Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2024/ХШТ/48

 

 

 

                            Б.Д- Н.М- С.Е- нарт

                               холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгч Б.Д-түүний өмгөөлөгч Х.Жархынбек, Я.Сьезд, Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Н.М-түүний өмгөөлөгч Х.Зулхаш, шүүгдэгч С.Е- түүний өмгөөлөгч Х.Бакен, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16ы өдрийн 168 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19ий өдрийн 03 дугаар магадлалтай, Б.Д-Н.М-С.Е- нарт холбогдох 2313000370092 дугаартай хэргийг Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, овогтой Д.

 

Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, овогтой М.

 

Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй,  овогтой Е.

 

Шүүгдэгч Б.Д- нь ... аймгийн ... сумын  ажиллаж байхдаа тус сургуулийн сургалтын менежер Н.М-анги удирдсан багш С.Е- нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж 2021-2022 оны хичээлийн жилд тус сургуулийн 12 дугаар ангид суралцаагүй Е.А-2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож бусдад давуу байдал бий болгосон,

 

Шүүгдэгч Н.М- нь ...аймгийн ... сумын ажиллаж байхдаа тус сургуулийн захирал Б.Д- нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж 2021-2022 оны хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаагүй Е.А-2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг үйлдэхэд бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хавсралтад гарын үсэг зурж бүлэглэн оролцсон,

 

Шүүгдэгч С.Е- нь ... аймгийн ... сумын  ажиллаж байхдаа тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Д- нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж 2021-2022 оны хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаагүй Е.А-2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг үйлдэхэд бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хавсралтад дүн шивж, гарын үсэг зурж бүлэглэн оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-Н.М- нарыг бүлэглэж нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч С.Е-ыг бүлэглэж нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-Н.М- нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Е-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.800.000 /таван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

шүүгдэгч Б.Д-Н.М- нарт оногдуулсан 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 төгрөгөөр, шүүгдэгч С.Е-д оногдуулсан 5.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.800.000 төгрөгөөр торгох ялыг тус тус 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Д-Н.М-С.Е- нарт сануулж,

шүүгдэгч Б.Д-Н.М- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасах, шүүгдэгч С.Е-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох”-оор шийдвэрлэсэн байна.

 

Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокуророос Б.Д-Н.М-С.Е- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Д-Н.М-С.Е- нарыг тус тус цагаатгаж, шүүгдэгч Н.М-Б.Д- болон түүний өмгөөлөгч Я.Сьезд, Д.Эрдэнэчимэг нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хүлээн авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 заасныг баримтлан Б.Д-Н.М-С.Е- нарт тус тус урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл бичсэн эсэргүүцэлдээ “... магадлалыг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч танилцаад анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Эрүүгийн хуулийг буюу тусгай ангийн  22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 23.5 дугаар зүйлд заасан “Хайнга хандах” гэмт хэргүүдийн шинжийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Д-Н.М- нарыг нийтийн албан тушаалтанд хамаарах, шүүгдэгч С.Е-ыг Е.А-бүрэн дунд боловсролын үнэмлэх олгох нөхцөлийг бүрдүүлсэн талаар хангалттай, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүхээс Б.Д-Н.М- нарын БҮ20220225795 дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхэд гарын үсэг зурсан үйлдэл нь эрүүгийн гэмт хэрэг бус, харин эрх зүйн бусад зөрчлийн шинжтэй гэж дүгнэлт хийсэн нь анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний зөрүү үүсгэж шийдвэрлэсэн гэж дүгнэхэд хүргэж байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх нь “... шүүгдэгч нарын 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр БҮ20220225795 дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхэд гарын үсэг зурж, 2021-2022 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймгийн Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцаагүй Е.А-бүрэн дунд боловсролын үнэмлэх олгохдоо албан тушаалын байдлаа санаатайгаар урвуулан ашигласан үйлдэл нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдоогүй буюу Боловсрол, соёл, шинжлэн ухааны сайдын 2019 оны А/156 дугаар тушаалаар баталсан суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох, дүйцүүлэх журмын 4.2, 4.6.6-д заасан нягтлан шалгах, хянах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, анги удирдсан багш С.Е-ын үнэт цаасан дээр хэвлэж ирсэн гэрчилгээнд гарын үсэг зурсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан “Албан үүрэгтээ хайнга хандах” гэмт хэргийн үндсэн шинжийн объектив талыг хангаж байх боловч уг гэмт хэрэг нь бусдад их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг учир хохирлын хэмжээ нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй хангахгүй байна” гэж дүгнэн Эрүүгийн хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэжээ.

Учир нь хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Е-“... ерөнхий боловсролын хичээлийн агуулгыг эзэмшсэн байвал бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож болно гэсэн байгаа. Боловсролын гэрчилгээ олгох эсэх асуудлыг сургуулийн захирал шийдвэрлэж гарын үсэг зурж, тамга дарж олгодог. Ганц захирал ч гэхгүй ангийн багш, сургалтын менежер нь дүнгийн тавьж гарын үсэг зурдаг. Тийм болохоор ангийн багш, сургалтын менежер, захирал нар л олгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Бүрэн дунд боловсролын үнэмлэхийг захирал багш гарын үсэг зурж баталгаажуулсны дараа сурагчдад гардуулдаг” гэх мэдүүлэг,

Гэрч Ш.Е-“... Миний хүү болох А 2021 оны 9 дүгээр сард ... сумын  сургуулийн 12 дугаар ангийн “А” бүлэгт орж сурч байгаад 10 дугаар сард Турк хэлний дамжаанд сурахаар болж Турк Улс руу явсан. Тэгээд тухайн жил онлайнаар сурч байсан ба 2021-2022 оны хичээлийн жилд Турк Улсад байсан. Тухайн жил .... сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг танхимаар төгсөөгүй юм. А-т хичээл ордог байсан багш нар болон сургуулийн удирдлагууд миний бие очиж уулзаж, Турк улсад хэлний дамжаанд явж байгаа талаар танилцуулж хэлсэн” гэх мэдүүлэг,

Гэрч Х.А-н “... Ер нь бол бүлэг сэдвүүд болон улирлын шалгалтад сурагч өөрийн биеэр орж шалгалт өгөх ёстой. Шалгалт өгөөгүй сурагчид бүрэн дунд боловсролын гэрчилгээг олгохгүй, энэ талаар олгосон хүмүүсээс нь тодруулах нь зүйтэй. Гэрчилгээг сургуулийн захирал, менежер, багш нар гарын үсэг зурж олгодог гэх мэдүүлэг,

Гэрч Ө.Ж-н “... Е-н А нь 2021-2022 оны хичээлийн жилд ... сумын Ерөнхий боловсролын сургуульд эхний улирал буюу 2021 оны 10 дугаар сар хүртэл сурч байгаад гадаад хэлний бэлтгэлд сурна гээд алга болсон. Би эцэг эхээс нь асуухад Турк руу хэлний бэлтгэлд явсан гэж хэлсэн. Тухайн сурагч бол маш сайн сурлагатай сурч байгаа чиглэл нь гадаад хэлний чиглэлээр сурч байсан бөгөөд эцэг, эх нь ирж надаас дүнг тавиад өгөөч гэж гуйхаар нь дүнг нь засаж тавьж өгсөн” гэх мэдүүлэг,

Яллагдагч Н.М-ын “... Е.А-ын бүрэн дунд боловсролын үнэмлэх дээр зурагдсан гарын үсэг бол миний гарын үсэг мөн байгаа юм. Би тэр сурагчийг суманд байхгүй байгаа гэдгийг бол мэдэж байсан, мөн Е.А- нь байхгүй байгааг захирал багш Б.Д- мэдэж байсан. Даулет захирал мэдэлгүй яах бэ, тухайн сурагчийн мэдээлэл нь захирал дээр очиж байгаа, статистик мэдээтэй байнга танилцаж байгаа. Тэгээд ч захирал багш бол сургуулийн багш, сурагчдаа мэдэх үүрэгтэй. Хэн нь хаана юу хийж байгааг мэдэхгүй захирал гэж байхгүй тийм юм бол сургуулийн захирал байгаад яадаг юм бэ” гэх мэдүүлэг,

Яллагдагч С.Е-ын “... эхлээд сургалтын менежер гэрчилгээний хавсралтыг хэвлээд хянах үүрэгтэй тэгээд баталгаажуулж гарын үсэг зурсан. Ингэсний дараагаар захирал багш гарын үсэг зурж баталгаажуулсны дараа нь би гарын үсэг зурсан. Би бол захирал багш, менежер гарын үсэг зурчихаар нь өөрсдөө мэдээд зурж байгаа юм байна гэж ойлгоод л гарын үсэг зураад гэрчилгээг нь олгочихсон” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь Е.А-ыг 2021-2022 оны хичээлийн жилд тус аймгийн Толбо сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд суралцаагүй, эзэмшвэл зохих боловсролыг тогтоосон хугацаанд, хөтөлбөрийн дагуу эзэмшээгүй гэдгийг мэдсээр байж боловсролын үнэмлэх олгоход хамтран оролцсон болох нь хөдөлбөргүй тогтоогдсон байхад албан тушаалтнуудыг тухайн асуудлыг нягтлан шалгах, хянах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Боловсрол, соёл, шинжлэн ухааны сайдын 2019 оны А/156 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох, дүйцүүлэх журам-ын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд, .../цаашид “гэрчилгээ, үнэмлэх” гэх/ олгохтой холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.” гэж, 1.4 дэх хэсэгт “... бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэнд бүрэн дунд боловсролын үнэмлэх олгоно.” гэж, 2.3 дахь хэсэгт “... бүрэн дунд боловсролын төгсөх ангийн суралцагчдын шилжилт, хөдөлгөөнийг жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгоно” гэж, мөн Бага дунд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт “Суралцагч эзэмшвэл зохих боловсролыг тогтоосон хугацаанаас өмнө эзэмшсэн бол дараагийн ангид дэвшүүлэх” гэж, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт “... бүрэн дунд, мэргэжлийн боловсрол эзэмшин төгсөгчид гэрчилгээ, үнэмлэх олгоно” гэж, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.3 дахь заалтад “... суралцагчийг анги дэвшүүлэх болон алгасуулан суралцуулах, улируулах, сургууль төгсгөх, сургуулиас хасах, чөлөөлөх” гэж тус тус заасан байхад уг журам болон хуулийн зохих зүйл, заалтуудын дагуу сургуулийн захирал Б.Д-сургалтын менежер Н.М-анги удирдсан багш С.Е- нар нь Е.А-ыг бүрэн дунд боловсрол эзэмшээгүй тул боловсролын үнэмлэх олгохгүй байх, улируулах, эсхүл тухайн жилийн төгсөгчдийн тооноос хасах, чөлөөлөх зэрэг шийдвэрийн аль нэгийг гаргах боломжтой байхад бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж түүнд давуу байдал бий болгосон бөгөөд энэ нь нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан “Хайнга хандах” гэмт хэрэг нь нийтийн албаны ашиг сонирхолд халдаж, албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд шүүгдэгч нар нь Турк улсад байгаа Е.А-ыг бүрэн дунд боловсрол эзэмшээгүйг мэдсээр байж өөрсдийн эрх хэмжээнд хамаарах шийдвэрээр боловсролын үнэмлэх олгосон үйлдлийг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахыг зориуд санаатай хүссэн гэж үзэх тул тэдгээрийн үйлдлийг албан тушаалдаа хайнга хандаж алдаа дутагдал гаргасан санамсар, болгоомжгүй үйлдэл гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Түүнчлэн Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцод нийцүүлэн Монгол Улсын Их хурлаас 2006 оны 7 дугаар сарын 06-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох зорилготой үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглож, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3 дахь заалтад “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн хэсгийн 3.1.4 дэх заалтад “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн бус ашигтай байдлыг бий болгосныг ойлгохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь хуульд заасан хориглолт хязгаарлалтыг зөрчиж, бусдад давуу байдал олгосон гэж үзэхээр байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;”, 1.4 дахь заалтад заасан “... хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой;” гэх хяналтын журмаар эсэргүүцэл гаргах үндэслэлүүдэд хамаарч байна гэж дүгнэлээ.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ДШМ/03 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Прокурор С.Батсүрэн шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эсэргүүцлийн агуулгыг танилцуулъя. Магадлалд хэргийн үйл баримт, бүрэлдэхүүний шинжийг “... бүрэн дунд боловсролын үнэмлэх олгосон үйл баримтыг анхан шатны шүүх тогтоосон боловч үүнд хандсан сэтгэл зүйн харьцаа, үр дагаврыг хүсэж үйлдсэн эсэхийг ялган тогтоолгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж дурдсан. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Д-Н.М- нарын албан тушаалын байдлаар санаатайгаар урвуулан ашигласан нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Эдгээр дүгнэлтээс үүдэж Б.Д-Н.М- нарын бүрэн дунд боловсролын үнэмлэхэд гарын үсэг зурсан үйлдэл нь эрүүгийн хэрэг бус харин эрх зүйн бусад зөрчлийн шинжтэй гэсэн дүгнэлт хийсэн нь хууль хэрэглээний зөрүү үүсгэсэн гэж дүгнэхэд хүргэж байна. Түүнчлэн захирал Б.Д-сургалтын менежер Н.М-анги удирдсан багш С.Е- нар нь Е.А- бүрэн дунд боловсрол эзэмшээгүй тул боловсролын үнэмлэх олгохгүй байх, улируулах, тухайн жилийн төгсөгчдийн тооноос хасах, чөлөөлөх зэрэг шийдвэрийн аль нэгийг гаргах боломжтой байхад бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй давуу байдал бий болгосон нь нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Турк улсад байгаа Е.А-ыг бүрэн дунд боловсрол эзэмшээгүйг мэдсээр байж өөрсдийн эрх хэмжээнд хамаарах шийдвэрээр боловсролын үнэмлэх олгосон үйлдлийг албан тушаалын байдлаар урвуулан ашиглахыг зориуд санаатай хүссэн гэж үзэх үндэслэлтэй. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.4-т заасан үндэслэлүүдэд хамаарч буй тул Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар магадлалыг хүчингүй болгуулах агуулга бүхий эсэргүүцэл бичсэн байна. Харин одоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар дүгнэлтээ танилцуулъя. Шүүгдэгч Б.Д-Н.М- нар ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтанд хамаарч байгаа. Дээрх албан тушаалд хамаарч байгаагийн хувьд эрх бүхий байгууллага албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулж суралцагчийн анги дэвших, сургууль төгсөхөд нь шалган үнэлж, гэрчилгээ үнэмлэх олгох эрх хэмжээтэй байна. Шүүгдэгч нар нь энэхүү эрх мэдэл, албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, суралцагч Е.А- 2021-2022 оны хичээлийн жилд тухайн сургуульд суралцаагүй, сургалтын хөтөлбөрийг хангаагүй гэдгийг мэдсээр байж бүрэн дунд боловсролын үнэмлэх олгох нөхцөлийг бүрдүүлснээр бусдад давуу байдал бий болгосон. Улмаар Турк улсад гэрчилгээг хүргүүлж Е.А- их, дээд сургуульд суралцаж байгаа баримт байдаг. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан, эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдоогүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан гэрч Ш.Е-мэдүүлгээр хүүг их, дээд сургуульд суралцах нөхцөлийг бий болгосон нь тогтоогдсон. Шүүгдэгч С.Е- нийтийн албан тушаалтанд хамаарахгүй ч бусдад давуу байдал бий болгох буюу Е.А-ыг бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэх баримтыг олгоход хамтран оролцсон үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хэрэг үүсгэсэн үндэслэлтэй бөгөөд хамтран оролцогчийн хувьд нийтийн албан тушаалтан байхыг шаардахгүй. Түүнчлэн анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэхэд явцад шүүгч Ө.Бахытбек нь шүүгдэгч С.Е-той төрөл садны холбоотой талаар хүсэлт гаргасан боловч хангахаас татгалзсан нь үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч С.Е- анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек нарын өвөг эцгүүд төрсөн ах дүүс болох талаар хэлсэн бөгөөд нэгэнт тодорхой тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар шүүгч оролцож болохгүй үндэслэл байсан. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.3-т заасан үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулах дүгнэлтийг гаргаж байна” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч К.Жархынбек хэлсэн саналдаа “... прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхэд хоёр нөхцөл байдал тогтоогдсон. Баян-Өлгий аймгийн боловсролын газарт 507,200 төгрөгийн хохирол учирсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдсэн. Тухайн үед боловсролын гэрчилгээний үнэ 507,200 төгрөгийг төгсөгч өөрөө төлсөн байдаг. Түүнчлэн сурагчийн суралцах хувьсах зардлыг хохиролд тооцсон бөгөөд сургууль хохирогч, иргэний хариуцагчаар тогтоогдсон зүйлгүй. Тэгэхээр гэмт хэргийн улмаас хохирол учирсан гэх яллах дүгнэлтийн үндэслэлүүд бүхэлдээ үгүйсгэгдсэн. Миний үйлчлүүлэгч Н.М-ыг хяналт тавих үүргэ биелүүлээгүй гэж буруутгаж байгаа. Прокурорын эсэргүүцэлд мэдсээр байж гэсэн үндэслэлийг тусгасан байна. Гэтэл мэдсээр байж гэх нөхцөл байдлыг тогтоосон баримт байхгүй. Сурагч явсан гэдгийг мэдэх боломжтой байсан гэдгээр буруутгасан. Процессын хувьд улирал бүр дүн тавигдаж явдаг бөгөөд миний үйлчлүүлэгч сүүлд нь бүгд нэгтгэгдсэн дүнд сургалтын менежерийн хувьд гарын үсэг зурсан. Дүн тавих, ангийн хүүхэд байгаа эсэхийг багш нь мэддэг. Тэгэхээр тухайн үед нэг бүрчлэн хяналгүй гарын үсэг зурсан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжээр дүгнэсэн нь үндэслэлтэй. Мэдсээр байж гэдгийг таамаглаж яллаж буй нь үндэслэлгүй. Багш С.Е-ын үйлдлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй. Учир нь тухайн жилийн турш тавигдсан дүн боловсролын гэрчилгээ олгох үндэслэл болно. Үүнийг С.Е- хуурамчаар үйлдсэн. Энэ үйлдэлд сургалтын менежер Н.М-ын ямар нэгэн оролцоо байхгүй. Иймд шүүгдэгч Н.М-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч С.Е-д холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцааж тусдаа мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлтэй байна” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч С.Е-ын өмгөөлөгч Х.Бакен хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй. Прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Сургалтын цахим системд дүнг хичээл заасан багш нар нь оруулалдаг болохоос биш ангийн багш нэгтгэж оруулдаггүй. Анги удирдсан багш бол өөрт холбогдох хичээлийн дүнгээ л тавьдаг. Тэгэхээр С.Е- бүх дүнг хуурамчаар бүрдүүлсэн байдлаар тайлбарлаж буй өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Х.Зулхаш хэлсэн саналдаа “... өмгөөлөгч К.Жархынбектэй санал нэг байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй, прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Я.Сьезд хэлсэн саналдаа “... Б.Д- нь Е.А-ыг ... аймгийн .... сумын ерөнхий боловсролын сургуульд 2021-2022 оны хичээлийн жилд бүрэн суралцаагүй болохыг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мэдсэн болох нь хурлын тэмдэглэлээр тогтоогдсон. Түүнчлэн Е.А-ын эцэг Ш.Е-ээс сургуулийн захиралд хүүхдээ төгсөхөд нь ямар нэгэн дэмжлэг хүссэн хүсэлт гаргаагүй. Гэрчээр асуугдсан хүмүүсээс нэг ч гэрч Е.А-боловсролын гэрчилгээ олгох талаар ямар нэгэн үүрэг даалгавар өгсөн талаар мэдүүлээгүй. Баян-Өлгий аймгийн Толбо сумын ерөнхий боловсролын сургуульд хичээл заасан зарим багш нар, анги даасан багш, статистик гаргасан ажилтан, ахлах болон дунд ангийн менежер нараас Е.А- тус сургуульд 2021-2022 оны хичээлийн жилд 12 дугаар ангид суралцсанаар мэдээлэл оруулсан гэдгийг тухайн үед Б.Д- мэдээгүй нөхцөл байдал бий. Сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлөөр Е.А-хууль бусаар боловсролын гэрчилгээ олгох асуудал хэлэлцэгдээгүй нөхцөл байдал тогтоогдсон. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/156 дугаар тоот тушаалаар батлагдсан журмын 2.2-д мэдээллийн системд суурь, бүрэн дунд боловсрол эзэмшиж төгсөх суралцагчийн мэдээлэл бүрэн орсон эсэхэд аймаг, нийслэлийн боловсролын газар, нийслэлийн дүүргийн боловсролын хэлтэс хяналт тавина”, 4.1.4-т “гэрчилгээ, үнэмлэхийг үнэт цаасан дээр хэвлэхийн өмнө төгсөгчид танилцуулах ажлыг сургалтын менежерийн хяналтын дор анги удирдсан багш зохион байгуулна” гэсэн байна. Энд сургуулийн захирлын талаар ямар нэгэн зохицуулалт байхгүй. Нэгэнт мэдээллийн системд албан ёсоор бүртгэгдээд орж ирсэн баримтад гарын үсэг зурсан асуудал бий. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна”, 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Гэтэл шүүгдэгч Б.Д- нь уг үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар магадлалын Б.Д-эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг хэлсэн саналдаа “... Б.Д-ын хувьд тухайн хүүхэд сургуульд суралцаж байгаа гэдгийг мэдэх ёстой албан тушаалтан биш. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар сургуулийн статистик хариуцсан мэргэжилтэн тухайн сургуульд хэдэн хүүхэд суралцаж байгаа, хэдэн хүүхэд 12 дугаар анги төгсөхийг цахим санд байршуулахаар зохицуулсан. Мөн тухайн хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль төгсөж буй хүүхдүүдэд гэрчилгээ олгох асуудал аймгийн боловсролын газраар хянагдаж баталгаажсаны дараа захирал гарын үсэг зурдаг. Б.Д-ын хувьд тухайн хичээлийн жилд Е.А-хичээл зааж байгаагүй, Казакстан руу явсан гэдгийг мэдээгүй. 2022 оны 6 дугаар сард боловсролын гэрчилгээ олгогдсон ба 2022 оны 09 дүгээр сард мэдэгдсэн үйл баримт бий. Хууль зүйн хувьд захирал Б.Д-ын үйлдэл гэмт хэргийн шинжгүй. Иймд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар магадлалыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Д- хэлсэн саналдаа “... би энэ хэрэгт ямар ч холбоогүй. Энэ хэргийн талаар ангийн багш С.Е-оос 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мэдсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү. Сайдын тушаалын дагуу мэдээллийн системд байгаа эсэхийг хянах үүрэгтэй. Зөвхөн гарын үсэг зурснаар буруутгагдсан” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч С.Е- хэлсэн саналдаа “... тайлбаргүй” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Н.М- хэлсэн саналдаа “... Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохыг хүсье” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох замаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгуулах агуулга бүхий прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Д- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Хуулийн бүх шаардлагад нийцсэн, хуульд үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрийг хууль ёсны гэж үздэг тул шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хуульчлагдсан журмын дагуу явагдах учиртай.

 

Үүнд эрүүгийн хэргийг хүлээн авахаас хянан хэлэлцэж шийдвэр гаргах хүртэлх бүх үе шат хамаарах бөгөөд шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэгч шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй, эсхүл дахин оролцож болохгүй хуульд заасан үндэслэлээр буюу шүүгчийг татгалзан гаргах шалтгаан бий болсноос бусад тохиолдолд хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах зарчмыг баримтлан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэдэг болно.

 

Энэ нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлэх шүүгчийн хараат бус байдлын хуулиар хамгаалагдсан баталгаа бөгөөд нөгөө талаар шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байж шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангахад оршино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар бүлэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч оролцож болохгүй, дахин оролцож болохгүй үндэслэл, түүнийг шийдвэрлэх арга замыг нарийвчлан заасан ба шүүгч татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзал гаргаагүй нь шүүгчийн сахилгын зөрчилд тооцогдохоор Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д заажээ.

 

Хуульчлагдсан энэхүү үүргийн хүрээнд анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек нь шүүгдэгч С.Е-той ураг төрлийн холбоотойгоо мэдэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах хүсэлтээ гаргасан боловч тухайн шүүхийн Ерөнхий шүүгч хүсэлтийг хангахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь шүүгчийн татгалзсан хүсэлтэд “... шүүгч Ө.Бахытбек, шүүгдэгч С.Е- нарын өвөг эцгүүд нэг хүний хүүхэд буюу төрсөн ах, дүүс бөгөөд би С.Е-той хамт тоглож өссөн одоо ч байнгын харилцаатай” гэсэн үндэслэл дурдаж Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас өөрөө татгалзах хүсэлт гаргажээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан “төрлийн хүн” гэх ойлголтод өвөг эцэг, тэдгээрийн хүүхэд хамаарах байтал “... оролцогч С.Е- нь шүүгч Ө.Бахытбекийн төрөл болон садангийн хүнд хамаарахгүй” гэж хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй тайлбарлан хүсэлтийг хангахаас татгалзсан Ерөнхий шүүгчийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болно гэж үзнэ.

 

Энэхүү хуульд нийцээгүй шийдвэрийн улмаас Б.Д- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн сөрөг үр дагаварт хүргэсэн байна.

 

Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчимтай учир шүүгч шүүн таслах ажиллагаа явуулахдаа ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдлаас ямагт урьдчилан сэргийлж, шүүгчийн ёс зүйг чанд сахин ажиллах үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогч нар ч энэхүү үүргээ хэрэгжүүлэхийг шүүхээс шаардах эрхтэй болно.

 

Улсын яллагч болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгч Ө.Бахытбекийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хууль зүйн үндэслэл бүхий хүсэлтийг удаа дараа гаргасан боловч өмнө нь дурдсан Ерөнхий шүүгчийн шийдвэрийн улмаас хангагдах боломжгүй нөхцөл байдал үүсч шүүгдэгч С.Е- нарын 3 хүнд холбогдох хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-д заасан дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй шүүгч шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлсэн тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамж илт хууль зүйн үндэслэлгүй тул тухайн захирамжийг хүчингүй болгох замаар хуулийн ноцтой зөрчлийг залруулж зөвтгөх шаардлагатай байна.

 

Давж заалдах шатны шүүх нь хуулиар хүлээлгэсэн үүргийн хүрээнд доод шатны шүүхийн шийдвэрийг хянан магадлахдаа тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан магадладаг болно.

 

Гэтэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан магадлалгүй прокуророос Б.Д-Н.М-С.Е- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан алдааг зөвтгөх учиргүй тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

 

Хяналтын шатны шүүхээс хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэр гаргасан гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож буй тул хоёр шатны шүүхийн хэргийн үйл баримт, түүнд хийсэн хууль хэрэглээний талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16ы өдрийн 168 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19ий өдрийн 03 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Б.Д-Н.М-С.Е- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

 

ШҮҮГЧ                                                           С.БАТДЭЛГЭР

 

                                                                     Б.БАТЦЭРЭН

 

                                                                   Ч.ХОСБАЯР

 

                                                           Б.ЦОГТ