Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 207/МА2026/00016

 

2026       01     29                                                  207/МА2026/00016

 

 

Э.”“““““““ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Р.”“““““““т

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 312/ШШ2025/01957 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Э.”“““““““ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Р.”“““““““т холбогдох,

“Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 144,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болортуяа, хариуцагч Р.”“““““““, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч С.Болортуяа, хариуцагч Р.”“““““““, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран /цахимаар/, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Э.”“““““““ийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга:

Би Дундговь аймгийн Хулд сумын нутагт байрлах Шохой боловсруулах үйлдвэр барьж байх үедээ манай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөөж байсан ““““““““ыг манай найз ““““““““ танилцуулж байсан. Үүнээс хойш ажил хэргийн харилцаа холбоотой болсон. 2023 оны 10 сард би Р.”“““““““тай холбогдож 10-11 мянган боодол өвс авах тухай хэлэхэд Р.”“““““““ надад 5-6 мянган боодол өвс бэлэн байгаа гэхэд нь үнэ хэд вэ гэхэд 5,500 гэхээр нь авахаар болж мөн надад 5,000 боодол өвс олж өгөхөөр болсон. 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Эрдэнэт хотод ирээд Р.”“““““““тай уулзаж, хадлан хадсан Хялганат руу очиж үзээд мөн Эрдэнэтийн ойрхон нэг хүн байгаа гэхээр нь хамт очиж уулзан 5,000 боодол өвс авахаар болсон. Ингээд ““““““““ бид хоёр ярьж тохиролцоод 11,000 боодол өвсийг 5,500 төгрөгөөр худалдан авахаар, авсан өвсөө ““““““““тоот хашаанд хавар болтол түрээслэн байлгахаар болж төлбөрийг төлсөн. Гэрээний дагуу Э.”“““““““ миний бие өвсний үнэ 60,500,000 болон тээвэрлэлтийн зардал 19,500,000 нийт 80,000,000 төгрөгийг өөрийн болон ээж ““““““““данснаас 2023 оны 10 сарын 17-ны өдрөөс 11 сарын 02-ны өдрийн хугацаанд 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн болно. Гэтэл худалдагч тал болох хариуцагч Р.”“““““““ нь зохих журмын дагуу хугацаанд нь өвс нийлүүлээгүй, түрээс төлж хадгалуулсан өвсийг дур мэдэн зарж надад их хэмжээний хохирол учруулж олох ёстой байсан ашгийг алдагдуулж хохироосон тул хариуцагчаас 144,000,000 төгрөг гаргуулж өгнө үү, Тодруулбал 11,000 боодол өвснөөс 1,000 боодлыг би өөрөө зарсан, 2,000 боодлыг Р.”“““““““ зарж 33,000,000 төгрөгийг над руу шилжүүлсэн. Хэрэв би өвсөө зарсан бол 2024 оны тухайд нэг боодол өвс:  2023.12-2024.01 сард 11,000-12,500 төгрөг, 2024.02-2024.03 сард 16,500-18,000 төгрөг, 2024.03-2024.04 сард 21,500-22,500 төгрөг хүртэл өвсний үнэ өссөн. Өвсний үнийг тооцохдоо 1 боодол өвсийг 18,000 төгрөгөөр тооцож бодсон болно. Р.”“““““““ нь 2024 оны 02 сараас хойш утсаа авахгүй, арга барагдаад цагдаад хандсан боловч хэргийг иргэний журмаар шийдвэрлүүл гээд татгалзаж шийдвэрлэсэн тул шүүхэд хандаж байна. Иймд Р.”“““““““аас нийлүүлээгүй үлдсэн 8,000 боодол өвсний үнэ 144,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Р.”“““““““ын тайлбар, татгалзлын агуулга:

Миний бие Рэнцэндорж овогтой ““““““““ би хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд өвс худалдан авч, бусдад борлуулдаг. Нэхэмжпэгч Э.”“““““““ийг өмнө нь өөрийн тээврийн хэрэгслээр ачаа бараа зөөж танилцаж байсан. Э.”“““““““ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжпэл нь үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анх Э.”“““““““ нь надад 80,000,000 төгрөг шилжүүлсэн, үүнээс би 33,000,000 төгрөгийг 2024 оны 03 сарын 07-ны өдөр шилжүүлэн буцаан өгсөн. Мөн надаас 1000 боодол өвс авсан, энэ мөнгийг өгсөн мөнгөнөөс нь хасаж тооцуулна. 1000 боодол өвсийг надаас авч бусдад нэг боодол өвсийг 18,000 зарсан тул 1000 боодол өвсний мөнгө 18,000,000 төгрөгийг мөн өгсөн мөнгөнөөс нь хасна. Ингээд би Э.”“““““““т 29,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд түүний гаргасан нэхэмжпэлийн шаардлагаас үлдэх 115,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 227 дугаар зүйлийн 227.3.-д заасныг баримтлан Г.”“““““““аас 68,500,000 төгрөг гаргуулан Э.”“““““““т олгож нэхэмжлэлийн шаардлагаас 75,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 877,950 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Р.”“““““““аас 500,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.”“““““““т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баиалгаажээлах арга хэмжээ авсан 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 312/ШЗ2025/00726 дугаар захирамжийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болортуяагийн давж заалдсан гомдлын агуулга:

Э.”“““““““ийг нэхэмжлэлтэй хариуцагч Р.”“““““““аас 144,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болортуяа миний бие Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 312/ШШ2025/01957 дугаар шийдвэрийг2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1.-т заасны дагуу тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл болон нэг боодол өвсний үнийг 16,500 төгрөгрөөр тооцсонийг нэхэмжлэгчийн хувьд зөвшөөрч байгаа хэдий ч Үндэслэх хэсгийн 7-д бичигдсэн 34,500,000 төгрөгийг хасч тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь тооцоолол ойлгомжгүй бөгөөд нэхэмжпэлийн үнийн дүнгээс нэгэнт хасч тооцсон 33,000,000 төгрөгийг оруулж тооцсон гэж үзэхээр мөн ямар ч үндэслэлгүй анх тохиролцсон үнээр бодсон байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5.Хариуцагч Р.”“““““““, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран нарын давж заалдсан гомдлын агуулга:

Нэхэмжлэгч анх шүүхэд 144,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан 115,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаагаа шүүх хуралдааны явцад илэрхийлсэн бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан гэтэл шүүх энэ талаар шийдвэртээ тусгалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч /боодол өвсийг 5,500 төгрөгөөр бодож нийт 11,000 боодол өвсийг худалдан авахаар тохирч нийт 80,000,000 төгрөг шилжүүлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлдог. Харин хариуцагчийн зүгээс 1 боодол өвсийг 14,500 төгрөгөөр бодож анх 15,000-20,000 боодол авна гэж ярьж байсан сүүлд надад 11,000 боодол өвс олдсон тул эхний төлбөр 80,000,000 төгрөгийг өгсөн үлдэх мөнгөө өгөөгүй, мөнгөө өгөөгүй тул гэрээ бүрэн хэрэгжээгүй, улмаар нэхэмжлэгч өөрөө өвсөө биш мөнгөө авахаар шаардаж гэрээнээс татгалзсан гэж өөрийн татгалзлаа тайлбарладаг. Үүнээс үзвэл зохигчид 1 боодол өвсний үнэ болон нийт авах байсан өвсний тоо хэмжээн дээр маргадаг, мөн хариуцагчийн зүгээс гэрээ бүрэн хэрэгжээгүй, нэхэмжлэгч тал үлдэгдэл төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээнээс татгалзаж өвсийг биш өгсөн мөнгөө буцаан шаардсаны дагуу мөнгөө буцаан авсан гэж маргадаг. Гэтэл анхан шатны шүүх талуудын маргаж буй үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл , хариуцагчийн татгалзал зэрэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хэрхэн нотлогдож тогтоогдож байгаа эсхүл хэрхэн үгүйсгэгдэж няцаагдаж байгаа талаар үндэслэл бүхий бүрэн бодитой дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч 1 боодол өвс 5500 төгрөгөөр нийт 11,000 боодол өвс худалдан авахаар тохирсон гэж үндэслэлээ тодорхойлж байгаа боловч энэ талаарх маргаж буй шаардлагын үндэслэлээ нотлоогүй, нотлох баримт гаргаж өгөөгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. -т заасан үүргээ биелүүлээгүй байна. Харин хариуцагчийн зүгээс анх авахаар тохиролцсон өвсний мөнгийг бүрэн өгөөгүй, тохирсон хугацаандаа үлдэгдэл мөнгөө өгөхгүй удааж холбоо сураггүй таг чиг алга болж гэрээ хэрэгжих боломжгүй болсон, улмаар өгсөн мөнгөө буцааж нэхэхээр нь мөнгийг нь өгсөн гэдэг байдлаар татгалзлын үндэслэлээ тайлбарладаг. Үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч өвчтэй гадаад улс руу явсан гэдэг байдлаар хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргадаг. Мөн гэрээнээс татгалзаж мөнгөө буцаан авна гэх харилцаа болсон талаарх үйл баримтыг хариуцагч талын хүсэлтийн дагуу хийгдсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогддог. Гэтэл шүүх хариуцагчийн гаргаж буй татгалзал нь хэрэгт авагдсан дээрх үзлэгийн тэмдэглэл болох бичгийн нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг үнэлж дүгнээгүй. Талуудын хооронд үүссэн харилцаа буюу гэрээ хэрэгжсэн эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт өгөлгүйгээр гэрээнээс үүдэлтэй учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.”“““““““ийг хашаа түрээслэн өвсийг байлгахаар болж төлбөрийг нь төлсөн гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй, харин эсрэгээрээ шүүх хуралдаанд хариуцагч Р.”“““““““ нь өөрөө хашааны түрээсийн төлбөрийг төлсөн гэдгээ нэхэмжлэгчийн төлөөлөгч ч уг хашааны төлбөрийг өгөөгүйгээ хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах боломжтой талаар тайлбарласан атал шүүх эдгээр зохигчдын тайлбарыг үнэлэлгүйгээр илтэд үндэслэлгүй дүгнэлт өгчээ. Хариуцагч Р.”“““““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг мөнгөө бүрэн өгөөгүй тул өвсөө авахаар ирээгүй, хэрвээ мөнгөө бүрэн өгсөн бол энэ өвс Э.”“““““““ийнх болох байсан гэж тайлбарласан бөгөөд Э.”“““““““ өвсийг авахаар буюу худалдан авсан өвсөө өөрийн өмчлөлд шилжүүлж хүлээн авах үүргээ хэрэгжүүлээгүй болохыг түүний төлөөлөгч нь хагалгаанд ороод ирээгуи гэдэг байдлаар хүлээн зөвшөөрсөн, мөн хариуцагчийн энэхүү татгалзал нь хэрэгт авагдсан 431 дугаартай прокурорын тогтоолд хууль сануулж өгсөн гэрч ““““““““... өвсийг авахаар хүи ирж байгаагүй гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Дээрх байдлаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдохгүй харин хариуцагчийн гаргасан татгалзал нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3. дахь хэсэгт “шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4. дэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгийн шаардлагын үндэслэлийг нотлосон ямар баримтыг үндэслэн шийдвэрээ гаргасан, хариуцагчийн татгалзлыг түүнийг нотлосон баримтыг хэрхэн яаж үгүйсгэн, няцааж үнэлээгүй тухай буюу нотлох баримтыг хэрхэн яаж үнэлсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүй, дан ганц нэхэмжлэгч талын аман тайлбарыг үндэслэж шийдвэрлэсэн тул дээрх хуулийн шаардлага хангагдаагүй байна. Шүүхийн аливаа шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, эргэлзээгүй байх ёстой гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь заалдах заалтад 3000 боодол өвсийг 51,000,000 төгрөгөөр зарсан мэтээр, уг 51,000,000 төгрөгөөс дахин 3000 боодол өвсийг 1 боодлыг 5500 төгрөгөөр тооцож 16,500,000 төгрөгийг хасаж нэхэмжлэгчид өгсөн 29,000,000 төгрөгийг нэмж нийт 132,000,000 төгрөгнөөс хасаж тооцсон нь ойлгомжүй байна. Тодруулбал, 3000 боодол өвсийг 51,000.000 төгрөгөөр худалдсан гэсэн тайлбарыг зохигчдын хэн аль нь гаргаагүй, мөн 132,000,000 гэсэн дүнг хэрхэн яаж гаргасан нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй. 3000 боодол худалдсан гэх өвсний дүнгээс өөрөөс нь дахин 3000 боодол өвсний анхны тохиролцооны гэх дүнг хасаж тооцож байгаа нь өөрөө ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Эсрэгээрээ нэхэмжлэгчийн төлөөлөгч 3000 боодол өвсийг нэхэмжлэлдээ оруулаагүй гэж тайлбарлаж, үлдэх 8000 боодол өвсийг тооцож 144,000,000 гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон мэтгэлцсэн атал нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хальж тооцоонд ороогүй зүйлийн талаар дүгнэлт өгсөн. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа тул Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 312/ШШ2025/01957 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зохигчдын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж  дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Э.”“““““““ хариуцагч Р.”“““““““т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 144,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ “...би Р.”“““““““аас 11,000 боодол өвсийг 1 боодлыг 5,500 төгрөгөөр авахаар тохирч өвсний үнэ 60,500,000 болон тээвэрлэлтийн зардал 19,500,000 нийт 80,000,000 төгрөгийг шилжүүлсэн.Гэвч Р.”“““““““ миний авсан өвсийг надад өгөлгүй зарсан.Иймд Р.”“““““““аас нийлүүлээгүй үлдсэн 8,000 боодол өвсний үнэ 144,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон./хх1,2х/

Хариуцагч “...Э.”“““““““ надад 80,000,000 төгрөг шилжүүлсэн, үүнээс би 33,000,000 төгрөгийг 2024 оны 03 сарын 07-ны өдөр буцаан шилжүүлэн өгсөн. Мөн надаас 1,000 боодол өвс авсан, энэ мөнгийг өгсөн мөнгөнөөс нь хасаж тооцуулна. 1,000 боодол өвсийг надаас авч бусдад нэг боодол өвсийг 18,000 зарсан тул 1,000 боодол өвсний мөнгө 18,000,000 төгрөгийг мөн өгсөн мөнгөнөөс нь хасна. Ингээд би Э.”“““““““т 29,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд түүний гаргасан нэхэмжпэлийн шаардлагаас үлдэх 115,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан./хх16х

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгч Э.”“““““““ хариуцагч Р.”“““““““тай 2023 оны 10 сард худалдах, худалдан авах гэрээ байгуулан 11,000 боодол өвс авахаар тохирч, гэрээний дагуу өвсний үнэ 60,500,000 төгрөг болон тээвэрлэлтийн зардал 19,500,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны хугацаанд 4 удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн,

3.1 Худалдаж авсан өвсөө ““““““““тоот хашаанд хавар болтол хадгалахаар болж хариуцагч Р.”“““““““ хашааны түрээсийн төлбөрийг төлсөн үйл баримтыг зөв тогтоожээ.

4.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг тодорхойлсон нь хуульд нийцсэн.

5.Шүүх нэхэмжлэлийг хангахдаа тухайн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдалд бүрэн дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

6.Нэхэмжлэгч 1 боодол өвсийг “...5,500” төгрөгөөр, хариуцагч “...16,500, 14,500” төгрөгөөр худалдан авахаар, худалдахаар тохирсон гэж маргаж, 1 боодол өвсний үнэ, түүнчлэн нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

7.Хариуцагч “...Э.”“““““““ өвсөө авахаа болиод мөнгөө нэхэж над руу мэсэж бичсэн учраас би өвсийг зараад 33,000,000 төгрөгийг шилжүүлсэн”, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэж, нэхэмжлэгч “...өвс авахгүй, мөнгөө авъя гэсэн асуудал огт болоогүй.Тухайн жил зуд болоод өвсний үнэ өсөөд байсан тул хавар зарахаар төлөвлөсөн байтал хариуцагч дур мэдэн Архангай аймаг руу 2000 боодол өвс зарсан байсан тул уг зарсан өвсний мөнгийг шилжүүл гэх утгаар чат бичсэн” гэж маргасан.

7.1 Шүүх зохигчдын хооронд бичсэн чат, мэсэжинд үзлэг хийсэн байх ба “...нэхэмжлэгчийн ээж хагалгаанд орох болчихлоо, яаралтай мөнгө шилжүүл” гэх агуулгаар бичсэн мэсэж нь түүнийг гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэл, нотлох баримт болохгүй юм.

8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилж, шинжээч 2023-2024 оны байдлаар газар дээрээс авах бөөний үнэ 5000-10,000 төгрөгийн ханштай байсан гэсэн дүгнэлт ирүүлж, зохигч хэн аль нь шинжээчийн дүгнэлттэй холбоотой гомдол, хүсэлт гаргаагүй байна.

8.1 Зохигчид нийт 11,000 боодол өвс нийлүүлэх тухайд маргаагүй тул 11,000 боодол өвснөөс нэхэмжлэгчийн хариуцагчаас авсан 1,000 боодол өвсийг хасч, үлдэх 10,000 боодол өвсийг шинжээчийн тогтоосон үнэ болох 10,000 төгрөгөөр тооцож 100,000,000 төгрөг, үүнээс хариуцагчийн нэхэмжлэгчид шилжүүлсэн 33,000,000 төгрөг, 29,000,000 төгрөгийг хасч, өвсний үнэд үлдэх 38,000,000 төгрөгийг,

8.2 Нэхэмжлэгч нийт 11,000 боодол өвс ачуулах тээврийн хөлсөнд 19,500,000 төгрөг хариуцагчид шилжүүлсэн байх ба тэрээр 1,000 боодол өвс буцаан авсан тул үлдэх 10,000 боодол өвсний тээврийн хөлс 16,000,000 төгрөгийг /1,000 боодол өвсийг 3,500,000 төгрөгөөр тээвэрлэдэг, 19,500,000-3,500,000=16,000,000/, нийт 54,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 90,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар  сарын 22-ны өдрийн 312/ШШ2025/01957 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 227 дугаар зүйлийн 227.3.-д заасныг баримтлан хариуцагч Г.”“““““““аас 54,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.”“““““““т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 90,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 877,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Р.”“““““““аас 427,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.”“““““““т олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болортуяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 330,450 төгрөг, хариуцагч Р.”“““““““, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 500,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн  хууль хэрэглээний  зөрүүг арилгах, хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын  дээд  шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход  зарчмын   хувьд   нийтлэг ач  холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.БАТТӨР

                                                             ШҮҮГЧИД                        Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                              Р.ҮҮРИЙНТУЯА