Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2024/ХШТ/49

 

С.Д-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай, шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч В.Удвал, нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 293 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаар магадлалтай, С.Д-т холбогдох 2312000000192 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С.Д, 1949 оны 07 дугаар сарын 19-ний өдөр **** аймгийн **** суманд төрсөн, 74 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл ганцаараа **** аймгийн **** сумын **** баг, **** гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, РД: ****.

Шүүгдэгч С.Д нь 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр **** аймгийн **** сумын ****багийн нутаг дэвсгэр **** гэх газарт өөрийн төрсөн хүү Д.Ч-г “Унтуулж, амраасангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хутга буюу зэвсэг ашиглан цээжин тус газарт нь хутгалсны улмаас цээжний хөндий рүү нэвт хатгагдсан шарх нь эгэм доорх артери, тараагуур судасны бүрэн тасрал, суганы артери, эгэм доорх артерийн салааны тасрал, орчны булчин, зөөлөн эдэд цус хуралт гэмтлийн улмаас цочмог цус алдалт үүсгэн амь насыг хохироосон буюу хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Д-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-ийг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-т оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-ийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,  хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан хутга 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн байна.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 293 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч С.Д-ийг шүүх хуралдааны танхимаас суллаж, шүүгдэгч С.Д шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш хэрэг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх хүртэл 54 хоног цагдан хоригдсон болохыг дурдан шийдвэрлэжээ.

Прокурор хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохдоо “...2023 оны 07 дугаар сарын 16-ны үүрээр 04:00 цагийн үед хохирогч Д.Ч **** аймгийн **** сумын **** багийн нутаг дэвсгэр **** гэх газарт байх өөрийн гэрт согтуугаар зохисгүй авирлан, 74 настай, хөл муутай, таяг тулдаг эцэг С.Д-тэй маргалдан, ширээн дээр төмпөн дотор байсан хутгыг хараад наад хутгаараа намайг алчих гэж орилоход нь эцэг С.Д нь тухайн хутгыг далд хийх санаа зорилгоор авсан байхад түүн рүү ирж хутгатай гараас нь барьж савчиж байгаад хоёул газар унасан, босож ирэхэд хохирогч Д.Ч-ийн цээж хэсгээс цус гарч байсан үйл баримт тогтоогдож байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Д нь хохирогч Д.Ч-г хутгалсан гэх үйл баримт бүрэн дүүрэн, хангалттай тогтоогдохгүй, шүүгдэгч С.Д-ийн үйлдлийн улмаас хохирогч Д.Ч хутгалагдсан гэж дүгнэхэд эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Д-ийг цагаатгахдаа насанд хүрээгүй гэрч О.Б-ийн ...Би 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ...нутгийн айл болох Б гэх айлын найранд очсон юм. Намайг очоод байж байтал манай талийгаач ах Ч, миний төрсөн дүү Г-ын хамт Б гэх айлд ирсэн... Ч ах нэлээн согтоод шөнө хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна, гадаа харанхуй байсан. Би талийгаач ах Ч, өөрийн дүү Г нарыг мотоциклдоо сундалдаж суулгаад гэртээ ирсэн бөгөөд... талийгаач Ч ах хувцсаа тайлаад орондоо орсон боловч унтахгүй үглээд байсан. Тэр үед манай өвөө Ч ахад хандаж миний хүү одоо унтаж амар гээд хэд хэдэн удаа хэлсэн боловч үгэнд нь орохгүй чамд ямар хамаатай юм гээд босож ирээд гэрт байсан төмпөнг өшиглөсөн. Тэр үед өвөө уурлаад чи харанхуй шөнө хүн амраахгүй юм, би ядраад байна гээд маргалдаж эхэлсэн. Тэр үед талийгаач, Ч ах өвөөд хандаж, чи тэгвэл наад ширээн дээр байгаа хутгаараа намайг алчихгүй юу гээд орилоод байсан. Гэтэл манай өвөө С.Д ширээн дээр байсан модон иштэй, ишийг нь төмөр утсаар ороосон хутгийг ирийг нь дээш нь харуулаад барьчихсан зогсож байсан. Энэ үед талийгаач Ч ах өвөө рүү дайраад хутга барьсан гарыг нь барьж аваад ноцолдоод гараа хоёр тийшээ савчаад байсан. Ингэж байгаад газар хамт унацгаасан. Газар унаад өвөө түрүүлээд босоод ирсэн. Талийгаач Ч ах газар унаад босож ирэхдээ цээжний зүүн тал хавиас нь гарыг дагаад цус урсаж байсан. Би цус харахаар аймаар айдаг учир шууд гарч гүйгээд мотоциклээ асаагаад ойрхон байдаг айлын хүнээс тусламж гуйх гэтэл тэр айлын хүн байхгүй байсан...гэх мэдүүлэг,

Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 61 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “... шинжээчид тавигдсан асуудлууд хэсгийн 7.Амь хохирогч хутгаар өөрөө өөрийнхөө амь насыг егүүтгэсэн байх боломжтой эсэх гэсэн асуултад -амьд үед үүсгэгдсэн ба дарааллыг тогтоох боломжгүй, өөрийн гар хүрэх түвшинд үүссэн гэмтэл байна...” гэсэн дүгнэлт, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 10 дугаар дүгнэлтийн Комиссын хамтарсан үзлэг хэсэгт яллагдагч С.Д” ...Өдөр найз нартайгаа архи уусан байсан. Ирээд агсам тавиад намайг алаад өг гээд хутга булаацалдаж байгаад миний хутгатай гараар өөрийгөө хутгалаад амиа егүүтгэсэн гэж бодож байна. Би их харамсаж байна. Юу гээд төрсөн хүүхдээ алья гэж бодхов дээ. Би хөл муутай, явж чадахгүй...” гэж хариулсан талаар бичигдсэн, яллагдагч С.Д-ийн “...Тухайн шөнө нойр хүрэхгүй сэрвэлзээд байсан. Учир нь манай хүү найзтайгаа архи уусан. Тэгээд дараагаар нь айлын найр руу явсан болохоор би согтоод энд тэнд уначихгүй байгаа гээд сэтгэл зовоод хүлээгээд байсан. Гэтэл шөнө 04:00 цагийн үед талийгаач хүү Ч маань манай зээ хүү болох Б, Г нарын хамт ирсэн. Унтах гээд орондоо орцгоосон. Гэтэл талийгаач Ч орондоо орчхоод унтахгүй үглээд байхаар нь миний хүү одоо унтаж амар гэтэл талийгаач надад хандаж танаар заалгахгүй, танд ямар хамаатай юм бэ гэсэн. Би чамд хэлэхгүй хэн хэлэх юм бэ гэхэд талийгаач орноосоо босоод ирчихсэн юм өшиглөөд түжигнүүлээд байсан. Тэр үед би орон дээрээ сууж байсан. Талийгаач Ч ширээн дээр байсан төмпөнтэй махан дотор байсан хутгыг хараад наад хутгаараа намайг алчих гээд орилоод байсан. Тэгэхээр нь би тухайн хутгыг далд хийх санаатай автал талийгаач Ч миний өөдөөс хүрч ирээд хутгатай гарыг маань барьж аваад өөр рүүгээ татаад нүүрнийхээ урдуур хоёр ийш нь савчаад өөрийгөө хатгуулчих гээд байсан. Би салах гээд хойшоо зүтгэсэн боловч хөл муу учир талийгаачтай хамт газарт унасан. Босож ирээд хартал талийгаачийн цээж хэсгээс цус гарч байсан. Ингээд би сандраад яг юу болсныг санахгүй байна.

Тухайн үед би айсан, нэг мэдэхэд эмнэлэг, цагдаа ирчихсэн байсан. Миний хамгийн том хүү, хэдэн дүү нараа зохицуулж, айл гэр болгож, одоо намайг болон гэр орон, мал ахуйгаа авч явсан хайртай том хүүгийнхээ амь насыг хохироочихсондоо маш их харамсаж байна. Хааяа архи уусан үедээ агсам тавиад байдаг болохоос өөр ямар нэгэн муу зан авиргүй хүн байсан. Би өөрийн төрсөн хүүгээ яалаа гэж алах санаа зорилго байх билээ...” гэсэн мэдүүлэг... зэрэг нотлох баримтыг үндэслэсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь С.Д нь зэвсэг ашиглан Д.Ч-ийн биед халдах зорилгоор ширээн дээр байсан хутгыг авч дайрсан идэвхтэй үйлдэл хийсэн болох нь насанд хүрээгүй гэрч О.Б-ийн “...Манай өвөө Д ширээн дээр байсан модон иштэй, ишийг нь төмөр утсаар ороосон хутганы ирийг нь дээш нь харуулаад барьчихсан зогсож байсан. Энэ үед Ч ах өвөө рүү дайрч, хутга барьсан гарыг нь барьж авч ноцолдоод, гараа хоёр тийшээ савчаад байсан. Ингэж байгаад газар хамт унасан...” гэх мэдүүлэгт тусгагдсан. Түүнчлэн Шүүх шинжилгээний газрын Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн “...Талийгаачийн цогцост цээж, хүзүү, нүүр, баруун сарвуу, гуя, зүүн мөрөнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо, уг гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ...” гэсэн дүгнэлт зэргээр зэвсэг ашиглаж Д.Ч-гийн биед гэмтэл учруулсан олон удаагийн үйлдэл хийсэн, мөн түүний идэвхтэй үйлдлийн улмаас Д.Ч-ийн амь нас хохирсон шалтгаант холбоотой байна. С.Д нь хутгыг өөрөө авч бусдын биед халдах нь хүний эрүүл мэнд хохирол учруулах үр дагаврыг ухамсарлах боломжтой төдийгүй хүний амь нас эрсдэх, хүний амь хохирох аюултай үйлдэл гэдгийг мэдэж, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, үүнээс учирч болох хохирол хор уршиг буюу хүний амь хохирох хохирлыг хүсэж үйлдсэн гэмт үйлдэл, улмаар хүний амь насыг хохироосон нь С.Д-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн шүүгдэгчийн мэдүүлэгт хийсвэр дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байна. Иймд Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 202 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул С.Д-т холбогдох хэргийг мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзлээ.

2. Прокуророос шүүгдэгч С.Д-ийг 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр **** аймгийн **** сумын **** багийн нутаг дэвсгэр **** гэх газарт өөрийн төрсөн хүү Д.Ч-г “Унтуулж, амраасангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хутга буюу зэвсэг ашиглан цээжин тус газарт нь хутгалсны улмаас цээжний хөндий рүү нэвт хатгагдсан шарх нь эгэм доорх артери, тараагуур судасны бүрэн тасрал, суганы артери, эгэм доорх артерийн салааны тасрал, орчны булчин, зөөлөн эдэд цус хуралт гэмтлийн улмаас цочмог цус алдалт үүсгэн амь насыг хохироосон буюу хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Д-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвалын гомдлыг үндэслэн хянаад шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааг цогц утгаар илэрхийлдэг.

Ингэхдээ шүүхийн шийдвэрийн эх сурвалж буй нотлох баримтыг шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хоорондоо нягт уялдаа холбоо бүхий ажиллагаа хамаардаг.

Нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэсэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах нотлох баримтын чухал суурь болдог учиртай.

Тодруулбал, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгасан эсэх, өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй.

Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоож, шүүгдэгч гэм буруутай эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм.

Иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

Харин тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүгдийг шалгасан боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ гарч, шүүгчид бүрэн дүүрэн итгэл төрөхгүй бол үндэслэл бүхий аливаа эргэлзээг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталдаг.

Энэхүү зарчим нь шүүгдэгчийн гэм буруу хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж гэм буруутай гэж үзэж болохгүй буюу хэлмэгдүүлэхээс хамгаалах, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа болдог онцлогтой бөгөөд эдгээр хамгаалалт, зарчим Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагджээ.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах шийдвэр бүхэн тэр дундаа шүүхээс шүүгдэгчийн гэм бурууг эргэлзээгүйгээр тогтоож, гаргасан зан үйлд нь эрх зүйн зөв дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчлэхэд хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, хэрэгт хувийн сонирхолгүй гэрчийн мэдүүлэг, амь хохирогчийн үхлийн шалтгааныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт чухал юм.

Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой.         

Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байдаг.

5. Анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч С.Д-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд үйл баримтын эхлэл өрнөл, шүүгдэгчийн үйлдэлдээ болон үүссэн үр дагаварт хандаж буй хандлага, илрэлийн талаарх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн, тал бүрээс нь тогтоох, түүнд эрх зүйн дүгнэлт хийх эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ хэрэгт холбогдсон болон хохирогч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүтэй байдал, шинжээчийн дүгнэлт мэдүүлгүүдэд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас зөвхөн хэрэг маргааны төгсгөл, үр дагаварт тулгуурласан байдлаар үйл баримтыг буруу тогтоож, хүнийг алах гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

6. Давж заалдах шатны шүүх насанд хүрээгүй гэрч О.Б, Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 61 дугаартай шинжээчийн дүгнэлт, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 10 дугаар дүгнэлтийн Комиссын хамтарсан үзлэг, шүүгдэгч С.Д-ийн мэдүүлэг зэргийг үнэлэн С.Д-ийг хүнийг алах гэмт хэргийн шинжийг агуулаагүй талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүнийг цагаатгасан нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл шүүгдэгч С.Д хохирогч Д.Ч-ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас алсан гэж дүгнэж болохуйц баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгчийн гэм буруугүйд эргэлзээ төрүүлэхүйц үйл баримт тогтоогдоогүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхэд гаргасан прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхэд гаргасан прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхисугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ                                          Б.ЦОГТ

                         ШҮҮГЧИД                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                    Ч.ХОСБАЯР