Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1808

 

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2016/01808

 

Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2016/00455 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Пүрэвсүрэнд холбогдох

 

Хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзулын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Гантөгс, Э.Мөнх-Эрдэнэ, Д.Мөнхзул

Хариуцагч: Х.Пүрэвсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов. 

Нэхэмжлэгч Хас банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Хас Банк нь Могул Скай ХХК-тай харилцан тохиролцож 2011.03.07-ны өдөр 1410000329 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулан 1 100 000 ам.доллар, 1410000331 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулан 1 000 000 ам.долларын зээлийг орон сууцны барилга барих зориулалтаар тус тус олгосон. Зээлийн барьцаанд баталгаат ипотекийн 1410000329 /А дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2206011567 дугаартай, ХУД-ийн 11 -р хороо, Ар зайсан гудамж 96-д байрлалтай 1,068 м.кв орон сууцны барилга, Ү-2206016120 дугаартай, ХУД-ийн 11-р хороо, Ар зайсан гудамж 95-д байрлаптай 5,846 м.кв орон сууцны барилгыг тус тус барьцаалуулсан.

Зээлийг хугацаанд нь төлөөгүй тул барьцааны үл хөдлөх хөрөнгүүдээс 1 дүгээр давхрын 1431.62 м.кв хөрөнгийг өр төлбөртөө тооцон Хас Банкны өмчлөлд шилжүүлэх санал гаргаж 2013.11.25-ны өдөр 16/13-002 дугаар төлбөр барагдуулах гэрээ байгуулан уг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1 431 620 ам.долларт тооцон ХасБанкны өмчлөлд шилжүүлсэн. Хас Банк улсын бүртгэлийн байгууллагад хандан өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан хууль ёсны өмчлөгч болсон юм.

Хас Банк, Могул Скай ХХК-ийн хороонд гэрээ байгуулах үед 607.90 м.кв үл хөдлөх хөрөнгөд хүнсний дэлгүүр түрээсээр, 193.50 м.кв үл хөдлөх хөрөнгөд гоо сайхан түрээсээр, 356.18 м.кв үл хөдлөх хөрөнгөд цэцэрлэг түрээсээр, 274.04 м.кв үл хөдлөх хөрөнгөд Могул Скай ХХК үйл ажиллагаагаа явуулж байсан. Могул Скай ХХК нь 2014 оны 5-р сард үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлж ХасБанкны эзэмшилд бүрэн шилжүүлж өгөхөөр тохиролцсон.

Одоогийн байдлаар дээрх үл хөдлөх хөрөнгүүдээс 607.90 м.кв, 193.50 м.кв, 274.04 м.кв үл хөдлөх хөрөнгө нь Хас Банк эзэмшилд байна. Харин 356.18 м.кв үл хөдлөх хөрөнгө Х.Пүрэвсүрэн гэдэг хүний эзэмшилд байгаа бөгөөд Х.Пүрэвсүрэн нь цэцэрлэг ажиллуулж байна. Хас Банк өөрийн өмчлөлийн 95 /2а/ байрны 356.18 м.кв үл хөдлөх хөрөнгөө өөрийн эзэмшилдээ авах гэтэл Х.Пүрэвсүрэн нь Могул Скай ХХК-иас худалдаж авсан, чөлөөлөх боломжгүй гэсэн тайлбар өгсөн.

Иймээс Улсын бүртгэлийн Ү-2206029483 дугаартай, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан хотхон, Ар зайсан гудамж 95-р /2а/ байр 1 дүгээр давхарын 1 дүгээр хэсэг тоот хаягт байрлалтай 356.18 м.кв үл хөдлөх хөрөнгө нь Хас Банкны өмч тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 111 дугаар зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг үндэслэн уг үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж буй Х.Пүрэвсүрэнг албадан гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Балжинням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хан-Уул дүүргийн 11-р хороо, Могул таун хотхоны 2А байрны 1 давхрын үйлчилгээний талбай бүхий үл хөдлөх хөрөнгө нь миний өмчлөлийн орон сууц бөгөөд “Могул Скай” ХХКомпаниас 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр худалдаж авсан тул чөлөөлөх үндэслэлгүй. Өмчлөлийн асуудлаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Пүрэвсүрэнгийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай Хас банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хас банк маргаан бүхий хөрөнгийг өмчлөх эрхийг зохих хариу төлбөрийг бүрэн төлж хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж олж авсан бөгөөд тухайн үед холбогдох байрыг хариуцагчаас өөр этгээд түрээслэж байсан байдлыг мэдэж байсан ба харин гуравдагч этгээдтэй давхар өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл хийсэн тухай мэдээгүй.

Хариуцагч нь уг хөрөнгийг худалдан авах хэлцэл хийсэн гэх боловч хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, төлбөрийг бүрэн төлөөгүй. Энэ нь хэлцлийн хэлбэрийн шаардлагыг хангаагүй бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3, 182 дугаар зүйлийн 182.1, 182.2 дэх хэсэгт заасан бүртгүүлэх шаардлагыг хангаагүй тул шаардах эрхгүй юм. Гэтэл шүүх Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд хуулийг буруу тайлбарласан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Х.Пүрэвсүрэнд холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 95 дугаар байрны 1 дүгээр давхрын 1 дүгээр хэсэгт байрлалтай 356.18 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Х.Пүрэвсүрэнгийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаарджээ.

 

Хариуцагч Х.Пүрэвсүрэн нэхэмжлэгчийн дурдсан хаягт байрлах 356.18 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөс 232.82 м.кв талбайг бодитойгоор эзэмшиж, хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаагаа үгүйсгээгүй боловч уг 232.82 м.кв талбайг Могул скай ХХК-иас худалдан авсан гэж тайлбарлаж, хөрөнгийг чөлөөлөхөөс татгалзжээ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахын тулд өөрийгөө өмчлөгч гэдгийг нотлохоос гадна хариуцагчийн эзэмшил хууль бус буюу хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр хөрөнгийг эзэмшсэн байх шаардлагатай.

 

Нэхэмжлэгч өмчлөх эрхээ нотлохоор өмчлөх эрхийн 000289590 дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт нотлох баримтаар гаргаж уг хөрөнгийг зээлийн эргэн төлөлтөд тооцож барьцааны гэрээгээр Могул скай ХХК-иас шилжүүлэн авсан гэж тайлбарлажээ.

Хариуцагч 232.82 м.кв талбайг худалдан авсан гэж тайлбарлаж байгаа боловч уг хөрөнгийг өмчлөх эрхийг нотолсон бичиг баримтыг хэрэгт гаргаагүй болно. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог. Бүртгэлд үндэслэгдсэн хөрөнгийн өмчлөх эрхийг нотлосон бичиг баримт нь улсын бүртгэлийн гэрчилгээ юм. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж үзэх бөгөөд хариуцагч нь хууль болон гэрээнд заасан үндэслэлээр маргааны зүйл болох хөрөнгийг эзэмшиж байгаа буюу шударга эзэмшигч гэдгээ нотлоогүй байна. “Могул скай” ХХК-иас эд хөрөнгө худалдаж авсан гэх хариуцагчийн тайлбар, татгалзлыг нотлох баримт авагдаагүйгээс гадна уг хөрөнгийг хөлслөх, түрээслэх зэрэг бусад гэрээний үндсэн дээр эзэмшилдээ байлгах эрхтэйг нотлох баримт мөн хэрэгт авагдаагүй.

 Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг эзэмших эрхгүй этгээд эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд нь буцаан өгөх үүрэгтэй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.

 

Харин маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгөөс 232.82 м.кв талбайг хариуцагч бодитойгоор эзэмшиж байгаа үйл баримтад талууд маргаагүй тул дээрх хэмжээний талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэлээс 123.36 м.кв талбай чөлөөлүүлэх шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хэсэгчлэн хангав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2016/00455 дугаар шийдвэрийн удирдлага болгосон “115.2.3” гэснийг “115.2.2” гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хас банк ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 95 дугаар байрны 1 дүгээр давхрын 1 дүгээр хэсэгт байрлах 232.82 м.кв талбайг Х.Пүрэвсүрэнгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас 123.36 м.кв талбайг чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “...үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                             ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ

                                                                     Ш.ОЮУНХАНД