| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0108/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/103 |
| Огноо | 2019-04-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2019/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг
Улсын яллагч Г.Түвшинбаяр
Шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Нд холбогдох эрүүгийн 1925001610125 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х.Н
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Х.Нг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу баг4б-4 тоотод 2019 оны 02 дугаар сарын 27-ний өдөр Д.Булгансайханы нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхиийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Нгийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байгаа. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрнө. Дүгнэлт хийж байгаа” гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Хохирогч Д.Булгансайханы "... 2019 оны 02 дугаар сарын 27-ний өдөр Н над руу залгаад мод хөрөөдөөд өгөөч гэхээр нь би Их залуу багийн 46-4 тоотод очсон. Намайг очиход Н, Даваа гэх найзтайгаа 0.75 граммын Сэржим нэртэй архи уугаад дуусч байсан. Тэр 2 танайд очиж шинэлье гэхээр нь гэртээ аваачиж хоол хийж өгөнгөө 1 шил архи уусан. Тэгээд буцаад Даваагийнд очье гэхээр нь хамт очоод юм яриад сууж байтал Н надтай хэрүүл маргаан үүсгэж зодолдоё гэхээр нь би дуугуй сууж байхад гаднаас манай эхнэр хүүхдийн хамт орж ирсэн. Тэгээд эхнэр, хүүхдийн хамт хашаанаас гараад явж байхад Нямхүү араас гүйж ирээд намайг цохих гэхээр нь би эхнэрийн хойгуур орсон. Тэгээд Даваагийн хашаа руу ороод модон дээр нь сууж байхад Нямхүү араас орж ирээд миний баруун хацар руу нэг удаа цохисон Энэ үед би нүүрээ дараад доошоо газар унасан ...Тэр үед манай эхнэр ирж намайг татаж босгосон. Манай эхнэр цагдаад дуудлага өгсөн. Нямхүү надаас уучлалт гуйж эмчилгээний зардалд 150 000 төгрөг төлсөн. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй. ” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/
-Гэрч Б.Ягаанцэцэгийн өгсөн...”...Даваагийн гэрт очиход Нямхүү манай нөхөр Д.Булгансайхантай маргалдаж байхаар нь нөхрөө аваад хашаанаас гартал манай нөхрийг ярих юм байна гэж хэлээд буцаагаад аваад орсон. Араас нь ортол хашаан дотор модон дээр сууж байсан манай нөхрийг Нямхүү нүүрэн тус газарт нь гараараа цохисон. Тэгээд дахиад зодох гэхээр нь би боль гэж хэлээд болиулсан. Тухайн үед нөхрийн баруун завьжнаас цус гарсан. Тэгээд эмнэлэг орж хацар дотроо 6 ширхэг оёдол тавиулсан гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/
-Шүүхийн шижилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 сарын 01-ний өдрийн 194 дугаартай ... Д.Булгансайханы биед завьжинд баруун талд язарсан шарх, дээд уруул, нүүрний зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана ...” гэх дүгнэлт/хх-ийн 17-р хуудас/
-Шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн өгсөн: Д.Булгансайханы биед завьжинд баруун талд язарсан шарх, дээд уруул, нүүрний зөөлөн эдэд цус хуралт, дээд эрүүний баруун талд үүссэн зулгаралт зэрэг нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр нэгэн зэрэг үүссэн байж болно. Учир нь дээрх гэмтлүүд нь нүүрний баруун талд нэг дор байрлалтай байна. Хамрын нурууны зүүн хажуу талд үүссэн 3 тооны зулгаралт нь нэг удаагийн үйлчлэлээр нэгэн зэрэг үүсч болно.Энэ нь цохих унах гэх мэт үйлчлэлийн улмаас үүсгэгдэнэ. гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны бөгөөд, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар 2019 оны 02 дугаар сарын 27-ний өдөр шүүгдэгч Х.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу баг4б-4 тоот хашаанд Д.Булгансайханы нүүрэн тус газар цохиж биед нь завьжинд баруун талд язарсан шарх, дээд уруул, нүүрний зөөлөн эдэд цус хуралт, дээд эрүүний баруун талд үүссэн зулгаралт бүхий хөнгөн зэргийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.
Шүүгдэгч Х.Нгийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй, санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 27-ний өдөр Д.Булгансайханы нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж дүгнэлт гаргахдаа: Би гэм буруугаа хүлээж байна.Торгуулийг 2 хувааж төлөх саналтай гэжээ.
Хохирогч Д.Булгансайхан нь шүүх хуралдаанд оролцоогүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгджээ.Шүүгдэгч хохирогчийн эмчилгээний зардалд 150,000 төгрөг төлсөн байна.
Шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Нг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал,хохирол төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Х.Н-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Х.Нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сард 166,666 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ