| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/05544/И |
| Дугаар | 210/МА2026/00349 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/00349
*******ы хүсэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/10354 дугаар шийдвэртэй,
*******ы хүсэлттэй
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарын агуулга:
1.1. ******* нь *******тэй 2000 онд анх танилцахад тэр *******-ын зүтгүүрийн депод туслах машинистаар ажиллаж байсан. Намайг Автотээврийн газрын Эрдэнэт хариуцсан тээвэр зохицуулагчаар ажиллаж байх үед бид 2 дотносон танилцаж дээрх хугацаанаас эхлэн хамтран амьдарч байсан.
1.2. Тухайн жилүүдэд нөхөр ******* нь өмнөх эхнэр н.Эрдэнэтуяагаас гэрлэлтээ цуцлуулаагүй байсны улмаас бид хоёр гэрлэлтийн баталгаагүйгээр 23 жил хамтран амьдарч байгаад нөхөр ******* маань 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өвчний улмаас гэнэт нас барж би одоо ганцаараа өрх толгойлон амьдарч байгаа юм.
1.3. Биднийг 23 жил хамтын амьдралтай байсныг мэдэх гэрчүүдийн мэдүүлэг болон холбогдох нотлох баримтуудыг үндэслэн нөхөр *******тэй 2002 оноос 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ******* нь талийгаач *******тэй 2008 оноос 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. Анхан шатны шүүх гэрчээр *******ийг асуухдаа хайнга хандаж ******* ******* нар нь хэдээс хэдэн онд хамтын амьдралтай байсан талаар тодруулж асуугаагүй зөвхөн ******* хэдэн онд нас барсан талаар асуусан, гэрч *******гийн ******* нь түүний эцэг *******тэй барагцаагаар 2008 оноос эхэлж хамтран амьдарсан байх гэсэн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгосон, гэрч *******ын намайг 3 дугаар ангид байхад ээж ******* минь ******* гэдэг хүнтэй хамтран амьдарч эхэлсэн гэсэн мэдүүлэг болон хэргийн 26, 27 дугаар талд авагдсан ******* надтай болон миний ахан дүүстэй 2002 онд авахуулсан гэр бүлийн зургийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүйд гомдолтой байна.
3.2. ******* нь *******тэй 2002 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 23 жил хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. ******* нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нас барсан нь бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байхад шүүх *******, ******* нарыг 2008 оноос 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэсэн үндэслэлгүй, алдаатай болсон гэж үзэж байна.
3.3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд 20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан эхнэр эсхүл нөхрийн нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү хэмжээгээр нэмэгдүүлэх хуулийн зохицуулалттай.
3.4. Анхан шатны шүүх *******ыг *******тэй 16 жил хамтран амьдарснаар шийдвэр гаргаж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар тэтгэвэр авах эрхгүй болгож хохироосонд гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт ******* болон ******* нарыг 2002 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. ******* нь *******тэй 2002 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
3. Анхан шатны шүүх хүсэлт гаргагчийн хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор хүсэж буй хугацааны талаар сайтар тодруулалгүй, *******гийн нас барсан өдрийг анхааралгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсний улмаас ******* болон ******* нарыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосон нь алдаатай болсон байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.
Хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн лавлагаагаар ******* нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нас барсан болох нь тогтоогдсон, мөн хүсэлт гаргагч ******* нь *******тэй нас барах хүртэл нь хамт амьдарсан гэсэн агуулгатай тайлбар гаргасан тул шүүхэд гаргасан хүсэлтдээ ...2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл... гэж бичсэнийг илэрхий техникийн алдаа гэж үзэх үндэслэлтэй.
Иймд хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгч нарын энэ талаарх давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт ******* болон ******* нарыг 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосон өөрчлөлт оруулна.
4. Харин хүсэлт гаргагч *******ыг 2002 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс *******тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Тодруулбал, хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгч нар анхан шатны шүүх гэрч *******ийг асуухдаа хайнга хандаж *******, ******* нар нь хэдээс хэдэн онд хамтын амьдралтай байсан талаар тодруулж асуугаагүй, гэрч *******гийн ... ******* нь түүний эцэг *******тэй барагцаагаар 2008 оноос эхэлж хамтран амьдарсан байх ... гэсэн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгосон, гэрч *******ын ... намайг 3 дугаар ангид байхад ээж ******* минь ******* гэдэг хүнтэй хамтран амьдарч эхэлсэн ... гэсэн мэдүүлэг болон хэргийн 26, 27 дугаар талд авагдсан *******гийн надтай болон миний ахан дүүстэй хамт 2002 онд авахуулсан гэр бүлийн зургийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй гэх давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй.
4.1. Анхан шатны шүүх *******өөс 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэрчийн мэдүүлэг авч, ... *******, ******* нар хэзээнээс хамтран амьдарсан бэ ... гэсэн асуултыг асуухад гэрч ... Би *******тэй 2019 оноос хойш ... цуг ажилласан ... гэж хариулсан байх тул хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гэрч *******өөс *******, ******* нар нь хэдээс хэдэн онд хамтын амьдралтай байсан талаар тодруулж асуугаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
4.2. Гэрч ******* нь ... намайг 3 дугаар ангид байхад ээж ******* минь ******* гэдэг хүнтэй хамтран амьдарч эхэлсэн ... гэсэн мэдүүлгийг өгсөн байх ба хэрэгт авагдсан *******ын иргэний үнэмлэхний лавлагаанаас үзэхэд тэрээр 1995 онд төрсөн, 2002 онд 3 дугаар ангид суралцаж байсан байх боломжгүй байх тул хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан *******ын өгсөн мэдүүлэгт үндэслэн *******, ******* нарыг 2002 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хамтын амьдралтай байсан гэж үзэх үндэслэлтэй гэх гомдлыг хүлээн авахгүй.
4.3. Хэргийн 26 дугаар талд авагдсан гэрэл зургаас тодорхой цаг хугацааг тодорхойлох боломжгүй, хэргийн 27 дугаар талд авагдсан гэрэл зургийг 2001 онд авахуулсан гэсэн тэмдэглэгээг хийсэн байх боловч уг зурагт дүрслэгдсэн төрийн ордны өмнө талын Их эзэн Чингис хааны хөшөө бүхий цогцолбор нь 2006 онд ашиглалтад орж байсан нь нийтэд илэрхий үйл баримт тул хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан 2002 онд авахуулсан гэр бүлийн зургийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй гэх гомдлыг хангахгүй.
5. Иймд ******* нь 2002 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн *******тэй хамтын амьдралтай байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул *******гийн хүү гэрч *******гийн мэдүүлэгт үндэслэн ******* болон ******* нар нь 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хамтын амьдралтай байсныг тогтоосон анхан шатны шүүхийн шийдлийг буруутгахгүй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/10354 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 2008 оноос 2024 оны 11 дүгээр сарын 28-ны ... гэснийг ... 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 28-ны ... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Б.УУГАНБАЯР