Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 591

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга У

улсын яллагч О,

шүүгдэгч С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн ..... дугаартай хэргийг .... оны ....дугаар сарын .....ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, С  .... оны ....дугаар сарын ....ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй,........ ХХК-д орчуулагч, С ХХК-нд менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо Хантүшээ хотхон .....дүгээр байр ..... тоот оршин суух, урьд ял шийтгэлгүй, Монгол Улсад ..... оны ..... дугаар сарын .....ны өдрийг хүртэл цагаачлан оршин суух зөвшөөрөлтэй.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч С нь .....оны ....дугаар сарын ....нээс ....ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Москва рестораны урд талын автобусны буудал дээр иргэн Г нүүрэн тус газар гараараа цохиж эрүү ясны хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч С нь .... оны .... дугаар сарын ....нээс ....ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Москва рестораны урд талын автобусны буудал дээр иргэн Г нүүрэн тус газар гараараа цохиж эрүү ясны хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Г  ..... оны ..... дугаар сарын ....ний шөнийн 03 .... үед Баянгол дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва рестораны автобусны буудал дээр байрлах түцний хаалга янзлаад зогсож байтал хамт хажуугаар явж байсан .... гаран насны эрэгтэй маргалдаад зогсож байтал цаанаас нь нэг эрэгтэй хүн гарч ирээд газар унагаж толгой руу хатуу зүйлээр цохисон. Босоод хартал явсан байсан. Зодоон болж байх үед цагдаа дуудсан боловч ирээгүй. Ингээд цагдаад өргөдөл өгсөн. ..... орчим насны нэг эрэгтэй хүн байсан. 165 см өндөртэй бор царайтай эрэгтэй байсан. Намайг зодсон газарт бичиг баримтаа унагаад явсан байна лээ. Маргалдах болсон шалтгаан нь хажуугаар явахдаа мөрлөсөн. Цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулан авмаар байна”  гэсэн мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/

“... .....оны .... дугаар сарын ....ний өдөр эмчилгээний зардал 6 сая төгрөг авсан. Одоо цаашид гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 132 дугаар хуудас/

 

Гэрч Т “... 02 цагийн үед уг пабаас гараад Т буюу Z гэртээ харилаа гээд зам гараад явсан. Би Э, Б бид гурав такси бариад явсан. Би замдаа Өргөөгийн баруун талд ажил дээрээ буугаад үлдсэн. 04 цагийн үед би ажлаа хаагаад гэртээ харьсан.

... Нилээд хэд хоногийн дараа Z хүнтэй зодолдсон талаар сонссон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 685 дугаартай:

“1. 2018.09.17 болон 2019.05.13-ны  эрүүний дэлгэмэл  рентген зургаас харахад Г биед доод эрүүний ясны зүүн талд хугарал гэмтэл тогтоогдож байна.

2. 2018.08.22-ны шүүх эмнэлгийн үзлэгээр “... зүүн хацар эрүүний хэсгээр хавдсан ...” байснаас үзэхэд тухайн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. / хэргийн 49 дүгээр хуудас/

 

Шинжээч Э “ ... Дараа нь .... тоот дүгнэлт гаргах үед болон .... оны .... дугаар сарын ....ны өдрийн рентген зураг ирсэн бөгөөд уг зурагт доод эрүү ясны хугарал тогтоогдсон. Ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учраас хүндэвтэр зэрэгт хамаарна.

... Эрүү ясны хугарал нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 52-53 дугаар хуудас/

 

Сэжигтэнг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 130-131 дүгээр хуудас/

 

С ны яллагдагчаар өгсөн “...Би Монгол Улсад ..... онд төрж 1998-2008 оны хооронд Номуундалай гэх арван жилийн сурууль төгссөн. Сонсгосон ялтай холбогдуулан  асууж тодруулах зүйл байхгүй. Уг ялыг хүлээн зөвшөөрч байна.

... Нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Цохих үед Г газар унасан. Унасан байх үед нь  би цохиогүй. 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр бэлэн 6 сая төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 140-141 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч С ны үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч  Г  Г овогтой Г миний бие 2019.05.31-ний өдөр эмчилгээний зардал болох 6.000.000 төгрөг хүлээн авлаа. Цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэсэн хүсэлт /хэргийн 133 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  С торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   С баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ