| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 142/2024/01328/И |
| Дугаар | 207/МА2026/00013 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 207/МА2026/00013
2026 01 29 207/МА2026/00013
Г.”“““““““ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч “Орхон аймгийн ““““““““
ӨЭМТ”-д холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 312/ШШ2025/01839 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : Г.”“““““““ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн ““““““““ ӨЭМТ-д холбогдох,
Орхон аймгийн ““““““““ ӨЭМТ ХХН-ийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаартай тогтоол, ““““““““ өрхийн эрүүл мэндийн төв-ийн даргын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ““““““““дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,
Хариуцагчийн төлөөлөгч Э.”“““““““ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Сангичимаа, хариуцагчийн төлөөлөгч Э.”“““““““, хариуцагчийн өмгөөлөгч Т.Түмэнжаргал, Б.Номин-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.”“““““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Ганбаатар овогтой ““““““““ нь ““““““““ ӨЭМТ-д 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай тушаалаар нягтлан бодогчийн ажилд орсон. Үүнээс хойш өдийг хүртэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон үндэсний болон олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг мөрдлөг болгон тус байгууллагын нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийг өөрийн мэдлэг чадварыг дайчлан хөтөлж, удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангаж ирсэн. Миний үндсэн ажил үүрэг болон хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг бол тус байгууллагын нягтлан бодогчийн хувьд хэрэгцээтэй байгаа, шаардлагатай материалын захиалгаар орж ирсэн бараа бүтээгдэхүүнийг байгууллагын санхүүжилттэй уялдуулан өр төлбөр гаргахгүй байх, мөнгөн хөрөнгө болон эд хөрөнгийг санхүүгийн эх үүсвэрт тохируулан үр ашигтай зүйлд зарцуулахад удирдлагад зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийн хүрээнд мөнгөн хөрөнгийг зориулахад нь 2-р гарын үсэг зурж ажилладаг. Гэтэл тус нөхөрлөлийн буюу өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Э.”“““““““ нь 2023 оны 11 сард хэн ч захиалаагүй байхад 16,000,000 төгрөгний шинжилгээний тест материалыг ““““““““ХХК-иас өөрөө авчирч мөнгийг нь шилжүүлэхийг шаардсан ба миний бие оны сүүл болж байхад ийм их үнэтэй юм авбал мөнгийг нь шилжүүлж чадахгүй санхүүгийн тайлан өртэй гарна, хэзээ хэрэглэх нь тодорхойгүй, шаардлагатай материалын захиалгад ороогүй үр дүнгүй худалдан авалт гэнэт хийх шаардлага байхгүй юм бишүү гэж зөвлөсний дараа өөрөө худалдан авалт хийхээс татгалзаж, миний зөвлөгөөг хүлээн авсан. Үүний дараа тус нөхөрлөлийн 2023 оны санхүүгийн баримтанд Санхүү Хяналт дотоод аудитын албанаас шалгалт ороод Э.”“““““““, Ц.”“““““““ нарт 2,530,000 төгрөгний акт тавигдахад нөхөрлөлийн хурлаар өөрсдөө төлөхгүй байгууллагаас төлөх шийдвэр гаргуулж төлүүлсэн. Мөн Орхон аймгийн төрийн аудитын шалгалтаар тусламж үйлчилгээнд явах авто машиныг зориулалтаар нь ашиглаагүй тухайн үед дарга байсан С.”“““““““ нь хувьдаа унаж байгаад засварын зардлыг байгууллагаас төлсөн 893,000 төгрөг дээр акт тавигдахад нөхөрлөлийн хурлаар байгууллагаас төлөх шийдвэр гаргаж байгууллагаас актыг төлүүлсэн. 2024 онд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн төлөвлөгөөт шалгалтаар өрхийн эмч, сувилагч 2 дээр тавигдах торгуулийг лиценз нь сунгагдахад сөрөг нөлөөтэй гээд байгууллагын нэр дээр гаргаж төлүүлсэн. Энэ мэт хууль бус үйлдлийг нягтлан бодогчоор ажиллаж байгаагийн хувьд санхүүгийн зөрчил дахин гаргаж болохгүй гэж хэлж, зөвлөхөд тушаал хэрэгжүүлж ажиллаж чадахгүй бол зайлаарай гэж хашгирч улмаар одоо бүр өөрийнх нь хууль бус үүрэг даалгаврыг эсэргүүцдэг гэж намайг халахаар шийдвэр гаргуулж байгаад гомдолтой байна. Тус байгууллагын мөнгөн хөрөнгө болон санхүүгийн эх үүсвэр нь орон нутгийн төсвөөс болон эрүүл мэндийн даатгалаас санхүүждэг тул төрөөс олгосон мөнгөн хөрөнгийг зориулалтынх нь дагуу үр дүнтэй зарцуулах улмаар хууль тогтоомжийг мөрдөн ажиллахыг зөвлөдөг миний үүргийг өөрийнхөө эсрэг ажилладаг гэх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2024 оны 06 сард 2019-2024 оны санхүүгийн баримтанд Дотоод хяналтын баг их эмч ““““““““, эмч Баасандолгор, сувилагч ““““““““нараас бүрэлдэхүүн дээр нэмж эмч Т.”“““““““, хүний нөөцийн ажилтан Т.”“““““““нарыг оруулж тус нөхөрлөлийн дарга Э.”“““““““, эмч ““““““““ нарын өргөдлийн дагуу санхүүгийн шалгалт хийгээд надаас ямар нэгэн тайлбар, тодруулга авалгүй өөрсдөө ойлгохгүй санхүүгийн асуудлыг алдаа, зөрчил гэж үзэж, нөхөрлөлийн гишүүдийн хурал хийж ажлаас чөлөөлөх хурлын тогтоолыг өгсөн. 2024 оны 4 дүгээр сард дарга Э.”“““““““ намайг дуудаж ажилчдын цалинг сүүл цалин бодохоос өмнө нөхөрлөлийн хурал хийж цалингаа нэмэгдүүлнэ гэсэн. Эмч нарыг 1,900,000 төгрөг, сувилагч нарыг 1,600,000 төгрөг болгоно гээд намайг тооцоолол хий гэсний дагуу миний бие ажил үүргийн хувьд цалингийн тооцооллыг хийж өгсөн. Ингээд 4 сараас цалин нэмэгдэх юм чинь гээд 04 дүгээр сарын 15-нд амралтаа авсан Ч. эмчийн амралтын мөнгийг нэмэгдсэн цалингаар бодоод өг гэсний дагуу бодоод өгсөн боловч нөхөрлөлийн хурал хийлгүй хойшлуулсаар байгаад 6 дугаар сарыг хүргэсэн. Энэ асуудал нь цалин нэмэгдэх тушаал гараагүй байхад цалинг нэмж бодож олгосон гэсэн миний ажлаас халагдах 1 шалтгаан болж байгаад гомдолтой байна. Тус нөхөрлөлийн дарга буюу эмнэлгийн дарга Э.”“““““““ нь 2019 оны 10 сард Солонгос яваад хувиараа ажил хийгээд өмнөх дарга байсан С.”“““““““тай ярилцаж манай байгууллагын захиалгаар суралцаж байгаа тул түүний нийгмийн даатгалын шимтгэлийг манай байгууллагаас төлж бай гэж үүрэг өгсний дагуу миний бие нийгмийн даатгалын тайланг гаргаж, тухай бүрт нь тухайн үеийн дарга С.”“““““““ гарын үсэг зурж баталгаажуулан нийгмийн даатгалын байгууллагад илгээж байсан. Уг нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан байдлаа далимдуулан Э.”“““““““ нь жирэмсний өмнөх болон дараах тэтгэмжийг авч байсан бөгөөд дээрх зөрчил нь Санхүү аудитын шалгалтаар зөрчил болж акт тавигдахад С.”“““““““ нь намайг дарамталж Э.”“““““““ын нийгмийн даатгалын шимтгэлд тооцон төлсөн мөнгийг намайг төл гээд үүний дагуу миний бие Э.”“““““““ын нийгмийн даатгалын шимтгэлд 833,700 төгрөгийг төлсөн. Харин Э.”“““““““ нь надаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлчихээд санаа зовохгүй, тэр ч бүү хэл хууль бус шахалт дарамт үзүүлж, төрөөс олгосон мөнгөн хөрөнгийн өөрийн дураар захиран зарцуулах үйл ажиллагаа үргэлжлүүлж, тэр ч бүү хэл уг хууль бус үйл ажиллагааг нь буруу болохыг хэлж зөвлөдөг намайг ажлаас халж байгаад гомдолтой байна. Уг асуудлаар ““““““““сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна. Иймээс ““““““““ ХХН-ийн 2024.06.26-ны өдрийн 08 дугаартай тогтоол, ““““““““ өрхийн эмнэлгийн төвийн даргын 2024.07.02-ны өдрийи ““““““““дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, тус нөхөрлөлийн нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.”“““““““ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:
Г.”“““““““ийн нэхэмжлэлтэй, ““““““““ ӨЭМТ-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож байгаа ба тус хэрэгт нэхэмжлэгчийн шаардлагаа ажилгүй байгаа хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэмэгдүүлж байна гэжээ.
Хариуцагч Орхон аймгийн ““““““““ ӨЭМТ ХХН нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Г.”“““““““ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. Манай өрхийн эмнэлэг нь Орхон аймгийн ““““““““сумын 4 багийн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг Өрхийн эрүүл мэндийн төв бөгөөд хуулийн этгээдийн хэлбэрийн хувьд хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл билээ. Г.”“““““““ нь Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоол, ““““““““ ӨЭМТ-ын даргын тушаалыг тус тус хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч хэрхэн яагаад тус тогтоол болон тушаалыг хүчингүй болгох талаар тайлбарлаж бичээгүй байна. Г.”“““““““ийг ажлаас чөлөөлөхтэй холбоотойгоор түүний гаргасан зөрчлүүдийг тайлбарлаж, танилцуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Орхон аймгийн ““““““““ ӨЭМТ ХХН нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:
Ганбаатар овогтой ““““““““ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. Манай өрхийн эрүүл мэндийн төв нь Орхон аймгийн ““““““““сумын 4 багийн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг Өрхийн эрүүл мэндийн төв бөгөөд хуулийн этгээдийн хэлбэрийн хувьд "Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл билээ. Г.”“““““““ нь Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдриийн 08 дугаар тогтоол, ““““““““ ӨЭМТ-ын даргын тушаалыг тус тус хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч хэрхэн яагаад тус тогтоол болон тушаалыг хүчингүй болгох талаар тайлбарлаж бичээгүй байна. Манай ӨЭМТ-өөс Г.”“““““““т 2024 оны 07 сарын 02-ны өдрийн ““““““““тоот ажлаас чөлөөлөхтэй холбоотой тушаал, түүний гаргасан зөрчлүүдийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Нөхөрлөл ХХН-ын бүх гишүүдийн 09 дугаар хурлаар танилцуулж, Г.”“““““““өөс хариу тайлбар авч танилцуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 312/ШШ2025/01839 дугаар шийдвэрээр:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1., 127 дугаар зүйлийн 127.1.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.”“““““““ийг ““““““““ өрхийн эрүүл мэндийн төв ББН-ийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ““““““““ өрхийн эрүүл мэндийн төв ББН-с ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 24,725,862 төгрөг гаргуулан олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д заасныг баримтлан Г.”“““““““ийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг ““““““““ өрхийн эрүүл мэндийн төв ББН-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч ““““““““ ӨЭМТ ББН-с улсын тэмдэгтийн хураамжаар 351,779 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Э.”“““““““ шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1.-д заасны дагуу Г.”“““““““ийг “““““““““” өрхийн эрүүл мэндийн төв” БББ-ийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ““““““““ өрхийн эрүүл мэндийн төв ББН-с ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 24,725,862 төгрөг гаргуулахаар нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч тус шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 116 дугаар зүйлийн 116.2., 116.3.-т тус тус заасны дагуу хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж гаргаагүй, шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсэгт зөрүүтэй дүгнэлтийг хийсэн зэрэг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Хэргийн товч утга: “““““““““” ӨЭМТ нь хуулийн этгээдийн хэлбэрийн хувьд Нөхөрлөлийн тухай хуульд заасны дагуу Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал юм. Г.”“““““““ нь ӨЭМТ-д Хөдөлмөрийн гэрээгээр 2015 оны 03-р сараас 07 cap хүртэлх хугацаанд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, бусад холбогдох хууль, дүрэм, журамд заасан болон няравын касс, бараа материалын болон бусад ажпыг хянаж заавар зөвлөмж өгч ажиллах зэрэг ерөнхий нягтлан бодогчийн үүргийг хэрэгжүүлэхээр ажиллаж байсан бөгөөд түүнийг ӨЭМТ-н эрх барих дээд байгууллага болох Бүх гишүүдийн 2024 оны 06-р сарын 26-ны өдрийн хурлаар өөрийн албан тушаалын байдлаа ашиглан удирдлагын тушаал шийдвэргүйгээр, даргын гарын үсэг, зөвшөөрөлгүйгээр зөвхөн өөрийн гарын үсгийг зуран дур мэдэн гүйлгээнүүдийг хийж, байгууллагад хохирол учруулсан, ерөнхий нягтлан бодогчийн хувьд хэрэгжүүлэх Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүйг удаа дараа гаргасан нь тогтоогдсон үндэслэлээр гишүүдийн олонхийн саналаар ажлаас чөлөөлж, холбогдох шийдвэр гаргахыг Өрхийн эрүүл мэндийн төвийн даргад үүрэг болгож шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу ӨЭМТ-ийн даргын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ““““““““дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5.-д заасан үндэслэлээр Г.”“““““““ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэл бүхий болсон. Гомдлын үндэслэл: 1.Г.”“““““““ийн ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байгаа талаар: “““““““““” ӨЭМТ нь нягтлан бодогчийн нэг орон тоотой үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Г.”“““““““ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.-д заасны дагуу ерөнхий нягтлан бодогчийн ажил үүргийг гүйцэтгэдэг байсан. Г.”“““““““ийн эрхэлж байсан албан тушаал нь ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтанд тооцогдох бөгөөд түүний ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй удаа дараа гаргасан нь Өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны 06-р сарын 26-ны өдрийн Бүх гишүүдийн хурлын хурлаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5.-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн. 1.1.Г.”“““““““ нь ажиллаж байх хугацаандаа өөрийн албан тушаалын байдлаа ашиглан удирдлагын тушаал шийдвэргүйгээр, даргын гарын үсэг, зөвшөөрөлгүйгээр зөвхөн өөрийн гарын үсгийг зуран дур мэдэн гүйлгээнүүдийг хийж, байгууллагад 1,000,000 гаруй төгрөгийн дараах хохиролыг учруулж ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан бөгөөд эдгээр нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогддог. Тухайлбал: а/Тушаал шийдвэргүй, даргын гарын үсэггүй дараах тодорхойгүй гүйлгээнүүдийг хийсэн. 2023.11.21-ний өдрийн 424,000 төгрөгийн төлбөрийн даалгавар /1хх-57-58 дахь тал 2023.11.13-ны өдрийн 200,000 төгрөгийн төлбөрийн даалгавар /1хх-59-60/ б/ Байгууллагад ашиглагдах BSB Электроник ХХК-ийн худалдан авалтын дараах бонус урамшууллыг хувийн хэрэгцээнд ашигласан. 2024.05.13-ны өдрийн худалдан авалтаас 49,900 төгрөгийн бонусыг ашиглаж Хананд тогтоогч авсан. /1хх-67/ 2023.11.10-ны худалдан авалтаас 34,900 төгрөгийн бонусыг ашигласан /1хх-68/ 2022.06.28-ны худалдан авалтаас 162,900 төгрөгийн бонусыг ашигласан /1хх-70/2022.06.28-ны худалдан авалтаас 24,700 төгрөгийн бонусыг ашигласан /1 хх-70/2021.11.01-ний худалдан авалтаас 84,900 төгрөгийн бонусыг ашигласан /1хх-71/2023.11.10-ны худалдан авалтаас 79,800 төгрөгийн бонусыг ашигласан /1хх-71/1.2.Г.”“““““““ нь ерөнхий нягтлан бодогчийн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар хүлээсэн байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь холбогдох хууль болон санхүүгийн бусад хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах, дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх, удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн, зөв мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах зэрэг үүргээ биелүүлээгүй ажил олгогчийн итгэлийг алдсан эс үйлдэхүй гаргасан бөгөөд эдгээр нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогддог.Тухайлбал: Нэхэмжлэгч 2025 оны 07-р сарын 23-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “..Хурал хийхгүй удсан учир 04 сараас цалин нэмэгдэх юм чинь гээд 04 дүгээр сарын 15-нд амралтаа авсан Ч.”“““““““ эмчийн амралтын мөнгийг нэмэгдсэн цалингаар бодоод өг гэсний дагуу бодоод өгсөн боловч нөхөрлөлийн хурал хийлгүй хойшлуулсаар байгаад 06 cap хүрсэн..” гэж тодорхойлсон. 2025 оны 03-р сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд Ч.”“““““““гийн гэрчээр өгсөн “...Би 2024 оны 04 дүгээр сард ээлжийн амралтаа авсан. Би үндсэн цалинг нэмэгдсэн дүнгээр бодож ээлжийн амралтын мөнгийг олгосон байсан. Намайг амрахаас өмнө 1,900,000 төгрөгөөр бодож цалинг олгосон байсан. Тэгээд амралтаасаа орж ирээд ширээн дээр цалингийн карт байхаар нь харсан чинь миний цалинг 1,600,000 төгрөгөөр бодсон байхыг хараад энэ талаар асуухад хэрвээ цалин нэмэгдэх юм бол зөрүү мөнгө гэж гарахгүй, нэмэгдэхгүй бол цалингаас чинь суутгаж авна гэж хэлж байсан. ...300,000 орчим төгрөгийг миний цалингаас суутгаж авсан..” гэх мэдүүлэг /1хх-247 дахь тал/, 2025 оны 03-р сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд О.Чанцалмаагийн гэрчээр өгсөн “..2023 оны хагас жилийн урамшуулал гэж бүх ажилчид олгодог. Тухайн урамшуулал олгох даргын тушаал дээр миний нэр байсан боловч надад олгогдоогүй. Мөн нэг өдрийн цалинтай чөлөө авсан боловч нэг өдрийн цалинг олгоогүй учир энэ талаар гомдол гаргасан. ...Г.”“““““““ нягтлан танд ямар хариу өгдөг байсан бэ гэхэд Нэг өдрийн цалинг эгч мартсан байна дараа сард нөхөж өгье харин чи хагас жилийн урамшуулал авах ёсгүй гэж хэлсэн. Манай хэсэг дээр нэг нярайн асуудал гарсан учир 2023 оны хагас жилээр урамшуулал аваагүй. 2024 оны хагас жилийн урамшуулал авах байсан, намайг авах ёсгүй гэж хэлсэн..”, гэх мэдүүлэг /1хх-248/ 2025 оны 03-р сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд ““““““““гэрчээр өгсөн “...Би өргөдөл гаргасан. Би 3 жил ажилласаны тэтгэмжийг 2023 онд авах байсан. Би энэ талаар Г.”“““““““ нягтлангаас асуухад өмнө ажиллаж байсан газар нь хүсэлт явуулна гэдэг хариулт өгдөг байсан. ...Тэгээд би дараа жил нь тэтгэмжээ авсан. ...Би тэтгэмж авах талаараа Г.”“““““““ нягтланд хэлсээр байхад миний хүсэлтийг явуулаагүй байсан болохоор гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /1 хх-245-246/, Санхүүгийн хяналт, дотоод Аудитын газар ““““““““ ӨЭМТ-ийн 2024 оны төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн хяналт шалгалтын танилцуулгад дурдагдсан “...Ажилтан Ч.”“““““““д 2024.04.19-ний өдөр ээлжийн амралтын олговрыг тооцож олгохдоо ӨЭМТ-ийн даргын зөвшөөрөлгүй гүйлгээ хийсэн зөрчилтэй байна. Энэ нь НББ-ийн тухай хуулийн 13.7., 13.6.-д заасныг тус тус зөрчсөн байна” гэх хяналт шалгалтаар цалин тогтоолт, олголттой холбоотой илэрсэн зөрчлийн талаарх мэдээлэл /2хх-28 дахь тал/ Санхүүгийн хяналт, дотоод Аудитын газар ““““““““ ӨЭМТ-ийн 2024 оны төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн хяналт шалгалтын танилцуулгад “““““““““ ӨЭМТ-ийн 2024 оны санхүү бүртгэл, тайлан мэдээ гаргалт нягтлан бодох бүртгэлийн заавар журам, стандартад заасны дагуу мэдээлэл бүрэн бус, Сангийн сайдан 2017 оны оны 347 дүгээр тушаал “Маягт, заавар батлах тухай” Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүргтэлийн маягтыг зааврын дагуу бөглөж баримтын бүрдлийг хангаж ажиллаагүй” гэх мэдээлэл /2хх-30 дахь тал/ Дээрх нөхцөл байдлын талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14.-т "...Нөхөрлөлийн гишүүдийн 8 дугаар тогтоол нь Г.”“““““““ийг ажлаас халах үндэслэл болсон бөгөөд...” гэж дүгнэсэн атлаа мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14.-т “...Мөн ажилчдаас ирүүлсэн өргөдөл гомдлыг ажил олгогч шалгаад байгууллагад Г.”“““““““ийн буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас ямар хохирол учирсан нь тодорхойгүй, мөн Н.”“““““““ эмчид цалин нэмэгдээгүй байхад нэмэгдсэн хувь хэмжээгээр олгосон ч буцаагаад илүү цалинг байгууллагад шилжүүлсэн, үйлчлэгч Н”“““““““цалинг нягтлан бодогч түүний өөрийнх нь гуйлтаар өөрийнхөө дансаар гаргаж өгсөн гэдгийг гэрчүүд өөрсдөө мэдүүлсэн. Мөн тухайн байгууллагад бараа материалыг худалдан авахдаа нэгдүгээр гарын үсэггүй төлбөрийн даалгавраар хийгдэж байсан нь тогтсон үйлдэл байсан байх ба бонус картын барааг авсан гэдэг нь байгууллагад хохирол учруулсан гэж үзэх үндэслэл болох эсэх үүний улмаас байгууллагад ямар хохирол учирсан нь нотлогдоогүй байна...” гэж, мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15.-д“...Г.”“““““““ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5.-д заасан өөрөөр хэлбэл “байгууллагад хохирол учруулсан нь нотлогдсон” ...үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ...үндэслэлгүй байна...” гэж тус тус Г.”“““““““ийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хариуцлагагүй, ажил олгогчийг хохироосон үйлдлийг энгийн тогтсон үйлдэл байсан зэргээр хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. 2.Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын эрх үүргийг зөрүүтэй тайлбарласан талаар: ӨЭМТ-ийн 2024 оны 06-р сарын 26-ны өдрийн бүх гишүүдийн хурлын 08 дугаартай тогтоолоор Г.”“““““““ийг үүрэгт ажлаас чөлөөлөх тушаал гаргахыг өрхийн эрүүл мэндийн төвийн даргад үүрэг болгосон. Тус тогтоолын биелэлтийг хангаж буюу Өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны 06-р сарын 26-ны өдрийн бүх гишүүдийн хурлын 08 дугаартай тогтоол, тэмдэглэлийг үндэслэж ӨЭМТ-ийн даргын 2024 оны 07-р сарын 02-ны өдрийн ““““““““дугаартай тушаалаар Г.”“““““““ийг ажлаас чөлөөлсөн. ӨЭМТ-ийн бүх гишүүдийн хурал нь шийдвэрээ бүх гишүүдийн олонхын саналаар гаргаж, шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг гишүүд хамтран хариуцдаг. Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаас тус төвийг удирдах, төлөөлөх эрхтэйгээр томилогддог бөгөөд хууль болон дүрэмд заасны дагуу байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх манлайлах, зохион байгуулах, төвийг төлөөлөн төр захиргааны байгууллагатай харьцах, бусад эрх зүйн баримт бичгийг баталгаажуулах, гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хариуцах, тайлагнах, мэдээлэх, дээд шатны байгууллагаас хүргүүлсэн албан даалгавар, хариутай бичиг, өгсөн үүрэг даалгаварыг хугацаанд нь чанартай биелүүлэх, тайлагнах, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль, дүрэм, тушаалыг зөрчсөн аливаа асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх эрх, үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Өөрөөр хэлбэл Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нь бүх гишүүдийн хурлын шийдвэрийг биелүүлэн ажиллах үүрэгтэй бөгөөд бие даасан шийдвэр гаргаж, бүх гишүүдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгох, тус хурлаас гарсан шийдвэртэй холбоотой үүрэг хариуцлагыг дангаар хариуцах этгээд биш юм. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17.-д “..нөхөрлөлийн гишүүн Энхтүвшин овогтой ““““““““ нь нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй...” гэж хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь үндэслэлгүй юм. 3.Г.”“““““““ ӨЭМТ-ийн 2024 оны 06-р сарын 26-ны өдрийн Бүх гишүүдийн хуралд оролцсон. Түүнд холбогдох шийдвэрийг танилцуулж тайлбар авсан талаар: Г.”“““““““ нь ӨЭМТ-ийн 2024 оны 06-р сарын 26-ны өдрийн бүх гишүүдийн хуралд оролцож өөрийн тайлбарыг гаргасан бөгөөд хурлын тогтоолыг түүнд танилцуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Тухайлбал: 2025 оны 03-р сарын 10-ны өдрийн ““““““““гэрчээр өгсөн “..2024 оны 06 дугаар сарын 25, 26-ны өдөр хоёр өдөр үргэлжилсэн. Г.”“““““““ нягтлангийн талаар хуралдсан. ...Хариуцагчийн өмгөөлөгч. Тухай хуралд Г.”“““““““ нягтлан оролцсон уу?гэхэд ...Эхний өдөр байгаагүй, хоёр дахь өдөр нь байсан гэх мэдүүлэг /2хх-246/ 2025 оны 03-р сарын 10-ны өдрийн Ч.”“““““““гийн гэрчээр өгсөн “...Хариуцагчийн өмгөөлөгч Тухайн хуралд Г.”“““““““ нягтлан оролцсон уу гэхэд... Эхний өдөр хурал дээр байгаагүй, хоёр дахь өдрийн хурал дээр байсан..” мэдүүлэг, /2хх-247/ 2025 оны 03-р сарын 10-ны өдрийн О.Чанцалмаагийн гэрчээр өгсөн 2024 оны 06 дугаар сарын 25, 26-ны өдөр нөхөрлөлийн гишүүдийн хурал болсон уу? болсон бол ямар асуудлаар хуралдсан, Г.”“““““““ нягтлан уг хуралд байсан уу. Би нөхөрлөлийн 2 өдрийн хуралд оролцсон. Г.”“““““““ нягтланг оролцсоныг санаж байна...” гэх мэдүүлэг /1хх-248 дахь тал/ 2025 оны 03-р сарын 10-ны өдрийн ““““““““өгсөн “...Нөхөрлөлийн гишүүдийн хурлын 2 дахь өдөр Г.”“““““““ оролцсон уу” гэхэд ...2 дахь өдрийн хуралд оролцуулж, тайлбар авсан...” гэх мэдүүлэг /2хх дахь тал/ 2025 оны 03-р сарын 10-ны өдрийн ““““““““гэрчээр өгсөн “...Бид бүхэн нөхөрлөлийн хурал хийх гэж байгаа талаар нягтланд мэдэгдсэн. Эхний өдөр хуралдаад ажлаас халах шийдвэрийг танилцуулах гэсэн боловч ажлын байранд дээрээ байгаагүй, утас нь холбогдохгүй байсан гэв. ...Эхлээд дотоод хяналт баг шалгалт явуулж дүгнэлтээ гаргасан. Дотоод хяналтын шалгалт хийх гэж байна та холбогдох баримтуудыг гаргаж өгч бидний ажилд тусал, хамтран ажиллаарай гэж хэлж байсан. Дотоод хяналт шалгалтын дүгнэлтийг Г.”“““““““ нягтланд танилцуулсан. Эхний өдөр нягтлан ажил дээрээ байгаагүй учир дараагийн өдөр хуралдаж, уг хуралд оролцуулсан...” гэх мэдүүлэг./2хх-4 дэх тал/ болон хурлын тэмдэглэлд тусгагдсан Г.”“““““““ийн хэлсэн тайлбар зэргээр нотлогдогдоно. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13.-т хариуцагч тал, нэхэмжлэгчийг Нөхөрлөлийн гишүүдийн хуралд оролцсон, энэ хурлаас Г.”“““““““ийг ажлаас халах шийдвэр гарсан гэж тайлбарлаж байгаа боловч тус хурлын тэмдэглэлийн оролцсон нэрсэд Г.”“““““““ бичигдээгүй, мөн оролцсон хүмүүс гарын үсэг зурсан ч түүнд нэхэмжлэгч гарын үсэг зураагүй байна...” гэж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнэлгүй зөвхөн хурлын тэмдэглэлд Г.”“““““““ийн гарын үсэг байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны болж чадаагүй. 4.Шүүхийн шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсэгт зөрүүтэй дүгнэлтийг хийсэн талаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.-д “““““““““ ӨЭМТ” ХХН-д холбогдуулан “““““““““ ӨЭМТ” ХХН-ийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаартай тогтоол, “““““““““” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 07-р сарын 02-ны өдрийн ““““““““дугаартай тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэв” гэсэн атлаа шийдвэрийн үндэслэх хэсгийн 18.-д “...Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ, “““““““““ ӨЭМТ” ХХН-ийн 2024 оны 06-р сарын 26-ны өдрийн 08 дугаартай тогтоол, ““““““““ өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 07-р сарын 02-ны өдрийн ““““““““дугаартай тушаалыг хүчингүй болгоно гэж дурдсан ч энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тул шүүхийн шийдвэрт тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн. Харин хариуцагчаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох байгууллагад шилжүүлэхийг даалгах нь зүйтэй байна...” гэж тайлбарлаж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1.-т “..Г.”“““““““ийг “““““““““” өрхийн эрүүл мэндийн төв ББН-ийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож. ““““““““ өрхийн эрүүл мэндийн төв ББН-с ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 24,725,862 төгрөг гаргуулан олгосугай...” гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй үндэслэлгүй болсон. Иймд Г.”“““““““ийг ажпаас чөлөөлсөн “““““““““ ӨЭМТ” ББН-ийн бүх гишүүдийн хурлын 2024 оны 06-р сарын 26-ны өдрийн 08 дугаартай тогтоол, тус тогтоолыг үндэслэж гарсан Өрхийн эрүүл мэндийн төвийн 2025 оны 07-р сарын 02-ны өдрийн ““““““““дугаартай тушаал үндэслэл бүхий болсон тул Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10-р сарын 06 -ны өдрийн 312/ШШ2025/01839 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тул хурлын тов мэдэгдэнэ үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, өмгөөлөгч Ж.Сангичимаа нар давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:
Нэгдүгээрт. Г.”“““““““ийн ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримгаар нотлогдож байгаа гэх гомдлын талаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5.-д ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон байхаар хуульчилсан. Гэтэл ажил олгогч болох хариуцагч байгууллага Г.”“““““““ийг 80.1.5. дахь хэсэгт заасан үндэслэлээр ажлаас халсан боловч ажилтан ямар зөрчил гаргасан, энэ зөрчил нь хэрхэн тогтоогдсон талаар баримт хавтас хэрэгт огт авагдаагүй юм. Цаашлаад ажил олгогчийн дотоод хяналт шалгалт, хөндлөнгийн төрийн хяналт шалгалтын байгууллагын ямар нэгэн дүгнэлт огт гараагүй байхад нэхэмжлэгчийг ажлаас халсан байдаг. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тушаалдаа, мөн шүүхэд гаргасан хариу тайлбартаа хариуцагч нь яг ямар зөрчил гаргасан гэж үзэж нэхэмжлэгчийг ажлаас халсанаа огт тайлбарладагүй, огт тусгаагүй байдаг. Харин шүүх хуралдааны явцад 4,5 зөрчил гаргасан гэж тайлбар гаргасан бол давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх хурал дээр ярьж мэтгэлцээгүй асуудлаар зөрчил гаргасан мэтээр бичиж энэ нь тогтоогдсон гэж тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй юм. Хариуцагч нь нэхэмжлэгчээс болж яг хэдэн төгрөгний хохирол байгууллагад учирснаа нотолж чадаагүй, шүүх хуралдаан дээр тэд эд гэж хэлэх боломжгүй гэж тайлбарладаг. Хоёрдугаарт.Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын эрх, үүргийг зөрүүтэй тайлбарласан гэх гомдлын талаар: Нэхэмжлэгч Г.”“““““““ нь өрхийн эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар ажилд орж, мөн тус даргын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Нэгдүгээр хавтас хэргийн 144 талд авагдсан Өрхийн эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын 1.8.8.-т ажил олгогч нь өрхийн эрүүл мэндийн төвийн дарга байхаар, 3.2.12-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах дуусгавар болгох эрхийг ажил олгогч болох дарга эдлэхээр заасан байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаар өрхийн эрүүл мэндийн төвийг татсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Гуравдугаарт.Г.”“““““““ ӨЭМТ-ийн 2024 оны 06-р сарын 26-ны өдрийн Бүх гишүүдийн хуралд оролцсон, түүнд холбогдох шийдвэрийг танилцуулж тайлбар авсан гэх гомдлын талаар: Г.”“““““““ийн хөдөлмөр эрхлэлтийн харилдааг цуцлахдаа ажил олгогч нь нэхэмжлэгчээс тайлбар огт аваагүй болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогддог. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.10.06-ны өдрийн 1839 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. Шүүх хуралдаанд биечлэн оролцож дэлгэрүүлэн тайлбар гаргах хүсэлтэй байх тул шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Г.”“““““““ нь Орхон аймгийн “““““““““ ӨЭМТ” ХХН-д холбогдуулан “““““““““ ӨЭМТ” ХХН-ийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоол, “““““““““” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ““““““““дугаар тушаалыг хүчингүй болгож, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор 24.725.862 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.”“““““““ийг 2015 оны 03 дугаар сарын 01 ний өдрөөс эхлэн “““““““““” ӨЭМТ-д нягтлан бодогчоор ажилуулж байгаад Орхон аймгийн “““““““““” ӨЭМТ-ийн даргын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ““““““““дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Тушаалд: Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5., 110 дугаар зүйлийн 110.3., Хөдөлмөрийн гэрээний 2.4.3.5., Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1., 13.5., 13.7., 20.2.4., 20.2.5., 20.2.8., 20.2.9., 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын 8 дугаар тогтоол,тэмдэглэлийг үндэслэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5.-д ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3.-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно.
Хөдөлмөрийн гэрээний 2.4.3.5.-д Өмч хөрөнгө үрэгдүүлж ашиглан, дутагдуулснаас байгууллагад хохирол учруулсан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг цуцлах болон дуусгавар болгоно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.
Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны 33 дугаар тогтоолын 15.5.2.-д Мөн хэсгийн "мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан" гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан зэргийг хамруулан ойлгоно гэж тайлбарлажээ.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.13.5.-д Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин ““““““““ болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна.13.7.-т Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно. 20.2.4.-т Нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь энэ хууль болон санхүүгийн бусад хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах; 20.2.5.-д Дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах; 20.2.8.-д Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх; 20.2.9.-д Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн, зөв мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах гэж заажээ.
Орхон аймгийн “““““““““ ӨЭМТ-ийн нөхөрлөл ХХН-ийн гишүүдийн 2024 оны 06 дугаар сарын 26 ны өдрийн 08 дугаар “Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал “ гэсэн тогтоол гарчээ.
Тус тогтоолд : Нөхөрлөлийн тухай хуулийн 31.1. дэх заалт, 31.2.5, 31.2.9 дахь заалт, 31.3. дахь заалт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.1. дэх заалт, 13.5., 13.7. дахь заалт, 20.2.4. дэх заалт, 20.2.5., 20.2.8. дахь заалт, 20.2.9. дэх заалт, Хөдөлмөрийн тухэй хуулийн 80.1.5. дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь: 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар заасан шийдвэр, Нөхөрлөлийн хурлын тогтоолыг нягтлан бодогч Ганбаатар овогтой ““““““““т танилцуулсугай, Г.”“““““““т 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажиллаж байх хугацааны санхүүгийн баримт бичиг, мэдээ тайлан, тооцоог бүрэн гүйцэт гаргаж, дуусгавар болгохыг үүрэг болгосугай, Өрхийн эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Г.”“““““““ийг 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтыг биеэр эдлүүлж, ээлжийн амралт дуусмагц үүрэгт ажпаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосугай, Нягтлан Г.”“““““““ийг үүрэгт ажлаас чөлөөлөх тушаал гаргахыг өрхийн эрүүл мзндийн төвийн дарга Э.”“““““““д үүрэг болгосугай, Бүх гишүүдийн хурлын шийдвэрийг нөхөрлөлийн гишүүдийн олонхын саналаар гаргасан бөгөөд шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хариуцна...” гэжээ.
Нөхөрлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэл 1 дүгээр х/х-ийн 87-141 дугаар хуудсанд авагджээ.
2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/41 дугаар тушаалаар “Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, баримт бичигт дотоодын хяналт шалгалт хийх багийг томилж Өрхийн эрүүл мэндийн төвийн 2019-2023 он хүртлэх байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, санхүүгийн баримт бичгүүдэд дотоодын хяналт шалгалт хийх багийг нэгдүгээр хавсралтаар баталж, хяналт шалгалтаар илэрсэн зүйлсийг албан бичгээр гаргаж нөхөрлөлийн бүх гишүүдэд танилцуулах тухай заажээ.
Хяналт шалгалтын ажлын зорилго: 2019 оноос хойш санхүүгийн баримт бичигт шалгалт хийж санхүүгийн эрсдэлээс сэргийлэх, дотоодын хяналтын ажлыг баримтжуулж, цаашид шийдвэрлэх арга замыг тодорхойлох, Хяналт шалгалтын зорилт: 1. Сүүлийн 5 жилийн нийт төсвийн хуваарилалтыг шалгах, 2. Сүүлийн 5 жилийн нийт төсвийн зарцуулалтыг шалгах ба дотоод хяналтын баг нь тус Өрхийн эрүүл мэндийн төвийн 2019-2023 он хүртлэх хугацааны санхүүгийн үйл ажиллагаа, санхүүгийн баримт бичгүүдэд дотоодын хяналт шалгалт хийжээ.
Хяналт шалгалтын баг нь тодорхой зөрчлүүдийг илрүүлсэн дүгнэлтийг хамит олны хурлаар хэлэлцүүлж, уг хуралдаанаас нэхэмжлэгч Г.”“““““““ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нөхөрлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэл болон 8 дугаар тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч Г.”“““““““ийг Орхон аймгийн “““““““““ ӨЭМТ”-д нягтлан бодогчын ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5.-д заасантай нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Г.”“““““““ нь Орхон аймгийн “““““““““ ӨЭМТ”-д нягтлан бодогчоор ажиллаж байсан ба түүнийг мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцсан албан тушаалтан гэж үзэх боловч хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар нэхэмжлэгч Г.”“““““““ийн гаргасан зөрчил тогтоогдсон мөн учруулсан хохирол нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байх ёстой байтал энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй байна.
Орхон аймгийн “““““““““” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ““““““““дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1., 127 дугаар зүйлийн 127.1.-д зааснаар нэхэмжлэгч Г.”“““““““ийг ““““““““ өрхийн эрүүл мэндийн төв ББН-ийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ““““““““ өрхийн эрүүл мэндийн төв ББН-с ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 24,725,862 төгрөг гаргуулан олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д заасныг баримтлан Г.”“““““““ийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг ““““““““ өрхийн эрүүл мэндийн төв ББН-д даалгаж шийдвэрлэсэн Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, үндэслэлтэй болжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Э.”“““““““ нь Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10-р сарын 06 -ны өдрийн 312/ШШ2025/01839 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн...” гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.
Хариуцагчийн төлөөлөгч Э.”“““““““ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Түмэнжаргал нь шүүхэд давж заалдсан гомдол гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацааг хэтрүүлсэн байх тул шүүх хуралдаанаар гомдлыг хэлэлцэхгүй орхисон болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагчийн төлөөлөгч Э.”“““““““ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 351.779 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 312/ШШ2025/01839 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Э.”“““““““ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Э.”“““““““ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 351.779 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР