Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 00146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга                    Д.Соёлзул

Улсын яллагч                                  Н.Улсболд

Шүүгдэгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Од холбогдох 1932001240158 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн 1979 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд өмнө нь ял шийтгэлгүй, ам бүл 6 нөхөр хүүхдийн хамт * гэх газарт оршин суух, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогтой Аажавын О РД:/*/

 

Тодорхойлох нь:

Шүүгдэгч А.О нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн баянгол сумын Засаг даргын тамгын газрын байрны орчим Б.Бтгийн эзэмшлийн Самсунг Жи-7 загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 480.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Огийн өгсөн:”...2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр би хүүхдээ Мандал сумын ЕБ-н сургуулиас Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ЕБ-н сургуульруу шилжүүлэх гээд тэр өдөр сургуульруу явж байсан гэтэл манай охин Засаг даргын тамгын газрын урд явж байгаад ээжээ би утас оллоо гэхээр нь би утас бишээ утасны кейс байна хая хая гэхэд үгүй ээ ээжээ утас байна гэхээр нь харсан чинь гар утас байсан тэгээд би сургуулийн захиралтай уулзах гээд яараад явж байсан болохоор сургуульруу явсан. Тэгээд би нилээн удаан сургууль дотор байж байгаад Эрдэнэцэцэг эгч яараад байна явья гэхээр нь би буцаж захиргаа оролгүй явчихсан. Тэр үед би төрөх болсон байсан тэгээд би төрсөн төрсний дараа манай хүү ирээд ээжээ би утсаа эвдэлчихсэн гэхээр нь энд нэг утас байгаа чи хэрэглэ эзнийг нь танихгүй юм байна лээ гэж хэлээд хүүдээ бариулсан. Тэгээд удаагүй манай хүү ээжээ би утсаа машинаас буухдаа унагачихсан юм шиг байна хаячихсан гэсэн. Тэр үед би өө чи юм юмаа далд хийж явахгүй яасан юм бэ гэж байсан. Гэтэл нэг өдөр манай эгч чамайг Ням-очир гээд цагдаа асуугаад байна лээ гэсэн тэгэхээр нь би юу болсон юм бол гэсэн чинь чиний нөгөө олсон утастай чинь холбоотой юм шиг байна лээ гэж хэлсэн тэр үед бороо их ороод би гол гарч  чадаагүй нилээн удсан дахиад Эрдэнэцэцэг эгчрүү цагдаагаас залгасан байсан танай малчин байна уу асуух шаардлагатай байна гээд би Баруунхараа яваад уулзсан чинь чамайс байцаалт авна албан тасалгаанаас алга болсон утас гэсэн үгүй ээ манай хүүхэд олсон гэж хэлэхэд Зүүнхараагийн цагдаад очиж уулзаарай гэсэн...” гэх мэдүүлэг болон талуудын шинжпэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Б.Бтгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 04 сарын 16-ны өдөр ажил дээрээ ирчихээд гар утсаараа хүнтэй яриад бие засах өрөөнд орчихоод Засаг даргын тамгын газрын байрнаас гадагш гарсан юм. тэгээд хүүхэд залуучуудын төв рүү очоод хуралд суух гэж байгаад утсаа гаргаж хүнтэй ярих гэтэл миний Сансунг Жи-7 загварын хар өнгийн утас маань байхгүй байсан юм,тэгээд би эргээд явсан газраараа явж хайгаад засаг даргын тамгын газрын бие засах өрөөнд ороход миний утас байхгүй байсан,Тэгээд утсаа гээсэн ч гэсэн амитэй кодоор нь шүүлгэхээр хэрэглэж байгаа хүний утасны дугаар нь гараад ирдэг гэдгийг олж мэдээд цагдаагийн байгууллагад шалгуулахаар өргөдөл өгсөн...Би уг утсыг 2017 онд Жи мобайл ХХК-наас 800000 төгрөгний лизингээр авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

Гэрч А.Гтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын сүүлээр байх багийн засаг дарга Б.Бт нь засаг даргын бие засах газар болон гадуур Самсунг Жи-7 загварын гар утсаа гээгдүүлсэн байна харсан уу гээд асуугаад явж байсан юм. би тухайн өдөр жижүүрт гарч байсан боловч Б.Бт багийн засаг даргыг гар утсаа гээгдүүлчихлээ харсан уу гээд явж байх үед засаг даргын газрын байрнаас гарч ажил хийж байсан шиг санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/

Гэрч А.Ацийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний төрсөн дүү болох А.О Сэлэнгэ аймгийн Баянгол суманд Эрдэнэцэцэг гэдэг айлд малчнаар ажилдаг юм. 2019 оны 05 сарын сүүлээр Баянгол суманд явж байгаад гар утас олсон гээд манайд байдаг хүү Абтаа авчирч өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/

Гэрч О.Абын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Миний төрсөн ээж болох А.О Сэлэнгэ аймгийн баянгол суманд Эрдэнэцэцэг гэдэг айлд малчнаар ажилдаг юм. 2019 оны 05 дугаар сарын сүүлээр байх надад баянгол суманд явж байгаад гар утас олсон гээд авчирч өгсөн юм. Уг утсыг ажилдаг эсэхийг нь шалгах гэж би бэр эгчийнхээ сим картыг уг утасанд хийж үзсэн шиг санаж байна. тэрнээс манай ахын эхнэр Наранчимэг тийм утас ашиглаагүй. Би уг утасанд симийг нь хийхдээ Наранчимэг эгчид хэлээгүй. Тэгээд би тэр утсыг биедээ авч яваад Дархан сумын Өнгөт хорооллын орчимд таксинаас буухдаа гээсэн юм. Тэгээд дахиж тэр утсыг ашиглаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын эд зүйлийн үнэлгээ “...Самсунг Жи-7 загварын гар утас 480000 төгрөгний үнэлгээ...” гэх дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/

Юнител ХХК-ны 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 05-01/4245 дугаартай албан бичгээр 355100080929747 имэй кодтой гар утас ашигласан гэх албан бичиг /хх-ийн 28-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд болох багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 39-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 38-р хуудас/, ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч А.О нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн баянгол сумын Засаг даргын тамгын газрын байрны орчим Б.Бтгийн эзэмшлийн Самсунг Жи-7 загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 480.000 төгрөгний хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гээгдэл хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч А.О нь Баянгол сумын Засаг даргын тамгын газрын байрны орчимоос иргэн Б.Бтгийн гээгдүүлсэн Самсунг Жи-7 загварын гар утас байхыг мэдсээр байж авч завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч А.Огийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 10 сарын хугацаанд 10 хувааж сард 45,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.Бт нь шүүгдэгч А.Огээс утасны төлбөр 480,000 төгрөгийг нэхэмжилсэн ба уг хохирол төлөгдөөгүй ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Огээс 480,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бтд олгох нь зүйтэй байна.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлп заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овогт Аажуугийн Ог эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг, үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Ог 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар А.О нь 450,000 төгрөгийн торгох ялыг 10 сарын  хугацаанд   хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан 480,000 төгрөгийг хохирогч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг 10-504 тоотод оршин суух Суваргачин овогт Болдбаатарын Бт /рд:МБ81112502/-д олгосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Ог торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, А.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлжсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Б.АЛТАНЦЭЦЭГ