| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2019/00139/Э |
| Дугаар | 00147 |
| Огноо | 2019-09-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 00147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч О.Баярсайхан
Хохирогч Ш.Бс
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа
Шүүгдэгч У.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн У.Тд холбогдох 1932001190148 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Мандал суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл-3 нарын хамт амьдрах, эрхэлсэн ажил, сургуульгүй* тоотод оршин суух хаягтай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй. 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 105 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145.2-д зааснаар 2 жил хорих ялаар, 2. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 427 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145.2-д зааснаар 2 жил хорих ялаар, 3.Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 100 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 114.1-д зааснаар 6 сар баривчлах ялаар, 4. Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 29 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 147.2-д зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Уртнасангийн Т /РД:*/
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Шүүгдэгч У.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед 2019 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 06 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн 458 дугаар байр 01 тоот иргэн Ш.Бсгийн гэрээс Ай фоне-5, Самсунг Жи-7 загварын нийт 2 ширхэг гар утсыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлж 590000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Т мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 25-наас 26-ны шилжих шөнө ажлаасаа тарж явахдаа “Док”-ийн бааранд явж байхдаа Отгонтөгс, Улаанаа, Гантөгс нартай таараад бид нар хоёр шил 0,75 литрийн архи уусан. Тэндээс гараад өнчин ягаан гэдэг байранд дахин архи бас пиво авч уусан. Бас “Буян-Ж” буудалд орж бас архи, пиво уусан. “Буян-Ж” буудалд би орж гараад л яваад байсан. Нэг мэдхэд өглөө гэртээ сэрсэн. Буудлаас яаж гарсанаа бас гэртээ яаж харьсанаа ч би мэдэхгүй байгаа. Тэгээд гэртээ сэрхэд хармаанд 2 гар утас байхаар нь цуг ууж байсан улсынхаа утсыг авчихсан юм болов уу гээд цааш нь далд хийгээд арваад хоносон. Тэгээд Цэрэнчулуун байцаагч асуухаар нь тийм утас юм байна даа гээд би гаргаж өгсөн юм. Би сайн санахгүй байгаа юм...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Бс мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 04 цагт сэрчихээд хэвтээд байж байгаад унтчихсэн. Тэгээд 06 цагт хаалганы ялаанаас хамгаалах тор дуугарангуут хартал нэг залуухан хүн байсан. Нөхөртөө хэлхэд нөхөр араас нь гараад хайхад нэг тийшээ гүйсэн, хаашаа гүйсэн нь мэдэгдээгүй алга болсон. Тэгээд хүн амьтан үзэгдэхгүй байна гээд цагдаад мэдэгдээд утсаа алга болгочихлоо гээд камер шүүлгэсэн. Би үнэндээ хараад танихгүй хүн байсан. Би тэр үед ажилгүй амралтаа авсан байсан. Надад бол согтуу гэж харагдаагүй. Камерт бол өнхөрч унаагүй. Байн байн эргэж хараад яваад байсан. Хархад дэлгүүрүүдийн камерт байнга хоёр утсаар оролцдоостой явсан. Би өөрөө Баянхангайд энэ хүнийг таних уу гээд сураглаад яваад очиход мөн гэдэг нь тогтоогдсон. Тэгээд миний утсыг зүгээр байлгаагүй ашигласан байсан. 7 хоног манай утсыг барьж явсан байна лээ. Миний утсын симийг, доторхи юмнуудыг нь устгаад өөрийнхөө юмыг ашигласан байсан...” гэжээ.
Гэрч Т.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн өглөө 06 цаг өнгөрч унтаж байтал эхнэр босоорой хүн гар утас аваад гарчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад гэрийнхээ зүүн талаар гараад төмөр замын дэлгүүрийг чиглээд явсан. Ямар ч хүн таараагүй. Ширээн дээр байсан миний эзэмшлийн цагаан өнгөтэй ай фоне-5 загварын гадуураа хар өнгийн гэртэй утас байсан. Мөн эхнэр Ш.Бсгийн эзэмшлийн гар утас нийт 2 гар утас алдсан. Би өөрийн ай фоне-5 загварын гар утсыг эхнэрийнхээ эгчээс 150000 төгрөгөөр худалдан авсан. Уг үнээр нь үнэлэнэ. Эгч нь 2018 онд 350000 төгрөгөөр худалдан авч байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/
Яллагдагч У.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн орчим гэртээ сэрсэн юм. Тэгээд унтаж байгаад тухайн өдрийн 17 цагийн орчим орноосоо босоод урьд шөнө өмсөж явсан өмдөө өмсөхөд халаасанд нь ай фоне-5 загварын гар утас 1 ширхэг, самсунг загварын гар утас 1 ширхэг нийт 2 гарт утас байхаар нь согтуу байх үедээ хаанаас авсан юм болдоо гэж бодоод хамт архи ууж байсан хүмүүсийнхээ утсыг авсан юм байхдаа гэж бодоод уг хоёр ширхэг гар утсыг хүн асуухгүй байхаар нь гэрийнхээ хувцасны шүүгээнд хийсэн юм...” гэх гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/
2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлийн үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-74-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 77-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч У.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед 2019 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 06 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн 458 дугаар байр 01 тоот иргэн Ш.Бсгийн гэрээс Ай фоне-5, Самсунг Жи-7 загварын нийт 2 ширхэг гар утсыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлж 590000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Ш.Бсгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 04 цагийн үед унтаж байгаад босоод бие засчихаад эргээд унтах гэсэн чинь нойр хүрдэггүй хэвтэж байгаад 06 цагийн үед унтсан. Үүнээс хойш 30 орчим минутын дараа гэрийн хаалганы шавьжнаас хамгаалсан тор дугарахаар нь юу билээ гээд сэртэл нэг хүн гэрээс гараад явж байсан. Тэгхээр нь гайхаад ширээ рүү хартал ширээн дээр тавьсан байсан гар утаснууд алга болсон байсан. Ингээд нөхрөө сэрээгээд хүн утас аваад гарчихлаа гэж хэлсэн чинь нөхөр босоод гараад хартал байгаагүй. Гэрт манай нөхөр Цг охин бид 3 унтаж байсан юм. Гэр бүхчим байсан болохоор гэрийн хаалга онгорхой унтаж байсан юм. Тэгсэн хүн гаднаас орж ирээд ширээн дээр эл байсан гар утаснууд нөхрийн өмдний халаасыг ухаад саарал өнгөтэй “Элди” нэртэй хайрцагтай тамхыг нь аваад явсан байсан. Ай фоне-5 загварын гар утас нь цагаан өнгийн корбустай хар өнгийн гэртэй, Самсунг жи-7 загварын гар утас нь 2014 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд хар өнгийн корбустай, 357721085196702 гэсэн сериал дугаартай байгаа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/, гэрч Т.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн өглөө 06 цаг өнгөрч унтаж байтал эхнэр босоорой хүн гар утас аваад гарчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад гэрийнхээ зүүн талаар гараад төмөр замын дэлгүүрийг чиглээд явсан. Ямар ч хүн таараагүй. Ширээн дээр байсан миний эзэмшлийн цагаан өнгөтэй ай фоне-5 загварын гадуураа хар өнгийн гэртэй утас байсан. Мөн эхнэр Ш.Бсгийн эзэмшлийн гар утас нийт 2 гар утас алдсан. Би өөрийн ай фоне-5 загварын гар утсыг эхнэрийнхээ эгчээс 150000 төгрөгөөр худалдан авсан. Уг үнээр нь үнэлэнэ. Эгч нь 2018 онд 350000 төгрөгөөр худалдан авч байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/, яллагдагч У.Т мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч У.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед 2019 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 06 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн 458 дугаар байр 01 тоот иргэн Ш.Бсгийн гэрээс Ай фоне-5, Самсунг Жи-7 загварын нийт 2 ширхэг гар утсыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлж 590000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Тд ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Бс нь алдсан 2 ширхэг гар утсаа буцаан хүлээн авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Тайж овогт Уртнасангийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар У.Тыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан У.Тд оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол У.Тд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол У.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.