| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 197/2025/17272/И |
| Дугаар | 210/МА2026/00050 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2026/00050
2026 01 05 210/МА2026/00050
*******-тын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 197/ШШ2025/15862 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ******* ХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Илүү цагийн нэмэгдэл хөлс 1,544,737 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ******* ХК-д холбогдуулан илүү цагийн нэмэгдэл хөлс 1,544,737 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: Тус компанид уртын ээлжээр ажилладаг бөгөөд 2025 оны 01 дүгээр сард нийт 224 цаг ажилласан, сард ажиллавал зохих 112 цагийг хасвал 112 цаг илүү цагаар ажилласан, үүнээс ажил олгогч 72 цагийн хөлсийг тооцож олгосон тул үлдэх 40 илүү цагийн нэмэгдэл хөлсөнд 1,544,737 төгрөгийг гаргуулна гэж,
Хариуцагч татгалзлын үндэслэлээ: нэхэмжлэгч 2025 оны 01 дүгээр сард хоёр удаагийн уртын ээлжид нийтдээ 17 өдөр ажилласан, түүний ажиллавал зохих цаг 17 хоногт 136 цаг тул нийт ажилласан 224 цагаас хасаж 88 цагаар илүү ажилласан, үүнээс эхний 72 цагийн нэмэгдэл хөлсийг тухайн сард нь тооцож олгосон, үлдэх 16 илүү цагийн нэмэгдэл хөлсөнд 965,464 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын цалин хөлстэй хамт тооцож олгосон, илүү цагийн нэмэгдэл хөлсийг бүрэн олгосон гэж тус тус тайлбарласан байна.
3.Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1.Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХК-ийн нүүрс ачилт логистикийн хэлтэст автопүүлэгч, бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байгаа, ажил, амралтын 14/14 хоногийн горимоор буюу уртын ээлжийн ажилтан,
3.2.Нэхэмжлэгч 2025 оны 01 дүгээр сард 17 хоног ажилласан, нийт ажилласан цаг 224 гарсан, үүнээс захиргаа илүү цагийн хөлсийг 72 цагаар тооцож 4,865,922 төгрөгийн нэмэгдэл хөлсийг тухайн сардаа олгосон,
4.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байна. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.
4.1.Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж, 14 хоног ажил үүрэг гүйцэтгүүлж, 14 хоног амраах горим нь уртын ээлжийн өвөрмөц шинж бөгөөд нэг ээлжид ердийн нэг өдрийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байх талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3, 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт зохицуулсан.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4 дэх хэсэгт ..өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна гэж ажлын цагийн дээд хязгаарыг зохицуулсан бөгөөд 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. гэж ээлжийн ажлын цагийг тусгайлан заасан.
Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл уртын ээлжийн ажилтны хувьд нэг ээлжид ажиллавал зохих ажлын цаг 112 /нэг өдөрт 8 цаг * ажиллах 14 хоног/ байх бөгөөд 112 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд илүү цагийн нэмэгдэл хөлсийг ажил олгогч хуульд заасан хэмжээгээр нэмэгдүүлэн олгох үүрэг хүлээнэ.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг 112 цагаас дээш ажилласан илүү цагийн нэмэгдэл хөлсийг шаардах эрхтэй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4.2.Харин анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтаар нэг уртын ээлжид ажиллавал зохих норм цаг тогтоосон байдлыг анхаараагүйгээс ажилтны хуанлийн сард ажилласан илүү цагийг буруу тооцоолж, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн алдаа гаргажээ.
4.3.Хэргийн баримтаар нэхэмжлэгч 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх 14 хоногийн хугацаанд эхний уртын ээлжид ажилласан, үүнээс маргаж буй 2025 оны 01 дүгээр сард ажилласан 7 хоног нь багтсан,
Дараагийн уртын ээлжид 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх 14 хоногийн хугацаанд ажилласан, үүнээс маргаанд хамаарах 01 дүгээр сард ажлын 10 хоног нь багтсан, нийтдээ хоёр удаагийн уртын ээлжийн 17 өдөр тухайн хуанлийн сард багтсан болох нь хэрэгт авагдсан ажлын цагийн бүртгэлүүдээр тогтоогдсон байна.
4.4.******* ******* ******* ХК-ийн Хамтын гэрээний 4.8 дахь хэсэгт заасан нөхцөлүүдээс нэхэмжлэгч ******* хувьд уртын ээлжид ажиллахаар Улаанбаатар хотоос ******* аймгийн ****** сум хүртэл ирэх, буцах бүрд 10 цагаар ажилласанд тооцдог нь талуудын маргаангүй тайлбараар тогтоогдсон, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт нийцжээ.
Улмаар маргаж буй тухайн хуанлийн сард нэхэмжлэгчийн ажилласан цагийг ажил олгогч тооцохдоо ажилласан 204 цаг /17 хоног * өдөрт 12 цаг/, мөн ажилдаа ирэх буцах 20 цаг /2 удаа * 10 цаг/, нийт 224 цаг гэж тооцсон нь үндэслэл бүхий байна.
4.5.Маргааны үндэс болсон 2025 оны 01 дүгээр сарын хувьд нэхэмжлэгч нэг удаагийн уртын ээлжид дараалан 17 хоног ажиллаагүй, харин хоёр удаагийн уртын ээлжийн ажлын хоног хэсэгчилж таарсан байх тул энэ тохиолдолд нэхэмжлэгчийн ажиллавал зохих норм цаг 136 цаг /17 хоног * өдөрт 8 цаг/ байх бөгөөд нэхэмжлэгчийн ажилласан 224 цагаас хасвал тухайн сард нэхэмжлэгч 88 илүү цагаар ажилласан гэж үзэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4, 87 дугаар зүйлийн 87.2 дахь хэсэгт нийцнэ.
4.6.Ажил олгогчийн зүгээс 2025 оны 01 дүгээр сард цалин хөлсийг тооцож олгохдоо 72 илүү цагт ногдох нэмэгдэл хөлсөнд 4,865,922 төгрөгийг олгосон, үлдэх 16 илүү цагийн нэмэгдэл хөлс 965,460 төгрөгийг дараа сарын цалин хөлстэй хамт олгосон нь хэрэгт авагдсан цалингийн дэлгэрэнгүй хүснэгтээр тогтоогдсон тул захиргаа ажилтны тухайн сард илүү цагаар ажилласан 88 цагийн нэмэгдэл хөлсийг бүрэн олгосон гэж үзэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт нийцнэ.
5.Зохигчдын маргааны гол үндэслэл уртын ээлжийн ажилтны ажиллавал зохих норматив цаг болох 112 цаг нь хуанлийн нэг сард буюу 31 хоногт хамаарах эсэх, эсхүл уртын нэг ээлжид буюу хуанлийн 28 хоногт /14 хоног +14 хоног/ хамаарах эсэх болсон байх бөгөөд дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлтийг өгч, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.
6.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 197/ШШ2025/15862 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ******* ХК-иас илүү цагийн нэмэгдэл хөлс 1,544,737 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 40,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
О.ОДГЭРЭЛ