Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/140

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогч Р.Энхмаа

Хохирогчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1825008380079 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Б.Б

          Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Б-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Р.Энхмааг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж тарчлаасан, хөнгөн гэмтэл учруулсан буюу 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Орхон сум руу явж байхдаа маргалдаж охин Б.Мөнхжин болон эхнэр Р.Энхмаа нарыг нүүрэн тус газарт цохиж зодсон, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-22-101 тоот гэртээ согтууруугаар Р.Энхмааг нүүрэн тус газарт цохиж, болкон дээрээс авч шиднэ гэх мэтээр сүрдүүлж, харгис хэрцгий харьцсан, 2018 оны 02 дугаар сарын эхээр мөн согтуугаар Р.Энхмаагийн нүүрэн тус газарт цохиж зодсон, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэртээ согтуугаар Р.Энхмаагийн толгой руу цохиж зодон гэрээсээ хөөж гаргасны улмаас Р.Энхмаа орцонд хоносон, улмаар маргааш нь дахин зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ шүүхээс торгуулийн ял шийтгүүлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр мөн дахин өшиглөж, цохиж зодон, Р.Энхмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тус тус учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, Мөн 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-22-101 тоот гэртээ Р.Энхмааг өшиглөж, цохиж зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхиийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлсэн:2017,2018 оны бүх үйлдлүүдэд зохих шийтгэлээ авсан. Гэтэл дахин сөхөж хэлэлцэж байгаад гайхаж байна. 2018 оны 11 сарын 26-ны өдрийн асуудлын тухайд, 2 хоногийн өмнө Энхмаа ажлынхантайгаа караокед орсон. Намайг хүмүүсийг хүргэж өгөөч гэхээр нь би очсон. Энхмаа их согтсон байсан. Арай хийж гэртээ оруулсан. Оройжин агсамнаж  арайхийж унтуулсан. Маргааш нь Энхмаа ажилдаа явахдаа гэрийн түлхүүр, миний утсыг авч явсан байсан. Гэтэл  хаалгаа нүдээд байсан яасан гэхэд “эхнэр чинь хүн доромжлоод байна” гэсэн. Тэгээд би галын өрөөнд байсан 0,75 гр архийг уугаад гал руу дуудлага өгч хаалга онгойлгуулж гарсан. Урангялбаа гэдэг эмэгтэй ”эхнэр чинь доромжлолоо “гэсэн тул гэрт нь очиж уулзсан. Тэнд нь хүмүүс архи ууж байсан тул хамт архи ууж хоносон. Маргааш нь гадуур явж байгаад байрны гадаа хүнтэй таарч 2 шил архи уугаад гэртээ орсон. Би шууд ороод “одоо юм ярихгүй шүү би согтуу байна” гээд буйдан дээр буруу хараад хэвтсэн. Гэтэл Энхмаа бахирч орилж хашгираад толгой руу хатуу юмаар цохисон. Би босож зугатсан. Гэтэл гэдэснээс цус гарч байсан. Би өөрийгөө хамгаалах үед Энхмаа миний гарт өртсөн байхыг үгүйсгэхгүй. Би зодоогүй. Миний биед 17ш хутганы шарх байсан. Бид олон жил амьдарлаа 2 хүүхэдтэй, нэг ачтай. Аль алин маань дүгнэлт хийж ярилцаад уучилж амьдарч байгаа. Үндэс нь бол миний буруу гэх мэдүүлэг,

-Хохирогч Р.Энхмаагийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: Тэр өдөр намайг үхвэл таарна гэсэн. Гаднаас орж ирээд өөрийнх нь зөв юм шиг байдалтай хэвтсэн. Би хэрэлдсэн. Би өөрийгөө хамгаалж гартаа тааралдсан болгоноо барьсан байна лээ. Би хутгаар гэмтэл учруулснаа мэдээгүй. Өөрөө гэмтсэнээ ч мэдээгүй. 2 хоногийн дараа толгой дүүрээд хачин байхаар нь үзүүлэхэд хэвт гээд эмнэлэгт 10 хоног хэвтсэн. 2018.9.24-нөөс хойш намайг зодоогүй байсан. Тэр Урангялбаа гэдэг хүүхнээс л болдог. Одоо бид 2 ярилцсан. 2 хүүхэдтэйгээ 4 үүлээ ч ярилцсан. Эвтэй найртай амьдарна гэж бодож байгаа. Би уйлж дуулж хамаг юмаа илэрхийлдэг. Бат-Эрдэнэ их битүү юу ч ярьдаггүй. Одоо надад гомдол алга” гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

-Шүүгдэгч Б.Бат-Эрдэний согтуурал 2,99% гэх баримт \хх-ийн 6-р хуудас\

-2018.11.26-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт \хх-ийн 8-12-р хуудас\

-Хэргийн газын үзлэгээр хураан авсан эд зүйлд /хутга,улаан хүрэн өнгийн фудволк/ үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт \хх-ийн 13-15-р хуудас\

-2018.11.29-ний өдөр Хүний биед /Р.Энхмаа/ үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт \хх-ийн19-21-р хуудас\

-Хохирогч Р.Энхмаагийн...Би Бат-Эрдэнэтэй 1991 онд гэр бүлээ батлуулан нэг гэрт орж амьдарсан...Бат-Эрдэнэ сүүлийн 2 жилийн хугацаанд гэр бүлээс гадуур харилцаатай болсоноос хойш ааш зан нь хувирч гэр орондоо ирэхэд нь би уурлах юм бол гарч яваад олон хоногоор явчихдаг. Тэгээд хэрүүл хийхэд надад гар хүрч намайг зоддог болсон…2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Бат-Эрдэнэ, охин Мөнхжин бид 3 Булган аймгийн Орхон сумруу явж байхад Бат-Эрдэнийн гар утсанд Гэрэлхүү гэх эмэгтэйгээс хайраа хөдөө явлаа үнсье гэсэн мессэж ирсэнээс болж Бат-Эрдэнэ бид 2 маргалдаж охин Мөнхжин бид 2-ыг хэд хэдэн удаа нүүрэн тус газарт болон охин Мөнхжингийн нуруун тус газарт цохиод гэрээс гарч яваад 2 хоног гэртээ ирээгүй тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж Бат-Эрдэнэ 14 хоног баривчилгаанд орж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Бат-Эрдэнэ архи согтууруулах ундаа хэрэглэсэн орж ирсэн, орж ирээд миний нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохиж намайг болкон дээрээс авч шиднэ гээд зуураад байхаар нь би өөрөө үсрэх гээд болкон дээрээ зогсож байтал гадаа байсан хүмүүс цагдаа дуудсан байсан. Миний гар утсыг болконоор шидээд маргааш нь миний нүд хөхөрсөн байсан. Бат-Эрдэнэ маргааш нь надаас гуйгаад ахиад зодохгүй цохихгүй гээд байхаар нь би гомдолоо бичиж өгөөгүй. Тэгээд Зөрчлийн тухай хуулиар 100,000 төгрөгөөр торгуулж байсан. 2018 оны 02 дугаар сарын эхээр санагдаж байна яг сар өдрийг нь санахгүй байна. Бат-Эрдэнэ архи соггууруулах ундаа хэрэглсэн байсан.Намайг нүүрэн тус газарт зодож нүүр ам маань хөхөрч ажилдаа явж чадахгүй хэд хоносон тухайн үед би цагдаагийн байгууллагад хандаагүй. 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэртээ архи уусан надад хийж өгөхөөр нь 2 удаа татсан тэгээд ууж согтоод улмаар Урангялбаа гээд эмэгтэй хүнтэй утсаар миний хажууд утсаар яриад намайг үл тоож доромжилсон. Мөн гэртээ тавилга янзалж байхад тэр хүүхэнтэйгээ яриад гарч ороод байсан тэрнээс болж маргалдсан чинь намайг гараараа толгой тархи руу зодож улмаар гэрээс гаргаад орцондоо хоноод маргааш нь гэрээсээ гараад явахаар нь би гэртээ орсон. Тэгээд хувцасаа аваад гарах гэж байсан чинь орж ирээд шууд үгийн зөрүүгүй цохиж зодож цүнхтэй хувцастай маань өшиглөөд хөөгөөд гаргасан. Би гадуур 2 хоног дүү Энхсайханы гэрт хоноод тэгээд цагдаад хандаж улмаар шүүх эмнэлэгт үзүүлсэн чинь гэмтлийн зэрэг гараад эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаад шүүхээс торгуулийн ял авч шийтгүүлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр би гэртээ ганцаараа байж байсан чинь нөхөр Бат-Эрдэнэ 18 цагийн орчим ганцаараа согтуу орж ирсэн. Би орж ирэхэд нь хоол хийх гээд гал тогооны ширээн дээр мах хэрчих гээд хутга, хоолчы том халбага хоёр тавьсан байсан. Тэгтэл Бат-Эрдэнэ гэнэт чи муу одоохон бушуухан зайл, одоо үх чи гээд над руу дайраад гараараа хэд хэдэн удаа толгой руу цохисон тэгэхээр нь би хутга хоолны халбага хоёрыг биеэ хамгаалах гээд барьсан. Тэгтэл хөргөгчний булан руу хана руу шахаад тагт руу чирээд толгой руу болон нүүр лүү гараараа цохиод байсан. Би гартаа барьсан хутга, хоолны том халбагаа бариад жижиг өрөөндөө ороод хаалга дарж хаасан боловч араас хаалга цохиод түлхээд ороод ирсэн.Орж ирэхээс нь өмнө хаалга дараад зогсож байх хоорондоо айгаад цагдаа дуудах гээд андуураад 103 дугаар руу залгасан байсан. 103 аваад та цагдаа руу залгаарай гэсэн. Тэгж байтал хаалга түлхээд ороод ирсэн би цагдаа руу залгах гэтэл утас булааж аваад хана руу шидсэн бөгөөд гар утас шалан дээр унасан энэ үед би зодуулаад газар унасан дээрээс өшиглөөд болон гараараа нүүр нүдгүй цохиж зодоод байсан би ямарч байсан өөрийгөө хамгаалж байгаад утсаа аваад 102 цагдаа дуудъя гэж бодоод 102 руу залгаж дуудлага өгсөн. Цагдаа дуудсан чинь чи муу цагдаа нартайгаа насаараа амьдраарай, дандаа цагдаа дуудаж

амьдраарай гэх мэтээр хэлээд толгой нүүр лүү гараараа цохиод байсан. 10-20 минутын дараа цагдаа ирээд хаалга цохиод улмаар би хаалга тайлсан. Тэгээд цагдаа нар орж ирээд Бат-Эрдэнийг авч явах гэтэл Бат-Эрдэний хэвлий хэсгээс цус гарсан байсан тэгээд би зодуулж байхдаа биеэ хамгаалж байхдаа гартаа хутга барьчихсан байсан тэрүүгээр хатгасан юм байна гэдгээ мэдсэн.Тэрнээс би санаатайгаар хутгаар хатгаагүй. Тэр үед зодуулаад айсандаа сэтгэл санаа тайван бус өөрийнхөө юу хийж байсныг мэдээгүй. Би тэгээд тэр шөнөдөө дүү Энхсайханы гэрт хоносон юм. Миний нүүр, хамар, толгой, гуя хэсэгт олон удаа цохисон өшиглөсөн. Эдгээр гэмтлийг миний нөхөр Бат-Эрдэнэ 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гараараа миний толгойн тус газар олон удаа цохиж, өшиглөж учруулсан. Нүдний ухархайн цөмөрсөн хуучин хугарлыг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зодохдоо учруулсан байх тухайн үед цөмөрсөн гэдгийг мэдээгүй байсан томографын зураг авахуулаад өмнө хугарсан байсан гэдгийг мэдсэн...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 23-26-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дүгээр сарын 03-ны өдрийн 828 тоот дүгнэлт’’.. хохирогч Р.Энхмаагийн биед тархины битүү гэмтэл, тархины эдийн 1-р зэргийн няцрал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүр хүзүү, 2 гуя, нуруунд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогджээ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэсэн /хх-ийн 75-р хуудас /

Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №01 дугаартай дүгнэлт”... Р.Энхмаа нь Сэтгэцийн хувьд айдас түшүүрийн байдалтай, энэ байдал нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой олдмол байдлаар үүссэн, хүчирхийллээс өмнө сэтгэцийн хувьд эрүүл байсан, удмын сэтгэцийн өвчингүй. Сэтгэцийн хувьд айдас түгшүүрийн байдалтай өөрийн хийж буй үйлдэлээ ухамсарлан ойлгох чадваргүй байсан ...” гэсэн /хх-ийн 87-88-р хуудас/

Гэрч Б.Мөнхжингийн”...Аав, ээж хоёрын маань харилцаа сүүлийн 3-4 жилээс эрс муудаад байнгын хэрүүл маргаантай байдаг болсон. Намайг амралтаараа ирэхэд ээжийн маань нүд ам нь байнга хөхөрчихсөн хавдчихсан байдалтай байдаг болсон. Ээжээс энэ тухай асуухад ихэнхдээ нууж надад тодорхой зүйл хэлдэггүй юм.-.ээжийг байнга гэрээсээ хөөж хэрүүл маргаан хийгээд зоддог болсон. Би хааяа утсаар нүүрээ харж ярихад нүд ам нь хөхөрчихсөн харагдахаар нь яасан талаар асуухаар ээж зүгээр л гэж хэлдэг...сүүлдээ ээжийг маань удаа дараа хөөж орцонд хонуулдаг болсон. Өнгөрсөн 2017 оны 07-р сарын 13-ны өдөр...аав шууд уурлаад ээжийг барьж аваад зодсон, ээжийг өмөөрч дундуур нь ортол ээжийн цүнхээр намайг цохиж зодоод гэрээс гараад явсан.,.2017 оны 11-р сард байх ээжийн бага дүү Энхсайхан над руу утсаар яриад ээж чинь амиа хорлох гэж оролдсон байна гэсэн...ээж рүү залгаад асуухад аав чинь намайг үх үх гээд байхаар нь би болкон дээр гарсан...Батсуурийг сая гэрт ирэхэд аав чинь намайг хажууд нь зодсон гэж ярьсан...2018 оны 02 сарын 15-ны өдөр гэртээ ирэхэд ээжийн нүд хөхрөөд харж чадахгүй хавдчихсан байхаар нь асуухад аав чинь архины шилээр цохиод зодсон гэсэн...2018 оны 07 сарын 10-ны өдөр бас ээжийг зодчихсон байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 57-58-р хуудас /

Гэрч Р.Энхсайханы “...Миний хажууд бол гар хүрч байгаагүй, манай эгч зодуулчихаад охин Мөнхжингий хамт ирж хонодог байсан. Ер нь манйа эгч их нуудаг, нөхрийнхөө муу муухайг харуулахгүй байхыг хичээдэг. Нүд ам тархи толгойгүй зодож

цохидог байсан юм байна лээ. Нүд ам нь хөхөрсөн, бие нь хөхөрсөн 2-3 удаа манайд ирж байсан...”гэсэн мэдүүлэг / хх-ийн 43-р хуудас /

Гэрч Р.Энхжаргалын “...Зодуулаад нүд ам нь хөхөрсөн явж байсныг 3-4 удаа харж байсан. 2018 оны цагаан сараар нүүр амыг нь битүү хавдар болтол зодсон байсан... “ гэсэн мэдүүлэг / хх-ийн 44-р хуудас /

Гэрч Р.Батсуурийн “...Манай эгч Энхмаа нөхөртөө зодуулсан талаараа нуугаад хэлдэггүй байсан. Миний мэдэж байгаагаар 2017 оны 11-р сард намайг гэртээ байж байхад миний төрсөн дүү Энхсайхан над руу залгаад Энхмаа эгчийнд очоодох гэж хэлэхээр яваад очтол Бат-Эрдэнэ , Энхма эгч хоёр маргалдчихсан сууж байсан...Энхмаа эгчийн гар утсыг аваад цонхоор болкон руу шидчихсэн...гар утсыг нь аваад буцаад ортол Бат-Эрдэнэ Энхмаа эгчийг зодчихсон нүүр ам нь хавдчихсан байдалтай болгосон байсан. Мөн намайг гэрт нь байхад Энхмаа эгчийг нүүр болон гар руу нь хэд хэдэн удаа цохиод байсан. Би цагдаа дуудсан. 2018 оны 05-р сард Энхмаа эгч гэрээсээ яваад 6-19-р байрандаа очсон. Тэрнээс хойш 2018 оны 07-р сарын 10-ны өдөр Бат-Эрдэнэ дахиж Энхмаа эгчийг зодоод гэрээсээ хөөгөөд орцонд хонуулсан байсан. 2017 оны 11 дүгээр сард миний хажууд зүгээр зогсож байхад нь гэндүүлж гараараа цохиж байсан, цохингуут нь ханатай хавсрагдаж, толгой нь цохигдож байсан...Бат-Эрдэнэ архи согтуруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр орондоо эхнэр хүүхдээ айлгаж байдаг...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 45-46-р хуудас /

 

Гэрч Б.Энхтуяагийн “...Энхмаа эгч ер нь бол амьдралаа надад ярьдаг, би 3 удаагийн үйлдлийг нь бол мэднэ. Анх 2017 онд яг сар өдрийг нь мэдэхгүй байна, хөлийн гуя нь хөхөрсөн Бат-Эрдэнэ зодоод гэж хэлж байсан. Дараа нь 2018 оны хавар над руу утсаар залгаад нөхөртөө зодуулчихлаа над руу өшиглөх гэхээр нь гараараа хаасан чинь агрын алга зүсэгдчихлээ гарт оёдол тавиад өг гэж дуудсан...зүүн гарын алган дээр нь 3 оёдол тавиулж байсан. Дараагийнх нь 2018 оны 07 дугаар сард наадмын үеэр хэвтэрт ортол зодсон гэж байсан...зодсон гэрээсээ хөөгөөд хонох газар олдохгүй Ачит эмнэлэгт хонож байна гэж хэлж байсан. Тэгээд хамгийн сүүлд буюу өнөөдөр 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 10 цагийн үед Энхмаа эгч рүү залгасан гэтэл Бат-Эрдэнэ гэртээ ирэхгүй 2,3 хонож байгаад гэртээ ирээд намайг зодоод би хоол хийж байсан гартаа хутга, халбага 2 барьсан байсан Бат-Эрдэнийг цохисон байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 50-р хуудас /

Гэрч Д.Оюунбилэгийн “...Яг зодож байхыг бол хараагүй, заримдаа нүд нь хөхөрсөн ажилдаа ирж байдаг. Сүүлийн 2 жилийн хугацаанд Энхмаа эгч сэтгэл санаа нь өөр болж юмнаас айж эмээгээд байгаа юм шиг зочиж сандардаг болсон, сэтгэл санаагаар унасан байдалтай харагддаг болсон...хавар зүүн гарын алгаа том зүссэн оёдол тавиулсан байсан...ярихдаа Бат-Эрдэнэ сүүлийн 2 жил архи уугаад сүүлдээ зодоон боллоо гэж ярьж байсан, сүүлдээ охиноо хүртэл зодсон гэж хэлж байсан...”гэсэн мэдүүлэг / хх-ийн 51-р хуудас /

-Гэрч Д.Мандахтуяагийн “...Анх 2018 оны 07 дугаар сард зодуулсныг нь харсан, нүүр ам нь хөхөрсөн байсан, тэгээ өнөөдөр нүүр царайг нь харлаа бас л нүүр нь хөхөрсөн байна, би хараад эмнэлгээр дагуулж яваад толгойг нь рентген зургаар харуулж мэс заслын тасагт үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 52-53-р хуудас/

 

-Гэрч Ц.Даваахүүгийн .....”дуудлагын дагуу очиход нэг эмэгтэй хүн нэг эрэгтэй хүн байсан. Эхнэр нь сандарч айсан байдалтай байсан. Эрэгтэй хүн нь том өрөөний орон дээр доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Би очоод босоод ир гэсэн чинь дээгүүрээ өмссөн улаан хүрэн өнгийн цамц нь хэд хэдэн газраа цоорсон байсан. Цамцыг нь сөхөөд хархад нуруун тус газраа 3 газар зүсэгдсэн байсан. Тэгээд би 102 руу бүрэлдэхүүн дуудаж  давхар түргэн тусламж дуудсан. Бат-Эрдэнэ гэх хүний нуруун тус газраас цус их хэмжээгээр гарч байсан. Бүрэлдэхүүн түргэн 2 цуг ирсэн. Би түргэний машинд Бат-Эрдэнийг суулгаж өгчихөөд дараагийн дуудлагандаа явсан. /гэх мэдүүлэг хх-ийн 64-р хуудас/

-Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ / хх-ийн 139-149-р хуудас /

-Уурхайчин багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 148-149-р хуудас/

-Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл судалгаа хяналтын нэгдсэн сангаас Б.Бд холбогдох зөрчлийн хэргийн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргасан баримтууд / хх-ийн 155-162-р хуудас/

-Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан 2017 оны 11 дүгээр сарын 09-ниы өдрийн шийтгэлийн хуудас, баримтыг хуулбарлан хэрэгт хавсаргах тогтоол, баримтууд / хх-ийн 163-169-р хуудас /

-2017 оны 7 дугаар сарыг 18-ны өдрийн Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдсан шүүхийн шийтгэвэр / хх-ийн хх-ийн 171-р хуудас/

Орхон аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 24-ний өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоол / хх-ийн 173-175-р хуудас /

-Б.Бат-Эрдэний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 19-21- р хуудас / болон бусад нотлох баримтууд байна.

-Б.Бат-Эрдэний хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 179-192-р хуудас/

-Р.Энхмаагийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 209-221-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 827 дугаартай Б.Бат-эрдэнийн биед 2 гуя, хэвлий, цээж, бүсэлхийд 5 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, нүүр, нуруу, зүүн гарт олон тооны шалбархай, бүсэлхий, цээж, зүүн шагайн дотор үе, зүүн хөхний хажууд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Зүсэгдсэн шарх, шалбархай нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Зүсэгдсэн шархууд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 70-71-р хуудас/

 

-Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 827 дугаартай Р.Энхмаагийн биед тархины битүү гэмтэл, тархины эдийн 1-р зэргийн няцрал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүр, хүзүү, 2 гуя, нуруунд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.Тархины битүү гэмтэл, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 75-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 281 дугаартай шинжээчийн :Р.Энхмаагийн биеэс авсан цусанд шинжилгээ хийхэд этилийн спирт илэрсэнгүй. Р.Энхмаа эрүүл байсан. гэх дүгнэлт /хх-ийн 83-р хуудас/

-Шүүхийн сэтгэц эмгэг судлалын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай Сэтгэцийн хувьд айдас,түгшүүрийн байдалтай. Магадлуулагч Р.Энхмаа нь Одоо сэтгэлийн хувьд айдас,түгшүүрийн байдалтай.Энэ байдал нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой олдмол байдлаар үүссэн, хүчирхийллээс өмнө сэтгэцийн хувьд эрүүл байсан, удмын сэтгэцийн өвчингүй. Эмчилгээ хийлгэж хяналтанд ороогүй байна. Сэтгэцийн хувьд айдас түгшүүрийн байдалтай.эмийн болон сэтгэл засал эмчилгээ хийлгэх шаардлагатай. Эмчилгээг гүйцэд хийлгэвэл эдгэрэх боломжтой.Сэтгэцийн гаралтай айдас түгшүүрийн үед илэрдэг биеийн болон сэтгэцийн бүх шинж тэмдэгүүд илэрч байна. Хариулт 3 -ийн эмчилгээг хийх шаардлагатай. Бусдын биед гэмтэл учруулах үедээ сэтгэл санаа хүчтэй цочирон давчдсан байдалтай өөрийн хийж буй үйлдэлээ ухамсарлан ойлгох чадваргүй байсан гэх дүгнэлт /хх-ийн 87-88-р хуудас/

-Шүүхийн сэтгэц эмгэг судлалын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дугаартай: Магадлуулагч Б.Б нь одоо болон урд нь ямар нэгэн сэтгэл мэдрэлийн өвчингүй. Эрүүл учраас сэтгэцийн эмчийн хяналтанд байдаггүй. Одоо түүнд ямар нэгэн сэтгэцийн өөрчлөлт байхгүй. Сэтгэл гутрал болон сэтгэцийн ямар нэгэн эмгэг өөрчлөлтөнд ороогүй учраас эмчилгээ хийлгэх шаардлаггүй. Бусдын биед гэмтэл учруулах үедээ сэтгэл санаа хүчтэй цочирон давчидсан үйлдэл гаргаагүй өөрийн хийж буй үйлдэлээ ухамсарлах чадвартай. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, Хэрэг хариуцах чадвартай Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн хийж буй үйлдэлээ ойлгон ухамсарлахад нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 92-93-р хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд,хэргийн газрын үзлэг тэмдэглэл,хүний бие,эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Зөрчлийн хэргийн шийдвэр баримтууд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн байх тул хууль ёсны бөгөөд, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай,хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзнэ.

Эдгээр хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хүний бие, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Зөрчлийн хэргийн шийдвэр баримтууд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Орхон сум руу явж байхдаа маргалдаж охин Б.Мөнхжин болон эхнэр Р.Энхмаа нарыг нүүрэн тус газарт цохиж зодсон үйлдэлдээ Зөрчлийн тухай хуульд зааснаар 15 хоногийн баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн,2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-22-101 тоот гэртээ согтууруугаар Р.Энхмааг

нүүрэн тус газарт цохиж,болкон дээрээс авч шиднэ гэх мэтээр сүрдүүлж, харгис хэрцгий харьцсан үйлдэлдээ эрх бүхийн албан тушаалтан 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, 2018 оны 02 дугаар сарын эхээр мөн согтуугаар Р.Энхмаагийн нүүрэн тус газарт цохиж зодсон, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэртээ согтуугаар Р.Энхмаагийн толгой руу цохиж зодон гэрээсээ хөөж гаргасны улмаас Р.Энхмаа орцонд хоносон, улмаар маргааш нь дахин зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолоор 500 000 төгрөгний торгуулийн ялаар  шийтгүүлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Б.Б нь гэртээ согтуурсан байдалтай хэвтэж байхад нь Р.Энхмаа маргаан үүсгэж цохиж авснаар улмаар өөрөө зодууулж тархины битүү гэмтэл, тархины эдийн 1-р зэргийн няцрал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүр, хүзүү, 2 гуя, нуруунд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл авсан ба Б.Бат-Эрдэнийг хутгаар хатгаж биед нь 2 гуя, хэвлий, цээж, бүсэлхийд 5 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, нүүр, нуруу, зүүн гарт олон тооны шалбархай, бүсэлхий, цээж, зүүн шагайн дотор үе, зүүн хөхний хажууд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Бат-Эрдэний 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн үйлдлийн улмаас хохирогч Р.Энхмаагийн биед тархины битүү гэмтэл, тархины эдийн 1-р зэргийн няцрал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Р.Энхмааг зодож тархины битүү гэмтэл, тархины эдийн 1-р зэргийн няцрал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүр, хүзүү, 2 гуя, нуруунд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлтийн энэ хэсэг үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Харин, яллах дүгнэлтээр Б.Бат-Эрдэний 2018-11-26-наас өмнөх Зөрчлийн тухай хуулиар болон Эрүүгийн хуулиар шийтгүүлсэн үйлдлүүдийг хамруулан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1,1.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг үндэслэлгүй гэж үзнэ.

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Р.Энхмааг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж тарчлаасан, 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Зүйлчлэлийн тухайд саналгүй. Харин өмнөх үйлдлүүдэд яллахгүй, 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн үйлдэлд яллана. Шүүгдэгчийн 2017 оны 2 үйлдэл, 2018 оны өмнөх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ” байнга” гэдэг шинжийг илэрхийлж байна. Иймд зүйлчлэлийг яллах дүгнэлтийн дагуу шүүгдэгчийг гэм буруутайд тооцох саналтай гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: Зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1,1.2 дахь хэсгийг зөшөөрөхгүй. Яллагч “өмнөх үйлдэлд яллахгүй. Байнга гэдэг шинжийг илэрхийлж байгаа гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Өмнөх шийдвэрлэгдсэн үйлдлүүдийг оруулж ирж байгаа нь буруу. Байнга” гэдэг шинж нь үйлдлээр орж ирэх ёстой. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллаж байгаа үйлдэл нь өөрийгөө хамгаалсан шинжтэй байгаа гэжээ.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хохирогчийг зодсон үйлдэлдээ Зөрчлийн тухай хуульд зааснаар 15 хоногийн баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Р.Энхмааг нүүрэн тус газарт цохиж, болкон дээрээс авч шиднэ гэх мэтээр сүрдүүлж, харгис хэрцгий харьцсан үйлдэлдээ 100,000 төгрөгөөр торгуулсан, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Р.Энхмаагийн толгой руу цохиж зодон гэрээсээ хөөж гаргасны улмаас Р.Энхмаа орцонд хоносон, улмаар маргааш нь дахин зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолоор 500,000 төгрөгний торгуулийн ялаар шийтгүүлсэн байхад эдгээр үйлдэлд дахин яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимын 5 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэнд болон,Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай, үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэхгүй байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс үйлчилж буй Эрүүгийн хуульд гэмт хэргийн шинжийг үйлдлийн /эс үйлдэхүй/ шинжээр тодорхойлох болсон тул, “өмнөх үйлдлүүдэд нь яллахгүй, зөвхөн 2018.11.26-ны үйлдэлд яллана, өмнөх шийтгүүлсэн үйлдлүүд нь “байнга” гэсэн шинжийг л илэрхийлж байгаа” гэх улсын яллагчийн дүгнэлт зөрчилтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүнийг байнга зодсон” гэсэн гэмт хэргийн шинж нь  харьцангуй удаан хугацаанд, хоорондын зай их биш хугацаанд гэм буруутай этгээдийн хүчирхийлэгч зан үйлийн тогтвортой шинж болон илрэн гарч буй 3 буюу түүнээс дээш удаагийн зодсон үйлдэл байхыг ойлгохын дээр үйлдэл бүр нь гэмт хэргийн шинжийг агуулсан байхыг ойлгоно. Мөн эдгээр үйлдэлд шийтгүүлээгүй байхыг шаардах бөгөөд эс тэгвэл “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн Эрүүгийн хуулийн зарчимд нийцэхгүй ба шийтгүүлсэн үйлдэлд нь дахин ял оногдуулж  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахад хүрнэ.

Иймд шүүгдэгч Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын эхээр Р.Энхмаагийн нүүрэн тус газарт цохиж зодсон үйлдэл болон 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн үйлдэл зэрэг 2 үйлдэл нь  “байнга” гэсэн шинжид хамаарахгүй тул Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгож, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд  шүүгдэгчийн 2018 оны 11 сарын 26-ны үйлдлийг “өөрийгөө хамгаалсан шинжтэй” гэж дүгнэсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нь хохирогчийн үйлдлээс өөрийгөө хамгаалж хохирогчийн биед тархины битүү гэмтэл, тархины эдийн 1-р зэргийн няцрал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт,  нүүр, хүзүү, 2 гуя, нуруунд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл учруулсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хэрэгт авагдсан

баримтуудаар шүүгдэгч Б.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж удаа дараа эхнэр Энхмааг зодож шийтгүүлж байсан нөхцөл байдал тогтоогдсон тул 2018 оны 11 дүгээр сарын 26-нд хохирогч Р.Энхмаа хутга барьж Б.Бат-Эрдэний биед гэмтэл учруулсан үйлдэл хийсэн нь гэр бүлийн хүчирхийлэлээс шалтгаалсан шинжтэй гэж дүгнэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Бат-Эрдэний гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                  

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн хэмжээ, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

           Хохирогч Р.Энхмаа хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгонТОГТООХ НЬ:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б-г Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1,1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Б-г 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт ажиллуулахаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ