Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2024/ХШТ/52  

 

                                                      Ц.Ц-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн шүүх таслах газрын 1932 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн эрүүгийн хэргийн тогтоолтой /дугааргүй/ Ц.Ц-д холбогдох __ дугаартай хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 27-ны  өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Өвөрхангай аймгийн Мандал сумын харьяат, 47 настай, эрэгтэй, төвд ном мэднэ, ард лам, гэрийн дотор ам бүл 2, Д 30 настай, эрхээ хасуулаагүй, хөрөнгөө хураалгаагүй, ял шийтгэлгүй, хөрөнгийн хувь 21, байшин 1, хашаа 1, гэр 1, эзэрхэг засгийн үед умзад тушаалтай явсан, баригдахын өмнө Номон хааны хийдэд сууж байсан Ц овогтой  Ц  нь

Эзэрхэг засгийн үед шашны талаар умзад тушаалыг хүлээж, ард олныг мөлжин явсан төдийгүй өөрийн эрхийг хасагдсан явдалд хорсож, “Жас жав хоосорч хурал номын явдал тасрав, хар бологчид ба хамтралд мал хөрөнгөө өгч дуусгав, Банчин Богд Япон улсын хамтаар халхад залран ирж яваа гэнэ, би ч гэсэн Банчин Богдод мөргөх гэж бодож байгаа, жас жавын хөрөнгө хогшлыг хамтрал болон ардын засгаас хураан авч дуусгасан ба шашин бурхан балрахад ойртож байна, хөрөнгөтэй хүмүүсийн хөрөнгийг хурааж дуусгав, тэднийг ардын засгаас барьж, шорон гянданд хорьж байна, хөрөнгөтэй хүмүүсийн хөрөнгийг нь хураах юм гэнэ, Богдмаралын хүрээнд өдий төдий төвд ирж гэнэ, одоо ч засаг төр нэг юм болох байх аа” гэсэн цуурхал тараасан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                     

Өвөрхангай аймгийн шүүх таслах газрын 1932 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн эрүүгийн хэргийн тогтоолоор /дугааргүй/ Мандал сумын феодал Ц.Ц-д тус улсын Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 47 дугаар зүйлд зааснаар 4 жил хорьж, гэр бүлийн хүмүүст зөвхөн амьдрал болох хувийг үлдээж, бусдыг нь хууль ёсоор албанд хураан шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлтдээ: “Өвөрхангай аймгийн Шүүх таслах газрын 1932 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Эрүүгийн хэргийн тогтоолоор: БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1929 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолоор нэмэлтээр баталсан тус улсын Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 47 дугаар зүйл /Үндсэн хуулийн ёсоор байгуулсан улс төрийн ёс суртлыг хүчээр устгахыг хичээж ард олонд амаар буюу бичиг хуудсаар ятган ухуулагсдыг 1 жилээс доош бус хугацаагаар хорино/-д зааснаар Ц-ийн Ц-ийг 4 жил хорих ялаар хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хэргийн баримтаас үзэхэд Ц.Ц-ийн тараасан гэх цуурхал нь тухайн орон нутгийн ард иргэдийн дунд улс оронд болж байгаа үйл явдлын талаар түгээмэл яригдаж байсан, тодорхой эзэнгүй яриа байсан бөгөөд түүнийг хэзээ, хаана, хэнд хэрхэн ярьсан, зарласан /цуурхсан/ талаар ямар ч баримт байхгүй, энэ цуурхал яриаг ярьж байсныг П гэгчээс мэдүүлсэн гэх боловч тэднийг нүүрэлдүүлэн байцаах болон хөндлөнгийн баримтаар нотлоогүй. Ц.Ц-ийн тараасан гэх цуурхал гэгч нь тухайн нийгэм, хувь хүмүүст хэрхэн хүрч, ямар хор, хохирол учруулсныг шалгаж тогтоосон ямар ч баримт хэрэгт байхгүй байхад урьд феодал мяндагтан байсан гэдгээр нь улс төрийн зорилготой цуурхал тараасан гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

“Шар феодал Ц болбоос шашны талаар умзад тушаалыг үе улиран хүлээж, харгислан дарлаж явсан” гэж ял төлөвлөсөн боловч Ц-ийг бусдыг дарлан мөлжиж байсныг нь тогтоосон баримт хэрэгт байхгүй байхад лам, шашны мяндагтан байсных нь хувьд “шар феодал, дайсан, мөлжигч хэмээн зориудаар хилсээр хэрэгт холбогдуулан шийтгэсэн гэж үзэх үндэслэл байна.

Ц.Ц-ийн үйлдсэн гэх гэмт хэрэг нь тус улсын Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 47 дугаар зүйлд заасан “улс төрийн ёс суртлыг хүчээр устгахыг хичээсэн” гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх нь тодорхойгүй байхад зөвхөн өөрийнх нь мэдүүлэгт үндэслэн улс төрийн хэрэгт зориудаар, үндэслэлгүйгээр ял шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг /... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргахад мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн .../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Өвөрхангай аймгийн Шүүх таслах газрын 1932 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Эрүүгийн хэргийн тогтоолоор: Ц-ийн Ц-ийг тус улсын Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 47 дугаар зүйлээр 4 жил хорих ялаар хилсээр шийтгэсэн “1926 оны /1929 оны нэмэн найруулсан/ Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 47 дугаар зүйл” нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн б/-д заасан /1926 оны Шүүх цаазын бичиг”-ийн тусгай ангийн 7 дугаар бүлгийн 42-49 дүгээр зүйл, 8 дугаар бүлгийн 50-52 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр шийтгүүлсэн/ үндэслэлд хамаарч байна.

1926 оны Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 47 дугаар зүйлд зааснаар Ц.Ц-д хорих ял шийтгэсэн Өвөрхангай аймгийн Шүүх таслах газрын 1932 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Эрүүгийн хэргийн тогтоолыг хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн Мандал сумын харьяат, Ц овогтой Ц-ийг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл /4.1. Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэгт хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна/, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхийн шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: Ц.Ц нь цуурхал тараасан хэрэгт Өвөрхангай аймгийн шүүх таслах газрын 1932 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 47 дугаар зүйлд зааснаар 4 жил хорьж, эд хөрөнгө хураах ялаар шийтгүүлсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар Ц.Ц-ийн үйлдсэн хэргээр нотолсон баримт байхгүй. Харин П гэгч нь Ц.Ц-ийг цуурхал тарааж явсан гэдгийг гэрчилж хэлсэн байдаг. Өөр ямар нэгэн баримт хэрэгт байхгүй. Тус цуурхлын улмаас ямар нэгэн хор хохирол учраагүй, хөндлөнгийн ямар нэгэн баримт тарааж хор, уршиг учирсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэргийн ялын төлөвлөөгөө болон шийтгэх тогтоолд “шар феодал” хэмээн шийтгүүлсэн. Тийм учраас “шар феодал” дайсан, мөлжигч гэх мэтээр холбогдуулж хилс хэрэгт шийтгэгдсэн гэж үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн. Иймд Өвөрхангай аймгийн шүүх таслах газрын 1932 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Ц.Ц-ийг цагаатгаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өвөрхангай аймгийн шүүх таслах газрын 1932 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн эрүүгийн хэргийн тогтоолоор /дугааргүй/ Ц.Ц-ыг “эзэрхэгийн үед умзад тушаалыг хүлээж ард олныг мөлжин явсан төдийгүй өөрийн эрхийг хасагдсан явдалд хорсож цуурхал тараах болон гүтгэсэн” гэж дүгнээд 1929 оны Шүүх цаазын бичгийн 47 дугаар зүйлд зааснаар 4 жил хорьж, гэр бүлийн хүмүүст зөвхөн амьдрал болох хувийг үлдээж, бусдыг нь хууль ёсоор албанд хураахаар шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд Ц.Ц-д 1929 оны Шүүх цаазын бичгийн 49 дүгээр зүйлд зааснаар ял төлөвлөн ирүүлсэн боловч  шүүхээс түүнд мөн Шүүх цаазын бичгийн 47 дугаар зүйлээр ял шийтгэсэн байх бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн заалт тогтоолд тусгагдаагүй байна.

Түүнчлэн 1929 оны Шүүх цаазын бичгийн 47 болон 49 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжүүд нь өөрөөс гадна энэ хоёр зүйлийн аль нэгийг нь ишлэн ял оногдуулж болох талаар буюу уг Шүүх цаазын бичгийн 51, 56 дугаар зүйлд заасантай адил тусгайлсан зохицуулалт эдгээр зүйлүүдэд байхгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт Ц.Ц-ийг 2 удаа, хэн болох нь мэдэгдэхгүй П гэгчийг (овог, үндсэн захиргаа, нас, хүйс, оршин суух газар болон эрхэлж байгаа ажил, албан тушаал тодорхойгүй) 1 удаа байцааснаас өөрөөр хэргийн бодит байдлыг тогтооход чиглэгдсэн ямар нэгэн ажиллагаа огт хийгдээгүй, түүнийг буруутгасан үйлдлийг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотолсон баримтат мэдээлэл хэрэгт авагдаагүй байхад шүүх ял шийтгэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд прокурорын бичсэн дүгнэлтийг хангаж, Өвөрхангай аймгийн шүүх таслах газрын 1932 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн эрүүгийн хэргийн тогтоолыг /дугааргүй/ хүчингүй болгож, Ц.Ц-ийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцож, цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ц.Ц-ийг хилсээр ял шийтгэсэн 1929 оны Шүүх цаазын бичгийн  47 дугаар зүйл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсгийн б-д тодорхойлон зааснаар түүнийг “улс төрийн хэрэгт хэлмэгдэгч” гэж тооцох үндэслэлд хамаарч байгаа болно.

Прокурорын бичсэн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтэд хэлмэгдэгчийн нэрийг зөвхөн “Ц” гэж тусгасан, түүнийг 1926 оны Шүүх цаазын бичгийн 47 дугаар зүйлээр (энэ нь өөр гэмт хэргийн шинжтэй) ял шийтгэгдсэн мэтээр дурдсан болон 17522 дугаартай хэргийн хавтас дээр түүний нэрийг Ц гэж бичсэнийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өвөрхангай аймгийн шүүх таслах газрын 1932 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн эрүүгийн хэргийн тогтоолыг /дугааргүй/ хүчингүй болгож, Ц овогтой Ц-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

          ДАРГАЛАГЧ                                             М.ПҮРЭВСҮРЭН

          ШҮҮГЧИД                                                 Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                Ч.ХОСБАЯР