Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2020/0361

 

А.Б-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, гуравдагч этгээд Ч.Н нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 220 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, А.Б-ийн нэхэмжлэлтэй, Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 220 дугаар шийдвэрээр: “...Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, Прокурорын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 /2002 оны/, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын МБШБТ хариуцсан хяналтын прокурор Зуунтараг овогт Ч.Н-д өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг нээсэн Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Бүртгэх тухай” 55 дугаар тушаалын Ч.Н-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон, түүнийг хүчингүй болгож, учирсан нийт хохирол 3,039,070.00 /гурван сая гучин есөн мянга далан/ төгрөгийн хохирлыг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэгч А.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга нь өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокуророор ажилласан байсан Ч.Н-ийн гаргасан хүсэлтийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан үндэслэлээр өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгэхээс татгалзах ёстой байсан.

Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан үйл ажиллагааг Улсын дээд шүүхийн нэрийн өмнөөс хэрэгжүүлэх хуулиар олгогдсон эрх хэмжээ байхгүй болно.

Нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбаруудад “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д зааснаар хязгаарлалтыг зөрчсөн болохыг холбогдох албаны байгууллага тогтоосон учир Ч.Н-ийн шүүхэд төлөөлөх эрхийн хүчингүй болгох үндэслэлтэй ...” гэсэн агуулгатай шаардлага, үндэслэл тусгагдаагүй, дурдагдаагүй болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж чадахгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь өөрчилж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

                                                      ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Б-аас Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 55 дугаар тушаалаар Ч.Н-ийн өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг нээсэн хэсгийг хүчингүй болгуулах, 3,039,070 төгрөгийн хохирлыг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 55 дугаар тушаалаар Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2013 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан “Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн бүртгэлийн журам”-ын 3.1 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн нэр бүхий 45 хуульчийг бүртгэж, өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ, үнэмлэх олгосны дотор Ч.Н багтжээ.

Нэхэмжлэгчийн бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүх хуралдаан дээд гаргасан тайлбар зэргээс үзэхэд гуравдагч этгээд Ч.Н-ийн өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг нээсэн бүртгэлийг хүчингүй болгуулах үндэслэлээ “...Ч.Н-ийн удаа дараагийн гаргасан гомдол, хүсэлтүүдээр А.Б намайг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн 91.2.11-д заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр санаархсан аймшигт хэлмэгдүүлэлт зохион байгуулсан. Хэрэв Улсын дээд шүүх холбогдох хууль, тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол хэлмэгдүүлэлт хэзээ ч явагдахгүй байсан” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бөгөөд маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдах учиртай.

Маргааны тохиолдолд Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 55 дугаар тушаалаар Ч.Н өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг нээснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдохгүй, уг тушаалын холбогдох заалтыг хүчингүй болгосноор бодит нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...нэхэмжлэгчийн шүүхэд итгэх итгэл сэргэнэ” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.  

Тодруулбал нэхэмжлэгч А.Б сэжигтэнээр татагдсан эрүүгийн хэрэгт гуравдагч этгээд Ч.Н нь хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож, холбогдох хүсэлт, гомдол гаргаснаар нэхэмжлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн 91.2.11-д заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр санаархсан, хэлмэгдүүлэлт зохион байгуулсан гэж үзэхгүй бөгөөд анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгчийн субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх шалтгаант холбоо тогтоогдохгүй” гэсэн дүгнэлт үндэслэлтэй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж чадахгүй байна” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч нь хэргийн материалтай танилцах, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, холбогдох санал, хүсэлтээ бичгээр гаргах эрхтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах эрх нь нээлттэй байсан гэж үзэхээр байна.

Мөн Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн бүртгэлийн журам”-ын 1.6 дугаар зүйлд “Бүртгэл, түүний шийдвэрлэлт, хариу өгсөн байдлын талаарх программ хангамжийг Тамгын газар эрхэлнэ” гэж зааснаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хуульчийн шүүхэд төлөөлөх эрхийг Улсын дээд шүүх бүртгэх бөгөөд бүртгэлийг Улсын дээд шүүхийн Тамгын газар эрхлэн явуулахаар зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан үйл ажиллагааг Улсын дээд шүүхийн нэрийн өмнөөс хэрэгжүүлэх хуулиар олгогдсон эрх хэмжээ байхгүй” талаарх гомдол үндэслэлгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 220 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                                     ШҮҮГЧ                                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                     ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ