /1 хх 157/,

            Б.Оюунцэцэгийн “Ө.Гандолгор няраваар ажилд орсныхоо дараа нягтлан Ч.Оюун Урансүрэн даргад өгнө гээд ажилд орохын өмнө надаас 1.0 сая төгрөг авч няраваар ажилд оруулсан гэж хэлэхээр нь чи тэгээд өгсөн юм уу гэхэд өгсөн гэж байсан. Тухайн үед нь би гайхаад л өнгөрсөн” гэсэн гэрчийн мэдүүлэг /1 хх 159/,

            Ч.Оюуны “...Ө.Гандолгор намайг хойд талын “Bear” ресторанд ороод ирээч гэж дуудуулсан. Уулзаад цаасанд боодолтой 1.0 сая төгрөг өгөөд энийг Урансүрэн даргад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би ажил руу ороод дарга цайндаа ороогүй байсан тул өрөөнд нь ороод энийг ажилд орох гэж байгаа Гандолгор өгсөн гээд өгсөн” гэсэн сэжигтний /1 хх 201/, “Би Баттогтохоор мөнгө авч Урансүрэнд өгөөгүй, харин Урансүрэн дарга мөнгө өгсөн хүнийг няраваар ажилд авна чиний хос мэргэжилтэй гээд байгаа Гандолгор мөнгө өгөх юм уу, чи надад 1.0 сая төгрөг авч өгч чадах юм уу гэсээр байгаад надаар Гандолгороос 1.0 сая төгрөг авахуулж өрөөндөө ганцаараа сууж байхдаа авсан” гэсэн яллагдагчийн /1 хх 209/ мэдүүлэг,

      Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Ч.Оюун Ө.Гандолгороос 1.0 сая төгрөг авч хээл хахуульд зуучилсан нь тогтоогдсон ба хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон” 372 дугаар тогтоол /3 хх 6/,

            Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн “Ө.Гандолгор 1.0 сая төгрөгийг хээл хахуульд өгсөн нь тогтоогдсон ба хөөн хэлэлцэх хугацаа /5 жил/ өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон 42 дугаар тогтоол /6 хх 125/ зэрэг нь Ө.Гандолгор ажилд орох гэсэн ашиг сонирхлын үүднээс Нийслэлийн мал эмнэлгийн газрын нягтлан бодогч Ч.Оюунтай харьцаа тогтоож, түүний хэлснээр 1.0 сая төгрөгийг гарт нь өгсөн үйл баримт, П.Бямбасүрэн нь ажилд орох гэж тус газрын эмч Б.Пүрэвцэрэн, Д.Лхамноржин нартай уулзаж, ажилд орсныхоо дараа нэг хонины махыг дарга Д.Урансүрэнгийн гэрт нь, жилийн дараа дахин нэг хонины махыг бусдаар дамжуулан өгүүлсэн байж болзошгүй байх боловч энэ байдал нь

            Д.Лхамноржингийн “Надтай Хөдөө аж ахуйн сургуулийг хамт төгссөн Пүрэвцэрэн Төв аймгийн Архуст суманд мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байгаа гээд 2010 онд надтай уулзаад танай байгууллагад орон тоо байна уу, малын их эмч мэргэжилтэй хүн оруулах ажил байна уу гэж асуухаар нь манай байгууллага цөөхөн хүнтэй орон тоо их гардаггүй ажил байхгүй гэж хэлсэн. Дараа нь дахиад уулзахдаа асуухаар нь анкет, өргөдөл, бичиг баримтаа бүрдүүлээд боловсон хүчинд өгчихгүй юу гэж хэлсэн чинь өгчихсөн байсан. 2011 онд лаборант Наранчимэг 6 сараас дээш хугацаагаар сургалтанд явахаар болоод оронд нь хүн авна гэхээр нь Пүрэвцэрэнтэй яриад лаборантаар түр хугацаагаар хүн авах гэж байна Бямбасүрэнг ирж шалгалтанд ор гэж хэлээч гэсэн. Бямбасүрэн ирээд шалгалт өгөөд тэнцээд лаборантаар орсон. Би Урансүрэн даргад Бямбасүрэнг ажилд аваач гэж хэлж байгаагүй. Шан харамж өгөх талаар тийм зүйл хэлж байгаагүй. Бямбасүрэнг ажилд орсноос хойш 1 жил гарангийн дараа ажил дээр байж байтал Бямбасүрэнгийн аав, ээж хоёр нь гэх хүмүүс хөдөөнөөс цайны сүү, шөлний мах аваад ирлээ, танай гэрт очъё гэхээр нь би ажил ихтэй гээд дүүгээ дагуулаад гэр рүүгээ явуулсан. Орой би гэртээ очиход төлгөн хонины мах, ундааны савтай сүү хоёр гэрт үлдээсэн байсан. Маргааш нь ажил дээрээ Бямбасүрэнд танай аав, ээж хоёр ирээд цайны сүү, хонины мах өгсөн байна, чихэр боов өгч чадсангүй, явчихсан уу гэж асуусан чинь явсан гэж хэлсэн. Тэгтэл Бямбасүрэн Урансүрэн даргад нэг хонины мах өгдөг юм уу гэж хэлэхээр нь хэрэггүй Урансүрэн дарга авахгүй уурлана, харин хөдөөний 5 литр цайны сүү өгвөл ээж аавдаа өгчих байх л гэж хэлсэн. Түүнээс би Бямбасүрэнг Урансүрэн даргад хонины мах өг гэж ерөөсөө хэлээгүй” гэх сэжигтний мэдүүлэг /4 хх 74/,

            Б.Пүрэвцэрэнгийн “...2014 оны 10, 11 дүгээр сарын үед Лхамноржин утсаар яриад Бямбасүрэн миний утсыг авахгүй байна. Манай шинэ хуучин хоёр даргын хооронд маргаан гараад шүүх цагдаагаар явж байгаа. Бямбасүрэн надад нэг хонины мах, ундааны сав сүү өгсөн юм. Чи Бямбасүрэнг гуйж ажилд оруулсан юм чинь Бямбасүрэнг ажилд орохдоо хээл хахууль өгөөгүй, мах шөл өгөөгүй гээд бичиг хийлгээд өгөөч гэхээр нь би мэдэхгүй ээ Бямбасүрэнд утсаар ярь гэж хэлье гээд Бямбасүрэнтэй яриад танай дарга нарын хооронд маргаан гараад байгаа талаар Лхамноржин ярьлаа, чи ажилд орохдоо хээл хахууль өгөөгүй гэсэн бичиг хийгээд өгөөч гэж байгаа юм байна Лхамноржингийн утсыг аваад яриарай гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. ...би Бямбасүрэнг хээл хахууль өгч ажилд ороорой гэж хэлээгүй” гэсэн гэрчийн мэдүүлэг /4 хх 60/,

            Д.Сэлэнгийн “хонины махны талаар санахгүй байна, мэдэхгүй” гэсэн гэрчийн мэдүүлэг /6 хх 102/,

   Д.Урансүрэнгийн удаа дараагийн хонины мах, 1.0 сая төгрөг хэн нэгнээс аваагүй тухай мэдүүлсэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг зэргийг шүүх хэрхэн яаж үгүйсгэсэн талаар дурьдалгүй, зөвхөн гэрч Д.Сэлэнгэ, Д.Лхамноржин нарын мэдүүлгийг “Д.Сэлэнгэ нь Д.Урансүрэнгийн төрсөн дүү, Д.Лхамноржин нь хэрэгт шалгагдаж байсан” учраас үнэлэхгүй гэсэн нь ойлгомжгүй болсноос гадна хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд, тэр дундаа ажилд эргүүлэн томилох тухай шүүхийн шийдвэрүүд /1 хх 246-2 хх 4, 3 хх 90-107/, шүүгдэгч нарын харилцан эсрэг сонирхолтой байдал зэргийг харгалзаж, зохих дүгнэлт хийгээгүй, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.3 дахь хэсэгт “шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэсэн заалттай зөрчилдөж байна.

           Дээрх баримтуудаар Д.Урансүрэнгийн гэм буруу нь нотлогдон тогтоогдохгүй байх тул энэ талаар бичсэн шүүгдэгч Д.Урансүрэн, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав, Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Д.Урансүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Энэ хэргийг 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, прокуророос 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр /5 хх 161/ хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүх 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдөр /3 хх 199/, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр /5 хх 112/, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр /6 хх 88/, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр /6 хх 148/ тус тус нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байсан болохыг дурдах нь зүйтэй.