| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабал Батчимэг |
| Хэргийн индекс | 197/2025/16772/И |
| Дугаар | 210/МА2026/00066 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2026/00066
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 197/ШШ2025/14434 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 7,577,550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,577,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч маргасан.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...******* нь *******д 1,500,000 төгрөгийг сарын 4,8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай хугацаатай зээлдүүлсэн. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөгийг зээлдэгч *******д нэмж зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* улсын дугаартай Hyundai starex маркийн тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байсан бөгөөд ******* нь зээлээ төлөхгүй байсан тул түүний хүсэлтээр 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл эргэн төлөлтийн графикийг гаргаж, зээлийн гэрээний хугацаа 11 сар болсон. Зээлдэгч *******ы хүсэлтээр зээлийн хүү 83,738 төгрөг, 1,573,738.07 төгрөгийг үндсэн зээлд нэмж нийт үндсэн зээлийн дүн 4,157,476 төгрөг болсон. Зээлдэгч зээлийн төлбөрт 873,151 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх үндсэн зээл нь 3,284,323 төгрөг болж, нэг сарын 4,8 хувийн хүү 160,670 төгрөг тооцоолсон. Иймд үндсэн зээл 3,284,323 төгрөг, зээлийн хүү 1,767,370 төгрөг, алданги 2,525,850 төгрөг, нийт 7,577,550 төгрөгийг гаргуулахаар шаардсан, ******* нь барьцааны автомашиныг худалдаж борлуулж зээлийн төлбөрөө ав гэсэн, тус барьцаанд авсан автомашин нь *******ы эзэмшил ашиглалтад байсан бөгөөд өнөөдрийн байдлаар худалдан борлуулах боломжгүй болсон. гэж тайлбарлажээ.
4. Хариуцагч ...*******-аас 2,500,000 төгрөгийн зээл авсан бөгөөд 873,151 төгрөгийг буцаан төлсөн, үндсэн зээлийг 1,600,000 төгрөгөөр нэмж нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Мөн *******-д зээлийн үлдэгдэл 1,600,000 төгрөгийг нэхэмжлэгчийн авсан автомашинаар хангалттай төлөх боломжтой гэсэн үндэслэлээр татгалзлын үндэслэлээ тайлбарлан, эс зөвшөөрч маргажээ.
5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.
5.2. ******* болон ******* нар нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр *******дугаартай зээлийн гэрээг байгуулж, зээлдүүлэгч ******* 1,500,000 төгрөгийг нэг сарын 4,8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч ******* зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувиар алданги төлөх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* улсын дугаартай, Hyundai starex маркийн тээврийн хэрэгслийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-12-13/
5.3. Талууд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дээрх зээлийн гэрээний хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл сунгаж, зээлдүүлэгч ******* нь 1,000,000 төгрөгийг зээлдэгч *******д нэмж зээлдүүлэн, тухайн өдрийн байдлаар өмнөх зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 806,577 төгрөгийг нэмж үндсэн зээлийн хэмжээг 1,806,577 төгрөгөөр тодорхойлж 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн *******дугаартай зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн байна. /хх-14/
5.4. Нэхэмжлэгч ******* нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг болох улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. /хх-9/
5.5. Хариуцагч ******* 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 219,600 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 232,540 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 241,282 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 32,630 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 23,300 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2,215 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 3,873 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 100,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 17,711 төгрөг, нийт 873,151 төгрөг төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.
5.6. Хариуцагч ******* нэхэмжлэгч *******-аас 2,500,000 төгрөг шилжүүлэн авсан үйл баримтын талаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
5.7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* үндсэн зээл 1,806,577 төгрөг, зээлийн хүү 693,725 төгрөг /1,806,577х4.8%=86,715х8=693,725/ төгрөг байна. Хариуцагч зээлийн төлбөрт 873,151 төгрөг төлсөн бөгөөд үүнээс 693,422 төгрөг нь зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс өмнөх зээлийн төлбөрт хамаарч байх тул үлдэх 179,729 төгрөгийг зээлийн хүү 693,725 төгрөгөөс хасаж, зээлийн хүү 513,996 төгрөг, нийт 2,500,302 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй. Нэхэмжлэлээс үндсэн зээл 1,477,746 төгрөг, зээлийн хүү 1,253,374 төгрөг, нийт 2,731,120 төгрөгт холбогдох хэсгийг үндэслэлгүй гэж үзэхээр байна.
6. Алдангийн хувьд, барьцаалан зээлдүүлэх газарт өөрийн эрсдлийг багасгах зорилгоор үүргийн гүйцэтгэлийг хангах арга, уг аргыг хэрэгжүүлэх журмыг хуулиар тухайлан тогтоосон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги шаардах нь хуульд нийцэхгүй.
Учир нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар анз авах эрхээ алдана. Иймд алданги 2,525,850 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
7. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дууссан 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолно.
7.1. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.7 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус заажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-д 2025 оны 04 дүгээр сард ******* улсын дугаартай Hyundai starex маркийн тээврийн хэрэгслийг зээлийн төлбөрт шилжүүлсэн гэж тайлбарласан нь хариуцагч тухайн тээврийн хэрэгслээр баталгаа гаргах хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулгатай байх тул тээврийн хэрэгслийг шилжүүлсэн 2025 оны 04 дүгээр сараас хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, хугацааг шинээр тоолоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
7.2. Түүнчлэн, талууд маргаан бүхий зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй байхад анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцэхгүй.
8. Хариуцагч ******* 2025 оны 04 дүгээр сард фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч *******-д зээлийн төлбөрт шилжүүлсэн гэж татгалзлын үндэслэлээ, нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ гүйцэтгээгүйгээс ашиглах боломжгүй болсон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тус тус тайлбарласан.
8.1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар барьцаалан зээлдүүлэх газар нь зөвхөн хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхтэй байхад фидуцийн гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгө буюу тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүрэг дуусгавар болсон гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
Иймд хариуцагч *******аас 2,320,573 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,256,977 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.
9. Нэхэмжлэгчийн гаргасан хариуцагчаас зээлийн төлбөрт шилжүүлсэн гэх тээврийн хэрэгслийн чанар, үнэлгээний талаар шинжээч томилуулах, гэрч асуулгах хүсэлтийг анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
Мөн нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлэх хангалттай хугацаа байсан байх ба шүүх хуралдаанд энэ талаар хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь тогтоогдохгүй байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 197/ШШ2025/14434 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас 2,320,573 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,256,977 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... 56.1 ... гэснийг 56.2 гэж, үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч *******аас 52,079 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Ч.БАТЧИМЭГ