Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 00131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   Д.Соёлзул

             Улсын яллагч                                 Н.Улсболд

                         Шүүгдэгч                                         Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Гт холбогдох 1932001420156 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, урьд өмнө нь ял шийтгэлгүй, *тоотод оршин суух хаягтай, рд:*, Таван ханхар овогт Батсуурийн Г

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Б.Г нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандап сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хараа” амралтын газрын хажууд Д.Ндыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр манай дүүгийн хүүхэд манайд байж байсан тэгтэл аав ээж хоёр хүүхдүүдийг аваад Хараа гол явсан байсан. Тэгээд эхнэр бид хоёр араас нь Хараа голын эрэг дээр очоод хоёр хүүхдээ хувцаслаад машиндаа суулгаад явах гэсэн чинь Д.Нд эгч “...хар шөнөөр ирж хүүхэд авч явах гэлээ... алцайсан муу гичий...” гэж хэлэхэд нь эхнэр “...та юу гээд байгаа юм бэ...” гэсэн тэгтэл гэнэт л Д.Нд эгч элдвээр хэлээд дайраад эхэлсэн, Д.Нд эгчид учирсан гэмтэл нь миний буруугаас учирсан гэмтэл мөн, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

Хохирогч Д.Нд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 07 сарын 09-ний орой Хараа голын эрэг дээр 3 гэр бүлээрээ амарч байсан. Би орой унтаагүй байсан. Шөнө 2 цагийн үед гэнэт гэрэл гараад машины хажууд зогсох шиг болсон. Гэтэл Б.Гийн эхнэр машинаас бууж ирээд хүүхдээ авахаар ирсэн. Би тэр үед гадаа сууж байсан чинь машин дотроос Б.Г хүүхэд харанхуй шөнө яах гэж авч явсан юм бэ? та нар гээд ууртай орилсон. Тэгээд жаахан байж байтал чи муу авгай юун олон юм яриад байгаа юм бэ гэж хэлээд машинаас бууж ирээд чи намайг хөлгүй болсонд бах чинь ханаж байна уу гэж хэлэхээр нь би урдаас нь босч очоод чи намайг яагаад ингэж хэлж байгаа юм гэж хэлсэн чинь би чамайг одоо алаад өгнө гээд модны мөчир аваад миний нуруун доод хэсэгт 3 удаа цохьсон. Дахиад цохих гэхээр нь би зугтаасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-р хуудас/,

            Гэрч Б.Нт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Б.Г уурлаад балай авгай чинь эхнэрийг чинь юу гээд байгаа юм гэж хэлсэн чинь Нд эгч цаанаас босоод би юу гэж хэлсэн юм гээд хүрээд ирсэн. Б.Г ч гэсэн машинаас буугаад өөдөөс нь нэг хөл дээрээ үсрээд очиход нь манай нөхрийг түлхээд унагаах шиг болсон. Тэр үед Б.Г чанга орилохоор нь очоод харсан чинь өвчтэй хөл дээрээ гишгэсэн манай нөхөр модны мөчир бариад хатгаад түлхэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13- р хуудас/,

2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №149 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

  1. Д.Ндын биед зүүн гарын тохойн үений гадна дээд хэсэгт, зүүн талын өгзөг, хэвлийн зүүн дээд талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 16- р хуудас/,

            Шинжээч эмч Г.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Д.Ндын биед учирсан гэмтэл нь гадны мөчир, бургас мэт хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Унах үед эдгээр гэмтэл нь нэгэн зэрэг үүсэх боломжгүй гэмтлуүд юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

 

Б.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …манай эхнэр Б.Нт хүүхдээ майхан дотроос хувцаслаад машин руу ирж явахад нь Д.Нд эгч эхнэрийн араас балай авгай, гичий гээд хараагаад инээгээд байхаар нь би уурлаж балай авгай минь юу гээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь миний өөдөөс би юу гэж хэлсэн юм бэ гээд намайг чиглээд хүрч ирээд миний хүзүү рүү майжиж унагаасан. Тэгээд зогсохгүй дайраад байсан. Бас миний өвчтэй хөлөн дээр гишгэсэн. Тэр үед газар унан хэвтэж байхад гарт бургас баригдаж өөрөөсөө холдуулах гэж бургасаар хоёр тийшээ савлаж байхад нөхөр Лхаажав нь хүзүүгээр тэвэрч дарж унагаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 27-р хуудас/, Шүүгдэгч Б.Гын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 28-р хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандап сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хараа амралтын газрын хажууд Д.Ндыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Д.Ндын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2019 оны 07 сарын 09-ний орой Хараа голын эрэг дээр 3 гэр бүлээрээ амарч байсан. Би орой унтаагүй байсан. Шөнө 2 цагийн үед гэнэт гэрэл гараад машины хажууд зогсох шиг болсон. Гэтэл Б.Гийн эхнэр машинаас бууж ирээд хүүхдээ авахаар ирсэн. Би тэр үед гадаа сууж байсан чинь машин дотроос Б. Г хүүхэд харанхуй шөнө яах гэж авч явсан юм бэ? та нар гээд ууртай орилсон. Тэгээд жаахан байж байтал чи муу авгай юун олон юм яриад байгаа юм бэ гэж хэлээд машинаас бууж ирээд чи намайг хөлгүй болсонд бах чинь ханаж байна уу гэж хэлэхээр нь би урдаас нь босч очоод чи намайг яагаад ингэж хэлж байгаа юм гэж хэлсэн чинь би чамайг одоо алаад өгнө гээд модны мөчир аваад миний нуруун доод хэсэгт 3 удаа цохьсон. Дахиад цохих гэхээр нь би зугтаасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-р хуудас/. Гэрч Б.Нтгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Б.Г уурлаад балай авгай чинь эхнэрийг чинь юу гээд байгаа юм гэж хэлсэн чинь Нд эгч цаанаас босоод би юу гэж хэлсэн юм гээд хүрээд ирсэн. Б.Г ч гэсэн машинаас буугаад өөдөөс нь нэг хөл дээрээ үсрээд очиход нь манай нөхрийг түлхээд унагаах шиг болсон. Тэр үед Б.Г чанга орилохоор нь очоод харсан чинь өвчтэй хөл дээрээ гишгэсэн манай нөхөр модны мөчир бариад хатгаад түлхэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №149 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 16-р хуудас/, Шинжээч эмч Г.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Д.Ндын биед учирсан гэмтэл нь гадны мөчир, бургас мэт хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Унах үед эдгээр гэмтэл нь нэгэн зэрэг үүсэх боломжгүй гэмтлуүд юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/, Шүүгдэгч Б.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Гийг хохирогч Д.Ндын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Г нь нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандап сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хараа амралтын газрын хажууд Д.Ндыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч нь хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Таван ханхар овогт Батсуурийн Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Б.Гийн торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд зургаа хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.