Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2026/00103

 

 

 

 

 

 

 

 

2026 01 12 210/МА2026/00103

 

 

 

******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 197/ШШ2025/16099 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* ******* ******* ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 11,371,571 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээнээс учирсан хохирол, зардалд 11,371,571 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 3,268,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн маргаангүй тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1.Талууд 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 25/0317 тоот аялал жуулчлалын гэрээ-г байгуулж, уг гэрээгээр: ******* ******* ******* *******​​​​​​​ ХХК нь Бээжин хотод шууд нислэгтэй 5 өдөр, 5 шөнийн аялалыг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хөтөлбөрийн дагуу зохион байгуулахаар, нэхэмжлэгч ******* нь тус хөтөлбөрт 4 том хүн, 1 хүүхдийн хамт хамрагдаж, аялалын хөлсөд нийт 12,100,000 төгрөг төлөхөөр тохирсон;

3.2.Жуулчин аялалын хөлс болох 12,100,000 төгрөгийг төлсөн, дээрх хөлсөд хоёр талын нислэгийн тийзний үнэ багтсан;

3.3.Аялал зохион байгуулагч 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд хөтөлбөрийн дагуу аялалыг зохион байгуулсан боловч Бээжин хотоос Улаанбаатар хот руу буцах нислэгийн тийзийг захиалаагүй байсан;

3.4.Нэхэмжлэгч нар 2025 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өөрсдийн зардлаар нислэгийн тийзийг захиалж Бээжин хотоос Улаанбаатар хотод ирсэн.

 

4.Анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг аялал жуулчлалын гэрээ гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

5.Зохигчдын маргааны зүйл нь аялал зохион байгуулагч буцах нислэгийн тийзийг захиалаагүйгээс үүдэн гарсан хохирлыг хариуцах эсэх болжээ.

 

6.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Дээрх алдааг хэргийн баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

6.1.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд оролцогч талууд гэрээгээр заасан үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргийг хүлээх бөгөөд аялал зохион байгуулагч ******* ******* ******* ******* ХХК нь аялалын хөтөлбөрт тусгагдсан 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн орой Бээжин хотоос Улаанбаатар хот руу нисэх тийзийг захиалаагүйгээс жуулчин товлосон хугацаандаа Улаанбаатар хотод ирэх боломжгүй болсон тул учирсан хохирлыг арилгах нь Иргэний хуулийн 372 дугаар зүйлийн 372.1, 372.3-д нийцнэ.

 

6.2.Хариуцагчаас жуулчинтай зөвшилцөж санал болгосон ч саналыг хүлээн авахаас татгалзаж, 2025 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн нислэгийн тийзийг өөрсдөө захиалсан, тухайн нислэгийн тийзийг нэг хүний 700,000 төгрөгөөр захиалах боломжтой байсан гэж татгалзлын гол үндэслэлээ тайлбарласан боловч хэргийн баримтаар ийнхүү жуулчинд санал болгосон, нислэгийн тийзийг бага үнээр авах боломжтой байсан болохоо баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн гаргасан 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хүлээсэн, тус өдөр онгоцны буудалд өдөржин хүлээсэн боловч нислэгийн тийзийг мөн захиалж чадаагүй болохоо мэдэгдсэн тул өөрсдөө тийзийг захиалсан гэсэн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй энэ тохиолдолд Иргэний хуулийн 372 дугаар зүйлийн 372.2 дахь хэсэгт зааснаар доголдлыг арилгах талаар аялал зохион байгуулагчаас шаардсан байх урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзнэ.

 

6.3.Аялал зохион байгуулагч нь жуулчинтай урьдчилж 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэрээг байгуулсан, аялалын хөтөлбөрт ирэх, буцах хугацааг тодорхой тусгасан, компани жуулчнаас хөлсийг урьдчилан бүрэн хүлээн авсан, аялалын хөлсөд буцах нислэгийн тийзийн үнэ багтсан үйл баримтууд хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон тул нислэгийн тийзийн үнэ огцом нэмэгдсэн талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, энэ нь аялал зохион байгуулагчийн өөрийн хүлээх эрсдэлд хамаарна.

Талуудын хоорондох гэрээний 8.5-д заасан аялалын явцад гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлаас үүссэн нэмэлт зардлыг талууд тэнцүү хэмжээгээр хариуцах тохиролцоо маргааны энэ тохиолдолд хамааралгүй, аялалын хөтөлбөр, гэрээгээр жуулчныг буцаан хүргэх хугацаа, аргыг тодорхой тусгасан тул аяллыг зохион байгуулах үүргийнхээ хүрээнд нислэгийн тийзийг урьдчилан авах, захиалах бүрэн боломжтой байсан гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч ******* ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгчид учирсан хохирол, зардлыг хариуцах нь Иргэний хуулийн 372 дугаар зүйлийн 372.1, 372.3-д нийцэх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангана.

 

7.Анхан шатны шүүх нэхэмжлэгчид учирсан хохирлыг шийдвэрлэхдээ талуудын хоорондох гэрээний 8.5-д заасныг үндэслэл болгож буцах нислэгийн тийзийн зардлыг зохигчдод тэнцүү хэмжээгээр хариуцуулж хариуцагчаас 3,834,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 372 дугаар зүйлийн 372.3, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцээгүй тул хохирлыг дараах байдлаар өөрчилж шийдвэрлэнэ.

7.1.Нэхэмжлэгч тийз борлуулагч ******* *******​​​​​​​ ХХК-иас 4 том хүн, 1 хүүхдийн 2025 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Бээжин-Улаанбаатарын нислэгийн тийзийг нийт 7,668,500 төгрөгөөр худалдан авч зардал гаргасан нь хэрэгт авагдсан тийз захиалгын хуудас /invoice/, Хаан банкны шилжүүлгийн баримт, НӨАТ баримт зэргээр тогтоогдсон тул энэ зардлыг хариуцагчаас гаргуулна.

 

7.2.Нэхэмжлэгч Бээжин хотод 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд хоол, ундны зардалд төлсөн 1,115.47 юань буюу 557,177 төгрөг шаардснаас гэрээний үүргийн доголдол илрэхээс өмнөх цаг хугацаанд хамаарах 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 284.55 юань, мөн Budweiser шар айраг багтсан 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 128.40 юаны зардлыг тус тус учирсан бодит хохиролд тооцох үндэслэлгүй гэж үзэн хасна. Хэргийн бусад баримтаар нэхэмжлэгч 644,5 юанийг Бээжин хотод байхад хоол ундны зардалд гаргасан нь тогтоогдож байх тул энэ зардлыг тухайн үеийн Монголбанкны албан ханш болох 499,5 төгрөгөөр тооцож 321,927 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д нийцнэ.

 

7.3.Харин жуулчин аялалаас хугацаандаа буцаж ирээгүйн улмаас нэхэмжлэгч *******ын олох ёстой байсан орлогод хоёр өдрийн цалин хөлс 463,894 төгрөг гаргуулах тухай шаардлага үндэслэлгүй, энэ нь гэрээнээс учирсан бодит хохиролд тооцогдохгүй байна.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч *******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанаас үзвэл 2025 оны 6 дугаар сард 7,491,620 төгрөгийн цалин хөлс олгогдсон, үүнд ээлжийн амралтын мөнгө багтсан, харин 2025 оны 1-5 дугаар сард олгогдсон цалин хөлс 4,7-4,8 сая төгрөг гэж тусгагдсан. Мөн нэг сард 4,500,000 төгрөгийн цалинтай болохыг ажил олгогч ******* ХХК тодорхойлсон байдлыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч хоёр өдрийн цалин хөлсөөр хохирсон, зайлшгүй олох ёстой байсан орлого гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

 

7.4.Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас Бээжин хотоос Улаанбаатар хот руу ниссэн нислэгийн тийзийн үнэ болох 7,688,500 төгрөгийг хариуцагчаас бүрэн хэмжээгээр гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн аялалын хөлснөөс буцах тийзний үнэд хамаарах 2,500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

 

7.5.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан орчуулгын зардал 162,000 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон хэдий ч уг зардлыг гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан бодит хохирол гэж үзэж хариуцагчаас гаргуулах боломжгүй. Нэхэмжлэгч өөрийн эрхийг хамгаалах үүднээс дээрх зардлыг гаргасан тул хангах үндэслэлгүй.

 

Иймд хариуцагчаас нийт 7,990,427 төгрөгийг /нислэгийн тийз 7,668,500 +хоолны зардал 321,927/ гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,381,144 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 372 дугаар зүйлийн 372.3, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцнэ.

 

8.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 197/ШШ2025/16099 дүгээр шийдвэрийн

-тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1, 372 дугаар зүйлийн 372.3, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* *******​​​​​​​ ХХК-иас 7,990,427 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,381,144 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

-тогтоох хэсгийн 2 дахь заалтад 57.1 гэсний дараа 56 дугаар зүйлийн 56.2 гэж нэмж, 76,298 гэснийг 142,797 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 135,547 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

 

О.ОДГЭРЭЛ