| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/10708/И |
| Дугаар | 210/МА2026/00397 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/00397
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 197/ШШ2025/18046 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******т холбогдох,
14,535,521.58 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар шийдвэрлэсэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 14,535,521.58 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа, даатгуулагч *******ийн Хан-Уул дүүрэг ******* хороо, Зайсан гудамж, Энхжин хотхоны 32д байрны ******* орон сууцанд дээд айл болох *******ийн гал тогооны угаалтуурын холигчийн уян холбоос задарч ус алдсаны улмаас даатгуулагчийн эд хөрөнгөд 14,535,521.58 төгрөгийн хохирол учирсан. Даатгуулагчид учирсан уг хохирлыг даатгагч манай компанийн зүгээс төлж барагдуулан, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасны дагуу хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авсан. ******* нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй тул түүнээс 14,535,521.58 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлжээ.
1.2. Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзалдаа, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр орон сууцны контороос манай гэрт ус алдаж байгаа талаар мэдэгдсэн. Тухайн өдөр ажлын өдөр байсан тул доод айл бас хүнгүй байснаас үүдэж доод айл руу ус алдсан. Манайх өмнө нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр уг уян холбоосыг солиулсан байсан. Ус алдсан шалтгааныг орон сууцны контороос тодруулахад гал тогооны уян холбоос гэнэт задралын улмаас задарсан гэх дүгнэлтийг гаргасан. Уг холбоос нь элэгдэл хорогдлын улмаас задраагүй. Иймээс ******* ямар үндэслэлээр буруутгаж байгаа нь тодорхойгүй. Мөн Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо уг маргааныг урьдчилан шийдвэрлэхдээ *******ийг буруутай этгээд гэж үзэн хохирол нэхэмжлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн гэх үндэслэлээр маргажээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар зөв үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.
2.1. Даатгуулагч ******* нь *******-тай 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2042 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг ******* хороо, Зайсан гудамж, Энхжин хотхоны 32д байрны ******* 3 өрөө орон сууцыг даатгуулсан./хх6-7/
2.2. Хариуцагч *******ийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг ******* хороо, Зайсан гудамж, Энхжин хотхоны 32д байрны ******* орон сууцны гал тогооны уян холбоос задарсны улмаас 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ус алдаж, даатгуулагч *******ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг ******* хороо, Зайсан гудамж, Энхжин хотхоны 32д байрны ******* 3 өрөө орон сууцанд 19,428,100 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогджээ./8-13/
2.3. Даатгуулагч *******т, нэхэмжлэгч *******-аас 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нөхөн төлбөрт 14,535,521.58 төгрөгийг шилжүүлэн өгсөн./хх15/
3. Нэхэмжлэгч *******, хариуцагч *******өөс даатгалын зүйлд хохирол учруулсан буруутай этгээдээс хохирол нэхэмжлэх эрхийг даатгуулагч *******ээс дээр дурдсан даатгалын гэрээний 6.1.6-д зааснаар шилжүүлэн авсан үндэслэлээр нэхэмжилсэн. Харин, Санхүүгийн зохицуулах хороо уг хохирлыг хариуцагчаас нэхэмжлэхтэй холбоотой асуудлыг урьдчилан шийдвэрлэсэн эсэх, уг шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүйн улмаас хохирол шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
3.1. Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 3/3376 дугаартай баримтаар ...өргөдлийг талуудын ирүүлсэн баримтын хүрээнд хянахад, даатгалын тохиолдлын талаар гаргасан *******-ийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн комиссын актад ...гэнэтийн ус алдалтаас болж тус айлын харалдаа доод айлууд болох 105-1-8, 105-1-3 тоот айлууд руу ус нэвчиж алдсан байна, мөн тус компанийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн комиссын актад ...гал тогооны угаалтуурын холигчийн уян задарч ус алдсан гэж дүгнэсэн байх бөгөөд дээрх актуудад буруутай этгээдийг тогтоосон дүгнэлт гараагүй байх тул иргэн *******ийг буруутай этгээд гэж үзэн хохирлыг буцаан нэхэмжлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Даатгалын тухай хууль, даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт, даатгалын зах зээлийн ёс зүйн журамд заасан даатгагчийн эрх, үүргээ хэрэгжүүлэн даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан ажиллана уу хэмээн *******-д хаяглан, хувийг *******т гэж тус тус хүргүүлсэн байна./хх36/
3.2. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д зөвшөөрөл эзэмшигч хооронд болон зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч хооронд гарсан маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэх, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно гэж тус тус заасан.
3.3. Дээрхээс үзвэл, Санхүүгийн зохицуулах хороо нь *******ийн өргөдлийг үндэслэн *******-ийн хохирол нэхэмжлэхтэй холбоотой асуудлыг Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэсэн байх бөгөөд харин, нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрсөн талаар хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргасан талаар нотлох баримтгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаагүй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
4. Нэхэмжлэгч нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан 10 хоногийн хугацаанд Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг шүүхэд давж заалдаагүй, уг хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгааныг нотлоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүхэд давж заалдаагүй, уг хуульд тусгайлан заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
5. Анхан шатны шүүхээс шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй заалтуудыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтыг хассан өөрчлөлт оруулна.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 197/ШШ2025/18046 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, 82 дугаар зүйлийн 82.1 гэснийг хасаж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,628 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Ц.АЛТАНЦЭЦЭГ