Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 00027

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох “Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/53 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гэрч Д.Б, С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 177 дугаар захирамж гэсэн байгаа. Энэ нь 117 дугаар захирамж юм. Тус захирамжаар “А” ХХК-д 122,5 га газрыг эзэмшүүлсэн. Хэрэгт авагдсанаар “А” ХХК нь газар эзэмших хүсэлтээ Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргад гаргасан байдаг. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар Засаг даргад төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу хүсэлтээ өгсөн байгаа. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар хүсэлтийг нягтлах үүрэг нь захиргааны байгууллага буюу газрын даамалд олгосон. Захиргааны байгууллага шалгаад шаардлага хангаагүй байвал өргөдлийг бүртгэлээс хасах бүрэн эрхтэй байдаг. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар Сумын захиргаанаас “А” ХХК-д газар эзэмшүүлэх захирамж гаргасан бөгөөд Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй. Энэ бүрэн эрхийнхээ хүрээнд 117 дугаартай захирамжаар газар эзэмших эрх олгосон байдаг. Газар эзэмших захирамж гарсны дараагаар Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар “А” ХХК-тай сумын даамал газар эзэмшүүлэх гэрээгээ байгуулсан. “А” ХХКомпани Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, газар эзэмшүүлэх гэрээний 3 дугаар зүйлд заасан үүргээ одоог хүртэл биелүүлж байгаа. Газрын төлбөр төлсөн баримт хэрэгт өгсөн. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрх дуусгавар болж 40 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар баримт хэрэгт авагдаагүй. “А” ХХК-ийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүсээгүй. “А” ХХКомпани  мөнгөн хөрөнгө болон бодит хөрөнгийг тухайн газарт хийсэн байхад газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдаг. Засаг даргаас аж ахуй нэгжийн газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгохдоо газрын төлбөрөө төлж, Газрын тухай хуулинд заасан зохих үүргээ биелүүлж байсан талаар харгалзаж үзээгүй байна. Дээрх нөхцөл байдлын хүрээнд газар эзэмших хүсэлтээ гаргасан. Захиргааны байгууллага өөрсдөө хянах ёстой байсан хянаагүй. Жаргалант сумын Засаг дарга А/53 тоот захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ыг баримталсан. Гэтэл “А” ХХК газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл байдал үүсээгүй, хууль тогтоомж зөрчсөн зүйл байхгүй. Тиймээс Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/53 дугаар захирамж хууль бус учраас хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагч Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ ... 1. Жаргалант сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт “А” ХХК-д давуу эрхээр 122.5 га атаршсан газрыг тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн.

Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д “ энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно. /хуулийн заалт, Засгийн газрын 2003 оны 28-р тогтоолыг/ тус тус зөрчсөн.

2. Жаргалант сумын Дулаан-Уул багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06 тоот тогтоол нь хууль бус юм. Учир нь Дулаан-Уул багийн ИНХ-ын Тэргүүлэгчдийн хурлын дарга Ү.П-ийн хуралдуулсан хуралдааны тэмдэглэлд С.Б, Д.Б нар оролцож “А” ХХК-д газар эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тэмдэглэл хийснийг дээрхи 2 хүнээс тодруулахад бид ийм хуралд оролцоогүй бидний нэрийг ашиглан хуурамч хуралдааны тэмдэглэл хөтөлсөн байна үүнийг шалгаж шийдвэрлэж өгнө үү гэсэн өргөдлийг шүүхэд гаргаж өгсөн байна. Үүнээс харахад Ү.П нь шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн байна.

3. аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/37 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр “А” ХХК нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, Засгийн газрын 28 дугаар тогтоолыг тус тус зөрчсөн байна.

Эцэст нь дүгнэхэд “А” ХХК-д газар эзэмшүүлэх санал хүргүүлэх тухай багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоол нь хууль зөрчсөн тогтоолыг үндэслэн гарсан, сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/117 тоот захирамж нь мөн хууль зөрчин гарсан байна.

Иймд Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/53 тоот захирамж хуулийн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/53 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар үндэслэлтэй байна гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж хуульчилсан. Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний эрхэд халдах үндэслэл байх ёстой. Гэтэл энд хууль зүйн үндэслэл огт байхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт зааснаар хуульд үндэслэх тусгай зарчмыг Орхон аймгийн Жаргалант сумын Засаг дарга дээрх захирамжаараа зөрчсөн. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан шударга ёс, тэгш байдлын зарчимд үндэслэж газар эзэмшүүлэх ёстой. Энэ талаар огт яригдаагүй. Мөн энэ хуулийг зөрчсөн байна гэж үзэж байна. 2016 оны 117 дугаартай захирамжаар “А” ХХК-д газар эзэмшүүлээд байгаа захирамж нь Орхон аймгийн Жаргалант сумын Засаг дарга гаргасан. Засаг дарга гээд би нэрээр явахгүй. Тухайн албан тушаал нэрээр явдаг албан тушаалтан, төрийн захиргааны албан хаагч юм. Энэ хурал дээр бид Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/53 тоот захирамж хууль зүйн үндэслэлтэй юу? Үгүй юу гэдэг асуудлаар ярьж байна. Энэ захирамжаар өмнөх 2016 оны 117 дугаар захирамжийг хүчингүй болгож байгаа. “А” ХХК-ийн хууль зөрчсөн гээд яриад байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “А” ХХК хууль зөрчсөн талаар баримт байдаггүй. “А” ХХК-ийг хууль зөрчсөн гэж үзэхээр хуулинд хэдхэн боломж байна. Жишээ нь: Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, газрын гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлээгүй, ашиглаагүй, газрын чанар болзлыг дордуулсан, газрын төлбөр төлөөгүй  гэдэг зүйл яригдах ёстой. Тэгэхээр Засаг даргын захирамжийг үзэхээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 заалтыг баримталсан байсан.  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд эрхийн гэрчилгээ эзэмшигч Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэсэн заалт байгаа. Үүнийг ямар тохиолдолд ярих уу гэхээр газар эзэмшиж байгаа компани газрын төлбөрөө төлөөгүй, газрын шинж чанарыг алдагдуулах юм бол цуцлах асуудлыг ярина. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 /г/ гэсэн заалтыг барьдаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 /г/-д “иргэдийг хүлээж авах ажлыг зохион байгуулж, тэднээс гаргасан өргөдөл, санал, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх;” гэж Засаг даргын бүрэн эрхийг нь заасан байдаг. Энэ асуудалтай холбоотой ямар нэгэн иргэн өргөдөл гомдол гаргаагүй байна. Өмнө гаргасан Засаг даргын захирамжийг хүчингүй болгож байна гэсэн онцлог байна. Тэгсэн чинь ямар ч өөрт тохирохгүй заалтаа барьж байгаа нь тухайн захирамж зорилгодоо нийцэж байгаа нь ойлгомжгүй байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэсэн заалт байгаа түүнээс өмнөх захирамжаа үндэслэлгүй байна гэж үзэж тэрийгээ өөрчлөх эрхийг огт баримтлаагүй. Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14-04-020 дугаартай дүгнэлтэд Жаргалант сумын Засаг дарга газрын талаархи хууль тогтоомжуудыг зөрчсөн талаар дүгнэсэн. Энэ улсын байцаагчийн дүгнэлт одоо хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Энэ дүгнэлтээр Засаг дарга өөрөө хууль зөрчин захирамж гаргасан. Гэтэл “А” ХХК-ийг хууль зөрчсөн гэх дүгнэлт өгч байгаа нь үндэслэлгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хариу тайлбарт аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/37 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр “А” ХХК нь газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна гэж дурьдсан байгаа нь үндэслэлгүй бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтийг гуйвуулан тайлбарлаж байна. Мөн тайлбартаа атаршсан газрыг тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 29 дүгээр зүйлийн 29.3, Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн гэж тайлбарласан байдаг. Тус заалтууд нь бүгд хариуцагчид хамааралтай, хариуцагчийн үйл ажиллагаандаа баримтлах ёстой заалтууд юм. Газар эзэмшүүлэх эрх бүхий захиргааны байгууллага нь өөрийн үүргийг иргэнд халдааж байгаа нь хууль зөрчсөн гэж үзсэн нь өөрөө үндэслэлгүй. Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт юм. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд аймаг, нийслэлийн Засаг дарга нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж огт заагаагүй. Тухайн захирамжийг харахаар газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгох гэсэн мөртлөө доторх заалтыг нь харахаар 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/117 дугаартай захирамжийг хүчингүй болсонд тооцсугай гэсэн байгаа. Энэ нь тухайн захиргааны акт зорилгодоо нийцсэнгүй. Мөн утга агуулгын хувьд алдаагүй гаргаж чадсан уу? Бичгээр гаргасан захиргааны актын шаардлага хангаагүй байна гэж үзэж байна. Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/53 тоот захирамж нь хуулийг буруу баримталсан. Тухайн актыг гаргахад Захиргааны Ерөнхий хуулийг зөрчсөн.  Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дэх хэсэгт заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах бол урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчмын хүрээнд “А” ХХК-д сумын Засаг даргаас заавал урьдчилан мэдэгдэх, тэдний саналыг авах, сонсох ажиллагааг явуулж, шийдвэр гаргах үүргийг хүлээж байсан. Үүнийг бас аймгийн Засаг даргын ажлын хэсэг Сумын Засаг даргад сануулсан байгаа. Жаргалант сумын Засаг дарга сонсох ажиллагаа огт хийхгүйгээр шийдвэр гаргасан. Сумын Засаг даргаас гаргаж байгаа Захиргааны акт нь “А” ХХК-ийн ашиг сонирхолд шууд хандаж байгаа учраас  сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргасан гэдэг зүйлд хамаараад байна. Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т зааснаар шууд “А” ХХК-ийн газар эзэмших эрхэнд чиглэж байгаа учраас үүнд хамаарч байна. Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан захиргааны акт гаргах ажиллагаанд эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа, эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдийг татан оролцуулах, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эдлэх эрх, бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаанд оролцуулах, нөхцөл байдлын талаар тайлбар болон санал гаргах эрхийг хангах зорилгоор сонсох ажиллагааг явуулах, сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг хүргүүлэх, нотлох баримт цуглуулах, оролцогч баримт бичигтэй танилцах эрхийг хангах журмыг хуулийн 13, 15, 24, 25, 26, 32 дугаар зүйлүүдэд заасныг огт хэрэгжүүлээгүй байна. Хариуцагч Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан заалтыг зөрчсөн, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.4, 40.2.5 заасан шаардлагыг хангаагүй байна. Хуульд үндэслэх зарчмын хүрээнд захиргааны шийдвэр болгон нь хуулийн үндэслэлтэй буюу хүний эрхэд үндэслэлгүйгээр халдсан байх ёсгүй байдаг. Үнэхээр оны эхээр аймгийн Засаг дарга хэсэг байгууллагад шалгаад яваад байсан юм бол Сонсох ажиллагаа хийсэн бол нэхэмжлэгчид учирч болох хохирлыг багасгах боломж байсан. Жишээ нь 2016 онд уринш хийсэн. Гэхдээ тэрнээс өмнө маш олон ажиллагаа хийгдэж байгаа. Хэрвээ сонсох ажиллагаа хийгээд ярьсан бол ийм их хэмжээний мөнгө гаргаж хүч хөдөлмөрөө зарахгүй байсан. Гэтэл сонсох ажиллагаа хийгээгүй байж шууд хүчингүй болсон мэдэгдэл өгөөд гэрчилгээгээ хураалга гэж байгаа нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд шууд халдсан. “А” ХХК нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар Засаг даргад буюу төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу хүсэлтээ гаргаж өгсөн. Өргөдөл дээр он сараа тавиагүй нь нэхэмжлэлийг буруутгах асуудал биш. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт зааснаар хүсэлтийг нягтлан хянах үүрэг нь захиргааны байгууллагад тэр тусмаа сумын газрын даамал, аймгийн газрын албанд өгөгдсөн үүрэг байна. Захиргааны байгууллага шалгаж, шаардлага хангаагүй бол буцаах эрх нь байж. Гэтэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар сумын Засаг даргаас “А” ХХК-д газар эзэмшүүлэх захирамж гарсан бөгөөд Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь хэсэгт иргэн аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж зохион байгуулах бүрэн эрхтэй субъект юм. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар Сумын газрын даамалтай газар эзэмших гэрээг байгуулахыг даалгасан. Энэ гэрээг нь байгуулсан. “А” ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, газар эзэмшүүлэх гэрээний 3 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлж ирсэн одоо ч биелүүлж байгаа. Үүнтэй хариуцагч тал маргахгүй байгаа талаараа хэлсэн. Газрын тухай хууль зөрчсөн талаар “А” ХХК-ийн хувьд яригдахгүй. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших эрх дуусгавар болж, 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн тусгайлсан зохицуулалттай байна. Гэтэл уг байдлыг тогтоосон баримт байхгүй байна. Захирамжаас харахаар 40 дүгээр зүйлд заасныг баримтлаад байгаа мөртлөө 39 дүгээр зүйлд заасан баримт хэрэгт авагдаагүй. Энэ тохиолдолд дээрх нөхцөлүүд үүсээгүй байхад газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчиж байгаа хууль бус үйлдэл юм. Иргэн аж ахуйн нэгж байгууллага захиргааны байгууллага буюу Засаг даргын шийдвэрийн дагуу тухайн шийдвэрт итгэн үйл ажиллагаа явуулна. Тухайн газрыг эзэмшүүлснээр өөртөө эзэмших эрх үүссэн гэж ойлгосон. Үүнийхээ дагуу хөрөнгө мөнгө зарцуулаад явж байгаа. Гэтэл тэр нь хууль бус байсан гээд дараагийн Засаг дарга хууль бус гэж тогтоогоод хүчингүй болгож байгаа нь Засаг даргын албыг хашиж байгаа хэдэн хүмүүсийн тэмцэл гэх юм уу, эцэст нь компани хохироод байгаа. Бодит хөрөнгө гаргасан байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна. Засаг даргаас аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо газрыг төлбөрөө төлж Газрын тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа, тухайн маргаан бүхий газарт хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдлыг нарийн шалгаж тодруулаагүй. Маргаан бүхий газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн хариуцлагыг нэхэмжлэгч хүлээх ёсгүй бөгөөд нэхэмжлэгчийн үйлдэл, үйл ажиллагаанаас шалтгаалаагүй, эрх бүхий байгууллагаас газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүрэг бус бөгөөд урьд гаргасан шийдвэрээ хуульд нийцүүлэхдээ бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргах эрхгүй юм. Захиргааны байгууллага шийдвэр гаргах явцдаа бодитой хандаагүй, захиргааны байгууллагын өөрсдийнх нь авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа тул энэ үндэслэлээр нэгэнт газар эзэмших эрхээ баталгаажуулсан нэхэмжлэгчийг буруутгаж, түүний хуульд заасан эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа нь буруу байна. Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно:” Энэ Засаг даргын захирамжид бодитой дүгнэлт хийх юм бол атаршсан газрыг эзэмшүүлэхдээ өмнөх Жаргалант сумын Засаг дарга нь “А” ХХК-д 122,5 га газар эзэмших эрх олгосон. 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн захирамжаар эрх олгосон захирамжаа хүчингүй болгоод үүгээр “А” ХХК-ийн эрхэд халдаж байна. Ямар тохиолдолд хүчингүй болох талаар хуульчилсан байна. Тус хуулийн 48.2.1 “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгох”-оор заасан. Тэгэхээр хүчингүй болгох эрхийг хуулиар өгсөн байх ёстой. 48.2.2.бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол шууд хүчингүй болно. Нийт Дулаан-Уул багийн иргэдэд тийм хохирол учраагүй.  48.2.4 “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авилга өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн бол” гээд заасан байна. Энд Бөхтулга Засаг дарга захирамж гаргахад “А” ХХК болон өөр хэн нэгэн хүн дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй 48.2.5 “нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан байх юм бол газрыг олгосон эерэг бүхий захиргааны актаа хүчингүй болгоно” гэж заасан. Эдгээр нөхцөл байдлын аль нь ч тогтоогдоогүй. Атар газар гэж юуг хэлэх үү гэхээр Тариалангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.“атар газар” гэж холбогдох судалгаагаар тариаланд тохиромжтой газар гэдэг нь тогтоогдсон, тариалан эрхлэх зориулалтаар ашиглагдаагүй байгаа газрыг атар газар гэж заасан байна. Атаршсан газар гэдгийг мөн адил тухайн хуулинд заасан байгаа. 3 жилээс дээш тариа тариалалт хийгээгүй газрыг атаршсан газар гэж хэлнэ. Гэхдээ өмнө нь тариалалт хийсэн байх  ёстой гээд заасан байгаа.” гэв.

Гэрч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: Би Дулаан-Уул багийн иргэдийн Хурлын Төлөөлөгч. Одоо ч хийж байгаа. 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр багийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал болоогүй. Харин урд нь багийн Нийтийн Хурал болоход Ү.П дарга ярьж байсан. Нарангийн энгэрийн газрыг “А” ХХК авна гэж байна. Нарангийн энгэрийнхэн газар өгнө гээд гарын үсэг зурсан гэж ярьж байсан. Тэгээд хурал бол болоогүй. Хурал зарлаагүй, хурал зарласан бол би очно. 2016 онд би хөлөө хугалсан байсан учир 2-3 удаа л хуралд оролцоогүй. Би Булган аймгийн Хангал сумын уугуул хүн. Хангал сумын 2 дугаар бригад гэж байсан. Хойд хангалаасаа салаад Жаргалант сумтай нэгдсэн. Би насаараа, 40 жил мал хариулж энэ суманд амьдарч байна. “А” ХХК-д эзэмшүүлсэн газар нь атар газар. Тариа ногоо тариалж байгаагүй. Малчдын хаваржаа, намаржааны газар.” гэв.

Гэрч С.Б шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: “2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр багийн иргэдийн Нийтийн Хурал хийгээд Нарангийн энгэрийн газрыг “А” ХХК-д эзэмшүүлэх тухай хурал болоогүй. Багийн иргэдийн Нийтийн Хурлын дараа энэ талаар яриад дахиж нэг хуралдая гэж хэлж байсан. Түүнээс хурал болсон зүйл байхгүй, хурал болсон юм шиг тэмдэглэл хийсэн байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК “Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/53 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасан. 

            Орхон аймгийн Жаргалант сумын Засаг дарга 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр А/117 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “А” ХХК-д Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг дэвсгэр Нарангийн энгэрт байршилтай 18450439831354 нэгж талбарын дугаартай 623404 м.кв, 18450440720474 нэгж талбарын дугаартай 287872 м.кв, 18450439132821 нэгж талбарын дугаартай 177319 м.кв, 18449440749168 нэгж талбарын дугаартай 136923 м.кв нийт 1225518 м.кв газрыг тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулан гэрчилгээ олгогдсон байна.

            Жаргалант сумын Засаг дарга “А” ХХК-д тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэх тухай А/117 дугаартай захирамжийг гаргахдаа   Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтуудыг баримталжээ. 

            Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”-аар хуульчилсан ба Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаартай тогтоолын /ХХ-79 дүгээр хуудас/ 20 дугаарт 2016 онд аж ахуйн нэгж, байгууллагад тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр тусгагдаагүй, 

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэж заасны дагуу “А” ХХК-д тариалангийн зориулалтаар 122.5 га газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдлоо.

Жаргалант сумын Засаг дарга 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр  А/117 дугаартай захирамж гарган “А“ ХХК-д 122.5 га газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно ...” гэж, 54 дүгээр зүйлийн 54.4-д “Тариалангийн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга зохион байгуулна” гэж тус тус заасныг зөрчсөн байна.  

Нэхэмжлэгч “А” ХХК-д тариалангийн зориулалтаар 122.5 га газар эзэмшүүлэх асуудлыг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж 06 дугаартай тогтоол гаргасан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар тайлбарласан боловч Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 54 дүгээр зүйлийн 54.4-д заасны дагуу Дулаан-Уул багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэж сумын Засаг дарга газар эзэмшүүлэх эсэхийг шийдвэрлэх байсан. Дээрхи хуулийн заалтуудыг хэрэгжүүлэлгүйгээр Жаргалант сумын Засаг дарга “А” ХХК-д 122.5 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн А/117 дугаартай захирамж нь хууль зөрчиж гаргасан захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.  

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар “А” ХХК-ийг газар тариалангийн үйл ажиллагааг олон жил тогтвортой эрхэлсэн учраас давуу эрхээр 122.5 га газрыг эзэмшүүлсэн гэж тайлбарласан тухайд:

  Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам”-д  “...багийн Засаг дарга тариалангийн газрыг давуу эрхээр эзэмших тухай иргэдийн гаргасан хүсэлтийг хүлээн авах эцсийн хугацааг тогтоож иргэдэд зарлах бөгөөд энэ хугацаанд багтаан ирүүлсэн хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан багийнхаа иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлнэ. Багийн иргэдийн Нийтийн Хурал газрыг давуу эрхээр иргэдэд эзэмшүүлэх боломжтой эсэх тухай саналаа хүсэлт гаргасан иргэн тус бүрээр хэлэлцэн гаргана. Багийн Засаг дарга иргэдийн Нийтийн Хурлын саналыг ажлын 5 хоногт багтаан сумын Засаг даргад хүргүүлнэ. Тариалангийн газрыг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тухай багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг сумын Засаг дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй тулган 14 хоногт багтаан нягталж үзээд иргэн бүрт эзэмшүүлэх газрын байршил, хэмжээний талаар саналаа боловсруулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай асуудлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хэлэлцэж ... шийдвэр гаргана.” гэж журамлажээ.

Энэ журмын дагуу Жаргалант сумын Засаг дарга “А” ХХК-д 122.5 га газрыг давуу эрхээр эзэмшүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болох нь нотлогдож байна.

Дээрхи байдлуудаас дүгнэхэд  Жаргалант сумын Засаг дарга “А” ХХК-д 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/117 дугаартай захирамжаар 122.5 га газар эзэмшүүлснийг Газрын тухай хуулийг зөрчиж,  Дулаан-Уул багийн иргэдийн ашиг сонирхолыг хөндсөн гэж үзэн /Дулаан-Уул багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлээгүй/ 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр А/53 дугаартай захирамж гаргасан нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Жаргалант сумын Засаг дарга 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр А/53 дугаартай захирамжийг гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт зааснаар хуульд үндэслэх тусгай зарчмыг,  13, 15, 24, 25,26, 32  дугаар зүйлүүдэд заасныг Орхон аймгийн Жаргалант сумын Засаг дарга зөрчсөн нь уг захирамжийг хүчингүй болгох үндэслэл болно гэсэн тухайд:

Захиргааны Ерөнхий хуулийн “ Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох” гэсэн 48 дугаар зүйлийн 48.2.2-д “ бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж хуульчилсан ба Жаргалант сумын Дулаан-Уул багийн иргэдийн саналыг авч багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэлгүйгээр А/117 дугаартай  захирамжийг гаргасан нь Дулаан-Уул багийн иргэдийн ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэн  Жаргалант сумын Засаг дарга А/53 дугаартай захирамж гаргасан нь Захиргааны Ерөнхий хуулийг зөрчөөгүй гэж шүүх үзлээ.

Жаргалант сумын Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 1/129 дугаартай албан бичгээр “А” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэж байгаа тухай мэдэгдэл гаргасан ба уг мэдэгдлийн талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/53 дугаартай захирамжийг хуульд үндэслээгүй  гэж тайлбарласан тухайд:

Орхон аймгийн Жаргалант сумын Засаг дарга 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/53 дугаартай захирамжийг гаргахдаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 /г/, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтуудыг үндэслэн захирамжийн 1 дэх заалтаар 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/117 дугаартай захирамжийг Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолыг тус тус зөрчсөн болохыг тусгасан нь зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий захиргааны акт гэж шүүх үзсэн болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Жаргалант сумын Засаг даргыг А/53 дугаартай захирамжийг гаргахдаа Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж хуульчилсныг зөрчсөн, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан шударга ёс, тэгш байдлын зарчимд үндэслээгүй гэж тайлбарласан тухайд:

Жаргалант сумын Засаг дарга нэхэмжлэгч “А” ХХК-д 122.5 га газрыг анх олгохдоо  Үндсэн хууль, Газрын тухай хуулинд  тус тус заасан  шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зэрэг  төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг зөрчсөн учраас А/117 дугаартай  захирамжийг хүчингүй болгож 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр  А/53 дугаартай захирамж гаргасан нь хууль дээдэлсэн, шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмуудыг хэрэгжүүлсэн захиргааны акт гэж шүүх үзсэн болно.    

Тариалангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн “Атаршсан газар” гэсэн 10.1-д “Атаршсан газарт гурван жил тариалалт, уринш хийгээгүй тариалангийн газар хамаарна.” гэж заажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч болон өмгөөлөгч нар “А” ХХК-ийн эзэмшсэн 122.5 га газрыг атаршсан газар гэж тайлбарлаж байгаа хэдий ч дээрхи 122.5 га газрыг 1990 оноос хойш тариалангийн зориулалтаар ашиглаж байгаагүй гэсэн тайлбараас дүгнэхэд Жаргалант сумын Дулаан-Уул багийн малтай иргэдийн мал өвөлжиж,  хаваржиж байсан газар болох нь гэрчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна. Дээрхи 122.5 га газрыг Тариалангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “”атар газар” гэж холбогдох судалгаагаар тариаланд тохиромжтой газар гэдэг нь тогтоогдсон, тариалан эрхлэх зориулалтаар ашиглагдаагүй байгаа газрыг” гэж тодорхойлсонтой нийцэж байгаа учраас “атар газар” гэж шүүх үзсэн болно. Иймээс Тариалангийн тухай хуулийн “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх” гэсэн 5 дугаар зүйлд заасан заалтуудыг Жаргалант сумын Засаг дарга зөрчсөн гэж үзсэн болно.   

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгч “А” ХХК-ийг газар эзэмших гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр А/53 дугаартай захирамж гаргаагүй, анх газар олгож, эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн зохих заалтуудыг зөрчсөн гэдэг үндэслэлээр захирамжийг хүчингүй болгосон гэж тайлбарласан болохыг, нэхэмжлэгч компани тухайн газрыг ашиглах явцдаа оруулсан мөнгөн хөрөнгөний талаархи баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгснийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г нь сумын Засаг дарга газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахдаа хуулийг зөрчсөн, шударга ёсонд нийцээгүй нь “А” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа биш гэж тайлбарлаж байгаа нь А/117 дугаар захирамж Газрын тухай хуулийг зөрчсөн болохыг хүлээн зөвшөөрч байна гэж шүүх үзсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй гэж үзлээ.  

Мөн  Жаргалант сумын  Дулаан-Уул багийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хууль ёсны дагуу явагдаж 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаартай тогтоол гаргасан гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг боловч гэрч Д.Б, С.Б нарын мэдүүлгээр 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Дулаан-Уул багийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг болоогүй гэсэн мэдүүлэг, гэрч Ү.П-ийн мэдүүлгээр гэрч Д.Б, С.Б нарын саналыг утсаар асууж шийдвэрлэсэн гэж мэдүүлснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн “Орхон аймгийн  Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/53 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БОЛОРМАА