Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2026/00022

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 24 210/МА2026/00022

 

 

 

*******-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ч.Цэнд, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/07426 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага:Зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 67,212,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Миний бие *******-д 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 15,000,000 төгрөг зээлдүүлсэн боловч төлөөгүй. Уг төлбөрийг гаргуулахаар урьд нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар хариуцагчийн хаягийг тогтоолгохоор дахин Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагчийн хаягийг тогтоосон байдаг.

1.2.Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учраас хүү шаардаагүй.

Иймд зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.******* нь гар утасны дугаар барьцаалж бусдад зээл олгодог. Би анх 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр *******-той зээлийн гэрээ байгуулж, мобикомын******* дугаарыг *******-ийн нэр дээр шилжүүлж, зээлийг төлж 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр буцаан авч байсан.

2.2.2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нөхөр *******-ийн хамт 50,000,000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, *******, ******* дугаарыг тус тус барьцаалан зээлж, мөн оны 12 дугаар сард манай нөхөр над руу залгаж, би хөдөө явж байна *******-оос 15,000,000 төгрөг зээлээд, хийчихээрэй гэсний дагуу би *******-оос 12 дугаар сарын 03-ны үдээс өмнө залгаж, зээл авсан. Миний данс руу шилжүүлэх боломжтой гэснийг ******* зөвшөөрч, *******-д зээл олгосон. тухайн үед ******* нь *******-оос мөнгө зээлнэ гэж яриагүй, тийм хүсэл зориг илэрхийлээгүй. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ******* Монгол улсад байгаагүй, Сингапур Улс руу явсан байсан. Миний дансаар нөхөр ******* зээлж авсан.

2.3.Цар тахлын улмаас хөл хорионд орж зээлийг хүүгийн хамт төлж чадахгүй нөхцөл байдалд хүрч, *******, ******* дугааруудыг төлбөртөө тооцож хурааж авсан байдаг. Иймд зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1.Би 2018 оны сүүлээс бичгээр гэрээ байгуулахгүйгээр мөнгө шилжүүлж өгч, авдаг байсан. Банкны дансны хуулгуудаас үзэхэд *******оос нийт 129,000,000 төгрөг авч, буцааж нийт 136,212,000 төгрөг төлсөн байна. Иймд илүү төлсөн 7,212,000 төгрөг буцаан шаардаж байгаа.

3.2.******* ******* дугаарыг *******-д барьцаалсан. ******* дугаарыг зөвшөөрөлгүй бусдад шилжүүлсэн байх тул 9911-тэй дугаарын зах зээлийн үнэлгээ 129-260 сая төгрөг байдгийг харгалзан 50 сая төгрөгний зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар бусдад шилжүүлсэн дугаарын зөрүү үнэ 60,000,000 төгрөгөөр үнэлж байна.

Иймд миний ******* дугаарын зөрүү болох 60,000,000 төгрөг, илүү төлсөн 7,212,000 төгрөг нийт 67,212,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгч талын сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

4.1.Гэрээний дагуу 50,000,000 төгрөг зээлдүүлсэнтэй маргахгүй. Уг гэрээг ******* болон ******* нар байгуулсан учир уг зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг ******* гаргах боломжтой.

4.2.Сөрөг нэхэмжлэл болон банкны хуулгаас үзэхэд *******-оос 129,000,000 төгрөг авсан, буцааж төлөхдөө хүү болон зээлийн хамт нийт 62,000,000 төгрөг төлсөн. Зөрүү мөнгө буюу төлөгдөөгүй байгаа тавь гаруй сая төгрөг байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна. Үүнд ******* тусдаа шаардлага гаргах боломжтой.

4.3.Үндсэн зээлээс 50,000,000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй. Үүнд хүү яригдана. Энэ төлбөрийн асуудлаа шийдээгүй байж, зээлийн гэрээний үүрэгт 9911-тэй дугаарыг тооцсон, үүнийг 2020 оноос хойш мэдэх бүрэн боломжтой байсан.

Иймд сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 157 дугаар зүйлийн 157.5.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******-ээс 15,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгч *******-оос 67,212,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******-ын урьдчилан төлсөн 232,950 төгрөг, хариуцагч *******-ийн урьдчилан төлсөн 494,010 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-ээс 232,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1.*******-ын Хаан банкны ******* тоот данснаас *******-ийн ******* тоот данс руу 15,000,000 төгрөг шилжин орж ирсэнд маргадаггүй. Харин уг 15,000,000 төгрөгийн ******* нь *******оос авсан 15,000,000 төгрөгийг *******ийн дансаар хүлээн авсан болохоос *******т болон ******* нарын дунд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж маргаж байна.

Учир нь *******ийн нөхөр ******* 2016 оноос эхлэн *******оос мөнгө зээлж буцааж өгсөн, мөн гар утасны 9911.... дугааруудыг барьцаалж зээлсэн бөгөөд зээл авах болон буцааж өгөхдөө ихэнхдээ *******ийн дансаар авч өгөлцсөн бөгөөд ******* нь нөхөр *******ийн хий гэсэн гүйлгээг нь хийсээр ирсэн байдаг.

6.2.Хэрэгт ******* болон ******* нарын барьцаат зээлийн гэрээ, *******ээс *******ийн өмнөөс зээл төлсөн дансны хуулгуудыг хэрэгт баримтаар гарган өгсөн. Мөн гэрч шүүхэд үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд мэдүүлэгтээ *******оос 15,000,000 төгрөгийг өмнө авсан барьцаат зээлийн гэрээн дээрээ нэмж авснаа хүлээн зөвшөөрсөн болно.

6.3.Хэргийн бодит байдал хэрэгт авагдсан баримтаар ******* болон ******* нарын дунд зээлийн гэрээний харилцаа үүсэж үүргийг гуравдагч этгээд буюу *******-ийн дансаар хүлээн авсан байхад шүүхээс ******* болон ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэж 15,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдол гаргаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

7.1.Хариуцагч нь 15,000,000 төгрөгийг дансандаа шилжүүлж өгөхийг нэхэмжлэгчээс хүссэн. Уг хүсэлтийн дагуу хариуцагчид мөнгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Гэрээг бичгээр байгуулах боломж байгаагүй. Нэхэмжлэгчийн хувьд шилжүүлсэн мөнгөө буцаан шаардсан.

7.2.Хариуцагчийн нөхөр *******той 2019 оны 01 дүгээр сард 50,000,000 төгрөгийг зээлдүүлж 2 утасны дугаарыг барьцаалж зээлийн гэрээний харилцаа үүссэн. Энэ нь одоо нэхэмжилж байгаа зээлээс тусдаа асуудал. Гэтэл хариуцагч уг асуудлыг өөрт хамааралтай мэтээр хольж тайлбарлан сөрөг нэхэмжлэл гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 67,212,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

3.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад маргааныг хянан шийдвэрлэснээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний үүргээ биелүүлээгүй гэж,

хариуцагчаас тухайн 15,000,000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан нь үнэн боловч зээлийн гэрээний оролцогч биш, *******-той байгуулсан зээлийн гэрээний дагуу уг мөнгийг миний дансаар шилжүүлсэн, олон удаа давтамжтайгаар нэхэмжлэгчээс зээл авах, буцаан төлөхөд миний дансыг ашиглаж гүйлгээг хийж байсан, зээлийн төлбөрт тооцож *******, ******* дугааруудын эрхийг нэхэмжлэгч бусдад шилжүүлэхэд нэхэмжилж байгаа 15,000,000 төгрөг багтсан гэсэн тайлбар гарган маргасан.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ миний эзэмшлийн ******* дугаарыг надад мэдэгдэлгүй зөвшөөрөлгүйгээр зах зээлийн үнээс хэт багаар зээлийн үүргийг хангуулсан тул зөрүүг хохирлоор гаргуулна, нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөнөөс илүү хэмжээний мөнгийг буцаан шилжүүлсэн тул илүү төлсөн хэсгийг буцааж гаргуулна гэж, нэхэмжлэгчээс хариуцагчийн нөхөр *******-той 2019 оны 01 дүгээр сард байгуулсан 50 сая төгрөгний зээлийн гэрээ энэ хэрэгт хамааралгүй тусдаа, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ******* дугаараас үүргийн гүйцэтгэлийг хангуулсан ч үүнтэй холбоотой шаардлагыг гэрээний тал болох ******* гаргах нь зүйтэй гэж тайлбарласан байна.

 

5.Хэрэгт хариуцагч *******-ийн Хаан банкны ******* тоот, Худалдаа хөгжлийн банкны ******* тоот төгрөгийн, ******* тоот долларын, ******* тоот еврогийн дансаар нэхэмжлэгч *******-оос өөрийн Хаан банкны ******* тоот данс, иргэн *******ийн Хаан банкны ******* тоот дансаар 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд нийт 23 удаагийн гүйлгээгээр 130,399,991 төгрөгийг *******-оос *******-д утгаар шилжүүлсэн, харин хариуцагчаас тухайн хоёр данс руу мөн хугацаанд 21 удаагийн гүйлгээгээр 123,642,901 төгрөгийг зээлийн хүү, зээл хаав, зээл буцаалт, *******-оос гэх мэт утгаар тус тус төлсөн баримт авагджээ.

Нэхэмжлэгч дээрх 23 удаагийн гүйлгээнээс нэхэмжлэлд дурдсан 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн гүйлгээг *******, ******* нарын хоорондох тусдаа зээлийн гэрээний харилцаа үүссэн, үлдэх хэсэг нь *******-той байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээний дагуу шилжүүлсэн гэж тайлбарлах тул нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй, хэргийн бодит нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Зохигчид энэ талаар маргаж байгаа тул дээрх үйл баримт нь шүүхээс дүгнэвэл зохих үйл баримтад хамаарна.

 

6.Хариуцагчаас татгалзлын нэг үндэслэлээ өөрийн эзэмшлийн ******* дугаарын эрхийг барьцаалсан байсан, уг эрхээс үүргийн гүйцэтгэлийг хангуулснаар үүрэг дуусгавар болсон агуулгаар тайлбар гаргасан, мөн сөрөг нэхэмжлэлээр тухайн дугаарын үнийн зөрүүг хохирлоор гаргуулахаар шаардсан боловч энэ талаар зохигчид бүрэн мэтгэлцээгүй, анхан шатны шүүхээс зохих эрх зүйн дүгнэлтийг өгөөгүй байна.

Мөн хэрэгт баримтаар тухайн ******* дугаарын эзэмших эрх хэзээ, хэнд ямар үндэслэлээр, ямар баримтад тулгуурлаж шилжсэн талаарх баримт цуглараагүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс дугаарын эрхтэй холбоотой талуудын хооронд барьцааны эсхүл фидуцийн гэрээний алин нь үүссэн болох, дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгч гуравдагч этгээдэд шилжүүлснээр үүрэг дуусгавар болсон гэж үзэх эсэх зэргээр тухайн маргаанд ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхойгүй, анхан шатны шүүхээс энэ талаар зохигчдоос тодруулах, чиглүүлэх зэргээр хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй байна.

 

7.Дээрх үндэслэлээр маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/07426 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

 

О.ОДГЭРЭЛ