Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/00398

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Д.Хулан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/17933 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-д холбогдох,

8,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 8,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... *******-аас ******* улсын дугаартай, Тоёота приус 20 маркийн автомашиныг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ-21/0 тоот зээлийн гэрээг байгуулан зээлээр худалдан авсан. Мөн өдрөө ФГ-21/0 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, машины өмчлөх эрхийг *******-д шилжүүлсэн. *******-аас зээлийн гэрээний үүргийг шаардаж *******ад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/00698 дугаар захирамжаар 8,500,000 төгрөгийг төлөхөөр талууд эвлэрсэн. *******-ийн захирал ******* 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр автомашиныг авч явсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад би 2024 оны 09 дүгээр сард 8,750,950 төгрөгийг бүрэн төлж барагдуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Гэтэл *******-ийн захирал ******* өдийг хүртэл автомашиныг өгөөгүй тул автомашины үнэ 8,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

1.2. Хариуцагч талаас татгалзлын үндэслэлдээ *******ын хамт айлын гадаа уг машиныг байрлуулсан хэвээр байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу ******* надад төлсөн 8,750,950 төгрөгийн төлбөрт машин огт хамааралгүй болно. Машиныг *******ад олгох талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан гэж маргажээ.

 

2. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. Тодруулбал, *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийг шаардсан агуулгатай байна.

 

3. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1, 751.2 дахь хэсэгт заасан тусгайлсан журмаар шийдвэрлэх хэргийн харьяалалд хамаарахгүй байхад Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт заасан хэргийн харьяаллыг зөрчсөн байна.

 

4. Түүнчлэн, шүүх тухайн хэргийн нэхэмжлэлийг гардуулахдаа хариуцагч *******-ийг төлөөлөх эрх бүхий этгээдэд нэхэмжлэлийг гардуулах ажиллагааг хийгээгүй байгааг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан.

 

6. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн гэж заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/17933 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын нэхэмжлэлтэй, *******-д холбогдох 8,500,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

ШҮҮГЧИД Д.ХУЛАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ