| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2019/00120/Э |
| Дугаар | 00126 |
| Огноо | 2019-08-14 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 00126
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгдэгчийн Э.Х, Н.Э нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бүжинлхамаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.Х, Н.Э нарт холбогдох 1902001490101 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл тосгонд 1988 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй
-2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 37 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Молк овогт Эржааны Х. /РД:*/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл тосгонд 1991 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Молк овогт Нуржаны Э. /РД:*/
Шүүгдэгч Э.Х, Н.Э нар нь бүлэглэж 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сум дундын ойн аниас хуваарилан тусгаарлаж өгсөн талбайгаас өөр газарт буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг Харганат гэх газраас 4 метрийн урттай 58 ширхэг нойтон шинэс модыг бэлтгэж, өөрийн эзэмшлийн Зил-131 маркийн 02-96 СЭА, 09-76 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээр тээвэрлэн ойн санд 3439180 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Хийн өгсөн…... 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Түнхэл тосгоноос Зүүнхараад ирээд бензин тосоо аваад шөнөдөө уул руу явсан. Зил-131 маркийн 02-96 СЭА улсын дугаартай өөрийн эзэмшлийн машинтай Төмөр, Болатбек нарын хамт явсан. Түнхэлээс надтай хамт Э мод бэлтгэхээр өөрийнхөө машинтай ирсэн. Тэгээд бид хоёр хамт явцгаасан. Ялбагийн пост дээр мод бэлтгэх газар зааж өгөх машин байгаа хамт яваарай гэж Эм эгч хэлсэн. Пост дээр очсон чинь нөгөө машинууд нь явсан байсан. Тэгээд хаанаас мод бэлтгэхийг мэдэхгүй болонгуут Э бид хоёр ярилцаад тод зам дагаж яваад нэг ам руу ороод мод бэлтгэсэн. Би 26 ширхэг 4 метрийн урттай нойтон хар мод ачсан. Тэгээд байж байтал 2 цагдаа хүрч ирээд биднийг өөр газраас мод бэлтгэлээ гэж хэлээд Мандал сум руу дагуулж ирсэн гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Эын өгсөн ....... 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Түнхэл тосгоноос өөрийн Зил-131 маркийн 09-76 УБЦ улсын дугаартай машинтай модонд явахаар Мандал суманд ирсэн. Тэгээд Эм гэдэг хүнтэй уулзаж хяналтын хуудас, бензин тосоо авсан. Тэгээд шөнөдөө уул руу мод бэлтгэхээр явсан. Надтай хамт мод бэлтгэхээр Түнхэлээс Х өөрийнхөө машинтай ирсэн. Миний машины ачигчаар Нц ирсэн. Ингээд бид хоёр машинтайгаа мод бэлтгэхээр уул руу явцгаасан. Ялбагийн пост дээр 2 машин хүлээж байгаа тэр хоёртой нийлээд яваарай гэж хэлсэн. Пост дээр очиход тэр хоёр машин нь байгаагүй. Тэгэхээр нь бид хоёр ярилцаад тод замаа дагаж яваад нэг модтой ам руу орж мод бэлтгэсэн. Би 32 ширхэг мод бэлтгээд машин дээрээ ачсан байсан чинь 2 цагдаа хүрч ирээд зөвшөөрөлгүй газраас мод бэлтгэлээ гээд нааш нь дагуулж ирсэн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Иргэний нэхэмжлэгч Э.Огын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн…… Сэлэнгэ аймгийн Иргэдийн тэргүүлэгчдийн хурлаас ой бүхий сумдад тухайн жилд нь модны нөөцөд тулгуурлан модны хуваарь хийдэг. Түүнийх нь дагуу манай сумын ИТХ-ын тэргүүлэгчид мод бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд бэлтгэх модны хэмжээ төрлийг хуваарилдаг. Ерөө бүсийн сум дундын ойн анги мод бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн менежмент төлөвлөгөө бүхий хүсэлтийг үндэслэн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж хэлэлцүүлж шийдвэрлүүлдэг. Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргасан хуваарийн дагуу аж ахуйн нэгжүүдтэй Ерөө бүсийн сум дундын ойн анги гэрээ байгуулж тусгаарласан талбайг зааж өгч тэрхүү газраасаа мод бэлтгүүлдэг. Энэхүү үйл ажиллагаанд нь байгаль хамгаалагч хяналт тавина. Иргэн Н.Э нь Сэлэнгэ аймгийн ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүй газраас мод бэлтгэсэн хэргийн талаар ойлгож мэдлээ. Мэргэжлийн байгууллагаас тогтоосон ойн санд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээг нэхэмжилнэ. Өөр ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 21-22, 182-183 дугаар хуудас/
Гэрч У.Нцын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би 2019 оны 02 дугаар сарын 28-ны шөнө 02 цагийн үед Эын эзэмшлийн Зил-131 загварын тээврийн хэрэгсэлд сууж ойгоос мод бэлтгэх үйл ажиллагаанд туслах ажилтнаар оролцохоор Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт оршдог газрын нэрийг нь мэдэхгүй ойн сан бүхий газраас мод бэлтгэхээр явсан юм. Бид нар 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өглөөний 06 цаг өнгөрч байхад мод бэлтгэх ойдоо явж очсон. Бид нар Түнхэл тосгоноос анх удаа ирж Ерөө сумын ойн сангаас мод бэлтгэж байгаа юм. Тэгээд хөрөөчнөөр жолооч Э өөрөө ажиллаж ургаа байсан нойтон шинэс модыг хөрөөдөж газарт унагаасан . унагасан модоо 4 метрийн урттайгаар тайрч тээврийн хэрэгсэлд ачихад бэлэн болгосон. Тайрсан модоо Эын Зил-131 загварын тээврийн хэрэгсэлд нийт 32 ширхэг нойтон шинэс мод ачиж бэлтгэсэн. Дараа нь бид нартай хамт явсан Хийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд тайрсан модоо ачих гэж байтал цагдаа нар ирж биднийг саатуулсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 26 дугаар хуудас/
Гэрч М.Эмгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ......... Э над руу ярьж ирж уулзаад мод бэлтгэхээр явсан. 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ирж уулзаад ойгоос бэлтгэсэн хэрэглээний модны хяналтын хуудас аваад модонд явсан. Тэгээд манай компанийн уулын бригадын мастер Эрдэнэбаатар гэдэг залуу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өглөө түрүүлээд мод бэлтгэх гээд өөрсдийн хүмүүсийг аваад гараад явчихсан байсан болохоор Эыг тэр хүмүүсийн араас явуулж Ялбагийн пост дээр очоод хамт яваарай гээд явуулсан. Эаас асуухад Ялбагийн пост дээр очсон чинь манай эхлээд явсан хүмүүс цаашаа яваад өгчихсөн байсан болохоор Э өөрөө цаашаа яваад манай компанийн мод бэлтгэхээр тусгаарласан талбайгаас өөр уулын ам руу орж мод бэлтгэсэн. Бас Ерөө гол гэсчихсэн байсан болохоор голоос жаахан айгаад гэж хэлж байсан. Ер нь бол Эад хаанаас мод бэлтгэн тээвэрлэхийг зааж өгсөн. Би өөрөө биечлэн зааж өгсөн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар хуудас/.... Тэгээд 02 дугаар сарын 27-ны өдөр Э.Х гэдэг залуу ирээд модонд яваад өгье гээд гэхээр нь би зөвшөөрсөн. Э.Х өөрийн 02-96 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тэгээд манай компанийн уулын бригадын мастер Эрдэнэбаатар гэдэг залуу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өглөө түрүүлээд мод бэлтгэх гээд өөрсдийнхөө хүмүүсийг аваад гараад явчихсан байсан болохоор Э.Хийг тэр хүмүүсийн араас явуулж Ялбагийн пост дээр очоод хамт яваарай гээд явуулсан. Дараа нь Х надад хэлэхдээ Ялбагийн пост дээр очсон чинь манай эхлээд явсан хүмүүс цаашаа яваад өгчихсөн байсан болохоор Х өөрөө цаашаа яваад манай компанийн мод бэлтгэхээр тусгаарласан талбайгаас өөр уулын ам руу ороод мод бэлтгэсэн гэж хэлсэн гэх мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 190 дүгээр хуудас/
Гэрч Н.Бдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Бугант номин ХХК нь тусгай зөвшөөрлийн дагуу тусгаарлалт хийгдсэн талбайд нойтон болон хуурай аль ч төрлийн модны огтлолт хийж байна. Бугант номин ХХК нь үйлдвэрлэлийн ашиглалтын огтлолт, арчилгаа цэвэрлэгээний огтлолт хийх тусгай зөвшөөрөлтэй. Иргэнд хэрэглээний модны зөвшөөрөл олгодоггүй. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харганат гэх газраас Бугант номин ХХК нь мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй..... Дээрх солбилцлын цэгүүдийг Ерөө сумын ойн сангийн мэдээллүүдийг байрлуулсан компьютерийн Arc Gis программ дээр оруулан үзэхэд Бугант номин ХХК-ний мод бэлтгэхээр тусгаарлалт хийсэн талбайгаас өөр газарт гарч байна. Бугант номин ХХК нь 616, 617 дугаартай хэсэглэлүүдэд мод бэлтгэхээр талбай тусгаарлалт хийлгэсэн. Гэтэл Эын мод бэлтгэсэн гэх талбай нь 604 дугаартай хэсэглэлд гарч байна. Энэ хоёр цэгүүд нь ямар ч давхцал байхгүй бөгөөд хоорондоо 23 км зайтай газар байна. Би зургийг гаргаж өгч болно гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37-38, 199-200 дугаар хуудас/.... Бугант номин ХХК-ний гэрээт ажилтан Э.Хийн мод бэлтгэсэн гэх газар болох Бага зүм гэх газар нь хойд зүгт Цонхлонгийн давааг даваад гол гарч байж очдог зайтай газар байдаг юм. Тухайн иргэн Э.Х ньийн хууль бусаар мод бэлтгэсэн газар Харганатын ам нь өөр аж ахуйн нэгж хариуцдаг ойн сангаас дур мэдэн бэлтгэсэн байна гэж үзэж байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 196 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт ...... Тухайн мод бэлтгэсэн газар буюу Сэлэнгэ аймгийн ерөө сумын нутаг Харганат гэдэг газрын ой нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хамаарахгүй байна. Экологи эдийн засгийн үнэлгээ нь 9.236х1.8х96000 төг = 1595981 төгрөг /нэг сая таван зуун ерэн таван мянга есөн зуун наян нэг/ Нийт Зил-131маркийн 09-76 УБЦ дугаартай автомашинд гарсан экологи эдийн засгийн үнэлгээ 1595981 төгрөг /нэг сая таван зуун ерэн таван мянга есөн зуун наян нэг/ Зил-131 маркийн 09-76 УБЦ дугаартай автомашин дээр 4 метрийн урттай 32 ширхэг бөөрөнхий нойтон шинэс төрлийн мод бөгөөд хэрэглээний зориулалтаар бэлтгэгдсэн байна гэх /1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт ...... Тухайн мод бэлтгэсэн газар буюу Сэлэнгэ аймгийн ерөө сумын нутаг Харганат гэдэг газрын ой нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хамаарахгүй байна. Экологи эдийн засгийн үнэлгээ нь 8.533х1.8х120000 төг = 1843128 төгрөг /нэг сая найман зуун дөчин гурван мянга нэг зуун хорин найм/ Нийт Зил-131маркийн 02-96 СЭА дугаартай автомашинд гарсан экологи эдийн засгийн үнэлгээ 1843128 төгрөг /нэг сая найман зуун дөчин гурван мянга нэг зуун хорин найм/ Зил-131 маркийн 02-96 СЭА дугаартай автомашин дээр 4 метрийн урттай 32 ширхэг бөөрөнхий нойтон шинэс төрлийн мод бөгөөд хэрэглээний зориулалтаар бэлтгэгдсэн байна гэх /1 дүгээр хавтаст хэргийн 212-213 дугаар хуудас/
Гэрч Ж.Өгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Эр болат нь миний эзэмшлийн 09-76 УБЦ улсын дугаартай Зил-131 маркийн автомашиныг 2018 оны 04 дүгээр сарын дундуур 12 сая төгрөгөөр худалдаж авахаар тохирч 6 сая төгрөгийг өгөөд машинаа аваад явсан. Уг нь тохирохдоо нэг жилийн дотор мөнгийг нь өгч дуусгаад нэрээ шилжүүлнэ гээд явсан боловч одоог хүртэл үлдэгдэл 6 сая төгрөгийг өгөөгүй учир машины нэр шилжээгүй байгаа. Э мөнгөө өгч дуусаагүй байгаа болохоор машин миний өөрийн эзэмшилд байгаа учраас нэг бол машинаа нэг бол мөнгөө авмаар байна. Ер нь бол төлбөрөө бүрэн барагдуулахгүй бол машинаа өгөхгүй гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 86 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 04-06, 137-143 дугаар хуудас/
Зил-131 маркийн 09-76 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Зил-131 маркийн 02-96 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн07-09, 144-149 дүгээр хуудас/
32 ширхэг нойтон шинэс мод, 26 ширхэг нойтон шинэс модыг хэмжсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 10, 150 дугаар хуудас/
Зил-131 маркийн 09-76 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 9 сая төгрөгөөр, Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг 140000 төгрөгөөр үнэлсэн Арвижих Эстимэйт ХХК-ний үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 56-58 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 86, 247 дугаар хуудас/
Н.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 87 дугаар хуудас/
Н.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/
Мод бэлтгэх эрхийн бичиг, ойгоос бэлтгэсэн хэрэглээний модны хяналтын хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас/
Зил-131 маркийн 02-96 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 9 сая төгрөгөөр, Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг 120000 төгрөгөөр үнэлсэн Арвижих Эстимэйт ХХК-ний үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 234-236 дугаар хуудас/
Э.Х нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 244 дүгээр хуудас/
Э.Хийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 248 дугаар хуудас/
Э.Хээс ойн санд учруулсан хохиролд 1843128 төгрөгийг төлсөн баримт /2 дугаар хавтаст хэргийн 65 дугаар хуудас/
Н.Эаас ойн санд учруулсан хохиролд 1595980 төгрөгийг төлсөн баримт /2 дугаар хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/
Зил-131 маркийн 02-96 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Зил-131 маркийн 09-76 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 109-112 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.Х, Н.Э нар нь бүлэглэж 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сум дундын ойн аниас хуваарилан тусгаарлаж өгсөн талбайгаас өөр газарт буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг Харганат гэх газраас 4 метрийн урттай 58 ширхэг нойтон шинэс модыг бэлтгэж, өөрийн эзэмшлийн Зил-131 маркийн 02-96 СЭА, 09-76 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээр тээвэрлэн ойн санд 3439180 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хууль бусаар буюу зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мэргэжлийн байгууллагын үнэлгээний дүгнэлт нь үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Э.Х, Н.Э нарын бүлэглэж хууль бусаар буюу зөвшөөрөлд зааснаас өөр газарт зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн үйлдлийн улмаас ойн санд 3439180 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д бүлэглэж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.... гэж заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж заажээ.
Шүүгдэгч Э.Х, Н.Э нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тус тус 06 сарын хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах, мөн шүүгдэгч Э.Х, Н.Э нь нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Х, Н.Э нар нь ойн санд учруулсан хохиролд 3439180 төгрөгийг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Х, Н.Э нарын зөвшөөрөлд заасан газраас өөр газарт зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж тээвэрлэхдээ хэрэглэсэн Зил-131 маркийн 02-96 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Э.Хийн өөрийнх нь өмчлөл, эзэмшилд байгаа нь тогтоогдсон, Зил-131 маркийн 09-76 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ж.Өгийн нэр дээр бүртгэлтэй боловч Н.Э нь уг тээврийн хэрэгслийг 2018 онд Ж.Өгээс 12 сая төгрөгөөр худалдан авч өөрийн эзэмшилд байх хугацаандаа гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нь тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслүүдийг хураан авч улсын орлого болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Мөн энэ хэргийн улмаас битүүмжилсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны хяналтын тасгийн журмын хашаанд байгаа хууль бусаар бэлтгэсэн 4 метрийн урттай 58 ширхэг нойтон шинэс модыг хураан авч улсын орлого болгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 1 ширхгийг улсын орлого болгохоор Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, модны тайрдас 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Молк овогт Эржааны Х, Молк овогт Нуржаны Э нарыг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Х, Н.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус тус 06 сарын хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Х, Н.Э нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модны тайрдас 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 2 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
5. Э.Х, Н.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын засаг даргын тамгын газрын Байгаль орчны хяналтын тасгийн журмын хашаанд байгаа 4 метрийн урттай 58 ширхэг нойтон шинэс мод, Э.Хийн эзэмшлийн Зил-131 маркийн 02-96 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Ж.Өгийн нэр дээр бүртгэлтэй Н.Эын эзэмшлийн Зил-131 маркийн 09-76 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгохоор Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Х, Н.Э нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН