| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 317/2025/01451/и |
| Дугаар | 223/МА2025/00042 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 223/МА2025/00042
2025 12 18 223/МА2025/00042
“Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Цэрэнханд, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 317/ШШ2025/01485 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ..... үүрэг, ....... оффист байрлах, "Ю" ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сум, .... дугаар баг .... тоотод байрлах “П” ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 13,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Жигмэддорж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагч "Ю" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн тусгай ажиллагааны журмаар шийдвэрлэсэн хэргийг хүлээн авч, бүхэлд нь хянаж үзэв.
1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн эрхийг зөрчөөгүй, талуудын хооронд байгуулсан гэрээний төрлийг зөв тодорхойлсон байгаа ч зарим үйл баримт болон хууль хэрэглээний талаар хийсэн дүгнэлт нь хуульд нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүх дараах дүгнэлтийг хийж шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч “Ю” ХХК нь 13,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “...Манай компани хариуцагч “П” ХХК-тай 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гурван төрлийн бичлэг хийлгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тамга дарж гарын үсэг зуран баталгаажуулсан. Т.Д манай компанид ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ хариуцагч “П” ХХК-аар дамжуулж Т.Д ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан эсэхийг манай тал мэдэхгүй. Харин хариуцагч “П” ХХК нь гэрээний нөхцөлийг зөвшөөрч гарын үсэг зурсан ба урьдчилгаа 7,700,000 төгрөгийг шилжүүлж авсан боловч бичлэгийг хугацаанд нь бэлэн болгоогүй. Хариуцагч “П” ХХК-д үүргээ биелүүлэх талаар шаардаж хугацаа олгосон боловч биелүүлээгүй. Мөн хариуцагч урьдчилгаанд шилжүүлж авсан мөнгийг бусдад ямар зорилгоор шилжүүлэх нь гэрээний үүрэгт хамааралгүй. Иймд гэрээний үүрэг 7,700,000 төгрөг, гэрээний хугацаа хэтрүүлсэн торгууль 5,500,000 төгрөг, нийт 13,200,000 төгрөг шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч тал 5,500,000 төгрөг төлсөн байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэсэн үндэслэлээр бүрэн дэмжсэн.
Хариуцагч “П” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ тодорхойлохдоо “...Манай байгууллага уг гэрээг байгуулах хүсэл сонирхол байгаагүй. Тухайн үед нэхэмжлэгч компанид хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Д-ийн гуйлтаар гэрээг байгуулсан. Ажлын урьдчилгаанд шилжүүлсэн 7,700,000 төгрөгийг Т.Д манай компанийн дансаар дамжуулан авсан. Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ шаардсан. Энэ талаар Т.Д-д хэлэхэд хийчихсэн гэж байсан. Нэхэмжлэгч “Ю” ХХК-д болсон байдлын талаар хэлсэн боловч хүлээж аваагүй. Т.Д нэхэмжлэлийн шаардлагаас 5,500,000 төгрөгийг төлсөн. Иймд үлдэх 2.200.000 төгрөг дээр эвлэрэх боломжтой. Харин торгуульд 5.500.000 төгрөг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь гэрээнд энэ талаар заагаагүй байсан ба нэхэмжлэгч талын гаргаж өгсөн гэрээн дээрх гарын үсэг минийх биш...” гэж мэтгэлцсэн.
3.Харин зохигчид ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт 7,700,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 5,500,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд төлсөн, гэрээний нэг тал гэрээний үүргийг биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсний улмаас гэрээг цуцалж байгаа талаарх үйл баримтын талаар маргаагүй байна.
4.Хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл, хариуцагч “П” ХХК нь 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө “У” ХХК гэсэн хуулийн этгээдийн нэртэй байсан нэхэмжлэгч “Ю” ХХК-тай 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, гурван төрлийн контент буюу бичлэгийг 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бэлэн болгон хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн. Уг үүргээ биелүүлэлгүй 1-5 хоногийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 30 хувь, 1-5 хоногийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний дүнгийн 50 хувийн торгууль төлөхөөр нэмэлт үүргийн талаар тохирч, ажлын хөлс 11,000,000 төгрөгөөс 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр урьдчилгаа 7,700,000 төгрөгийг шилжүүлэн авсан байх ба зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 5,500,000 төгрөгийг буцаан төлсөн талаар маргаагүй байхаас гадна хавтаст хэргийн 10, 13, 15-19 дүгээр хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байна.
Мөн хариуцагч “П” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээг Т.Д-ийн гуйлтаар байгуулсан, урьдчилгаа төлбөр 7,700,000 төгрөгөөс НӨАТ-ыг суутган 6,700,000 төгрөгийг түүний эзэмшил Хас банкны *********** тоот дансанд шилжүүлсэн гэх баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байх ч зохигчдын хооронд ноцтой төөрөгдөлд орсон, хууран мэхэлсний улмаас ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотолж няцаагаагүй болно.
5.Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж, зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “...Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзсэн нь хуульд нийцжээ.
6.Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 5,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “...хариуцагч нь гэрээний зүйлийг хийж гүйцэтгэх үүргээ ийнхүү зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн зүгээс цаашид 3 төрлийн контент хийлгэж, хүлээн авахаас татгалзаж байна.
Өөрөөр хэлбэл, иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан.
Тайлбарлавал, тус хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т тус тус зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй ба тодорхой үндэслэл бий болсон тохиолдолд нэмэлт хугацаа олгох шаардлагагүй байдаг.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар хариуцагч "П" ХХК нь дээрх 3 төрлийн контентийг гүйцэтгэх боломжгүй байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-д "Дараах нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй..." гээд 226.1.1-д "...ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол..." гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлах эрхтэй юм.
Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч нь гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээнээс татгалзаж болдог.
Иймд тус гэрээгээр хариуцагч буюу ажил гүйцэтгэгч нь гэрээний зүйлийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ажлын гүйцэтгэлийг шаардсан боловч өгөөгүй, иймд 2 удаа нэмэлт хугацаа тогтоосон боловч мөн гүйцэтгээгүй гэснийг хариуцагчийн зүгээс баримтаар үгүйсгээгүй тул хариуцагч "П" ХХК нь нэхэмжлэгч "Ю" ХХК-иас шилжүүлсэн 7,700,000 төгрөгийг түүнд буцааж өгөх үүрэгтэй болно...” гэсэн дүгнэлт хийсэн атлаа “...Талуудын байгуулсан хамтран ажиллах гэрээний 6.5.2-д "Б тал нь энэхүү гэрээний үүргээ гүйцэтгэх хугацааг 5-10 хоног хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх торгуулийг төлөх үүрэгтэй" гэж заажээ. Эндээс үзвэл торгууль нь анзын төрөл болохынхоо хувьд үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлага байдаг тул талууд торгуулийн талаар бичгээр тохиролцож, улмаар гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхой тохирсон байхаас гадна хугацаа хэтэрсэн явдалд үүрэг гүйцэтгэгч буруутай тохиолдолд түүнээс торгуулийг шаардах эрхтэй болно...” гэх ойлгомжгүй зөрүүтэй дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
7.Иймээс давж заалдах шатны шүүх хариуцагч “П” ХХК-ийн гаргасан “...урьдчилгаанд авсан төлбөрөөс төлөөгүй үлдсэн 2,200,000 төгрөгийг Т.Д төлнө гэсэн тул маргахгүй. Харин торгуульд 5,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.
8.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “...Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй...” гэж, энэ хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “...Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй...” гэж заасан.
Хариуцагч “П” ХХК нь 3 төрлийн бичлэгийг 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бэлэн болгож хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч “Ю” ХХК ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан тул гэрээнд заасан үндсэн болон нэмэлт үүргийг шаардах эрх дуусгавар болох юм.
Анхан шатны шүүх хариуцагч “П” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд авсан 7,700,000 төгрөгөөс төлөөгүй үлдсэн 2,200,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үйл баримтын хувьд үндэслэлтэй боловч нэхэмжлэгч “Ю” ХХК-ийг ажил гүйцэтгэх гэрээний 6.5.2 дахь хэсэгт нэмэлт үүрэг болгон заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох 5,500,000 төгрөгийн торгуулийг дээрх хуульд заасан хохиролтой адилтган үзэж шаардах эрхтэй гэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй болсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
9.Мөн шүүх гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар болон гэрээнд заасан торгуультай холбоотой маргааныг шийдвэрлэсэн атлаа холбогдох хуулийн заалтыг зөв баримтлаагүй, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй тул давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг баримтлан хариуцагч “П” ХХК-иас 2,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ю” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, магадлалын тогтоох хэсэгт заасны дагуу шийдвэрийн бусад заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
10.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдолд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул хариуцагч “П” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 138,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2, 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 317/ШШ2025/01485 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг баримтлан хариуцагч “П” ХХК-иас 7,700,000 /долоон сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ю” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг,
“...Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг баримтлан хариуцагч “П” ХХК-иас 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ю” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтад “…хариуцагч “П” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 138,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ю” ХХК-д олгосугай” гэснийг,
“...хариуцагч “П” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 50,150 /тавин мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ю” ХХК-д олгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч “П” ХХК-ийн гаргасан гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “П” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,150 /нэг зуун гучин найман мянга нэг зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД
З.ТҮВШИНТӨГС