Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2026/00051

 

 

 

 

 

 

 

 

2026 01 05 210/МА2026/00051

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Ч.Цэнд, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 197/ШШ2025/13120 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 1,201,473 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* төлөөлөгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1,201,473 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: М9 тоот дээд талын айл сантехникийн хэвтээ шугамыг далдалж шалны хүрээ хийсэн байснаас 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд ус алдаж нэвчсэн, энэ талаар техникийн дүгнэлт гарсан тул үнэлгээний тайлангийн дагуу эд хөрөнгөд учирсан хохиролд 1,101,473 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 100,000 төгрөгийн хамт гаргуулна гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ: тухайн орон сууц нь насжилт өндөртэй, мансард чанаргүй стандарт бус баригдсан зэрэг шалтгаанаар ус алдалт үүссэн, орон сууцыг 2023 онд худалдаж авах үед сангийн шугам далд, шалны хүрээний доор байрласан байсан, өөрийн зүгээс чадах зүйлээ хийж, шалаа хуулуулсан, дулаанаа хаалгасан ч ус алдалтын шалтгааныг дуудлагаар ирсэн мэргэжлийн хүмүүс олж тогтоож чадаагүй хугацаа алдсан гэж тайлбарлажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулан, хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1.Нэхэмжлэгч ******* эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоот хаягт байрлах ******* м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгч;

3.2.Маргаанд хамаарах ******* дүүрэг, ******* хороо, ******* хорооллын ******* байранд мансард нэмж барьсан, ******* тоот орон сууцны харалдаа дээд тал нь тус байрны ******* тоот болсон, дээрх орон сууцыг эзэмшигч, ашиглагч нь ******* гэдэгт талууд маргаагүй;

3.3.Орон сууц, нийтийн аж ахуйн газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-2-ын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 06 тоот техникийн дүгнэлтээр М9 тоотын шалан доорх халаалтын далд шугам цоорсноос ус алдсан гэж дүгнэсэн;

 

4.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцагч арилгах үүрэгтэй хэмээн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорын хохирол шаардах эрхийг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.2, 148.2.4-т зааснаар сууц өмчлөгч өмчлөх хэсэгтээ байгаа дундын өмчлөлийн зүйлийн хэвийн байдлыг хангах, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй байх үүргийг хүлээхээр заасан.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч хуулиар тогтоосон дээрх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хариуцагчийн эзэмшилдээ байлгаж байгаа шугам хоолойноос ус алдсан; түүний улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгөд ус нэвчиж хохирол учирсан; дээрх эс үйлдэхүй болон хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх тул нэхэмжлэгч хохирол шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нийцнэ.

 

5.Харин анхан шатны шүүх ус алдсаны улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг тодорхойлохдоо хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байна. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулж, шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулна.

5.1.Хэрэгт авагдсан техникийн дүгнэлтэд 57 тоот айлд ус алдсаны улмаас хана таазны эмульс, шохой, обой хууларч шарлан мөөгөнцөртсөн, паркетан шал норж пөмбийсөн гэж учирсан хохирлын талаар тодорхойлсон, үүнд ус алдсаны улмаас цонхны гадна фасад гэмтсэн, хохирол учирсан эсэх талаар тусгагдаагүй байна.

5.2.Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт гэм хорыг арилгах хэмжээг тодорхойлохдоо ... учруулсан бодит хохирлыг ... нөхөн төлөх үүрэгтэй гэж зохицуулсан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчид учирсан хохирлыг ******* ХХК-ийн хийсэн үнэлгээний тайланг үндэслэл болгож шийдвэрлэхдээ уг тайланд техникийн дүгнэлтэд тусгагдаагүй гадна фасад-ны ажлын хөлс 250,000 төгрөг, гадна фасад-ны материалын зардал 125,000 төгрөг тус тус багтсан байгааг анхаараагүй байна.

Иймд энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 1,101,473 төгрөгөөс гадна фасад-ны ажилд хамаарах 375,000 /250,000+125,000/ төгрөгийг хасна.

5.3.Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлын хэмжээг тогтоолгохын тулд үнэлгээ хийлгэхдээ 100,000 төгрөгийн зардал гаргасан нь хэрэгт авагдсан кассын орлогын ордероор тогтоогдсон тул дээрх зардлыг хохирлоор тооцож хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэл бүхий байна.

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас учирсан ул алдсаны улмаас учирсан бодит хохиролд 826,473 төгрөг /1,101,473-375,000 +100,000/ гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх зохицуулалтад нийцнэ.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй үйл баримтыг давж заалдах гомдлын үндэслэлд заах эрхгүй тул хариуцагчийн гаргасан үнэлгээний тайланд материалын зардал болоод ажлын хөлс тооцсон тоо хэмжээнүүд хоорондоо зөрүүтэй тусгагдсан, эргэлзээтэй, даатгалын компаниас хохирлоо давхар авсан байж болзошгүй талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

7.Хариуцагч хохирлын хэмжээнд маргаж шинжээч томилуулах талаар шүүхэд хүсэлтийг амаар болон бичгээр гаргасан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байна. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулахаар хандсан гэх байдал тогтоогдохгүй байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

8.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 197/ШШ2025/13120 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******с 826,473 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 375,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

-тогтоох хэсгийн 2 дахь заалтад 60.1 гэсний дараа 56 дугаар зүйлийн 56.2 гэж нэмж, 33,390 гэснийг 24,385 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 23,987 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

 

О.ОДГЭРЭЛ