| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 192/2025/05871/И |
| Дугаар | 210/МА2026/00138 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2026/00138
2026 01 16 210/МА2026/00138
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Ч.Цэнд, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/09671 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
Гэрээний үүрэгт 62,010,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Миний бие 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр *******-ийн хүсэлтээр 40,000,000 төгрөгийг өөрөөр нь зээлийн гэрээ бичүүлж сарын 15 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэмж 20,000,000 төгрөгийг хүүтэй зээлдүүлсэн.
1.2.Үүнээс гадна зээлийн гэрээ хийлгүй мөнгө авч өгөлцөж байсан. ******* нь надаас 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 376,000,000 төгрөгийг авсан.
1.3.Хариуцагч 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 332,190,000 төгрөгийг буцаан төлсөн. Үүнээс 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн 5,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн 3,000,000 төгрөг байрны мөнгө тул зээлийн төлбөрөөс хасахгүй. *******-оос зээлийн гэрээний үүрэгт 324,190,000 төгрөгийг хүлээн авсан.
Иймд төлөгдөөгүй үндсэн зээл 51,810,000 төгрөг, зээлийн хүү 10,200,000 төгрөг, нийт 62,010,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1.Миний бие *******-тай 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн төлбөрт 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн Хаан банкны ******* тоот дансанд 56,275,000 төгрөгийг буцааж төлсөн. Би зээлсэн 40,000,000 төгрөгийг 1 сарын хугацаанд ашигласан бөгөөд сарын хүү нь 6,000,000 төгрөг болох ба нийт 46,000,000 төгрөг төлөх ёстойгоос 56,275,000 төгрөг төлсөн, үүнээс 10,275,000 төгрөгийг илүү төлсөн болно.
2.2.Мөн миний бие 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчээс 20,000,000 төгрөгийг 15 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн ба зээлийн төлбөрт 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 41,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн. Тооцож үзвэл уг 20,000,000 төгрөгийг 1 сарын хугацаанд ашигласан бөгөөд сарын хүү нь 3,000,000 төгрөг болно. Миний нийт төлбөл зохих төлбөр 23,000,000 төгрөг боловч 41,000,000 төгрөгийг төлсөн, илүү төлөлт нь 18,000,000 төгрөг болж байгаа болно.
2.3.Дээрх илүү төлөлтүүдээр 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчээс зээлийн гэрээ бичгээр байгуулахгүйгээр итгэлцлээр 40,000,000 төгрөгийг хүүгүй, 1 сарын хугацаатай авсан байсныг хувааж төлсөн. Уг зээлийн төлбөрөөс одоо 2,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно.
Иймд нэхэмжлэгчээс зээлсэн зээлийн төлбөрөө хүүгийн хамт бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан *******-оос зээлийн гэрээний үүрэгт 43,809,995 төгрөг гаргуулан *******-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,200,005 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 577,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч *******-оос 377,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1.Нэхэмжлэгч нь надад холбогдуулан 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 40 сая төгрөгийн, 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 20 сая төгрөгийн зээлийн гэрээний үүргийг шаардаж 84,387,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлд холбогдуулж илүү төлөлт хийсэн талаар тайлбарлаж, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4.2.2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нийт өгсөн зээлүүдийн нийлбэрийг тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа 62,010,000 төгрөг болгон багасгасан ба хариуцагчийн зүгээс үүнтэй холбоотой холбогдох баримт, тайлбар гаргах боломж олгохгүй нөхцөл байдал үүссэн. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн энэ давуу байдалд үндэслэн үндэслэлгүйгээр 43,809,995 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн.
Миний бие *******аас анх 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 50,000,000 төгрөг, үүнээс хойш 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 426,000,000 төгрөгийг зээлснээс 419,790,000 төгрөгийг буцааж төлсөн байхад надаас 43,809,995 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
4.3.Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гэнэт нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилсөн тайлбар хийж мэтгэлцсэн байхад шүүх хариуцагчийн эрхийг хязгаарлаж, хариуцагч талыг нэхэмжлэлийн өөрчлөгдсөн үндэслэлтэй холбоотой баримт гаргаж өгөх, тайлбар хийх, талууд тэгш эрхтэй мэтгэлцэх зарчмыг зөрчиж, нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүх талуудын эрх тэгш мэтгэлцэх зарчмыг хангаж чадаагүй, маргааны үйл баримтыг буруу дүгнэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэж чадаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1.Хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хариуцагч ******* нь *******-аас 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 50,000,000 төгрөг зээлж, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлж барагдуулсан учир тухайн мөнгө нь одоо гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй.
5.2.Анх *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 83,810,000 төгрөгийн нэхэмжлэл гаргахдаа 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл мөнгө зээлсэн талаар бичсэн. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан талаар нэг бүрчлэн, тодорхой тусгасан байгаа.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн зарим дүгнэлтийг өөрчилж, шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан анх зээлийн гэрээний үүрэгт 83,810,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн зээлийн үлдэгдэл 51,810,000 төгрөг, зээлийн хүү 10,200,000 төгрөг, нийт 62,010,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч 2,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн маргаангүй тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1.*******-аас 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 40,000,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж авсан, мөн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж авсан талаараа хариуцагч ******* бичгээр тус тус баримт үйлдсэн;
3.2.Нэхэмжлэгчийн Хас банкны ******* тоот дансаар баримт үйлдсэн тухайн 2024 оны 6 дугаар сарын 10, 13-ны өдрүүдэд зээлэв утгаар 40 сая болон 20 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн, мөнгөн хөрөнгийг хариуцагч хүлээн авсан;
3.3.Дээрх хоёр удаагийн зээлийн мөнгөн хөрөнгөнөөс гадна нэхэмжлэгчээс тодорхой давтамжтайгаар мөнгөн хөрөнгийг гэрээгүй, хүүгүй удаа дараа зээлдэг байсан, хариуцагч мөнгөн хөрөнгийг хүлээн авч тодорхой хугацаанд буцаан төлдөг үйл баримт тогтоогдсон.
4.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн хэмээн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэсэн байна.
5.Хэрэгт авагдсан баримтаар дээрх хоёр удаагийн зээлийн гэрээнээс гадна 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Хас банкны ******* тоот дансаар 8 удаагийн гүйлгээгээр 74,999,994 төгрөг, Хаан банкны ******* тоот дансаар 14 удаагийн гүйлгээгээр 111,000,000 төгрөг, Хаан банкны ******* тоот дансаар 4 удаагийн гүйлгээгээр 130,000,000 төгрөг, нийт 26 удаагийн гүйлгээгээр 315,999,994 төгрөгийг нэхэмжлэгч *******-аас хариуцагчид шилжүүлсэн, ийнхүү мөнгөн хөрөнгийг шилжүүлэх болсон үндэслэлийг зээл гэж хэн алин нь тайлбарлаж маргаагүй байх тул мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн тухай бүрт талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцнэ.
Анхан шатны шүүх 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгчээс хариуцагчид 375,999,994 /хүүтэй 2 удаагийн 60,000,000 төгрөг + хүүгүй 26 удаагийн 315,999,994/ төгрөгийг шилжүүлж энэ хэмжээгээр талуудын хооронд 28 удаагийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцэхээс гадна шүүх ийнхүү дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг зөрчөөгүй байна.
6.Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй.
6.1.Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ ...зээлийн гэрээ хийлгүй мөнгө авч байсан, ... 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд 376,000,000 төгрөг авсан талаар дурдаж зээл, зээлийн хүүд 83,810,000 төгрөг гаргуулахаар шаардсан, шүүх хуралдааны явцад уг хугацаанд зээлсэн болон буцаан төлсөн нийт үнийн дүнгийн талаар зохигч хэн алин тайлбараа гаргаж мэтгэлцсэн болох нь мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нотлох баримтад тооцогдоно.
Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасантай холбогдуулж хариуцагчаас шүүхэд аливаа хүсэлт гаргаагүй байх тул анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
6.2.Зохигч хэн алин нь 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс өмнөх зээлийн гэрээний талаар мэтгэлцээгүй болох нь хэргийн баримт, шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй үйл баримтыг давж заалдах гомдолд дурдах эрхгүй тул 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 50 сая төгрөг, түүнээс хойш 426,000,000 төгрөг зээлж буцааж 419,790,000 төгрөг төлсөн талаарх гомдол үндэслэлгүй.
7.Хэрэгт авагдсан дансны хуулгаар хариуцагч *******-оос 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд Хаан банкны ******* тоот дансаар 20 удаагийн гүйлгээгээр 255,450,000 төгрөг, Хаан банкны ******* тоот дансаар 3 удаагийн гүйлгээгээр 21,240,000 төгрөг, Хаан банкны ******* тоот дансаар 3 удаагийн гүйлгээгээр 6,500,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны ******* тоот дансаар 29,000,000 төгрөг, нийтдээ 27 удаагийн гүйлгээгээр 312,190,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн болох нь тогтоогдсон байна.
Гэвч нэхэмжлэгч хариуцагчаас 332,190,000 төгрөгийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрч, харин дээрх мөнгөн дүнгээс хоёр удаагийн төлөлтийн 8,000,000 төгрөгийг зээлийн төлөлтөд хамаагүй хэмээн тайлбарлаж мэтгэлцсэнийг анхан шатны шүүхээс 332,190,000 төгрөгийн хэмжээгээр зээлийг буцаан төлөгдсөн гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамтай нийцжээ.
8.Харин анхан шатны шүүх зээлдэгчийн төлбөл зохих гэрээний үүргийг тооцохдоо хэрэгт авагдсан баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, дараах эрх зүйн дүгнэлтийг өгөв.
8.1.Анхан шатны шүүх талуудын хоорондох гэрээнүүдээс хоёр удаагийн 2024 оны 6 дугаар сарын 10, 13-ны өдрийн гэрээг бичгээр байгуулсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт нийцэх тул нэхэмжлэгч энэ хоёр зээлийн хувьд гэрээгээр тохирсон хүүг, тохирсон хугацаагаар тооцож зээлдэгчээс шаардах эрхтэй байна.
Хүүтэй байгуулагдсан хоёр удаагийн зээлийн үүргийг тооцвол 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр үндсэн зээл 40,000,000 төгрөг, хүү 18,000,000 /40,000,000 төгрөг * 15 % * 3 сар/ төгрөг, нийт 58,000,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээгээр үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 9,000,000 /20,000,000 төгрөг *15% * 3 сар/ төгрөг, нийт 29,000,000 төгрөг байх боловч нэхэмжлэгч зээлийн хүүд нийт 10,200,000 төгрөг гаргуулахаар шаардсан тул энэ хэмжээгээр үүргийг тооцох нь диспозитив зарчимд нийцнэ.
8.2.Иймд зээлдэгчийн төлбөл зохих нийт гэрээний үүргийг тооцвол хүүтэй хоёр удаагийн гэрээний дагуу 70,200,000 /40,000,000+20,000,000+10,200,000/ төгрөг, хүүгүй 26 удаагийн гэрээний үүрэг 315,999,994 төгрөг, нийтдээ 386,199,994 төгрөг байна. Үүнээс хариуцагч зээлд нийтдээ 332,190,000 төгрөгийг буцаан төлсөн тул үлдэх 54,009,994 төгрөгийг төлөх үүргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хүлээнэ.
8.3.Хэрэгт авагдсан дансны хуулгаар зээлдэгч зээлийн хүүг төлсөн байдал тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхээс зээлийн хүүг төлөгдсөн үндэслэлээр хүү шаардах эрхгүй гэж дүгнэж улмаар зээлийн хүү гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зээлдэгчээс нийт 43,809,995 төгрөгийг гаргуулж зээлдүүлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь тооцооллын хувьд алдаатай боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ шийдлийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ гэж үзэв.
9.Дээрх үндэслэлээр хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/09671 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 377,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
О.ОДГЭРЭЛ