Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 586

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга У

улсын яллагч Г,

шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн ........дугаартай хэргийг ...... оны .....дугаар сарын .....ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .....оны ....дугаар сарын ....ны өдөр Ө аймаг А суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б нь ....оны .... дүгээр сарын ......ны орой Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б маргалдаж Б биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б нь ..... оны .... дүгээр сарын .....ны орой Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б маргалдаж Б биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Гэрч П “... Ингээд хэсэг сууж байгаад бид гарахаар болоод би түрүүлээд гарахдаа шатан дээр нэг залуутай мөрлөлцөөд гарсан. Тэгтэл тэр залуу уурлаад маргалдаад бид хоёр заамдалцаад авсан. Тэгээд хэрэлдээд зогсож байтал хажууд байсан найз нь бас надтай хэрэлдээд байсан. Тэр үед караокеноос Б ах гарч ирээд хүрч ирэнгүүтээ надтай заамдалцаж байсан залуугийн зүүн талын шанаа хэсэгт нь цохиод гараараа татсан чинь нөгөө залуу газар унасан. Тэгтэл Б ах дахиж ирээд надтай маргалдаж байсан залуугийн араас нь хөөсөн чинь зугтаагаад алга болчихсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

Гэрч Ц “... Тэгтэл Б шууд очоод П маргалдаж байсан залууг засмал зам дээр татаж унагаад цамцнаас нь татаад дээрээс нь дараад нүүр лүү нь өшиглөж байсан. Би П холдуулж байсан. Тэгтэл Б нөгөө залууг газар үлдээчихээд хамт явсан залууг нь хөөсөн чинь тэр залуу зугтаачихсан. Тэгтэл Б эргэж ирээд газар унасан байсан залуу дээр очоод нуруу, гэдэс, нүүр хэсэгт өшиглөсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21 дүгээр хуудас/

 

Хохирогч Б “... Ингээд шөнийн 00 цаг нилээд өнгөрөөгөөд О гэх хүүхэн такси авах гэж байгаад улаан куртик өмссөн П гэдгийг нь цагдаа дээр ирээд мэдсэн/ залуутай маргалдсан байсан. Би караокены тооцоо хийчихээд араас нь гарч ирсэн юм. Ингээд би О нөгөө залуу хоёрыг салгаад улаан куртиктэй залуутай маргалдсан. Тэгээд маргалдсан чигээрээ замын урд руу гарсан. Тэгтэл улаан куртиктэй залуу түлхээд авсан. Тэр үед Бүрэн төвөөс улаан цамцтай Б гэдгийг нь цагдаа дээр ирээд мэдсэн/ залуу гарч ирээд “би эндхийн хамгаалалтын албаны дарга байна” гэж орилоод над дээр ирээд татаж унагаад дээрээс өшиглөсөн. Тэр үед миний зүүн талын нүдний хэсэгт гал манараад явчихсан. Тэр үед манай найз О хоёр хааччихсан юм мэдэхгүй алга болчихсон байсан. Тэгтэл цаанаас хамгаалалтын албаны хувцастай залуу гарч ирээд П, Б нарыг аваад цаашаа явчихсан. Тэгтэл цагдаа нар ирээд бариад явсан. Тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний цус хуралт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлийг Б намайг газар унагаад дээрээс толгой дээр дэвсэх үед үүссэн. Надад одоо ямар нэг санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1471 дугаартай:

“1. Б биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний цус хуралт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 29 дүгээр хуудас/

 

Б  яллагдагчаар өгсөн “... Тэгээд байж байтал эмэгтэй Ц гаднаас орж ирээд П  хүнтэй маргалдаад байна гэсэн. Тэгээд би гүйгээд гартал П нэг залуутай заамдалдчихсан зогсож байсан. Хажууд нь нэг эрэгтэй, хоёр эмэгтэй бас эмэгтэй Ц зогсчихсон хэрэлдэж байсан. Би шууд очоод П заамдалцсан байсан залууг газар унагаад хамт байсан залуугийн араас хөөсөн. Миний хөөсөн залуу зугтчихаар нь буцаж очоод ганц  хоёр удаа өшиглөсөн. Яг хаана нь өшиглөсөн гэдгээ санахгүй байна. Тэгээд Ц  П бид хоёрыг дагуулаад ажил руугаа орсон. Яг үнэндээ согтоод юу болсоноо сайн санахгүй мэдэхгүй байгаа юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирлоо барагдуулах тул хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 32-35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Б үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч  Б “Миний бие Б нь Б хохирлын 120.000 төгрөг хүлээн авсан. Одоо надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн хүсэлт /хэргийн 58 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар   Б торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ