| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0113/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/112 |
| Огноо | 2019-04-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2019/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа
Улсын яллагч Г.Түвшинбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд
Өсвөр насны шүүгдэгч М.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.От холбогдох эрүүгийн 1925001590114 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн М.О
Орхон аймгийн Прокуророос, өсвөр насны шүүгдэгч М.О-ыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэрт 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 12 настай А.Амарзаяагийн “I Рhопе-5” маркийн гар утсыг хүнтэй яриад өгье гэж хуурч мэхлэн авч 160.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч М.О-ын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Дахиж хэзээ ч ийм юм хийхгүй гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан,шүүгдэгчийн өмгөөлөгчийн судалсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
-Насанд хүрээгүй хохирогч А.Амарзаяагийн ... 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн орчим гэрлүүгээ харихаар “Мэнд амар” худалдааны төвийн гаднаас микро автобусанд суусан. Автобусанд явж байхад танихгүй нэг ах утсаараа яриулаач гэхээр нь утсаа тэр ахад өгсөн, тэр ах нэг хүний дугаар руу залгасан боловч цаад дугаар нь холбогдохгүй байсан. Тэгээд “шар худаг” нэртэй Наран багийн 64-р гудамжны харалдаа байдаг автобусны буудал дээр буугаад гэр лүүгээ алхаж явтал нөгөө ах араас хүрч ирсэнээ ахын дүү нөгөө дугаар луу дахиад залгаад өгөөч гэхээр нь би тэр дугаар луу нь дахиж залгаад утсаа түүнд өгсөн. Мөн тэр үед нөгөө ах би найзындаа очих гэж байгаа юм зам мэдэхгүй байна, нарийн гудамжтай гудамжийг заагаад өгөөч гэхээр нь Нарангийн 60 дугаар гудамж руу цуг явж зааж өгсөн. Тэр гудамжинд хаалга нь онгорхой саарал хашаа байсан бөгөөд чи Цээгий гээд дуудаад өгөөч гэхэд нь би танихгүй айл руу орохгүй, чадахгүй та өөрөө дууд гэхэд чи дуудаад өгчих би наад айлын хүүхэдтэй нийлээд хүн зодоод хэрэг хийчихсэн юм эгч нь гараад ирвэл баригдах гээд байна гэж хэлсэн. Энэ үед би нөгөө ахаасаа гар утсаа авах санаатай ахаа цаг хэд болж байна гэхэд 16 цаг болж байна гэж хэлэхэд нь за тэгвэл ахаа би утсаа авмаар байна гэж хэлтэл шууд гар утсыг аваад зугтаасан. Араас нь хөөж явтал халааснаас нэг гар утас уначихаар нь авч гэртээ хариад ээж аавдаа болсон асуудлыг хэлсэн. Тэр ах надад ямар нэг байдлаар гар хүрээгүй зодож цохиогүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/
-Гэрч С.Алтансарнайгийн мөрдөн байцаалтад өгсөн”...1 цагийн дараа байх хогоо асгах гээд гудамж руу гартал охин маань гудамжны эсрэг талаас орилчихсон, уйлчихсан гүйж ирэхээр нь яасан юу болсон гэхэд танихгүй нэг ах утсаар чинь яръя гэж байгаад утас аваад зугтаачихлаа гэж хэлсэн. Тэгээд шууд цагдаад хандсан. Охины маань гар утас Iphone-5 загварын гар утас байсан. Энэ утсыг аав нь 2017 онд төрсөн өдрөөр нь 300 000 төгрөгөөр “Теди” төвөөс авч өгч байсан хэвийн үйл ажиллагаатай утас байсан. ..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/
-Гэрч Б.Тунгаагийн өгсөн.....”2019 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 16 цаг орчим ач хүү Оргилтамир гэрт орж ирээд8 ирэхдээ нэг гар утас барьчихсан орж ирэхээр нь юун утас вэ гэхэд миний утас би утсаараа сольсон юм гэхэд нь би юу гэж чиний утас байх юм бэ янз бүрийн юм хиягээд яваад байгаа юм биш биз гэж загнаж зэмлэсэн. Тэгж байтал 1 цагийн дараа байх манай дунд хүү хүрч ирсэнээ наад Оргилтамир чинь хүүхдийн гар утас булаачихсан байна, цагдаагаас сая над руу залгалаа гэж орж ирэхэд нь хэргийн талаар анх мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/
-Бан хас ХХК-ний шинжээчийн 2019.03.04-ний өдрийн 2019/э-0045 дугаартай:... утасны үнэ 160.000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/
-Эд зүйл , баримт бичиг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 45-47-р хуудас/
-Шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд /хх-н 30-34-р хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн баримт зэрэг эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн байх тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн баримт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.О нь 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэрт 12 настай А.Амарзаяагийн “I Рhопе-5” маркийн гар утсыг хүнтэй яриад өгье гэж хууран авч зугатаж 160.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 160 000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.
Өсвөр насны шүүгдэгч М.О-ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдыг хуурч эд хөрөнгийн эрхийг хууль бусаар авсан залилах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч М.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба шүүгдэгч М.О нь 2002 оны 12 дугаар сарын 17-нд төрсөн 16 настай байх тул эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Өсвөр насны шүүгдэгч Оргилтамир нь Орхон аймгийн Баян өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэрт 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 12 настай А.Амарзаяагийн “I Рhопе-5” маркийн гар утсыг хүнтэй яриад өгье гэж хууран авч 160.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Эцэг эхийн хараа хяналт муу байдал хэрэг гарахад нөлөөлсөн. Хохирол нөхөн төлөгдсөн. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 сарын хорих ял оногдуулах саналтай байна гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өсвөр насны шүүгдэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх дараахь хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна. үүнд: анх удаа хэрэг үйлдсэн болон насанд хүрээгүй байдал, сургуульд сурч байгаа, хохирол төлөгдсөн байдал, өөрөө гэмшиж байгаа зэрэг. Харин хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. Хорих болон торгох ял оногдуулах нь зохимжгүй. Ял оногдуулахгүй хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авна уу гэсэн саналтай байна гэжээ.
Насанд хүрээгүй хохирогч А.Амарзаяа болон түүний хууль ёсны төлөөлөгч С.Алтансарнай нар шүүх хуралдаанд оролцоогүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгджээ. Шүүгдэгчээс утсыг хураан авч хохирогчид олгосноор хохирол барагдсан болох нь эд зүйл , баримт бичиг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 45-47-р хуудас/-ээр нотлогдсон.
Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хор уршигийн шинж чанар хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, одоо суралцаж байгаа байдал, насны байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан хуульд заасан ял оногдуулахыг тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч үүрэг хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хорьж хүмүүжүүлэх шаардлагатай байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Өсвөр насны шүүгдэгч М.Ог Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Оыг ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.От тэнсэнгийн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.От оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний биелэлтийг хангаж, хяналт тогтоохыг Орхон аймгийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ