| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/03622/И |
| Дугаар | 210/МА2026/00341 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/00341
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/10314 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн баталгаажуулалт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
******* даргын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/40 дугаар тушаалаар миний хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан. Тус газрын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хурал, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар тус тус хэлэлцүүлсэн боловч маргаан шийдвэрлэгдээгүй болно.
Би 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын даргаар томилогдон ажиллаж байгаад Зам тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлах тухай А/224 дугаар тушаалаар ******* ХЭЗДБГазар нь хэлтэс болон өөрчлөгдсөнөөр хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт орж хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Дээр дурдсан ЗТХСайдын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлах тухай А/224 дүгээр тушаалаар *******т бүтцийн өөрчлөлт хийсэн хэрнээ 3 сарын дараа дахин ЗТХСайдын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай А/299 дүгээр тушаалаар ******* нэгжийн зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэгт өөрчлөлт орж ХЭЗДБХ-ийн үндсэн чиг үүрэг нь Аюулгүй ажиллагааны дотоод хяналт, дүрмийн боловсруулалтын алба, Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтэс гэсэн 2 нэгжид шилжсэн бөгөөд Захиргаа удирдлагын хэлтэс нь Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтэс болон өөрчлөгдсөн юм.
Захиргаа удирдлагын хэлтсийн дарга ******* нь өргөдөл өгч тэтгэмжээ аван, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр чөлөөлөгдсөн. Гэтэл холбогдох хууль, журам зөрчин 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ******* нь Захиргаа удирдлага, хууль эрх зүйн хэлтсийн дарга болон Аюулгүй ажиллагааны дотоод хяналт, дүрмийн боловсруулалтын албаны даргын ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Дээрх ажлын байранд тавигдах шаардлага нь тодорхой нэг хүнд зориулсан байсан. Тухайлбал, өмнө нь ХЭЗДБГ-ын даргын ажлын байрны шаардлага нь Төрийн албанд болон ******* 12-оос доошгүй жил, үүнээс мэргэжлийн чиглэлээр удирдах албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх, ЗУГ-ын даргын ажлын байрны шаардлага нь Төрийн албанд болон ******* 12-оос доошгүй жил, үүнээс захиргаа, хүний нөөцийн чиглэлээр удирдах албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх хэмээн тус тус заасан байсан. Дээрх ажлын байрны шаардлага нь газрын даргын шаардлага байсан гэтэл одоо хэлтсийн даргын ажлын байрны шаардлага хэрнээ өмнөхөөсөө улам чангаруулан төрийн албанд ажилласан хүн тэнцэхгүй зөвхөн ******* 12-оос доошгүй жил ажилласан хүн байхаар шаардлага тавьсан байсан.
Дээрх бүтцийн өөрчлөлтүүдийг Иргэний нисэхийн тухай хууль шинэчлэн батлагдаж чиг үүрэгт өөрчлөлт орж байгаатай холбогдуулан хийсэн гэж тайлбарладаг хэдий ч Иргэний нисэхийн тухай хууль 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх байсан боловч ЗТХЯам хуульд өөрчлөлт оруулж, хууль мөрдөгдөж эхлэх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгохоор хуулийн төсөлд яамдаас 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02/5146 тоот албан бичгээр санал авч, Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-ын чуулганы 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар баталсан. Мөн Монгол Улсын Засгийн газрын Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ******* орон тоог 106 орон тоотой баталсан бөгөөд энэ тогтоолд огт өөрчлөлт ороогүй бөгөөд орон тоо хасагдаагүй, цөөрөөгүй болно. Ийнхүү ******* даргаар түр томилогдсон ******* нь хууль зөрчин баталсан ЗТХСайдын тушаалыг үндэслэл болгон, эрх мэдэл албан тушаалаа ашиглан, сонгон шалгаруулалт нэрийн доор хууль, журам зөрчин, хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэн иргэн миний эрхэд халдаж, миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, байгаад гомдолтой байна.
Иймд намайг урьд эрхэлж байсан хууль эрх зүйн нэгжийг удирдан зохион байгуулж байсан ажилд буюу Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлах тухай” А/224 дугаартай тушаалаар ******* зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг тус тус шинэчлэн баталсан. Дээрх тушаалыг үндэслэн ******* даргын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Орон тоо, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн батлах тухай” А/253 дугаартай тушаалаар тус газрын орон тоо, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн баталсан. Мөн тус газрын бүтцэд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/299 дугаар тушаалаар өөрчлөлт оруулж, Захиргаа удирдлагын хэлтэс, Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын хэлтсийн чиг үүргийг нэгтгэн Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтэс болгон өөрчилсөн.
Дээрх бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор тус газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/40 дугаар тушаалаар Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын даргын орон тоо хасагдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан үндэслэлээр *******той үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч *******од 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 119 дугаар мэдэгдэх хуудсаар 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 126 дугаартай мэдэгдэх хуудсаар “*******д шинээр бий болж байгаа Хүний нөөцийн удирдлагын газрын Хуулийн хэлтсийн даргын ажлын байраар хангаж, Хөдөлмөрийн дотоод журмын 7.4-т зааснаар таны өмнө авч байсан албан тушаалын үндсэн цалинг 6 сарын хугацаанд үргэлжлүүлэн олгож ажиллуулах боломжтой. 2024 оны 01 дүгээр сарын 04-ний дотор *******-ийн даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулах” талаар мэдэгдсэн боловч ******* нь өмнөх албан тушаалын цалинг хугацаагүйгээр хадгалан цалинжуулах, санал болгосон ажлын байрнаас өөр менежерийн буюу тухайн ажлын байранд хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр ажиллаж байгаа эзэнтэй ажлын байранд томилуулах зэрэг хууль бус, биелүүлэх боломжгүй нөхцөл тавьж байсан.
******* албан хаагчид нь төрийн албаны ангилал зэрэглэлд хамрагдаагүй, төрийн жинхэнэ албан хаагч биш тул төрийн албаны хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах тусгай шаардлага тавигдахгүй бөгөөд тус агентлагийн дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын тодорхойлолтыг батлан мөрдөж ажилласан нь ямар нэг хууль тогтоомж зөрчигдөөгүй, өмнө тавигдаж байсан шаардлагыг бууруулж, бусдад давуу байдал олгоогүй.
Хариуцагч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/22 дугаар тушаалаар баталсан “Сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтсийн даргын сул ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд холбогдох дүрэм, журамд заасны дагуу сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа хэвийн явагдсан. Уг сонгон шалгаруулалтын комиссын үйл ажиллагаатай холбоотой гомдол, мэдээлэл гараагүй ба нэхэмжлэгч ******* дээрх сул ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох эрх нь нээлттэй байсан. Харин дээрх өөрчлөлтийн өмнө мөрдөгдөж байсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалын тодорхойлолтод зааснаар тухайн ажлын байранд “*******” болон “Төрийн захиргааны удирдлага” мэргэжилтэй, төрийн захиргааны удирдлагын чиглэлээр сургалтад хамрагдан мэргэшсэн, төрийн албанд болон ******* 12-оос доошгүй жил, үүнээс захиргаа, хүний нөөцийн чиглэлээр удирдах албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан туршлагатай байх, мөн өдөр батлагдсан хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын даргын албан тушаалын тодорхойлолтод зааснаар тухайн ажлын байранд “Эрх зүйч” мэргэжилтэй, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэн мэргэшсэн, төрийн албанд болон ******* 12-оос доошгүй жил, үүнээс мэргэжлийн чиглэлээр удирдах албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан туршлагатай байх шаардлага тавигдаж байсан. Зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр дээрх 2 ажлын байр хасагдаж, шинээр Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтэс бий болоход тус хэлтсийн даргын албан тушаалд дээрх 2 ажлын байранд тавигдах шаардлагыг нэгтгэн аль нэг мэргэжил, мэргэшлийн шаардлага хангагдсан байх шаардлага хангагдахаар боловсруулан баталгаажуулсан бөгөөд туршлагын хувьд ажилласан жилийг өөрчлөөгүй, тухайн ажлын байрны чиг үүрэг, ажлын шаардлагыг харгалзан шатлан дэвших зарчмыг баримтлах үүднээс өмнө тавигдаж байсан ******* 12-оос доошгүй жил ажилласан байх шаардлагыг үлдээсэн болно. Ингэснээр ******* мэргэжлийн хяналт, зохицуулалт хийх, аюулгүй байдлыг хангуулах чиг үүрэг бүхий тус агентлагийн захиргаа удирдлага, хүний нөөц, хууль эрх зүйн асуудал хариуцсан нэгжийн даргын албан тушаалд ******* 12-оос доошгүй жил, үүнээс мэргэжлийн чиглэлээр удирдах албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан иргэний нисэхийн аль нэг мэргэжил, эсвэл төрийн захиргааны удирдлага, эрх зүйч /эрх зүйн мэргэжлийн хувьд хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, мэргэшсэн/ мэргэжилтэй, төрийн захиргааны удирдлагаар сургалтад хамрагдсан, тус салбарт мэргэшсэн ажилтныг сонгон шалгаруулж, томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ыг ******* Захиргаа, удирдлага хууль эрх зүйн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас олговорт 110,761,696 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч *******ын төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч *******т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 711,758 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн. Учир нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/224 дугаар тушаалаар тус газрын зохион байгуулалтын бүтэц, шинэчлэн батлагдсан. Уг тушаалтай холбогдуулан ажилтнуудын чиг үүрэгт өөрчлөлт ороогүй, ажлын байр хасагдаагүй, ажлын байрны нэршилд өөрчлөгдсөн байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан үндэслэл бий болсон гэж үзэн, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.5 дахь хэсэгт заасан тэтгэмжийг авч, ажлаас гарах сонирхолтой этгээдүүд байсан учир Зам, тээврийн яамнаас тодруулга бичгийг ирүүлж, уг асуудлыг нэг тийш нь болгосон боловч шүүх уг албан бичигт үндэслэн “....ажлын байр хасагдаагүй, тухайн ажлын байр үгүй болсон гэж үзэх үндэслэл болохгүй...” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасны дагуу гэрчээр ******* хэрэгжилтийн газрын менежер ******* /тушаал гаргасан эрх бүхий албан тушаалтан/, тус газрын Захиргаа удирдлага, хууль эрх зүйн газрын менежер ******* /маргаан бүхий тушаалыг гаргахад оролцсон албан тушаалтан/ нарыг оролцуулах хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан боловч шүүх хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн үед Зам, тээврийн хөгжлийн яамнаас яагаад дээрх албан бичгийг ирүүлэх болсон эсэх, яагаад нэхэмжлэгч *******ыг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон эсэх зэрэг бодит нөхцөл байдлыг тодруулах, хариуцагчийн татгалзлын үндэслэлээ нотлох байсан боловч шүүгч уг хүсэлтийг хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байна.
4.3. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/299 дугаар тушаалаар батлагдсан “Зохион байгуулалтын бүтэц үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай” тушаалаар 2 газрын 1 хэлтэс болгон нэгтгэхдээ Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын зарим чиг үүргийг Аюулгүй ажиллагааны дотоод хяналт, дүрмийн боловсруулалтын албанд, харин ******* үйл ажиллагааны стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд байгууллагын удирдлагад эрх зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүргийг Захиргаа удирдлага, хууль эрх зүйн хэлтэст тус тус салгасан. Гэхдээ Захиргаа удирдлага, хууль эрх зүйн хэлтэст “....төрийн захиргаа, хүний нөөц, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх” чиг үүрэг мөн байгаа ба энэ чиг үүргийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч ******* нь шаардлага хангахгүй байгаа учир түүнд өөр ажлын байр санал болгосон. Мөн нэхэмжлэгч нь сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулахад холбогдох материалаа комисст хүргүүлэн, сонгон шалгаруулалтад оролцох эрх нь нээлттэй байсан.
Иймд шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дотоод итгэл үнэмшлээр тодорхой хэмжээнд дүгнэлт өгсөн. Түүнчлэн, 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын тогтоол нээлттэй цахим сайтад байршсан.
Мөн ******* талаар аудитын дүгнэлт гарсан. Уг аудитын дүгнэлтэд Засгийн газраас байгууллагын бүтэц, чиг үүргийг өөрчилсөн нь зохих журмыг зөрчсөн, Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж дүгнэсэн гэх олон нийтийн нээлттэй эх сурвалжид мэдээлэл нийтлэгдсэн.
Түүнчлэн, тухайн байгууллага 8 удаагийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн нь хууль зөрчсөн гэж дүгнэсэн талаар дурдагдсан гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна.
2.1. Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/224 дүгээр тушаалаар ******* зохион байгуулалтын бүтцийг нэгдүгээр хавсралтаар, үйл ажиллагаа стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсан. /1хх32-51/
2.2. Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/299 дүгээр тушаалаар ******* зохион байгуулалтын бүтцийг нэгдүгээр хавсралтаар, үйл ажиллагаа стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсан. /1хх52-71/
2.3. ******* даргын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 119 дугаартай мэдэгдлээр зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэгт өөрчлөлт орж, Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын хэлтсийн даргын ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн. /1хх116/
2.4. Түүнчлэн, ******* даргын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 126 дугаартай мэдэгдлээр “...*******д шинээр бий болж байгаа Хүний нөөцийн удирдлагын газрын Хуулийн хэлтсийн даргын ажлын байраар хангаж, хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжтой” талаар мэдэгдсэн. /1хх117/
2.5. ******* даргын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/40 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 83 дугаар зүйлийн 83.1-83.6, ******* Хөдөлмөрийн дотоод журмын 4.10, 8.7.4 дэх заалтыг баримтлан, Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын хэлтсийн даргын орон тоо хасагдсан үндэслэлээр 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон *******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. /1хх10,72/
3. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсныг үндэслэлгүй гэж үзэн ажилд эгүүлэн тогтоосон нь зөв боловч түүнийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь бус өөр ажлын байранд томилсон шийдвэр гаргасан нь үндэслэл бүхий болоогүй байна. Өөрөөр хэлбэл, иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх аргаар хэрэгжүүлдэг тул анхан шатны шүүхийг уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулна.
4. Хариуцагч ******* нь Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх хэмжээтэй хуулийн этгээд байх ба нэхэмжлэгч ******* нь ******* Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын даргын албан тушаалд буюу төрийн үйлчилгээний албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан байх тул түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиудаар зохицуулагдана. Тодруулбал, төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулна гэж Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан.
Төрийн албаны тухай хуулийн зорилт нь албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж тодорхойлсон.
4.1. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт тухайн агентлагийн чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заажээ.
4.2. ******* Хөдөлмөрийн дотоод журмын 3.15-д *******, түүний харьяа салбар, нэгжид сул орон тоо гарсан тохиолдолд дор дурдсаны дагуу орон тоог нөхнө. 3.15.1-д харьяа салбар, нэгжид ажиллаж байгаа ажилтнуудаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа болон иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудаас, 3.15.2-т энэ журмын 3.15.1-д заасны дагуу нөхөх боломжгүй бол нөөцөд байгаа иргэдээс, 3.15.3-т энэ журмын 3.15.1, 3.15.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлана гэжээ.
4.3. Мөн дотоод журмын 3.35-д “Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг салбар, нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг болон ажилтны гүйцэтгэх ажил үүрэгт өөрчлөлт орохоос бусад тохиолдолд засварлахгүй” гэжээ.
Дээрхээс үзвэл, хариуцагч ******* зохион байгуулалт, бүтцийг 2023 онд 2 удаа өөрчилсөн нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба нь мэргэшсэн, тогтвортой байх хуулийн зорилтыг зөрчсөн гэж үзнэ. Иймд уг бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байх бөгөөд байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 3.15 болон 3.35 дахь заалтуудыг давхар зөрчиж нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байна.
5. Түүнчлэн, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын даргын албан тушаалтын тодорхойлолтод тавигдах тусгай шаардлагын туршлага хэсэгт: төрийн албанд болон ******* 12-оос доошгүй жил, үүнээс мэргэжлийн чиглэлээр удирдах албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх, Захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалтын тодорхойлолтод тавигдах тусгай шаардлагын туршлага хэсэгт: төрийн албанд болон ******* 12-оос доошгүй жил, үүнээс захиргаа, хүний нөөцийн чиглэлээр удирдах албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлагууд тавигдсан байдаг./1хх97-106/
5.1. ******* даргын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/390 дүгээр тушаалын хавсралтаар Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалтын тодорхойлолтод албан тушаалд тавигдах тусгай шаардлагын туршлага хэсэгт “******* 12-оос доошгүй жил, үүнээс захиргаа, хүний нөөц, хууль, эрх зүйн чиглэлээр 4-өөс доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх” гэсэн шаардлагыг дурджээ./1хх83-89/
5.2. Гэтэл, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан дээрх албан тушаалын тодорхойлолтод заагдсан Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын газар болон Захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалтын тодорхойлолтыг нэгтгэсэн гэх Захиргаа, удирдлага, хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалтын тодорхойлолтод хэрхэн, ямар үндэслэлээр уг албан тушаалд тавигдах шаардлагыг “******* 12-оос доошгүй жил ажилласан байх”-аар өөрчилсөн гэх үндэслэл тодорхойгүй, мөн салбар, нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг болон ажилтны гүйцэтгэх ажил үүрэгт өөрчлөлт орсон эсэх талаарх баримтгүй байна.
6. ******* даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах комисс томилох тухай” А/397 дугаартай тушаалаар Аюулгүй ажиллагааны дотоод хяналт, дүрмийн боловсруулалтын албаны дарга бөгөөд нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын ахлах байцаагч, Захиргаа удирдлага, хууль эрх зүйн хэлтсийн даргын ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссыг баталж, нээлттэй сонгон шалгаруулалт зарласан байна. /1хх 80-82/
6.1. Хариуцагч талаас Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтсийн даргын ажлын байранд ажилтан сонгон шалгаруулалт зарласан, нэхэмжлэгчийг уг сонгон шалгаруулалтад оролцох эрх нээлттэй байсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь, уг ажлын байранд тавигдах шаардлагад “******* 12-оос доошгүй жил ажилласан байх” гэсэн шаардлага тавьсан нь уг сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй болгосон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэгтгэсэн 2 албан тушаалд өмнө нь албан тушаалын туршлагад тавигдах шалгуур адилхан байсан бол уг 2 албан тушаалыг нэгтгэсэн ажлын байрны тодорхойлолтод “******* 12-оос доошгүй жил ажилласан байх” гэж өөрчилж нэхэмжлэгчийг уг сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болгосон үндэслэлээ хариуцагч тал баримтаар нотлоогүй байна.
7. Түүнчлэн, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний гишүүний 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 05/17 дугаартай Зам тээвэр, хөгжлийн сайд од хүргүүлсэн шаардлагад ...дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд тус байгууллагын ажилтнуудын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл алдагдсан, хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн их, бодлого тогтворгүй, богино хугацаанд бүтэц, орон тоог шинэчлэн баталж байгаа байдал нь ******* даргын 2022 оны А/340 дугаар тушаалаар баталсан ******* хүний нөөцийн стратегийн баримт бичгийн хэрэгжилтийг бүрэн хангахгүй байна гэж үзэж байна гэжээ./2хх27-31/
Дээрх шаардлагаас үзэхэд хариуцагч байгууллагад богино хугацаанд бүтэц, орон тоог шинэчлэн баталж байгаа байдал үргэлжилсээр байгаа нь дээр дурдсан 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/299 дугаар тушаалаар ******* зохион байгуулалтын бүтцийг дахин өөрчилсөн байдлаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.
8. Иймд, дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан гэж үзэх тул түүний өмнө ажиллаж байсан ******* Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговорт 110,761,696 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д нийцнэ.
8.1. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан үндэслэл буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах 3 талт хороонд хандаж улмаар шүүхэд хандсан байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
8.2. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ өмнө ажиллаж байсан ажил албан тушаалд нь бус шинээр бий болсон ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг өмнөх байдалд нь сэргээх тухай Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалттай нийцээгүй байна. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад зохих өөрчлөлтийг оруулна.
9. Анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр ******* хэрэгжилтийн газрын менежер *******, тус газрын Захиргаа удирдлага, хууль эрх зүйн газрын менежер ******* нарыг оролцуулах хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан боловч шүүх хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн гэх гомдлыг хангахгүй. Учир нь, тухайн иргэний хэрэг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр үүсэж, улмаар хариуцагч тал нэхэмжлэлийн хувийг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гардаж авсан байх ба хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа гаргаж өгөх хангалттай хугацаа өнгөрсөн байна. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэн байх бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт зааснаар талууд нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгөх үүрэгтэй тул шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШЗ2025/51310 дугаартай захирамжаар хариуцагчийн уг хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй.
10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/10314 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргаа, удирдлага хууль эрх зүйн хэлтсийн” гэснийг “Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын хэлтсийн” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 711,758 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Ц.АЛТАНЦЭЦЭГ