Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 589

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга У,

улсын яллагч Ц,

шүүгдэгч Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Хотгойд овогт Шагдарын Нэргүйд яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн ........ дугаартай хэргийг ..... оны .... дугаар сарын .....ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ....ны өдөр төрсөн, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, баяд, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй,  тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн .... дүгээр хороо .... дугаар байрны ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н нь .... оны ... дугаар сарын ....ны өдөр Баянгол дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О ямар нэгэн шалтгаангүйгээр боож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Э мэдүүлэхдээ: “..... оны ... дугаар  сарын ....ны өдөр манай бэр дүү хөдөөнөөс ирсэн. Бид хоёр зочид буудлын .... давхарт өрөө аваад хоёулаа тагтан дээрээс хараад зогсож байхад зам дээр ...машин мөргөлдсөн. Урд талаас эмэгтэй жолооч, хойд талаас нь эрэгтэй жолооч гарч ирсэн. Эрэгтэй жолооч нь эмэгтэй жолоочоо дээрэлхээд байхаар нь би “болиоч” гээд орилсон. Улмаар гарч очсон чинь тэр эмэгтэй юу болсоныг гэрчлээд өг гэхээр нь би  замын цагдаа орж гэрчилж өгсөн. Дараа нь 10 гаран хоногийн дараа хүн утсаар яриад надтай нэг уулзаадахаа би Баянгол дүүргийн цагдаагийн газрын ахмад Г гэдэг хүн байна гэж хэлээл мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн. Би О заамдаж хоолойг нь минут орчим боосон. Би ч жоохон уучихсан байсан болохоор өөрийгөө сайн хянаж чадаагүй. Би О гэх залууг огт танихгүй, амьд хүний гэрч болсноор үхсэн хүний дэр бол гэж үг байдаг. Түүнийг л сайн ойлгож байна” гэв.

Шүүгдэгч Н нь .....оны ..... дугаар сарын .....ны өдөр Баянгол дүүргийн ....дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О ямар нэгэн шалтгаангүйгээр боож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Гэрч Н “... Би тэгэхээр нь миний автомашиныг мөргөхийг нэг ах харсан. Тэр хөгшинийг аваад ирье гэж хэлсэн. Тэр хөгшиний байж байсан зочид буудал дээр нь очиход тэр хөгшин хүүхэдтэйгээ тэр буудалд байж байхаар нь би хүүхдэд нь хэлээд би замын цагдаа руу аваад явсан. Тэр хөгшин бага зэрэг уусан байсан. Тэр хөгшин замын цагдаа дээр ирээд тэр залууг мөргөсөн гэдгийг хэлээд буцаад гарч явж байтал нөгөө машины жолооч болон эхнэртэй нь таарсан. Тэр хөгшин тэр жолооч залууд хандаж “чи залуу хүүхэд байж их омголон юмаа, эр хүний замын хүзүү урт байдаг юм, эмэгтэй хүнтэй бодолтой харьцахгүй” бол гэж хэлэхэд тэр залуу чам шиг өвгөнд хамаагүй, чи цаашаа яв гээд мөр лүү нь түлхсэн. Тэгэхэд тэр хөгшин заамдаад авахад нөгөө залуу бас заамдаад авсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

 Хохирогч О “Би .... оны ....дугаар сарын ....ны өдөр орой .... цагийн үед зүүнээс баруун чиглэлтэй явж байхад 25 дугаар эмийн сангийн хойд уулзвар буюу Модын 2-ын дунд зам дээр уулзвар нэвтрээд явж байх үед зорчих хэсэг нарийсаж байгаа эгнээнээс урдуур гүйцэт түрүүлэх гэж явсан .... УНВ улсын дугаартай машин гүйцэх явцадаа миний унаж явсан .... УБЯ дугаартай автомашины баруун гар талын тольны хавтас гэмтээгээд урд гараад огцом хэд хэдэн удаа тоормос гишгээд байсан. Тэгээд гэнэт бууж хүрч ирээд чи араас мөргөчихлөө гээд байсан. Тэгээд араас машинууд сигналдаад байсан болохоор би мөргөөгүй гээд хөдлөөд шууд гэрлүүгээ явсан.

...Тэгээд замын цагдаагийн хаалгаар орох гэж байх үед нэг ах жаахан юм уусан бололтой нэлээд согтуу хүн ирээд намайг үгийн зөрүүгүй чи яаж байгаа юм гээд хоолойноос хоёр нүцгэн гараараа боосон. Тэгээд тэнд байсан хоёр цагдаа одоо нэрийг нь сайн санахгүй байна, бид нарыг салгасан.

... Уг гэмтлийг гэрч болгоно гэж авч ирсэн хүн нь болох 50 орчим насны ах учруулсан. Надад ямар нэг санал хүсэлт байхгүй. ... Би гомдолтой байна. Миний биед гэмтэл учруулсан уг хүнд хариуцлага тооцуулж хуулийн дагуу арга хэмжээ авхуулах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19-20 дугаар хуудас/

... Надад одоо ямар нэг гомдол санал байхгүй. Би эмчилгээ хийлгээгүй учир эмчилгээний зардал гэх зүйл байхгүй. Тийм учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би .Н гэх ахтай сая уулзаад сайн дураараа эвлэрсэн. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 22 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №529 дугаартай:

“1. О хүзүү, баруун бугалганд цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлээр хүзүүг боомилох үед үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 24 дүгээр хуудас/

Н яллагдагчаар өгсөн “... Ингээд цонхон дээр гараад тамхи татаад зогсож байтал хоёр машин ар араасаа мөргөлдсөн. Тэгтэл урд талын машинаас залуухан хүүхэн гарч ирээд арын машинаас нэг залуу гарч ирээд хоорондоо маргалдаад зогсож байгаад залуу нь машиндаа суугаад машинаа ухраагаад хажуугаар нь явах гэтэл хүүхэн хааж зогсоод байсан. Тэгтэл тэр залуу явган хүний зам даваад яваад өгсөн. Тэр үед би “хөөе яасан танхай нөхөр бэ” гэж хашгираад өрөөрүүгээ орсон.  Тэр үед зам дээр байсан хүүхэн намайг харсан юм шиг байгаа юм.

... Би О биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчтой эвлэрээд хохирлоо төлөхөө илэрхийлээд энэ хэргийг түргэн шуурхай шийдүүлмээр байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд хохирогч  О “Энэ Н гэх хүнтэй эвлэрсэн. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэжээ. /хэргийн 49 дүгээр хуудас/

Иймд шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч Н өндөр насны тэтгэвэрт байдаг, гэмт хэрэг үйдсэн гэм буруугаа сайн дураар зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосон ялаас бага буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй байна.  

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Н торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар   Н торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ