Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 415

 

   Р.Бадарч, Г.Дэмбэрэлдорж нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

            прокурор Д.Дагвадорж,

            ялтан Р.Бадарчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

            шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

            нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ү.Содномцогийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 04 тоот дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Р.Бадарч, Г.Дэмбэрэлдорж нарт холбогдох 201524001169 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол овгийн Рагчаагийн Бадарч, 1981 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Төв аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 31 дүгээр гудамж, 1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: МЙ81090714/;

 

2. Нарванчин гэгээн овгийн Гүрбазарын Дэмбэрэлдорж, 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт хотхон 32 дугаар байр 28 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УБ92112719/;

Р.Бадарч нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 13 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаан чулуутын хогийн цэг рүү явах замд “Сутайн буянт” ХХК-ийн эзэмшлийн “Дaewоо BS-106” загварын, 21-73 УНБ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт “Энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл...болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно”, 6.1 “Хурд хэмжүүр ажиллахгүй болсон” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хашлага, автобусны буудал, ТҮЦ зэргийг мөргөж, хохирогч Б.Мөнхгэрэлийн амь насыг хохироон, иргэний нэхэмжлэгч Н.Алтанцацрал, Я.Доржсүрэн, С.Батжаргал, Т.Баярнэмэх, Г.Амаржаргал, О.Батсайхан, Т.Тэгшжаргал, Ш.Цогтбаатар, Ү.Энхтөр, Б.Эрдэнэтуяа, А.Ган-Эрдэнэ, Ж.Баасанцэрэн нарын бие махбодид тус тус хөнгөн гэмтэл, иргэний нэхэмжлэгч Г.Болормаад 1.694.529 төгрөгийн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт 1.322.000 төгрөгийн шууд, “Сутайн буянт” ХХК-д 1.655.000 төгрөгийн шууд хохирол тус тус учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн,

Г.Дэмбэрэлдорж нь “Сутайн буянт” ХХК-д шалгах механик буюу тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 3 “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтан дараах үүргийг хүлээнэ. а/ Стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй мөн тогтоосон журмын дагуу техникийн улсын үзлэг, тооллогод ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэсэн заалтыг зөрчин “Дaewоо BS-106” загварын 21-73 УНБ улсын дугаартай автобусны хурд хэмжүүр ажиллахгүй, байхгүй, илт бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасны улмаас хохирогч Б.Мөнхгэрэлийн амь насыг хохироон, иргэний нэхэмжлэгч Н.Алтанцацрал, Я.Доржсүрэн, С.Батжаргал, Т.Баярнэмэх, Г.Амаржаргал, О.Батсайхан, Т.Тэгшжаргал, Ш.Цогтбаатар, Ү.Энхтөр, Б.Эрдэнэтуяа, А.Ган-Эрдэнэ, Ж.Баасанцэрэн нарын биед тус тус хөнгөн гэмтэл, иргэний нэхэмжлэгч Г.Болормаад 1.694.529 төгрөгийн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт 1.322.000 төгрөгийн шууд, “Сутайн буянт” ХХК-д 1.655.000 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Тээврийн прокурорын газраас: Р.Бадарчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар, Г.Дэмбэрэлдоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Г.Дэмбэрэлдоржид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Р.Бадарчийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Р.Бадарчид оногдуулсан 4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Р.Бадарч нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Р.Бадарчид оногдуулсан 4 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгаж, Р.Бадарч 55 хоног, Г.Дэмбэрэлдорж 40 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдаж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Р.Бадарчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Г.Дэмбэрэлдоржид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Р.Бадарчийн В, С, D ангиллын №459031 тоот жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Ү.Содномцогийн бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэлд: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичив. Үүнд: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад буруу дүгнэлт хийж, Г.Дэмбэрэлдоржид холбогдох хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байна.

“Сутайн буянт” ХХК-ийн шалгах механикаар ажиллаж байсан Г.Дэмбэрэлдорж нь энэ хэрэг гарсан өдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Сутайн буянт” ХХК-ийн эзэмшлийн “Daewoo BS-106” загварын, 21-73 УНБ улсын дугаартай автобусыг ажилд гаргахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж гаргаагүй, бүрэн бус "хурд хэмжүүр ажиллахгүй, байхгүй" тээврийн хэрэгслийг ажилд гаргасан нь Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан салбарын шинжээчийн 16/78031 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Г.Дэмбэрэлдорж бүрэн биш "хурд хэмжүүр ажиллахгүй, байхгүй" “Daewoo BS-106” загварын, 21-73 УНБ улсын дугаартай автобусыг ажилд гаргахыг зөвшөөрөн, шалгах хуудсанд гарын үсэг зурсан, жолооч Р.Бадарч автобусыг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчин, хурдаа тохируулж яваагүйгээс зам тээврийн осол гарган, хохирогч Б.Мөнхгэрэлийн амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн болох объектив тал нь бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасан, энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон үйлдэл хохирол хоёр нь шалтгаант холбоотой байна.

Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт "Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил" Энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин... механизмыг ашиглахыг хориглоно: 6.1. "Хурд хэмжүүр ажиллахгүй болсон" мөн Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралт Иргэн, албан тушаалтны үүрэг 3-д "а/ стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй... тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх" гэж заасан байдаг.

Мөн энэ хэргийн субъектийг "техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааг албаны хувьд хариуцсан ажилтан" байхаар заасан.

“Сутайн буянт” ХХК-ийн захирлын 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/21 дугаартай тушаалаар Г.Дэмбэрэлдоржийг шалгах механикаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан, шалгах механикийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааг албаны хувьд хариуцсан ажилтан учраас Г.Дэмбэрэлдорж нь энэ хэргийн субъект юм.

Г.Дэмбэрэлдорж нь “Сутайн буянт” ХХК-д ажилд орсноос хойш автобус бүрийг шалгаж, хурдны хэмжүүр байхгүй талаар тээврийн хэрэгслийн шуурхай дээр ерөнхий инженер, захирал, менежер нарт хэлж байсан гэж мэдүүлдэг боловч тээврийн хэрэгслийн шуурхай хурлын тэмдэглэлд тусгагдаагүй тул энэ талаар огт хэлж байгаагүй нь тогтоогдсон. Шүүгдэгч Р.Бадарчийн гэм буруутай үйлдэл, түүнээс учирсан хор уршигт шүүгдэгч Г.Дэмбэрэлдоржийг нэг зэрэг буруутгах үндэслэл, баримт хангалттай тогтоогдсон гэж үзэхээр байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн 153 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсгийг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.   

Прокурор Ц.Дагвадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Жолооч Р.Бадарч нь хальтиргаатай замд, хурдаа тохируулаагүйн улмаас автобусны буудал, Түц болон айлын хашаа мөргөж, автобусны буудал дээр автобус хүлээн зогсож байсан иргэн Мөнхгэрэл нас барсан. Гэмт хэрэг гарахад Г.Дэмбэрэлдоржийн үйлдэл шууд холбоотой. Р.Дэмбэрэлдорж тухайн өдөр бүх автобуснуудыг шалгаж, ажилд гарах зөвшөөрөл өгч, шалгах хуудсанд гарын үсэг зурсан байсан. Г.Дэмбэрэлдоржийг буруутгах хангалттай үндэслэл тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хурд хэмжигчгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож болохгүй гэдгийг удирдлагадаа удаа дараа хэлж байсан. Бид өглөө бүр автобуснуудыг шалгаж, шалгах механикийн хуудсыг бөглөдөг. Хуудсанд байгаа зүйлсийг л шалгадаг. Автобуснуудыг манай инженер оношилгоонд оруулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 Шүүгдэгч Г.Дэмбэрэлдоржийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Осол гарах үед Г.Дэмбэрэлдорж ажилд ороод 3 сар болж байсан. Яг хэдийнээс тээврийн хэрэгслийн хурд хэмжигч ажиллахгүй байсан бэ гэдгийг тогтоож чадаагүй ч олон сарын өмнөөс ажиллаагүй гэдгийг гэрчүүд мэдүүлсэн. Хурд хэмжигч Г.Дэмбэрэлдоржийг ажилд орохоос өмнө алга болсон нь тогтоогдсон. Дан ганц осол гаргасан тээврийн хэрэгсэл ч биш олон тээврийн хэрэгсэл хурд хэмжигчгүй байсан. Үүнийг шалгагч, механикч Г.Дэмбэрэлдорж мэдээд удирдлагуудад мэдэгдэж байсан. Г.Дэмбэрэлдоржоос өмнө ажиллаж байсан инженер, механикчид ч гэсэн ажиллахгүй байгаа хурд хэмжигчийг солих хэрэгтэй гэдгийг удирдлагадаа мэдэгдэж байсан. Гэтэл удирдлагын зүгээс “мөнгөгүй, түр аргалаад явж бай” гэсэн хариу өгсөн байдаг. Г.Дэмбэрэлдоржийн үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Ялтан Р.Бадарчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Р.Бадарчид оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзсан нь үндэслэлтэй. Автобусны толь, хурд хэмжигч хэзээ алга болсныг тогтоогоогүй. Энэ үндэслэлээр шүүх Г.Дэмбэрэлдоржийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хурд хэмжигчгүй тээврийн хэрэгслийг нийтийн үйлчилгээнд гаргаж болохгүй. Хэрэв гаргасны улмаас осол гарах юм бол үүнд механикч холбогддог. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Г.Дэмбэрэлдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн шаардлагад нийцээгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлд “Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааг албаны хувьд хариуцсан ажилтан илт бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасан...” бол эрүүгийн хариуцлага оногдуулахаар заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Г.Дэмбэрэлдорж нь “Сутайн буянт” ХХК-ийн тээврийн хэлтэст шалгах механикаар ажиллаж байсан ба осол хэрэг гарсан өдөр ажил үүргийн хувьд автобусны бүрэн бүтэн эсэхийг шалгах үүрэг бүхий этгээд байсан болох нь тогтоогдсон, Замын цагдаагийн албаны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 998 дугаар дүгнэлтээр “...Г.Дэмбэрэлдорж нь Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралт 3а, мөн дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй, мөн тогтоосон журмын дагуу техникийн улсын үзлэг, тооллогод ороогүй, улсын дугааргүй, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй” гэсэн байхад анхан шатны шүүх Г.Дэмбэрэлдоржийн үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Мөн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хор бүрэн арилгаагүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан  “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг тэнсэж, ...хянан харгалзахаар тогтоож болно...” гэсэн хуулийн шаардлага хангагдаагүй байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...Р.Бадарчийг учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан ...“ гэж хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийжээ. 

Иймд прокурор Ү.Содномцогийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 04 тоот дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Р.Бадарч, Г.Дэмбэрэлдорж нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Хэргийг дээрх үндэслэлүүдээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасантай холбогдуулан ялтан, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад дүгнэлт хийх боломжгүй болохыг дурдаж байна.