Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 00127

 

Монгол Улсын нэрийн өмнөөс:

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд   

Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

Улсын яллагч Э.Гантулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бд холбогдох 1932000000129 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл тосгонд 1968 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй

-1997 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дархан-уул аймгийн шүүхийн № 06 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цэрэндолгорын Б. /РД:*/

           

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу Хараа голын эрэг дээр иргэн Б.Огтэй маргалдан түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бын өгсөн…... 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр би өөрийн машинтай эхнэр Ягаанцэцэг, мөн Бд гэж хүүхний хамт халиаранд явж байсан юм. Замдаа Хараа голын эрэг дээр хорхог хийгээд сууж байтал голын цаанаас Ог загас барьж явна гээд гол гатлаад хүрч ирсэн. Тэгээд би түүнд ах нь ийшээ халиаранд явж байна гэсэн чинь Ог хамт явъя гэхээр нь тэг тэг гэсэн. Тэгээд бид хэд цааш яваад халиар түүх газрын наахна очоод нэг шил архи уусан. Тэгээд тэндээс буцаж 253 дугаар точик орж дэлгүүрээс нэг шил архи авсан. Тэгээд машинаа сүүдэрт тавиад авсан нэг шил архиа уусан. Эхнэр Ягаанцэцэг болон хамт явсан Бд гэх хүүхэн хоёр унтсан. Би голын усанд орчихоод гарч ирээд хэвтэж байгаад унтсан байсан. Тэгсэн нэг сэрсэн чинь хүн орилоод байхаар нь хартал Ог Бд гэх хүүхний дээр нь гарчихсан өмдийг нь тайлцан байсан. Би очоод чи яаж байгаа юм бэ гэхэд чамд хамаагүй гэхээр нь би Огийг унагааж байгаад дээрээс нь хэд хэдэн удаа цохисон. Тэгсэн Бд болиоч ээ ам хамраас нь цус гараад байна гэхээр нь больсон чинь Ог босоод Хараа гол гатлаад явсан. Тэгээд маргааш нь цагдаа нар ирж намайг баривчилсан. Би маш их гэмшиж харамсаж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Б.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Ягаанцэцэг эгч унтчихсан Б ах хажууд нь хэвтэж байсан. Харин Бд хажууд нь сууж байсан. Би дээшээ өгсөж байснаа тэндээ загасны уургаа үлдээгээд тэр гурав дээр очсон. Би тэр хоёрын хажууд суухад Б ах надаас түлш яах гэж байна гэж асуухаар нь түлш дуусвал би машин дуудаад түлш авчирна гэж хэлэхэд Б ах чи юугаараа дууддаг юм бэ гэж хэлээд баруун гараараа миний хамар руу нэг удаа цохиход би урдаас нь яаж байгаа юм бэ гэж хэлээд босоход Бд миний араас барих шиг болсон. Б ах миний цээжин тус газар өшиглөхөөр нь би ухаан алдсан юм шиг байгаа юм. Нэг сэрсэн чинь Б ах миний дээр гараад суучихсан намайг зодож байхаар нь би болиоч намайг аллаа шүү дээ гэж хэлэхэд Б ах дөнгөж эхэлж байхад юу гэж больдог юм гэж хэлэхээр нь би Бдт ахыгаа Б ахаас салга ах нь үхлээ гэж хэлэхэд Бд одоо боль наад хүн чинь үхлээ гэж хэлээд Б ахыг салгахад нь би шууд гол гаталж голын эргийн хажууд байх айл дээр очиход намайг хараад айлын залуу гэрээ цоожлоод надаас зугатсан. Нөгөө надаас айгаад зугатсан хүү надад утас өгөөд би эхнэр Цэцэгбадам, ээж Наранцэцэг, дүү Одхүүгийн эхнэр Оюунаа, Түнхэлийн цагдаа Батгэрэл нартай бүгдэнтэй нь ярьж намайг эндээс ав гэж хэлсэн. Оюунаа над дээр ирээд машинтай авч явсан....Миний 4 хавирга хугарсан байнга өвчин намдаах лаа хэрэглэж байгаа. Эмчилгээний зардал гэж надаас нэг сая гаран төгрөг гарсан. Эмчилгээний зардлыг төлөөд өгвөл санал гомдол байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 20-21 дүгээр хуудас/

Гэрч Д.Бдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.......... Намайг унтаж байхад Ог голын бургас руу намайг тэвэрч аваачаад бургасны хажууд хэвтүүлээд миний өмдийг тайлсан би дотуур өмдөө барихад Ог миний хоолой боогоод гуйгаад байх юу байгаа юм бэ чамайг ингээд хүчиндэнэ гэж хэлэхээр нь би Б ахаа гэж дуудахад Б ах хүрч ирээд бид хоёрыг салгахаар нь би цаашаа гүйгээд зугатаасан. Би голын эрэг дээр очиж нүүр гараа угаагаад эргээд очиход Б ах Огийн дээр гарчихсан Огийн нүүрнээс нь цус гарчихсан байхаар нь би Б ахаа та хүн аллаа шүү дээ гэж хэлээд Б ахын цамцнаас боль боль гэж татахад Ог доороос нь босоод зугатаагаад явсан. Би Огийг хаашаа зугатаасныг хараагүй. Ог аягүй хурдан босоод явсан. Би Б ахаас Огийг асуухад Хараа гол гараад явчихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг /Хх-н 23 дугаар хуудас/

Гэрч М.Очийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:......... Орой 19 цагийн орчим би үхрээ сааж байхад нэг танихгүй дугаараас ахыг хурдан ирж яаралтай ав энэ хүн чинь болохоо байчихсан байна гэж хэлэхээр нь хэн бэ юун хүн бэ гэж асуухад танай ах Ог чинь хүнд зодуулсан байна гэж хэлсэн. Би үхрээ саагаад дуусч байхад дахин нөгөө дугаараас Ог ах өөрөө надруу би үхлээ шүү хурдан ирж аваач ээ гэж хэлэхээр нь би Сайрд байдаг лувсандаваа ахын машинд 20000 төгрөгийн бензин авч өгөөд бид хоёр 253 дугаар зөолөгийн урд Хараа голын эрэг дээр байх айлын гэрээс Ог ахыг аваад шууд Түнхэл тосгоны эмнэлэг дээр авч ирсэн гэх мэдүүлэг /Хх-н 28 дугаар хуудас/

Гэрч Л.Ссгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:......... Огийн нүүр хүзүү хэсгээр арьсан доогуур хий хуралдсан нүүр цэлхийсэн, хүзүү эрүүний түвшин хүртэл хөөж 2 нүд нь тагларч амьсгалж чадахгүй бачуурсан байдалтай байсан. Арьсан доорх хийг зүү тавьж гадагшлуулсан. Яаралтай түргэн тусламж үзүүлээгүй бол үхэлд хүрэх аюултай байсан. Би Огд эмчилгээ хийгээд өвчтөн тээвэрлэх зөвшөөрөл салбарын эрхлэгч Я.Энхжаргалаас аваад УлаанБ хот руу 00 цагийн орчим Түнхэл тосгоноос гараад 02 цаг 10 минутанд УлаанБ хотын Гэмтэл согог судлал үндэсний төвд хүргэж өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 30 дугаар хуудас/

            Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 6909 .......  Дүгнэлт

  1. Б.Огийн биед баруун 10, 11 дүгээр хавирга, зүүн 6, 7 дугаар хавирганы хугарал, зүүн уушгиний дээд, доод дэлбэнгийн авчилт, цээжний хоёр талын хөндий дэх хий хуралдалт, баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, дух, хүзүү, хэвлий, зүүн дал, бүсэлхий, зүүн өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 
  2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтьлийн хүнд зэрэгт хамаарна.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 34-35 дугаар хуудас/

Өвчний түүх /Хх-н 39-48 дугаар хуудас/

Хохирогч Б.Огийн нүүр болон биед учирсан ил гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 49 дүгээр хуудас/

Хохирол нэхэмжилсэн баримт /Хх-н 50-53 дугаар хуудас/

Ц.Бын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 63 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 66 дугаар хуудас/

Хохирогч Б.Огийн Ц.Баас хохирлоо бүрэн барагдуулж авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэсэн Цагдаагийн хэлтэст гаргасан тодорхойлолт /Хх-н 82 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу Хараа голын эрэг дээр иргэн Б.Огтэй маргалдан түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Б.Огийн нүүр лүү нь гараараа цохиж, цээж рүү нь хөлөөрөө дэвсэж өшиглөсөн үйлдэл нь хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх бөгөөд хохирогч Б.Огийн биед баруун 10, 11 дүгээр хавирга, зүүн 6, 7 дугаар хавирганы хугарал, зүүн уушгиний дээд, доод дэлбэнгийн авчилт, цээжний хоёр талын хөндий дэх хий хуралдалт, баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, дух, хүзүү, хэвлий, зүүн дал, бүсэлхий, зүүн өгзөгт зулгаралт бүхий хүнд гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт.... Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ..... гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж заажээ.

Шүүгдэгч Ц.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдснийг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, ар гэрийн амьдрал ахуй амьдралыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр доод хэмжээний торгох ялаар шийтгэх, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 03 жилийн хугацаанд буюу 36 хувааж сард 277777 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх, хохирогч Б.Ог нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол санлагүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Хохирогч Б.Ог нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тогтоох нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Цэрэндолгорын Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Быг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б нь 10000000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 03 жилийн хугацаанд 36 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

            6. Хохирогч Б.Ог нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай. 

            7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН.